| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 153/2018/00564/И |
| Дугаар | 001/ХТ2021/01087 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01087
Ховд аймгийн байгаль орчин,
аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар
Хариуцагч: З.Лхамхүү
нэхэмжлэл: 19,335,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаяр хяналтын журмаар 2020.01.06-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч З.Лхамхүү, түүний өмгөөлөгч С.Боловсон, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: З.Лхамхүүгээс албан тушаалаа ашиглан албаныхаа эрх ашгийн эсрэг ажиллаж гэмт үйлдэл үйлдэж улсад 19,335,520 төгрөгийн хохирол учруулсан дээрх мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Улсыг хохироосон уг асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч улс нийгмийг хохироосон уг үйлдэл нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой талаар Ерөнхий прокурорын болон Ховд аймгийн прокурорын тогтоолууд гарсан. Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар хөөцөлдөж 2014 онд нөхөн олгожээ. Үүнийг Сангийн яамнаас олгох боломжгүй гэсээр байтал ямар арга замаар хэрхэн төсөвт суулгаж олгосон нь санаатайгаар улс нийгмийг хохироосон гэмт үйлдэл залилан гэж үзэж байна. Иймээс З.Лхамхүүгээс нэхэмжилж буй 19,335,520 төгрөгийг төлүүлж байгууллага, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Лхамхүү миний бие 2013.09.15-нд нас барсан Ц.Гантулгад 2014.12.26-нд хамт олны хурал хийгээд түүний тэмдэглэлд тулгуурлан 2014.12.26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29.2.3-ыг мөн Ховд аймгийн Аудитын газрын 2014.04.14-ний өдрийн 44 тоотыг үндэслэн Ц.Гантулгын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг гэрчлэх Тушаал-ыг сугалж аваад оронд нь 2014.12. 24-нд гаргасан А/25 дугаартай Хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалын дугаарыг Б/46 болгож өөрчлөн хавчуулаад 19,335,520 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ИХШХШТХ-н 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна хэмээн заасныг зөрчсөн байна. З.Лхамхүү би гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн Л.Батбаярын 19,335,520 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-д Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно гэж заасан. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа З.Лхамхүү миний Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ц.Гантулгад гаргасан 2014.12.26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаттай үгсэн хуйвалдаж сугалан авч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Лхамхүү намайг гүтгэж хулгайгаа нуух гэж нэхэмжлэл гарган илчилж байгаа нь тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй..гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/ШШ2019/00483 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нэхэмжлэлтэй, З.Лхамхүүд холбогдох 19,335,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,628 төгрөгийг шүүгчийн захирамжаар З.Лхамхүүд буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: З.Лхамхүүг Ховд аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчин, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэр тэтгэврээ тогтоолгоогүй, өвчний улмаас 57 настайдаа нас барсан Ц.Гантулгын эхнэр С.Дашдарьд төрийн албан хаагчид олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 19,335,520 төгрөгийг олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь нотолдог. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын 2014.04.22-ны өдрийн 5/2068 дугаар албан бичиг, АТГ-н Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Г.Батбаатарын 2017.04.25-ны өдрийн 45 дугаар хариу мэдэгдэх хуудас, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Еркебуланы 2017.05.12-ны өдрийн 5/108 дугаар хариу мэдэгдэх хуудас, Ховд аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн 2017.07.28-ны өдрийн 5/55 дугаар хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын 2017.09.06-ны өдрийн 1528 дугаар тогтоол зэрэг нотлох баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт З.Лхамхүүгийн 2014.12.26-ны өдөр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад 57 настайдаа нас барсан Ц.Гантулгын ар гэрт буюу эхнэр С.Дашдарийн Хаан банкин дахь дансруу 13,335,520 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-н 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ИХ-н 8.1.5-т зааснаар гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл хамаардаг тул хариуцагчийн гаргасан гэм буруутай иргэний эрх зүйн зөрчилд нь хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх хэрэглэх боломжтой. Энэ тохиолдолд хариуцагчийн иргэний эрх зүйн зөрчилд гэм буруутай эсэх нь заавал эрүүгийн хэрэг ХХША-ны журмаар тогтоогдсон байхыг шаардахгүй. Гэмт хэрэг бүр иргэний эрх зүйн зөрчил байдаг бол иргэний эрх зүйн зөрчил бүр гэмт хэрэг байдаггүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ЭБШХ-н 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр З.Лхамхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэрийг Прокурорын байгууллагаас гаргасан байдаг. З.Лхамхүүгийн Ховд аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэр тэтгэврээ тогтоолгоогүй, өвчний улмаас 57 настайдаа нас барсан Ц.Гантулгын эхнэр С.Дашдарьд төрийн албан хаагчид олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 19,335,520 төгрөгийг олгосон иргэний эрх зүйн зөрчлийг үгүйсгэх/аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал, өөртөө туслах/ үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн түүнчлэн хариуцагч З.Лхамхүү нь ИХ-н 497.2-т зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна, Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын гаргасан тушаалуудад баримт бичгийн үзлэг хийж шинжээчийн дүгнэлтээр Б/46 дугаар тушаал болон уг тушаалын урд, хойд тушаалууд дахь гарын үсгүүд З.Лхамхүүгийн гарын үсэг нь мөн болохыг нотолсон. Хэрэв З.Лхамхүү нь тушаал гаргасан бол Төрийн санд зайлшгүй 1 хувь нь байх ёстой бөгөөд хавтаст хэргийн материалд ч анхнаасаа төрийн санд өгөгдөөгүйг иргэн Дашдарьд шилжүүлсэн 19,335,520 төгрөгийн гүйлгээний хяналтын хуудсанд бичигдээгүй байгаа нь анхнаасаа уг тушаалыг гаргаагүй нь нотлогдож байдаг, мөн БОАЖГазрын ажилтнуудаас авсан мэдүүлэг ч давхар нотолж байхад удаа дараа Батбаяр намайг гүтгэж байна гэх зэргээр миний нэр төрд удаа дараа давхар халдаж байгаад гомдолтой байна. Ийм байхад давж заалдах шатны шүүх Үндсэн хуулийн 16.14-т заасан ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэснийг буруу тайлбарлан, уг зарчмын агуулгыг өргөжүүлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж, татвар төлөгчдөд учруулсан хохирлыг барагдуулахыг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Ховд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар 2018.07.24-ний өдөр З.Лхамхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ...60 нас хүрч тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг 57 насандаа нас барсан хүний ар гэрт олгосон...олгохдоо тушаал гаргаагүй... гэсэн үндэслэлээр 19,335,520 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа ...19,335,520 төгрөгийг нас барсан ажилтны ар гэрт олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291.2.3-г үндэслэн 2014.12.26-ны өдөр Б/46 дугаартай тушаал гаргасан...уг мөнгө нь ...нас барсан ажилтны ар гэрт олгосон буцалтгүй тусламж юм... гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ...нэхэмжлэлээ нотлоогүй... гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх үндэслэлгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38, 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг буюу ...19,335,520 төгрөг нь нас барсан ажилтны ар гэрт олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж байсан... өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг 57 настайдаа нас барсан ажилтны ар гэрт олгосон зүйл байхгүй... гэснийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
2. Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл нотлогдоогүй, 19,335,520 төгрөгийг нас барсан Ц.Гантулгын ар гэрт олгосон асуудал нь ганц хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой гэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 19,335,520 төгрөгийг ...хариуцагчаас гаргуулан ...байгууллага болон улсыг хохиролгүй болгох... -ыг шаардсан боловч Ховд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар нь уг мөнгийг бусдад төлж барагдуулсан эсхүл эрх бүхий этгээдээс нэхэмжлэлд заасан мөнгийг төлүүлэх шийдвэр, акт гарсан тухай мэдээлэл хэрэгт байхгүй байна.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД