| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0356/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/379 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 17.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2138000000067 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн И.Б-ийн гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 895.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх үйлдлээс гадна 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Х.Б-тай бүлэглэн хохирогч Л.Н-ыг ямар нэгэн шалтгаг шалтгаангүйгээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Бунхан толгой гэх газарт зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “НИК” ХХК-ний шатахуун түгээх станцын цахим дэлгэц, дэлгэцийн шил, эргэдэг холбоос, хошуу зэргийг устгаж, гэмтээсний улмаас НИК” ХХК-д 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн И.Б-ийн гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 895.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Бунхан толгой” гэх газарт аваачин хөлөөрөө толгойн тус газарт нь өшиглөж зодсоны улмаас хохирогч Л.Н-ын эрүүл мэндэд нь “их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “НИК” ХХК-ний шатахуун түгээх станцын цахим дэлгэц, дэлгэцийн шил, эргэдэг холбоос, хошуу зэргийг устгаж, гэмтээсний улмаас “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцад 825.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-гийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би алдсан түрүүвчээ бичиг баримтуудтайгаа бүрэн бүтэн эргүүлж авсан. Миний түрүүвчинд хаан банкны карт, иргэний үнэмлэх, Тэвхэн Номин худалдааны болон Тэс шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн картууд байсан. Иргэний үнэмлэх дахин захиалж авахад 45.000 төгрөг байдаг, хөнгөлөлтийн картуудыг үнэгүй өгч байсан. Би тэр өдөр л таньдаг дүүгийндээ очиход байсан хүн болохоор архи уугаад танилцсан юм. Тэгээд намайг орой хүргэж өгнө гээд аваад гарсан байсан. Н.Б- гэдэг хүний талаар би сайн мэдэхгүй. Архи ууж байхдаа Жаргалант сумын хүн гэж байсан. Н.Б- намайг архи уусныг далимдуулан эд зүйлийг минь булаан авч явсан байсан. Би өөрөө өгсөн асуудал байхгүй. Би зүйлээ алдсандаа гомдолтой байна. Би гар утсаа 1.500.000 төгрөгөөр, саравчтай малгайгаа 25.000 төгрөгөөр үнэлж, бэлэн 300.000 төгрөг картаас алдагдсаныг нэхэмжилнэ. Бусад эд зүйлсээ бүрэн бүтэн авсан болохоор нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12 тал/,
Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэртээ орж ирэхээр нь өмсөж явсан гадуур куртикийг нь тайлаад утас түрүүвчийг нь үзэхэд утас болон түрүүвч бичиг баримт нь байхгүй байсан. Тэгэхээр нь хүүтэйгээ гараад Урандөш дэлгүүр дээр нь очоод камер шүүхэд нэг үл таних залуутай хамт дэлгүүр дотор орж ирээд дэлгүүрээс тамхи ундаа авч байгаа харагдсан. Тухайн дэлгүүрийн худалдагчаас асуухад авсан ундаагаа хүүхдэдээ авч байгаа гэж хэлсэн байсан, тэгэхдээ карт уншуулсан, тухайн картыг булаацалдаж байсан гэж надад ярьсан. Мөн орой 21 цаг 42 минутад манай нөхрийн картаас 300.000 төгрөг уншуулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Н.Б- надтай хамт явсан хоёртой хамт манайд ирсэн. ...би гэртээ Н.Б-тай орж авсан байсан Хараа 0.75 литрийн архиа хувааж уусан. Тэгээд байж байтал И.Б- ах манайд нэг шил архи, ундаа тамхи аваад ирсэн. Тэгээд нөгөө архиа манайд ууж байгаад нэлээн согтсон байсан. Орой 20 цагийн үед И.Б- ах намайг хүргэж өгөх хүн байна уу гэхэд Н.Б- би хүргээд өгье гээд аваад гараад явсан. Харин маргааш И.Б- ах ганцаараа ирээд дараа нь эхнэртэйгээ ирсэн. Ирэхдээ Н.Б-г асууж ирсэн юм. Тухайн үед И.Б- ах ярихдаа миний утас, түрүүвч, бичиг баримтыг Н.Б- авсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 тал/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б- нэг хар өнгийн утас гаргаж ирээд манай эхнэрт өгөхөөр нь манай эхнэр урдаас нь шидсэн. Би Б-д чи дахиж битгий ирээрэй гээд нөгөө гар утсаар нэг удаа цохиод гаргаад явуулсан. Нөгөө утсаа үлдээгээд манайхаас явсан байсныг би хараагүй байсан. Тэгтэл үдээс хойш 17 цагийн үед Төртогтох гэх хүнтэй орж ирээд утсаа үлдээсэн байна гээд шалны өрний буланд байсан утсыг аваад гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөө өглөө манай хашаанд байх түлээний завсраас цагдаа ирж бор өнгийн түрүүвч гаргаж түүнийг хурааж авсан. Н.Б- үлдээсэн юм шиг байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2145617200231 дугаартай: “хохирогч И.Б-ийн эд зүйлсийг 895.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 31-32 тал/,
Хохирогч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой 18 цагийн орчим Хөнжлийн голын захад Х.Б-, Н.Б-, Б-, Б- нартай хамт голын захад архи ууж байгаад бид нар тарцгаасан тэр үед Б-, Б- хоёр мотоцикльтой түрүүлээд явсан. Би унаагүй явган явсан тул Х.Б-, Н.Б- хоёр намайг машинд суучих гэхээр нь гэрт хүргэж өгөх гэж байгаа юм байна гэж бодоод машинд нь суусан. Тэгтэл намайг гэрт хүргэж өгөөгүй сумын төвийн баруун хойд зүгт байдаг “Бунхан толгой" гэх газарт очоод машинаас буулгаад Х.Б- нь эхэлж баруун гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгтэл араас нь Н.Б- баруун гараараа толгойны ард дагзан тус газарт нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед хэн нь гутал тайлсан эсэх талаар сайн мэдэхгүй миний өмсөж явсан хоромон гутлыг тайлаад тэр хоёр нэг нэгээр нь бариад намайг завсар чөлөөгүй зодоход би газарт унасан байсан. Энэ үед би нүүр гэдэс хэсгээ хамгаалаад доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтэж байхад дээрээс миний гутлаар хоёулаа зодоод байсан. Би үхлээ одоо болио та хоёр намайг аллаа шүү дээ гэж их гуйсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би болсон асуудлыг мэдээгүй ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд харанхуй болсон байсан. Анх намайг зодож эхлэх үед нартай байсан. Тэгэхээр би нэлээн их хугацаанд ухаангүй байсан байх би сэрсэн цагаас хойш гэртээ ирэхэд шөнө 23 цаг болж байсан, Х.Б- худлаа хэлж байна. Х.Б- Н.Б-г хэргээс мултлах зорилготойгоор л ингэж мэдүүлж байгаа байх. Н.Б- намайг зодоогүй байсан бол би түүнд зодуулсан гэж юу гэж худлаа хэлж байхав дээ. Надаас анх мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ шүү гэдгийг сануулж байсан. Гомдол санал байхгүй, өнөөдөр Х.Б- бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан. Би шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-112 тал/,
Гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө А- эгч над руу залгасан байсан. Тэгээд маргааш өглөө нь юу болсон талаар А- эгчээс асуухад Л.Н- ах хүнд зодуулсан байна бие нь муу байна хүрээд ирээч гэхээр нь төрсөн эгч Н-ийн хамт Л.Н- ахын очиход гэртээ хэвтэж байхаар нь хэн таныг зодсон бэ? гэж асуухад Х.Б-, Н.Б- гэх хоёр хүн намайг машиндаа суулгаж аваад сумын төвөөс баруун хойд зүгт “Бунхан толгой” гэх газар аваачиж зодлоо би урдаас нь эсэргүүцэл үзүүлээгүй. Энэ хоёр хүн миний гутлыг тайлж аваад гутлаар зөндөө зодлоо би сүүлдээ ухаан алдсан байсан гэж эгч бид хоёрт хэлсэн. Тэгээд эгч бид хоёр эмнэлэг рүү машинаар ахыг авч явж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Намайг ахын гэрт очиход Л.Н- ахын зүүн нүд хөхөрч, хавдсан, цус хурсан, хамар хацар дээрээ халцарсан хацар шанааны тус газарт халцарч хавдсан, толгой нь хагарсан, ар нуруу бөгс бөөр орчим нь эрээн цоохор болсон байдалтай байсан өөрөө толгой эргээд байна гээд явж чадахгүй байсан тул машинаар эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 368 дугаартай: “1. Л.Н-ын биед тархи доргилт, их тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 хацрын шонтон, дагзны хуйх, зүүн чихний зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхины, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, 2 бугалга, 2 өгзөг, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Л.Н-ын биед үүссэн их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 хацрын шонтон, дагзны хуйх, зүүн чихний зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхины алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, 2 бугалга. 2 өгзөг, 2 гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр тал/,
Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...машиндаа суух гэж байтал Б- очоод толгой руу нь хоёр удаа өшиглөчихсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ажил дээрээ 10 цагийн үед ирсэн чинь түгээгүүрийн цахим дэлгэц хагарсан байхаар нь колонкийн камер шүүж үзсэн. Тэгэхэд манай нутгийн хар Б- гэх хочтой Н.Б- согтуугаар манай компанийн А-92 хошууны гарыг шалаанкаас салгаад шидэж байгаа бичлэг нь 2022 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд бичигдсэн байсан. Н.Б- түгээгүүрийн А-92 хошууны гарыг авч цемент нь дээр шидээд, түгээгүүрүүдийн цахим дэлгэцийг түгээгүүрийн төмөр хошуугаар цөм цохиод хагалсан байсан. Тэгээд шаланк авч шидэж, савж байгаад яваад буцаж эргэж ирж мөн адил шаланкыг авч саваад яваад өгсөн дүрс нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд камерын бичлэгээс хараад шууд Н.Б-г таньсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225 дугаар тал/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ажил дээрээ 10 цагийн үед ирсэн нь түгээгүүрийн цахим дэлгэц хагарсан байхаар нь эхнэрээ А.А-г утсаар дуудаад ирэхээр нь бид хоёр камер шүүж үзэхэд А-92 хошууны гарыг шаланкаас салгаад шидэж байгаа бичлэг нь 2022 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Жаргалант сумын харьяат хар Б- хочтой Н.Б- нь согтуу ирээд түгээгүүрийн А-92 хошууны гарыг авч цемент нь дээр шидээд, түгээгүүрийн цахим дэлгэцийг түгээгүүрийн шаланкаар цөм цохиод хагалсан байсан. Тэгээд шаланк авч шидэж, савж байгаад яваад буцаж эргэж ирж мөн адил шаланк авч саваад яваад өгсөн дүрс нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд камерын бичлэгээр хувцастай явсан хүнийг хэн болохыг нь таньсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238 дугаар тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2245617200184 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах НИК шатахуун түгээх станцын эвдэрсэн 4 эд ангийн үнэлгээг 825.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 239-240 дүгээр тал/
Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...орой 20 цагийн үед би Б.Б-ийнхээс И.Б-ийг хүргэж өгөхөөр гарсан. И.Б- намайг хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед их согтсон байсан. ...Тэгээд замдаа чи миний картыг уншуулчих, пин код нь ... шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь И.Б-аас карт чинь хаана байгаа юм гэтэл халаасанд байгаа гэхээр нь би халаасыг нь ухтал утас, түрүүвч нь гараад ирэхээр нь аваад дэлгүүр яваад тэр чигтээ явчихсан. ...Мөрөн сумын 4 замын Ану дэлгүүрийн ойролцоо байдаг АТМ-ээс 300.000 төгрөг уншуулж авсан. ...Л.Н- согтуурхаад Х.Б-ыг жолоо барьж явахад нь заамдаад цамцны захаар нь боогоод байсан. ...Х.Б- чи яагаад жолоо барьж явахад араас боогоод байна гэхэд пизда минь чамайг бооход яадаг юм гэж байсан. Тэр хоёр ингэж маргаад барилцаж авсан. Би гараад боль гэж Л.Н-ыг мөрөн дээрээс нь хойш татсан. ...Би уг нь болж байгаа үйл явдлыг мэдээд байсан мөртлөө хөл дээрээ тогтож чадахгүй уначихаад байсан. ...Би 2022 оны 1 дүгээр сард согтуу Жаргалант сумын төвд гэр рүүгээ явж байсан. Тэгээд колонкын дэлгэц хагалсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43, 149-150, 2-р хх-ийн 16 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7, 103, 212 тал/,
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9 тал/,
Хохирогч И.Б-ийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 55-56 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч И.Б-, Л.Н-, А.А- нарын мэдүүлэг, гэрч Э.С-э, Б.Б-, Д.Ч-, Д.Б-, Л.Б-, А.Б- нарын мэдүүлэг, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2145617200231 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 368 дугаартай дүгнэлт, яллагдагч Х.Б-ын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч И.Б-ийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Н.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн И.Б-ийн гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 895.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг,
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Бунхан толгой” гэх газарт аваачин хөлөөрөө толгойн тус газарт нь өшиглөж зодсоны улмаас хохирогч Л.Н-ын эрүүл мэндэд нь “их тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий хүндэвтэр хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2022 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “НИК” ХХК-ний шатахуун түгээх станцын цахим дэлгэц, дэлгэцийн шил, эргэдэг холбоос, хошуу зэргийг устгаж, гэмтээсний улмаас “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцад 825.000 төгрөгийн хохирол учруулан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.
Хохирогч И.Б-ийн гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 895.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Л.Н-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, “НИК” ХХК-ний шатахуун түгээх станцын цахим дэлгэц, дэлгэцийн шил, эргэдэг холбоос, хошуу зэргийг устгаж, гэмтээсний улмаас НИК” ХХК-д 825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Б-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч И.Л.Н-ын бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч Н.Б- энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “НИК” ХХК-ийн шатахуун түгээх станцын цахим дэлгэц, дэлгэцийн шил, эргэдэг холбоос, хошуу зэргийг санаатай цохиж устгаж, гэмтээсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг, үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг, И.Л.Н-ын бие, эрх чөлөөнд бүлэглэн халдаж нь хүндэвтэр хохирол зориуд учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч И.Б-ид 895.000 төгрөгийн хохирол, “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцад 825.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч И.Л.Н- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 895.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Б-ид, 825.000 төгрөгийг гаргуулж “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцад олгож, хохирогч Л.Н- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 30.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1 дүгээр хавтаст хэргийн 45, 47-53, 2 дугаар хавтаст хэргийн 21-25 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь ам бүл ... багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, цагдан хоригдсон хоног, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 173 (нэг зуун далан гурав) хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь
хэсгийн 2.3, 2.4-т зааснаар Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 173 (нэг зуун далан гурав) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 895.000 (найман зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.Б-ид, 825.000 (найман зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцад олгож, хохирогч Л.Н- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 30.000 (гучин мянга) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР