Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

 

 

 

       

   2022                                         

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оийн Бэд холбогдох эрүүгийн 2238000000721 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Галт сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Р.Лийг “цаашаа бай” гэж хутгаар түлхсэний улмаас түүний хэвлий тус газар шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000721 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын төвд хохирогч Р.Лийг “цаашаа бай” гэж хутгаар түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Лийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харанхуй болсон байхад цаг хараагүй боловч барагцаагаар 19-20 цагийн үед **** гээд найзындаа очсон. Очиход ****ын гэр бүлийнх нь хүмүүс байсан. Би ****ынд очихоосоо өмнө найз ****ынд 2 шил 0.75 литрийн хэмжээтэй хараа архи гурвуулаа хувааж уусан. ****ынд очоод архи дарс уугаагүй. Бүхэл мах чанасан байхаар нь идээд сууж байтал гаднаас Буянаа гээд залуу орж ирсэн санагдаж байна. Би бас нэлээн халамцуу байсан болохоор үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгээд сууж байтал **** наад чинь цус гоожоод болохоо байлаа гэж хэлэхээр нь хартал хэвлийн баруун дунд хэсгээс цус гарч байхаар нь гараараа дарсан. Тэгээд би юу болсонг санахгүй байна, эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ийм зүйл болсон... Би өөрөө сайн санахгүй байна. Гэхдээ тухайн үед **** миний шархан дээр гараараа дарж байсан бөгөөд наад чинь хутгалчих шиг боллоо гэж хэлж байсан. Гэхдээ **** яг хэн намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэнг нь мэдэхгүй... Эмч нар тариа хийгээд эм бичиж өгч байсан. Одоогоор бол биеийн хэвийн тогтвортой, зовиур нэг их мэдрэгдэхгүй байна... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Гэрч Б.****ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Галт суманд ****тай тааралдаад гудамжинд уулзаад зогсож байтал **** гээд манай найз над руу залгаад манайд хүрээд ир, бид нар сууж байна гэж хэлсэн. **** бид хоёр гудамжинд зогсож байтал Б бид хоёр дээр ирээд бид гурвуулаа ****ийнд очсон...Бид гурав ****ийнд очихдоо замаасаа нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи авч очсон. ****ийнд очиход Л, ****, **** нар архи уугаад сууж байсан бөгөөд Л **** хоёр нэлээн халамцуу, **** бол тэр хоёроосоо арай гайгүй, гэхдээ л ер нь бас халамцуу сууцгааж байсан. Тэнд бид гурав нийлээд авч очсон нэг шил архиа зургуулаа хувааж уугаад **** манайд мах чанаж байгаа, манайд очиж хоол ид гэхээр нь **** гэртээ үлдээд бид тавуулаа очсон. ****ынд очоод замаас авч очсон нэг шил 0.75 литрийн хэмжээтэй хараа архийг задлаад тойруулж байх зуураа бүхэл мах идээд сууж байсан... ****ынд ороход урд талын цонх дагуу ширээ засаж сандал тавьсан байсан. Тэгээд бид нар тэр ширээг тойрч сууцгаасан. Байрлалыг нь ярих юм бол ширээний баруун урд өнцөгт би сууж байсан, миний баруун гар талд Б, зүүн гар талд миний өөдөөс хараад **** сууж байсан. ****ын зүүн гар талд ****, Эрдэбатын зүүн гар талд **** сууж байсан. Л Б хоёр бол ширээний хоёр талд өөд өөдөөсөө хараад сууж байсан...Хүүе гээд явчихаар нь харсан чинь Лийн хэвлийн баруун хэсгээс цус шүүрчихсэн харагдаж байсан. Тухайн үед **** ноосон цамцтай байсан болохоор тэр цамц нь улайгаад цус гарч байгаа харагдсан. Б зүүн гартаа хутга барьчихсан сууж байгаа харагдахаар нь би хараад шууд Буянааг хатгачихлаа гэж ойлгоод юу болж байна аа гээд шууд хутгыг нь аваад цааш нь шал руу шидсэн. Тэр хутга нь нэлээн том балиус хутга байсан. Тэгээд шууд Лийг гэдэргээ харуулж орон дээр хэвтүүлээд, цусыг нь юмаар дараад би гарч эмнэлэг дуудлаа гээд гараад хайгаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч Ч.****ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Галт сумын төвд найз **** болон нутгийн залуу Б нарын хамт ****ийн гэрт очсон. Очиход ****, ****, Л нар архи уугаад нэлээн халамцуу сууж байсан. Тэнд бид нар нэг шил архитай очоод тэрийгээ уугаад тэндээс гарч ****ын гэрт очоод нэг шил архиа задлаад тойруулаад сууж байсан юм. ****ынд очоод бид нар бүхэл мах хоол идээд ширээ тойрч суугаад, би ****тай урд урдаасаа хараад юм яриад сууж байтал тэнд байсан хүмүүс орилолдоод хүүе хаая гэхээр нь хартал Л ширээний хажуу тал руу уначихсан байсан бөгөөд Б хутган дээр унаад өглөө гэсэн юм ярьж байсан. Би очоод эргүүлээд харахад хэвлийн дунд хэсэгт баруун талдаа цус гарч байсан. Тэгээд л эмнэлэг цагдаа болцгоосон...Бээс би юу болов яав гэхэд салгаж явж байгаад хутган дээрээс уначихлаа гэсэн юм ярьсан. Би бол яг яаж хатгасанг хараагүй, хүүе хаая гээд орилолдохоор нь харахад Бийн барьж байсан хутга цус болсон байсан...Бид нар хоорондоо маргалдаж зодолдсон асуудал болоогүй. **** бид хоёрыг яриад сууж байхад Л тэр хавиар нэлээн согтуу босож яваад буцаж суугаад л байгаа харагдсан. Би ч нэг их анхаарал тавиач үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Х.****ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ****ынд би, Л бид гурав ууж байхад ****, Б, **** гурав ирээд тэнд нэг шил архи задалж уусан. Тэгээд манайх руу ****аас бусад нь тавуулаа явж очоод дахин нэг шил архи задалж тойруулсан. Манайд бүхэл мах чанаж байсан болохоор бид нар бүхэл мах идээд ширээ тойроод сууцгааж байсан. Миний зүүн гар талд Л, цаад талд нь Б, миний баруун талд ****, **** хоёр сууж байсан санагдаж байна. Би босоод алчуур авч гараа арчаад цай уугаад мах идэж байсан хүмүүст даавуу авч өгөөд сууснаа мэдээд байгаа юм. Би ч тэгээд задалсан архинаас ууж байсан болохоор нилээн согтсон байсан. Надад яг тэр яаж хутгалсан энэ тэр талаар нь мэдэх зүйл алга байна. Өглөө сэрэхэд л эхнэр Б ****г хутгаар хатгасан гэсэн юм яриад байсан...Бид нар ширээ тойроод уугаад хууч хөөрөөд сууж байснаа л би санаад байгаа юм. Сүүлдээ тасарсан байна...Бид нар хоорондоо маргалдаж зодолдсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 604 дугаартай: “...Р.Лийн биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Р.Лийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/,

Прокурорын эд мөрийн баримтаар хутгыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 140 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Бийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ****, ****, ****, ****, Л нарын хамт архи уусан. Бид нар эхлээд ****ийнд архи ууж байгаад дараа нь ****ынд очиж архи ууж мах идсэн. Тэгээд бид нар ширээ тойроод сууж байтал Л духалзаад уначих гээд байхаар нь би цаашаа бай л даа гээд хутга барьсан гараараа түлхээд хутгаараа хатгачихсан юм. Тэгээд Л унаад ороод ирсэн юм. Өөр зүйл болоогүй. Тэрнээс бид хоёр зодолдож маргалдаагүй... Би хохирол нөхөн төлбөрт мөнгө өгөөгүй. Гэхдээ эмнэлэгт хэвтүүлж эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 400.000 төгрөгийг төлсөн. Л надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Р.Л, гэрч Б.****, Ч.****, Х.**** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 604 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Прокурорын эд мөрийн баримтаар хутгыг хураан авах тухай зөвшөөрөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын төвд Р.Лийг “цаашаа бай” гэж хутгаар түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Р.Лийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Бийн үйлдэл идэвхтэй, хохирогч Р.Лийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Бийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Р.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Р.Л О.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 43/ хэрэгт авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 41-42, 44 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Б нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 3 дугаар хэсэг, сургуулийн гудамжны 1325 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай, ажлын хэсэг 18 см, бор өнгийн хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Оийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Оийн Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч О.Бэд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай, ажлын хэсэг 18 см, бор өнгийн хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасгай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН