Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0599

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн үүрэгт ажилд цагдаагийн ахлагч цолтойгоор эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гэрч Г.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны хүрээлэн буй орчны цагдаа, цагдаагийн ахлагч Г.Г миний бие 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хариуцаж байсан "Гүнэг”-ийн постноос буугаад гэртээ ирж амарч байхад Сонгинохайрхан дүүргийн тээврийн цагдаагийн цагдаа ахлагч Н.Т утасдаж “Өлзийт” -ийн постоор бүтээн байгуулалт, газар шорооны ажил хийх гэж байгаа 4-5 машиныг гаргаад өгөөч , холгүй ойрхон хотын бүс дотор ажиллах юм. Удахгүй эргээд ирнэ гэж хэлэхэд нь нэг байгууллагад ажилладаг, зовлон жаргал нэгтэй найз, нөгөө талаар худал хэлж нэгнээ хуурахгүй байх гэж итгэж байсан тул очиж газар шорооныхоо ажлаа хийгээд бууна шүү гэж тухайн машины жолооч нарт хэлж, машины бичиг баримтат авч үлдэн гаргасан.

Би гэртээ очоод ойрхон бүтээн байгуулалтын ажил хийнэ, хөрс шороо зөөх машин яасан вэ? Надад худал хэлсэн байна шүү дээ гэж Н.Т луу ярьж хэлсэн. Энэ үйл явдлын дараа Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Б/94 дугаар цагдаагийн анхлагч Г-ын Г-ийг албанаас халах тухай тушаал гарч намайг амьдралын минь үндсэн баталгаанаас салгаж хохироосон.

Би анхнаасаа тухайн асуудлыг шударгаар ярьж, бүх болсон үйл явдлыг нууж хаалгүйгээр хэлсэн. Өөртөө ашигтай давуу байдал үүсгэх гэж худал ярьж хэлж төөрөгдүүлээгүй. Мөн тодорхой хэмжээнд гэм буруугаа ойлгож гэмшиж байхад төрийн албанаас халах сахилгын хамгийн хатуу шийтгэлийг оногдуулсан бөгөөд ингэхдээ төрийн албаны болон цагдаагийн байгууллагын тухай, ёс зүйн сахилгын шийтгэл оногдуулах зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий хэм хэмжээг буруу хэрэглэж, зөрчин уг шийдвэрийг гарсан юм.

Нэхэмжлэгч би энэхүү шалтгааныг шүүхийн ажиллагаанд илүү тодорхой ярих болно. Мөн надад хүлээлгэсэн ажлаас халах 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дугаартай тушаалыг хууль бус үндэслэлгүй, зохих журмын хүрээнд гаргаагүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан, бодит нөхцөл байдалд нийцэхгүй гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 14 гудамж, ******* тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хувийн байдлыг нь авч үзвэл олон хүүхэдтэй, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, цагдаагийн албан хаагчийн цалингаар гэр бүлийн хүнсний болон бусад хэрэгцээг хангаж явдаг. Оршин суугаа хаяг, ам бүлийн байдлыг тодорхойлсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Олон нийтийн хэв, журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны цагдаа, цагдаагийн ахлагч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харьж байхад Сонгинохайрхан дүүргийн тээврийн цагдаагийн цагдаа, зохицуулагч Г.Т утсаар холбогдон бүтээн байгуулалтын ажил явагдах гээд байна. Газар шорооны ажил хийх 4, 5 авто машиныг Өлзийтийн постоор гаргаад өгөөч. Холгүй ойрхон газар шорооны ажил хийгээд ирэх юм, удахгүй, итгэж болно гэж хэлсэн. Г.Г нь найз нөхөр, нэг байгууллагад ажилладаг зовлон жаргал нэгтэй хүний хувьд найздаа туслах зайлшгүй шаардлагатай гэж бодсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэвч надад таньж мэдэх хүн байгаа эсэхийг мэдэхгүй, тусалж чадна гэж хэлж чадахгүй гэдэг байдлаар хариу хэлсэн боловч хэд хэдэн удаа утсаар холбогдсон тул очоод туслахыг бодъё, таньдаг мэддэг хүн байна уу гээд Өлзийтийн постод очиход таньж мэддэг хүн постод гарч байсан. Иймд Г.Т-ын хүсэл, сонирхлыг хэлээд 4, 5 авто машин газар шорооны ажил хийгээд буцаад ирэх юм байна. Энэ ажил нь ахуй амьдралын шаардлагаар бүтээн байгуулалттай холбоотой ажил гүйцэтгэж байгаа гэж бусад албан үүргээ гүйцэтгэж буй таньдаг хүн, албан тушаалтнаас гуйсан нь тогтоогддог. Энэ нь цагдаагийн дотоод хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын ажиллагааны үр дүн, талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн өдөр Өлзийтийн постод ажиллаж байсан цагдаагийн дэслэгч н.А-т Г.Т-ын хүсэл, сонирхлыг хэлэхэд эхний удаа татгалзсан боловч удахгүй буцаад ирнэ гэсэн үгэнд хэн аль нь итгэсэн учраас тухайн тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн гэх зөрчилд нэхэмжлэгч холбогдсон байдаг. Зөрчил цагдаагийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Зөрчилд сахилгын арга хэмжээ ногдуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хурлаар оруулж шийдвэрлэсэн байдаг. Хурлаар нэхэмжлэгч Г.Г-ийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгч сэтгэл санаа болоод бие мах бодь, түүний гэр бүлд асар их хүндээр тусч байгаа. Энэ нөхцөлийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүхэд уг асуудлыг шалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд хууль зүйн үндэслэлийг хэрхэн тогтоох, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг нарийн зохицуулалтыг зааж өгсөн. Уг журмын 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, 1.4.3-д сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх гэж заасан. Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Г-ийг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Цагдаагийн дотоод хяналт шалгалтын ажиллагааны журам, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмуудыг баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2 дүгээр зүйлийн 2.4.1-д гомдол, мэдээллийг хүлээн авсан цаг мөчөөс хойш гомдлыг шалгана, 2.4.4-д гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, 2.4.5-д цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах гэж тус тус заасны дагуу эдгээр зүйлийг шалгасны үндсэн дээр зөрчлийн үр дагавар, гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэр, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг, үйлдэл, эс үйлдэхүй, харилцан хамаарал, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх, зөрчилд дүгнэлт хийж ухамсарласан байдал гэсэн нөхцөлийг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзнэ. Энэхүү нөхцөл байдлуудыг маргаан бүхий тушаалд харгалзан үзэхгүйгээр, хэтэрхий нэг талд туйлширсан шийдвэр гарсан. Дээрх журмын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухай албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь дээрх нөхцөлийг хангахгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Г.Г  анхнаасаа үнэн зөвөөр ярьж тайлбарласан. Нууж хаасан зүйл байхгүй. Дээрх авто машиныг Өлзийтийн постоор гаргах үйл ажиллагаанаас ашиг олох зорилго агуулаагүй, мөнгө төгрөг аваагүй гэдэг нь албаны шалгалтаар тогтоогдсон. Гэтэл тушаалын үндэслэлд нэхэмжлэгч Г.Г-ийг санаачилсан, зохион байгуулсан, зохион байгуулаад уг ажиллагааг хэрэгжүүлсэн гэсэн нь бодит нөхцөлд тохирсон, шалтгаан нөхцөлийг зөв тогтоосон, үр дагаварт нийцсэн үү гэдэгт үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Гэтэл уг асуудлыг бий болгосон тээврийн цагдаа гэрчээр оролцож буй Г.Т энэ ажиллагаанд идэвхтэй оролцсон байдаг. Анх утсаар холбогдон гуйхад нь чадахгүй, таньж мэдэх хүн байхгүй бол тусалж чадахгүй гэхэд нь удаа дараа утсаар залгаж авто машинууд газар шорооны ажил хийгээд ирэх юм. Гаргаад өгсөн байхад удахгүй буцаад ирэх итгэл найдвартай хүмүүс байгаа гэх мэтээр ятгасан байдаг. Найздаа туслах сэтгэл, санаа зорилгын үүднээс уг ажлыг хийсэн. Түүнээс зохион байгуулсан, ашиг олсон зүйл байхгүй. Гэтэл тушаалын үндэслэлд зохион байгуулсан, зохион байгуулалттай үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дурдсан нь хэргийн бодит байдал, болсон тухайн үйл явдал, хор уршиг, шалтгаант холбоог тогтоож чадаагүй байна. Хэрэв үүнийг тогтоож чадсан бол Г.Т нь өнөөдөр ажлаа хийгээд явахгүй. Харин түүнд тусалсны төлөө нэхэмжлэгч Г.Г лаас халагдаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Цагдаагийн дотоод хяналт шалгалтын ажиллагаа явагдсан боловч хяналт шалгалтаар цугларсан нотлох баримтаас харахад сонсох ажиллагааг мэдэгдэх төдий явуулж, нэхэмжлэгч Г.Г-гийн хүсэл сонирхлыг тусгаагүй. Ийм ажиллагаа явагдлаа та үүнтэй танилц гэсэн боловч тантай холбоотой ийм тушаал, эрх зүйн үр дагавар гарна та ямар санал, хүсэлттэй байна гэдэг зүйлийг тусгаж, баталгаажуулан авсан баримт байдаггүй. Г.Г  нь би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдын ятгалгад орж найздаа тусалчих юм гэсэн санаа зорилгын үүднээс постоор авто машин нэвтрүүлэх бололцоог хангаж өгөх үүднээс найз нөхдөөсөө гуйсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Үүндээ тохирсон сахилгын шийтгэл хүлээхэд бэлэн гэсэн агуулгаар дотоод хяналт шалгалтад тайлбарлан хэлсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь маргаан бүхий тушаалыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй гэж нэхэмжлэгч өөрөө ярьдаг. Иймд тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Г нь бусадтай үгсэн тохирч 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Өлзийт /Асралт-12 / баталгаат постоор Улсын онцгой комиссоос тогтоосон тушаал, журмыг санаатайгаар зөрчиж Хово маркийн ачааны 6 автомашин, 1 Ковш ачсан траллер автомашин зэрэг 8 тооны том оврын автомашиныг зохих зөвшөөрөлгүй, бүртгэлгүй нэвтрүүлж Төв аймгийн нутагт хууль бусаар алт олборлох нөхцөлийг бүрдүүлж, Төрийн албаны тухай хуулийн 39 зүйлийн 39.1.2 дахь хэсэг “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3 дэх хэсэг “бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх”, мөн дүрмийн 2.3.2-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 13.17-д “Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг, даалгавар, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн бол, ...шийтгэл оногдуулна”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын 7.3-д “Тээврийн хэрэгслээр зорчигчдыг энэхүү журмын 2.1, 2.4-т заасан баримт бичгийн зөрчилтэй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл, зорчигчийг нэвтрүүлэхгүй”, Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж, албаны үйл ажиллагаанд хууль журмыг мөрдөж, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх” ...гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон.

Албаны даргын зөвлөлийн 8 дугаар хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Г.Г-т "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн 82 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасан “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” байх тул "албанаас халах" сахилгын шийтгэлийг ногдуулж шийдвэрлэсэн.

Г.Г нарын гаргасан зөрчилд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу албаны шалгалтыг явуулж, тогтоогдсон үндэслэл бүхий нотлох баримт дээр тулгуурлан албаны даргын зөвлөлийн хурлаас гаргасан" албанаас халах шийдвэр нь хууль, журам зөрчигдөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Албаны хяналт, шалгалт бүрэн дүүрэн хийгдсэн. Нэхэмжлэгч Г.Г нь зөрчил, дутагдал гаргасан нь тогтоогдсон. Том оврын 8 авто тээврийн хэрэгслийг хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад шалган нэвтрүүлэн постод очиж үүрэг гүйцэтгэж байсан н.А-ыг гуйж нэвтрүүлсэн. Энэ нь Төв аймагт байрлах ээж хадны ойролцоох газарт хууль бусаар алт олборлох нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Үүний улмаас ноцтой хор уршиг учирсан. Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн тухайн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа хийгдэж, Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд шалгагдаж байна. Сонсох ажиллагаа журмын дагуу хийгдсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг нэхэмжлэгч Г.Г өөрөө уншиж танилцаад санал, хүсэлт байхгүй гээд гарын үсэг зурсан. Цагдаагийн дэслэгч н.А-тай үгсэн тохирч том оврын 8 авто машиныг шалган нэвтрүүлэх баталгаат цэгээр гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон. Энэ үйлдэл нь Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутагт хууль бусаар газрын хэвлийд халдаж хууль бусаар алт олборлох нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хууль, журмыг зөрчих боломжийг олгосон. Албаны шалгалтаар 6 ширхэг ачааны Howo маркийн машин, ковш гээд нийт 8 ширхэг тээврийн хэрэгслүүдийг санаатайгаар зохих зөвшөөрөлгүй, бүртгэлгүйгээр гаргаад явуулсан нь тогтоогдсон. Энэ нь хууль бусаар алт олборлох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих, 2.3.6-д албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх гэж заасан. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 13.17-д Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол ... шийтгэл оногдуулна гэж заасан. Улсын онцгой комиссын шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргасан журмууд зөрчигдсөн. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмын 7.3-д Тээврийн хэрэгслээр зорчигчдыг энэхүү журмын 2.1, 2.4-д заасан баримт бичгийн зөрчилтэй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл, зорчигчийг нэвтрүүлэхгүй гэж заасныг болон албан тушаалын тодорхойлолтод заасныг зөрчсөн. Мөн бусадтай үгсэн тохирч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон. Энэ нь тус албаны зөвлөлийн хурлаар орж шийдвэрлэгдсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээр маргаан бүхий шийдвэр хянагдан гарсан. Г.Г нь зохион байгуулж албан хаагчдыг ятгасан, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Албаны шалгалтын материалд холбогдох баримтууд нь байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Г-оос Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн үүрэгт ажилд цагдаагийн ахлагч цолтойгоор эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар “...шалган нэвтрүүлэх постоор бусадтай үгсэн тохирч, Улсын онцгой комиссоос тогтоосон тушаал, журмыг санаатайгаар зөрчиж...автомашин, махенизмийг зохих зөвшөөрөлгүй бүртгэлгүй нэвтрүүлж, хууль бусаар алт олборлох нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил...ёс зүйн болон сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр  нэхэмжлэгч Г.Г-ийг цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахлагч цолыг хурааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “...маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдал болон зөрчлийн шинж байдалд тохироогүй, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй...шийдвэр гаргахдаа баримтлах ёстой журмыг баримтлаагүй...сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй” гэж, харин хариуцагчаас “...эрх мэдлээ  хэтрүүлэн ашиглаж Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмын заалтыг ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон тул албанаас халах шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

          Маргааны үйл баримтаас үзвэл Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Г нь үүрэг гүйцэтгээгүй байх явцдаа  цагдаагийн ахлагч Г.Т-ын “Хан-Уул дүүрэг дэх Өлзийт шалган нэвтрүүлэх постоор зохих зөвшөөрөлгүй 8 тооны автомашин, механизмыг нэвтрүүлэх” тухай саналыг хүлээн авч, тухайн шалган нэвтрүүлэх пост дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Ж.А-ын үйл ажиллагаанд нөлөөлж, зуучилсан үйлдэл нь Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын 7.3-т “Тээврийн хэрэгслээр зорчигчдыг энэхүү журмын 2.1, 2.4-т заасан баримт бичгийн зөрчилтэй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл, зорчигчийг нэвтрүүлэхгүй” гэж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3-т “бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх” гэж, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 13.17-д “дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн болох нь Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар бүхий дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Нэхэмжлэгч Г.Г нь цагдаагийн албан хаагчийн хувьд түүний гаргасан сахилга хариуцлага, ёс зүйн зөрчлийг Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмээр зохицуулагдаж зөрчлийн шинж байдлыг харгалзан ямар төрлийн сахилгын шийтгэлийн ногдуулах нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд  нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулиар хүлээлгэсэн хориглох зүйл, эрх, үүргийг хүлээж, төрийн албаны болон цагдаагийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүрэгтэй юм.

          Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах;, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.

          Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч тэр дундаа төрийн албаны тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ёс зүй болон сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусадтай үгсэж зохих зөвшөөрөлгүйгээр шалган нэвтрүүлэх постоор автомашин нэвтрүүлэхэд бусдад зуучилсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

          Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон...үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл цагдаагийн албан хаагчийн өргөсөн тангараг, ёс зүй болон сахилгын дүрмийг зөрчсөн, хууль бусаар алт олборлох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албанаас Г.Г-гийн гаргасан зөрчилд холбогдуулан 20210600000013 дугаар бүхий албаны шалгалтыг явуулсан байх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд зөрчилд холбогдох нотлох баримт цуглуулах, тайлбар мэдүүлэг авах, оролцогчид албаны шалгалтын материалыг танилцуулах ажиллагааг хийсэн, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бичгээр болон сонсгол зохион байгуулах замаар аль алинаар нь хэрэгжүүлж нэхэмжлэгч Г.Г-т санал, хүсэлт, тайлбар гаргах боломжийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр гаргахдаа баримтлах ёстой журмыг баримтлаагүй...сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

          Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Г нь Улсын онцгой комиссоос баталсан журам, өргөсөн тангараг болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь албаны шалгалтаар тогтоогдож, хариуцагч захиргааны байгууллагаас зөрчлийн шинж байдлыг өөрт олгогдсон эрхийн хүрээнд тодорхойлж, түүнд цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Г-гийн  Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн үүрэгт ажилд цагдаагийн ахлагч цолтойгоор эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР