Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

 

 

        

   2022       12        12                                        2022/ШЦТ/371

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Х-д холбогдох эрүүгийн 2238000000532 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Х-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашаанаас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ч.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 10 дугаар гудамжинд айлын хашаа мөргөж хохирогч Ч.М-д 2.493.000 төгрөгийн хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000532 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл

аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашаанаас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ч.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 10 дугаар гудамжинд айлын хашаа мөргөж хохирогч Ч.М-д 2.493.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х-гийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...уг мөргөсөн гэх хашаа нь Мөрөн сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжны ертөнцийн зүгээр баруун талаасаа 4 дэх хашаатай айл байх ба банзан хашаатай, хойд талдаа жижиг хаалгатай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...хохирогч Ч.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Уг тээврийн хэрэгсэл нь Мөрөн сумын ... тоот хашаан дотор байх ба ...жолооч талын кирло нь хонхойж сэв суусан, под кирло нь унжиж өөрийн хэлбэр дүрсээ алдсан, жолооч талын их гэрэл хагарсан, урд копуд нь хэлбэр дүрсээ алдсан байх ба урд талын буфер нь жолооч талын хэсгээрээ будаг нь халцарч сэв суусан байв. Мөн урд салхины шил жолооч талын хэсгээрээ бага зэргийн цацраг хэлбэрээр цуурсан байв. ...урд талын дугуйг тайлсан байдлыг харахад жолооч талын хэсэгт таван бул голоороо тасарсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/,

Хохирогч Ч.М-ын өгсөн: “...нөхөр бид хоёр гадуур машинаа хоёр өдөр хайгаад олоогүй байж байхад 2022 оны 7 дугаар сарын 20-нд үдээс хойш 15 цагийн үед байх над руу цагдаагаас залгаад таны машин чинь 5 дугаар хорооны 10 дугаар гудамжинд хашаа мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 дугаар багийн 10 дугаар гудамжинд яваад очтол ертөнцийн зүгээр баруун талаасаа 5 бил үү 6 дахь хашааны арыг очоод мөргөсөн байсан. ...тэгээд би тэр мөргүүлсэн хашааны хүнтэй уулзсан чинь нэг согтуу машинтай хүүхэн ирээд мөргөсөн гэж хэлсэн. ...өнөөдөр 18 цагийн үед ажлаа тараад Дашваанжил гааз ороод ахуйн гаазаа цэнэглүүлэх гээд явж байхад Их-Урц буудлын урд нөгөө зар тавиад миний хайж байсан хүүхэн байсан. Тэгэхээр нь би тэр хүүхэнтэй уулзаад “чи яахаараа миний машиныг эвддэг юм, чи энэ мөн биз дээ” гээд нөгөө зургаа үзүүлсэн чинь “уучлаарай эгч ээ хохирлыг чинь барагдуулна” гээд байсан. ...машинаа засуулж авмаар байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч Т.Н-ийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ...намайг гэртээ байж байхад миний найз Э.Б- нь нэг зүс таних хүүхэнтэй ороод ирсэн. ...Тэгээд би энэ хоёр орж ирэхээр нь гэрт байсан 0,5 литрийн “Хараа” гэдэг нэртэй архи гаргаж өгөөд Э.Б-, тэр хүүхэн бид гурав хувааж уусан. ...Намайг унтаж байхад Э.Б- сэрээгээд миний машин, түлхүүр, утас байхгүй байна, нөгөө хүүхэн аваад явчихлаа гээд байсан. ...Энэ үйл явдлаас хойш хоёр хоногийн дараа Э.Б- нь манай гэрт орж ирээд нөгөө хүүхэн чинь миний машиныг унаж яваад айлын хашаа мөргөөд эвдсэн байна, нөгөө хүүхэн чинь олдохгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч Э.Б-ын өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 18-нд ...тэр хүүхэн

миний машинаас буухгүй очих газар байхгүй, ах аа жаахан юм уучихмаар байна гэхээр нь би тэр хүүхнийг дагуулаад ах Т.Н-ийн гэрт очсон. ...Тэгээд Т.Н-, тэр хүүхэн бид гурав нэг шил архи хувааж уусан. Би тухайн өдөр нойр муутай бас архи уусан болохоор нойр хүрээд унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь оройн 18 цаг болж байсан. Тэгээд би кармагаа үзсэн чинь миний машины түлхүүр байхгүй, Т.Н-ийн гадаа тавьсан байсан миний машин байхгүй болсон байсан. Үүний дараа Мөрөнгөөр хоёр хоног машинаа хайсан. Намайг машинаа хайгаад явж байхад манай эхнэр над дээр ирээд чиний машиныг 5 дугаар хорооны айлын хашаа мөргүүлээд тавьсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн Ч.М-ын Тоуоtа Prius 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2.493.000 төгрөгөөр тогтоосонхөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33 тал/,

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн: “... улсын дугаартай Тоуоtа Prius маркийн тээврийн хэрэгсэл нь Чимэдцэрэнгийн Ч.М-ын нэр дээр бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 49 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Х-гийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-нд би Ч.М- эгчид 1 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь 12 дугаар сарын 20-доор өгнө гэж ...нотариат орж хэлцэл хийсэн. ...тухайн үед машины түлхүүр нь Бадмаа ахын хажууд хэвтэж байхаар нь би түлхүүрийг нь аваад найзындаа очиж хоол идэх гэж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.М-ын мэдүүлэг, гэрч Т.Н-, Э.Б- нарын мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Х-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоот хашаанаас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ч.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Э.Х-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Э.Х-гийн хувьд Ч.М-ын эзэмшлийн Тоуоtа Prius-20маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа уг автомашиныг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Х-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна. Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн эд автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Э.Х-гийн үйлдэл идэвхтэй, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлтгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг 4 гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Х-г шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Х-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.М-ын эд хөрөнгөнд 2.493.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч Ч.М-тай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Э.Х-, Ц.М- бид Ч.М-ын автомашины хохиролд 2.490.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 05-нд 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1.490.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 66 тал/ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-гаас 1.490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М-д олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Х-г тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Х-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 44-47 дугаар талд авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Х- нь ам бүл ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Х-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-гаас 1.490.000 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН