Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0007

 

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0007

Улаанбаатар хот

 

 

 

                                              “Н***” ХХК-ийн

                                        гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х**,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С***гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0928 дугаар шийдвэр,

Гомдол гаргагч: “Н***” ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С***,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,

Хэргийн индекс: 128/2021/0643/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Н***” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С***гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр

сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0928 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6, 10 дугаар зүйлийн 10.12.1, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.14. дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан гомдол гаргагч Н*** ХХК-ийн нэхэмжлэлийн /гомдлын/ шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0003002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,

3.2 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн Үндэсний төв оношилгоо, хэмжилзүйн лаборатори аль аль нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд холбогдох дээжүүдийг хүлээн авч шинжилсэн байхад шүүх сорилын дүнг хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь хууль бус,

3.3 Мөн шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй холбогдох маргааныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байхад шүүх уг дүгнэлтийг бодитой биш, хөндлөнгийн дүгнэлт гарах байсан зэргээр өөрийн үзэмжээр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй,

3.4 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан байхад шүүх “...гомдол гаргагчийг зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэхээр байна,

3.5 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

  ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С*** 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003002 дугаартай шийтгэлийн хуудсаар “...зах зээлд нийлүүлсэн дизелийн түлш нь чанар стандартын шаардлага хангаагүй... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон...” хэмээн дүгнэн “Н***” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 9,000,000 /Есөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

4. Гомдол гаргагч “Н***” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003002 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...шийтгэлийн хуудас ногдуулах үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт нь хууль бус”, “...хэдний өдрийн манай компанийн үйлдсэн ямар зөрчилд арга хэмжээ тооцож байгаа талаар шийтгэлийн хуудсандаа тодорхой бичээгүй” зэрэг үндэслэлээр маргасан.

5. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно, 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил”, 6.1 дүгээр зүйлийн 1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, ... байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн тохиолдолд  эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” хэмээн тус тус заасан.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 19 болон 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд “Н***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ч***” ШТС болон компанийн агуулгахаас тус тус дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабратори болон  Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Улмаар лабораторийн сорилтын дүнг дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлтийг гаргасан.

Дүгнэлтээр “Н***” ХХК-ийн бөөнөөр болон жижиглэнгээр борлуулж байсан дизелийн түлш нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангаагүй” болох нь тогтоогдсон.

Гомдол гаргагч “Н*** ХХК нарын нэр бүхий хуулийн этгээдээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01-07-106/259 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04ий өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрээр “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... Н*** ХХК…-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б***ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн нэхэмжлэгч тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 384 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 325 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Ийнхүү нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гомдол гаргагчийн худалдан борлуулж байсан шатахуун нь “чанар стандартын шаардлага хангахгүй” болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...зөрчилд холбогдогч Н*** ХХК нь сорилын дүн, Улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй, … мөн зөрчил үйлдсэнээ зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон гэж үзсэн нь илт хууль зөрчсөн ажиллагаа” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан дан ганц “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд явуулах бус мөн  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т заасанчлан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” болон “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэх өөр хоёр үндэслэлээр явуулах боломжтой бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаас чухам энэхүү хоёрдахь үндэслэл тогтоогдож байна хэмээн үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсныг хууль зөрчсөн хэмээн үзэх боломжгүй.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн гомдол гаргагч “Н***” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С***д холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.С***гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

   

                                   ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА