Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

 

         

   2022        12           20                                      2022/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сгийн Жд холбогдох эрүүгийн 2238000000720 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******* гэх мах нядалгааны газар Б.Гтой үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн гуя тус газар мах идэж байсан хутгаараа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000720 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******* гэх мах нядалгааны газар Б.Гтой “намайг цохилоо” гэх шалтгаанаар түүний зүүн гуяан тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Жы өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт байрлах ******* махны үйлдвэрт 13 цагийн үед согтуу очсон. Тэнд Ж ахтай тааралдсан. Би тэнд Ж ахыг хочоор нь дуудаж уурлуулсан. Тэгээд Ж ахыг уурлахаар нь ганц нэг цохисон чинь намайг мах идэж байсан  хутгаараа зүүн талын гуя руу хатгачихсан. Тийм л асуудал болсон. Одоо надад гомдол санал байхгүй. Ямар нэгэн зовиур гэмтэл байхгүй. Миний шарх зүгээр болсон. Надад Ж ах 6 сая төгрөг маргааш нь өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Гэрч Д.*******гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн найз Гтой хамт 13 цаг 30 минутын үед Мөрөн сумын 13 дугаар багт байдаг ******* гэдэг нэртэй мах нядалгааны газарт очсон. Тухайн үед яах гэж бид хоёр очсон бэ гэхээр Гийн мал нь мах нядалгааны үйлдвэр рүү орж байсан юм. Тэгээд Гийн малыг эргэж очиж харах санаатай очсон. Тухайн үед Г бол согтуу байсан. Тэгээд би Гийн согтуу болохоор нь машиндаа үлдээгээд би ганцаараа мах нядалгааны газрын захирлын өрөө лүү нь орсон. Тэгэхэд *******, ******* хоёр мах идсэн сууж байхаар нь би энэ хоёртой ойр зуурын юм яриад махнаас нь идсэн. Мах идээд байж байхад миний ардаас Г нь Ж ахтай хамт ороод ирсэн. Тухайн үед Ж орж ирээд бас адилхан махнаас огтлоод идэж байсан. Тэгэхэд нь Г нь ахаа уучлаарай гээд байсан. Өмнө нь Г Ж ахыг хамраар нь дуудсан юм шиг байсан. Тухайн үедээ би *******тай ажил яриад энэ хоёрыг нээх анзаараагүй сууж байхад ******* ах гэнэт л хүүе наад чинь хутгалчихлаа гэхээр нь эргээд харсан чинь энэ хоёр зүгээр зогсож байх шиг байсан. Тэгэхээр нь би юу болов гээд сайн харсан чинь ширээн дээр байсан хутга нь цус болсон байж байхаар нь хутгалсан юм байна гэж бодоод Гийг аваад гялс эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд Гийн зүүн гуя хэсэгт нь оёдол хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч О.*******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг Мөрөн сумын 13 багт байрлах ******* нэртэй мах нядалгааны газрын захирлын өрөөнд нь утсаар яриад сууж байхад гаднаас *******, Ж нар нь орж ирээд өрөөнд байсан савтай махнаас идэж байсан. Тэгэхэд гаднаас Г нь согтуу орж ирээд махнаас адилхан идэж байсан. Тэгж байснаа гэнэт л Г нь хутга орчихлоо гээд юм ярьж байсан. Тэгээд Гийг аваад эмнэлэг явах болсон. Би яг нарийн юу болсон гэдгийг нь мэдээгүй... Би сайн мэдэхгүй байна утсаар яриад тайлан тооцоо хийж байсан. Миний мэдэхийн яах аргагүй *******, Ж, Г гурав хоол идээд сууж байсан... би хутгалж байхыг нь бол хараагүй. Харин намайг утсаар ярьж байхад Г нь хутга орчихлоо гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Х.*******ын өгсөн: “...Би уг өдрийн өглөөний 09 цагаас оройны 17 цаг хүртэл нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт дуудлага хүлээн авагч эмч хийж байсан... Цагийн нь яг нарийн сайн санахгүй байна. Өдрийн 14 цагийн үед л байх зүүн гуяны ар хэсэгтээ хутгалуулсан хүн ирсэн. Хутгалуулсан хүн нь тухайн үедээ согтуу ирсэн бөгөөд биеийн ерөнхий байдал дунд орчиндоо харьцаатай хэсэг газрын үзлэгээр зүүн гуяны дээд хэсэгт 7-8 см гүнтэй 3-4 см урттай ил шархтай булчин гуяны арыг сэтлээд орсон судас дайраагүй ил шархтай ирсэн. Тухайн хүнд яаралтай тусламжийг үзүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэтэл эмчилгээнээс татгалзаад яваад өгсөн. Тухайн гэмтэл нь амь насанд аюулгүй байсан тул яаралтай авах арга хэмжээг аван гэмтлийн амбулаториор үзүүлэхийг зөвлөөд буцаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 618 дугаартай: “...Б.Гийн биед зүүн гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 тал/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/,

Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Жы гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн өнгөрч байхад ******* гээд махны үйлдвэр дээр мах идээд сууж байтал тэнд байсан Г жаахан халамцуу гаднаас орж ирээд ахаа намайг уучлаарай гээд байсан. Г өмнө намайг хамар энэ тэр гээд хочоор дуудаад байсан болохоор тэрэндээ л уучлалт гуйж байгаа юм байна гэж ойлгоод за за ах нь уучилсан гэж хэлээд хажууд налж ирээд байхаар нь би тохойгоороо цааш нь болгох санаатай хальт түлхчихсэн юм. Тэгсэн чинь тохойлдлоо гэж ойлгосон юм уу намайг нүүр рүү гараараа цохиод унагачихсан. Тэгээд би мах идэх гээд гартаа хутга барьсан байсан болохоор тэр хооронд уур хүрээд хутгаараа хатгасан байсан. Би бас өөрөө жаахан архи уусан халамцуу байсан юм. Миний тухайд бол хийсэн хэргээ хүлээж, гэм буруугаа ойлгож байгаа. Гт хохирол нөхөн төлбөрт 6.000.000 төгрөг өгсөн. Надад ямар ч гомдол саналгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Гийн мэдүүлэг, гэрч Д.*******, О.*******, Х.******* нарын гэсэн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 618 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Ж мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  С.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******* гэх мах нядалгааны газар Б.Гтой “намайг цохилоо” гэх шалтгаанаар түүний зүүн гуяан тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Жы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Жы үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Жы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Жы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Б.Г нь гомдол саналгүй, 6.000.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/ хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Жы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Жы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 40-44 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ж нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 39-03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 212 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Жы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Сгийн Жыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч С.Жд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН