Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Т.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Иргэдийн төлөөлөгч А.Даваадорж,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Гад холбогдох эрүүгийн 2238000000685 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Бгийн Г нь 2022 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 18-04 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гын хэвлийн хэсэгт нэг удаа хутгалж улмаар биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, эрүүгийн 2238000000498 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:          

              Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө найз Б.Гатай ********** бааранд орж, бааранд ********** гэх найзтайгаа таарч улмаар ********** болон түүний найз хоёр эмэгтэй нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн баар тарахад  бүгдээрээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 18-04 тоот буюу Б.Гын гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед ********** бааранд таарсан Ц.**********т гэрт ирэхэд нь гэрээсээ хөөж шүүгээнээс хутга гаргахад Б.Га нь болиулахаар очиход түүний хэвлий хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.         

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Гын өгсөн: “...Намайг ********** ахынд байхад Г утсаар яриад манайд хүрээд ир гээд гэрийн хаягаа зааж өгсөн. Тэгээд дүү Мөнхжаргалын машинаар гэрт нь хүргүүлж очиход гэрээсээ гараад тосож авсан. Тэднийд оройн 20 цагийн үед очсон. Гэрт нь ороход Г үл ялих халамцуу байсан. Тэгээд 23 цаг хүртэл ярилцаж суусан. Би Гад нэг шил архи авч өгснөөс би өөрөө уугаагүй. Г ганц л татсан... бичих Г **********тыг янз янзаар хэлээд хөөж туугаад хутгалах гээд янз бүрийн юм яриад хутга авахаар тогооны шүүгээ рүү явахаар нь хөөе чи юу болж байна гэх үед тэнд сууж байсан ********** гараад гүйсэн. Хөөе юу болж байна гээд Г дээр очиход шургуулганаас хутга аваад эргээд харахаар нь хутгатай гарыг барьж авах гээд хальт атгаад алдсан чинь тэр хооронд миний хэвлий хэсэг рүү хутга хүрэхээр нь чи намайг хутгалчихлаа гэсэн чинь өөрөө хутгаа хаяад эмнэлэгт хүргэж өгсөн...Гомдол санал бол байхгүй... Тухайн орой Г бид хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй. Г бид хоёр бааранд байж байхдаа 3 хүүхэнтэй танилцсан, одоо нэрийг нь мэдэхгүй байна Тэгээд Гын гэрт очоод байж байтал гаднаас **********т Гын гэрт орж ирээд хэсэг сууж байсан чинь Г энэ юун гадны хүн ороод ирэв гээд **********т руу дайрсан. Тэгээд шүүгээнд байсан хутгаа гаргаж ирэнгүүт нөгөө гурван хүүхэн **********т нар гэрээс гүйгээд гараад явчихсан. Би Гыг “хөөе болиоч” гэсэн чинь миний хэвлий рүү нэг удаа хутгалсан. Тэгээд Г хутгаа хаяад намайг эмнэлэгт хүргэхээр явж байхад цагдаагийн эргүүлийн машин таараад бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн. Г бид хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй. Бид хоёрын хооронд өш хонзон өглөг авлага юу ч байхгүй. Г өөрөө намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Гын эхнэр нь хорт хавдартай эмчилгээнд байдаг,  мөн оюутан хүүхэдтэй, бага хүүхэдтэй хэцүү амьдралтай хүн юм. Мөн намайг санаатайгаар хутгалсан гэж бодохгүй байна. Архи уусан болгоомжгүй байдлаас хутгалсан гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 27 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.**********ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас хохирогч Б.Га нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаар лавласан албан тоот ирсэн. Түүний дагуу би байгууллагын эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүж үзэхэд иргэн Б.Га нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэс засал хийлгэсэн байсан. Тухайн мөнгөн дүн нь 1.345.550 төгрөг болсон талаар гарч ирсэн. Түүний дагуу би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.345.550 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Гэрч Л.**********ын өгсөн: “...Тухайн шөнө 1 цаг өнгөрч байх үед би замын цагдаа Ариунболдын хамт цагдаагийн машинтай эргүүлд явж байтал 9 дүгээр хорооны засмал зам дээр Гурван-Эрдэнэ сургуулийн урд замын голд хоёр хүн зогсож байсан, тухайн хоёр хүн дээр очиход нэг нь хутгалуулчихлаа, нөгөө нь хутгалчихлаа гэсэн байдалтай хоёр хүн байсан. Хутгалуулсан гэх хүнийх нь биеийн байдал муу гэдэс хэвлий хэсгээс нь цус гарсан, өөх нь гарчихсан байхаар нь бид хоёр яаралтай эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд цагдаагийн газрын жижүүр лүү утастаж мөрдөгчийг эмнэлэг рүү явуулсан...Тухайн хоёр хүний хутгалуулсан хүн нь өөрийгөө Га гэсэн, харин хамт явж байсан нь хүн нь Г гэж хэлсэн, 40 орчим насны тарган, намхан эрэгтэй хүн байсан...Тэр хоёр хүн ярихдаа гэртээ архи ууж байгаад маргалдсаны улмаас хутгалчихсан гэж ярьж байсан, тэр хоёр аль аль их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч Д.**********тын өгсөн: “...Тухайн орой би ********** бүжгийн газарт ороход миний танил Га, Г нар танихгүй гурван эмэгтэйтэй хамт ширээн дээр сууж байсан. Би тэд нар дээр очоод мэндлээд ууж байсан пивоноос нь хамт уусан. Тэгээд баар хаах болоход бүгдээрээ ярилцаад Гын гэр лүү явахаар болсон. Га нэг машинтай, би өөрөө нөгөө танихгүй гурван эмэгтэйчүүдтэй нэг машинд суугаад 9 дүгээр хороонд байдаг. Гын гэрт очсон. Тэнд очоод бид нар нэг шил архи задлаад дөнгөж эхлээд байж байтал Г согтчихоод намайг хэл амаар өдөөд, гэрээсээ хөөгөөд байсан. Би урдаас нь юм яриагүй. Тэгтэл Г намайг хутгална гээд тогооны шүүгээ рүү гээ явахад би гэрээс гараад гүйсэн, мөн нөгөө танихгүй гурван эмэгтэй ч айгаад миний араас гүйгээд гараад ирсэн. Тэгээд тэр эмэгтэйчүүд яваад өгсөн. Би гэр лүү гээ явсан... Намайг байх хугацаанд тэр хоёр маргалдаагүй. Харин Г над руу дайраад намайг гэрээсээ хөөгөөд байсан... Би тухайн үедээ мэдээгүй, би Гыг намайг хутгална гэж хэлээд тогооны шүүгээ рүү босоод явахад нь би гэрээс гараад гүйчихсэн. Харин сүүлд Гатай утсаар ярихад намайг гэрээс гараад гүйснээс хойш Г Гыг хутгалсан одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлсэн. Би тэр орой Г Гыг хутгалчихна гэж бодоогүй. Мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Гэрч Б.**********ийн өгсөн: “...Б.Г миний төрсөн дүү юм. Б.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 18-05 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Г хувиараа барилгын өрлөг хийдэг хүн. Эхнэр ********** нь 2021 оноос хойш элэгний хорт хавдар өвчтэй эмчилгээ хийлгэж байгаа. Эхнэр нь одоо Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. Г бага хүү **********тын хамт амьдарч байгаа. Том охин Амаржаргал нь Улаанбаатар хотод ээжийгээ сахиж байгаа, мөн оюутан юм. Г нь зан аашийн хувьд ааш зан сайтай, ажилсаг хөдөлмөрч хүнд тусархуу хүн. Энэ гэр бүлийн амьдралыг авч явдаг хүн, Г байхгүй бол эдний амьдралд хүнд байдалд орно. Харин сүүлд эхнэр нь эмчилгээгүй гэсэн онош гарснаас хойш бага зэрэг архи уух болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 544 дугаартай: “...Б.Гын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Гэмтлийн   зэрэг өөрчлөгдөхгүй. Дахин шинжээч томилсон ч өөрчлөгдөхгүй. Учир нь гэвэл хэвлийн хөндий рүү хутга мэс нэвтэрч орсон байсан. Нэвтэрч ороод дотор эрхтэнг гэмтээсэн эсэхээс үл хамаараад хэвлий хөндий нэвтэрсэн л бол хүнд зэрэгт хамаарна. Тухайн үед Б.Гыг үзэхэд Га нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдалтай хэвлийд гуурстай, хутганы шархтай, шархны эргэн тойронд өөхөн эд, арьс булчин доор их хэмжээний цус хуралтын байдалтай өвдөлт зовиур ихтэй, хэвтрийн дэглэмтэй байсан, мөн Га нь найздаа хутгалуулсан үхээгүйгээс хойш гомдол санал байхгүй гэж ярьж байсан. Мөн өөрөө гэмтлийн зэргийг заавал байгаагаар нь гаргаж хүний амьдралд гай болоод яахав болж өгвөл хөнгөн гаргаарай гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Гын өгсөн: “...Би прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншсан. прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би эрх үүргээ болон ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаараа ойлгож мэдсэн... Миний амьдрал хүнд хэцүү байна. Учир нь миний эхнэр ********** шулуун гэдэсний хорт хавдар тусаад эмчилгээ байхгүй гэсэн учраас би сэтгэл санаагаар их унаж сүүлийн 7 долоо тасралтгүй архи уусан. Тийм учраас мөрдөгчийн дуудах үед ирж чадаагүй. Манай эхнэр одоо Улаанбаатар хотод хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, том охин Амаржаргал хотод оюутан, бага хүү **********т нь миний төрсөн дүү Оюунчимэгийн гэрт амьдарч байгаа. Эхнэр маань эмчилгээгүй гэдгийг мэдсэнээс хойш би архи их уух болсон. Миний амьдрал хүнд байна. Би хохирогч болох Гатай уулзаж уучлалт гуйсан, Га миний амьдралыг мэдэх учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн... Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 тал/,

              Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал /хх-ийн 9 тал/,

              Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 10 тал/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч А.Даваадорж гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Гыг гэм буруутай байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Г нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч М.**********, хохирогч Б.Га, гэрч Л.**********, Д.**********т, Б.**********, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал, Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 18-04 тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.**********тыг гэрээсээ хөөж хутга гаргахад Б.Га нь түүнийг болиулахаар очиход  хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Б.Г нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

              Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г, хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

              Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Б.Га нь гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/ хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч Б.Га нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гыг хохирогч Б.Гад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

              Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.345.550 төгрөг /хх-ийн 14-15 тал/ нэхэмжилж баримтын хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

              Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн зардлын түүхийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.345.550 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Гаас гаргуулах нь зүйтэй байна.       

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. .. Түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээний ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Гын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 60-63, 69 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 18-05 тоотод оршин суудаг, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн 2238000000685 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй дотроо доод хэсэгтээ шингэн зүйлтэй архины шил 1 ширхэг, Сэлэнгэ нэртэй 2 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн шаргал өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, Ehport arhi нэртэй 0,75 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн өнгөгүй шингэн зүйлтэй архины шил 1 ширхэг, соlа нэртэй 2 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн шаргал өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, соlа нэртэй 2,5 литрийн хэмжээтэй талаас дээш хар хүрэн өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, шинжилгээнд зориулж хураан авсан хөвөнд шингээсэн биологийн дээж 2 ширхэг, ажлын хэсэг 14.5 сантиметр, бариул 11 сантиметртэй шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, ажлын хэсэг 15.5 сантиметр, бариул 11 сантиметр урттай шаргал өнгийн бариултай заазуур 1 ширхэг,  АСIDС гэсэн бичиглэлтэй, хар өнгийн эрэгтэй хүний цамц 1 ширхэг, NEPL гэсэн бичиглэлтэй, хар өнгийн подвалк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ховогт Бгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Бгийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Гаас 1.345.550 /нэг сая гурван зуун дөчин таван мянга таван зуу тавь/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй дотроо доод хэсэгтээ шингэн зүйлтэй архины шил 1 ширхэг, Сэлэнгэ нэртэй 2 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн шаргал өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, Ehport arhi нэртэй 0,75 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн өнгөгүй шингэн зүйлтэй архины шил 1 ширхэг, соlа нэртэй 2 литрийн хэмжээтэй доод хэсэгтээ бага зэргийн шаргал өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, соlа нэртэй 2,5 литрийн хэмжээтэй талаас дээш хар хүрэн өнгийн шингэн зүйлтэй ундааны сав 1 ширхэг, шинжилгээнд зориулж хураан авсан хөвөнд шингээсэн биологийн дээж 2 ширхэг, ажлын хэсэг 14.5 сантиметр, бариул 11 сантиметртэй шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, ажлын хэсэг 15.5 сантиметр, бариул 11 сантиметр урттай шаргал өнгийн бариултай заазуур 1 ширхэг,  АСIDС гэсэн бичиглэлтэй, хар өнгийн эрэгтэй хүний цамц 1 ширхэг, NEPL гэсэн бичиглэлтэй, хар өнгийн подвалк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН

 

 

                                       ШҮҮГЧИД                        М.ЭРДЭНЭ-ОЧИР  

 

 

                                                                                 Т.ХҮРЭЛБААТАР