Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

 

      

 2022       12         20                                          2022/ШЦТ/383

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Га нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оийн Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 2238000000716 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Га нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ж” зоогийн газрын гадна Б.Бын нүүрэн тус газар гараараа цохиж, хохирогчийн хамар болон баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000716 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Ж зоогийн газрын гадна Б.Быг “би таниас арай дээд зиндааны хүмүүстэй архи уудаг гэж хэллээ” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар болон баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бын өгсөн: “...Ж ресторанд бүгд сууж байгаад түлхүүрээс болж маргалдсан. Бид эвлэрсэн. Одоо гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тогоочдын баярын өдөр болсон. Би өөрөө тухайн үед Ж зоогийн газарт хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгээд тухайн өдрийн 20 цагийн алдад Ж зоогийн газрынхаа зааланд тогоочдын баяр тэмдэглэх гээд тогооч ****, Га, **** бид дөрөв хэсэг сууж нэг шил архи уусан. Би тухайн үедээ тэр архинаас нь 2 удаа татсан. Өдөр нь Га, ****, **** нар нь архи уусан юм шиг байсан. Тэгээд бид хэд хэсэг сууж байгаад 22 цагийн алдад харих болсон. Тухайн үед надад байгууллагын машины түлхүүр байсан юм. Тэгэхэд Га нь надаас машины түлхүүр авна гээд дайраад байхаар нь бид 2 давхарт байдаг нярвын өрөөнд машины түлхүүрийг нь үлдээчхээд буцаад хоёр давхраас доошоо бууж байхад Га нь надтай түлхүүрээс болж маргалдаад унасан. Тэгээд Ж зоогийн газрын арын хаалгаар гараад гадаа байж байхад Га нь яасан том болсон юм гээд миний нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед би манарсан байсан болохоор дахиж цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Ингээд байж байхад Гыг надаас **** нь салгаад бид нар гэр гэр лүүгээ харьцгаасан...Гомдолтой байна одоо би хамрын хагалгаанд орох гэж байгаа, хагалгаанд орох мөнгөө нэхэмжилнэ... Миний толгой өвдөж байсан эм уугаад арай гайгүй болсон, ба дагзаар хатгаж өвдөөд байгаа, баруун нүд өвдөж байгаа...эмчилгээний зардлаа гаргуулаад авчих юм бол өөр надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

Гэрч Б.****ийн өгсөн: “...Ширээн дээр нь лав нэг архины шил байсан Өмнө нь хэчнээн архи уусан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би энэ хэдтэй хамт ширээнд нь суугаад архи ууж байхад Б, Га хоёр арын хаалгаар гараад яваад өгсөн. Тэгээд нэг их ч удаагүй буцаад орсон. Орж ирэхдээ Бын баруун талын нүд нь хавдсан байхаар нь юу болов гэж асуухад Га нь би цохисон юм аа гэж хэлсэн. Тухайн үед уг нь би Гад юунаас болж байгаа юм, яасан юм та хоёр гэж асуухад Б над руу томроод болдоггүй тэгэхээр нь би нэг цохисон юм гэж хэлсэн. Тэгээд үүний дараа ер нь сууж байсан хүмүүс тарцгаагаад яваад өгсөн. Тухайн үед намайг манай эхнэр ирж авахад би Быг дагуулаад явсан... Б, Га хоёр хоёулаа ер нь нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаартай: “...Б.Бын биед хамар болон баруун ухархайн хананд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Бын биед учирсан гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Гын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Б намайг хэл амаар доромжлоод агсам согтуу тавиад байхаар нь би гараараа түүний баруун нүднийх нь доод хэсэгт нэг удаа цохисон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, гэрч Б.**** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Б.Га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Ж зоогийн газрын гадна Б.Быг “би таниас арай дээд зиндааны хүмүүстэй архи уудаг гэж хэллээ” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь  хамар болон баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Га  нь хохирогч Б.Бтой   2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “шүүгдэгч Б.Га хохирогч Б.Бод 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 832.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 832.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор 836.000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул   2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж хохирогч Б.Бод олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэргийн 36, 38-39 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Га нь ам бүл 4, 2 хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 30-08 тоотод оршин суудаг, Ж” ресторанд тогооч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Га нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 207 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бат-Эрдэнийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Бат-Эрдэнийн Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Б.Гад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Га хохирогч Б.Б нарын  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан  “2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 832.000 /найман зуун гучин хоёр мянга/ төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 832.000 /найман зуун гучин хоёр мянга / төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор 836.000 /найман зуун гучин хоёр мянга /төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн” гэх эвлэрлийн гэрээнд зааснаар  нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг  шүүгдэгч  Б.Гаас гаргуулж хохирогч Б.Бод олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН