Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

 

 

 

        

   2022       12        19                                        2022/ШЦТ/378

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Н.Т-,

Шүүгдэгч Г.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-ад холбогдох эрүүгийн 2238000000675 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Ч-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд хохирогч Н.Т-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000675 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд хохирогч Н.Т-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т-гийн өгсөн: “...Тухайн хэргээс болж миний хамар мурийсан. Мөн миний цээж рүү өшиглөсөн. Би эмчийн хяналтад байдаг. 2021 онд зүрхний хагалгаанд орох гэж байгаад орж чадаагүй байсан. Би ямар нэгэн эмчилгээ хийлгэж чадаагүй. Учир нь эмчилгээ хийлгэх мөнгө шүүгдэгч надад гаргаж өгөөгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 21-ний өдөр Ханх сумын төвд Петровис колонкын урд талын тойргийн тэнд явж байтал манай найз М- Г.Ч-тай хамт байж байхаар нь би найз М-тэй мэнд мэдэх гээд очсон. Би М-тэй мэнд мэдэлцээд зогсож байтал Г.Ч- хажууд ирээд нэг шил архины мөнгө байна уу хөгшөөн гэж асуухаар нь би “хөгшинд нь одоо мөнгө байдаггүй” гэж хэлсэн. Тэгтэл Ч- чи намайг хөгшөөн гэсэн үү сая гээд цээж рүү шууд гараараа цохисон чинь цээж сонин болоод би чи яаж байгаа юм гээд бөхийтөл нүүр рүү гараараа цохичихсон. Тэгээд хамраас цус гарахаар нь цусаа дараад доошоо тонгойтол нүүр рүү өшиглөөд байсан. Би цусаа гараараа дараад байж байтал чи цусаа барьж яадаг юм гээд гараараа цохиод алгадаад байсан. Тэгээд намайг чи тэр цагдаа энэ тэр гээд гоншигноод явбал явахгүй юу гэж байсан. Би цустай гараараа хааж өөрийгөө хамгаалахдаа ханцуйг нь цус болгочихсон чинь чи миний хувцсыг цус болгочихлоо гэж хэлээд машин тойруулаад зодоод цохиод яваад байсан. Би хариу үйлдэл үзүүлж ч чадахгүй зодуулсаар байгаад таарсан. Сүүлдээ би машиндаа суугаад зугтаасан. Г.Ч- чамайг алчихсан ч яадаг юм гэж байсан. Дан нүүр толгой руу цохиод байсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Миний хамар хугарсан бөгөөд засуулж янзлуулахад 7.500.000 төгрөг болно гэсэн. ...надад одоогоор хохирол нөхөн төлбөртэй холбоотой яг өгчих баримт материал алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14 дүгээр тал/,

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өдөр 14 цагийн үед “Хайрхан” дэлгүүрийн урд усанд мотоцикль унаад явж байтал иргэн Г.Ч- намайг дуудаад ойр зуурын яриа өгүүллэг хийсэн юм. Тэгээд яриад зогсож байтал Н.Т- жижиг саарал машинтай ирээд Г.Ч-ыг юу байна хөгшөөн гэтэл иргэн Ч- “чи намайг хөгшөөн гэдэг хэн бэ” машинаасаа гараад ир гэтэл Н.Т- машинаасаа гараад иртэл нүүр рүү нь баруун гараараа цохиод, толгой руу нь мөргөсөн чинь Н.Т-гийн хамраас цус гараад тогтоогүй. Тэгээд би Ч-г араас татаад хойш нэг алхам татсан чинь Ч- шууд Н.Т-г нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд би тэр хоёрыг салгаад байж байтал Ч- бид хоёрт ярих зүйл байна гэсэн юм Тэгээд байж байтал дахиж очиж нүүр рүү нь цохисон юм. Би гурав, дөрвөн удаа салгасан чинь Ч- буцаж очиж цохиод байсан юм... Тэгээд шууд Н.Т- машиндаа суугаад яваад өгсөн юм. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Хайрхан" дэлгүүр ороод гарч явтал 14:00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн гадаа зодоон болоод байсан. Энэ ямар хүмүүс зодоон хийгээд байгаа юм бол гэтэл манай сургуулийн галч болох Ч- зүс танихгүй хар савхитай залууг толгой руу өшиглөөд зогсож байсан. Тэгж байтал хажууд талд Б.М- салгаад зогсож байхаар нь би ажил болох номын сан руу явсан юм. Ийм зүйл харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 554 дугаартай: “1. Н.Т-гийн биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Н.Т-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хохирогч Н.Т-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд Петровис колонкын хажууд архи уучихсан явж байгаад Н.Т- гэх залуутай тааралдаад согтуурхаж зодсон асуудал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Т-, гэрч Б.М-, Б.С- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 554 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Ч-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд хохирогч Н.Т-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Т-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Ч-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Ч-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Н.Т-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Ч- нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ч-ын хохирогч Н.Т-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ч-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ч-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Ч- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Ч-ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000675 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ч-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000675 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 7.500.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ч-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР