| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00118/и |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 168
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Н -д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, хариуцагч Увс аймгийн Н-ийн дарга Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр намайг ажлаас халахад шүүх ажилд эгүүлэн тогтоосон боловч албан ёсоор үндсэн ажилд аваагүй, “Групт ор” гэсэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас түр чөлөөлөх тушаал гаргасан юм. Үүнийг дахин авах гээд 2018 оны 1 дүгээр сард Н-ийн дарга Д.Д-д өргөдөл гаргасан боловч хүний нөөцийн ажилтан Б “А даргын тушаалыг өгөх боломжгүй, миний хэлсэн үгээр бичихгүй бол би өгөхгүй” гэсэн. Яагаад гэхэд “Би таныг дахин халахад бэлэн байна” гэж хэлсэн. Би одоо танайд ямар тушаалтай байгаа вэ? гэхэд “2 жил цалингүй, чөлөөтэй, 1 жил чөлөөлөгдсөн, яг энэ үгээр бич” гэсэн бөгөөд тэр өргөдөл Б-д байгаа болно. Ингээд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Иймд намайг Увс аймгийн Н-ийн үйл онош зүйн тасгийн асрагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Н-ийн дарга Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэхдээ Н-д 2 жилийн хугацаанд цалингүй чөлөө олгодог журам байхгүй, 3 хүртэл сараар л цалингүй чөлөө олгодог. Миний гаргасан тушаал үндэслэлтэй учир нь Ж.Т өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Увс аймгийн Н-д холбогдуулан а ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Т-г Увс аймгийн Н-ийн даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/50 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Увс аймгийн Н-ийн дарга Д.Д нь Ж.Т-г Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална” гэж заасан ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “ажилтан санаачилсан”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” байхаар хуульчилжээ.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дэх заалтуудын алийг нь ч баримтлаагүй боловч ажилтныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Мөн хэрэгт Ж.Т-ийн “ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт авагдаагүй.
Иймд нэхэмжлэгч Ж.Т-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар түүнийг Увс аймгийн Н-ийн а-ийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн хөдөлмөрийн дэвтрийн нүүр, хариуцагчаас гаргаж ирүүлсэн Увс аймгийн Н-ийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай” тушаал, Ж.Т-ийн хувийн хэрэг, Увс аймгийн Н-ийн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтуудыг үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод /Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т-г Увс аймгийн Н-ийн а-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод /Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР