Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/930

 

 

 

 

  2022          12          12                                     2022/ШЦТ/930

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205029722536 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн  кассанд тооцоо хийхдээ мартаж гарсан насанд хүрээгүй хохирогч ***гийн эзэмшлийн “айфоне экс ар” загварын 800.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би дэлгүүрт тооцоо хийгээд зогсож байхад кассны машин дээр нэг утас доошоо харсан байсан ба өөрийнхөө утас гэж бодоод андуураад аваад цүнхэндээ хийгээд гарсан. Тэгээд цүнхэндээ хийгээд 2-3 цаг гадуур дэлгүүр хэссэн. Миний сонсгол муу тул цүнхэнд дугарч байгаа эсэхийг мэдээгүй. Гадуур явж байгаад гэртээ хариад утсаа шалгатал цүнхэнд 2 утас байсан. Тэр утас дуудсаар байгаад унтарсан байсан. Хүүхдүүддээ “би хүний утас андуураад авчихсан байна, миний цүнхэнд 2 утас байна” гэдгийг хэлтэл “та аваачиж өгөхгүй бол болохгүй, кодтой утас хэрэглэж болдоггүй, хүүхдийн утас байна” гэж хэлсэн. Би өөрөө 2 хүүхэд хардаг. Тэр утас манай гэрт зуны турш байсаар л байсан. Аваачиж өгөөгүй миний буруу. 8 сараас хойш би тэр утсыг бүр мартчихсан. Тэгж байтал 10 сарын дундуур цагдаагийн байгууллагаас “та хүний утас андуураад эсхүл албан хүчээр авсан байна, тэр утас одоо хаана байна” гээд дуудсан. 4 сард алга болсон утсыг 10 сард надаас асуусан. Тухайн үед нь шууд камераа шүүгээд ойрын 3 сарын хугацаанд нь асуусан бол надад байсан. Зуны хугацаанд манайхаар хөдөө гаднаас хүмүүс их ирсэн. Орж гарсан хүмүүсийн тоо их болохоор энэ утсыг ямар хүн авсныг нь мэдэхгүй байна. Одоо би тэр утсыг хүмүүсээс асуугаад хайгаад л байна. Тэгээд хамгийн гол нь 6 сар өнгөрсөн байхад гэнэт шалгуулсан байна. Утасны хохирол мөнгийг төлж болно. Гэхдээ бөөнөөр нь нэг дор төлөх чадвар байхгүй. Хамгийн гол нь яагаад 6 сарын хугацаа өнгөрч байхад нь надаас тэр утсыг нэхэв ээ гэдэг асуудал байна. Мөн яагаад насанд хүрээгүй хүүхдэд тийм үнэтэй утас өгч ганцааранг нь дэлгүүр оруулсан бэ. Яагаад тэр дор нь камер шүүгээд надаас тэр дор нь тэр утсыг авч болсонгүй вэ. Надад тэр утсыг аваачаад өгье гэсэн бодол байсан ч надад зав байгаагүй. Би ч өөрөө зөндөө утсаа хаяж, үрэгдүүлж, алдаж байсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би бага хүүтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан. Гэтэл тэр өдөр манай хүүхдийг утсаа алдсан гэж байна гэж өвөө нь над руу залгасан. Тэр дор нь шууд камер шүүгээд Энхтүвшин гэх байцаагч дээр өргөдөл өгсөн. Зунаас хойш тэр байцаагч “шалгаж байна, дансны дугаарыг нь хайж байна” гээд байсан. Гэтэл энэ хэрэг хэрэгсэхгүй болно гээд байхаар нь дахиж гомдол гаргасан. Одоо хүүхдийнхээ утасны мөнгийг авмаар байна. Гомдолтой байна. Би тэр утсыг 900.000 төгрөгөөр авсан. Үнэлгээгээр тогтоогдсон утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохиргч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жи эс 25 нэртэй хоолны газарт орж үйлчлүүлсэн. Тэгээд гарах үедээ өөрийн айфоне экс ар маркийн гар утсыг худалдагчийн ширээн дээр үлдээгээд гарсан байсан удалгүй гар утсаа санаад эргээд очиход миний утас байхгүй байхаар нь хяналтын камер шалгаж үзэхэд үл таних настай эмэгтэй миний гар утсыг аваад гарч байгаа болох нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд: “...тухайн үл таних эмэгтэй хохирогчийн ...гар утсыг авч байгааг харуулав...” гэжээ. /хх-н 56-58/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 18/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 17/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-64/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GS 25 дэлгүүрийн  кассанд тооцоо хийхдээ мартаж гарсан насанд хүрээгүй хохирогч ***гийн эзэмшлийн “айфоне экс ар” загварын 800.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг мэдсээр байж авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч ***гийн дэлгүүрийн кассын дэргэд орхиж гарсан гар утсыг авч, завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийн орхиж гарсан гар утсыг авч, завшсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 800.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, өндөр настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч ***аас 800.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР