Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00098

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, эмэгтэй, Булган аймаг, ... оршин суух, Э овогт Д.О  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, эрэгтэй, Булган аймаг, ... оршин суух, М овогт  Б.Г  -д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00011/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О , хариуцагч Б.Г , нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. О  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Г тай 2004 онд гэр бүл болж 2005 онд бидний дундаас хүү О.Д төрсөн. Хүүгээ төрөх үед бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул хүү маань надаар овоглодог юм. Б.Г  нь архи уудаг байсан архи уухаараа хамт архи уусан хүмүүстэйгээ харддаг байсан. Хүүхдийнхээ дэргэд янз бүрийн юм ярина, хүүхдээ бооно, архи уухаараа ерөөсөө унтдаггүй. Б.Г  эрүүл байхдаа юм ярьдаггүй согтуу байхаараа галзуу хүн шиг болдог байсан. Манай хүүхэд бага байхдаа та аавыг хөөгөөд явуулсан олж ир гэж хэлдэг байсан. Одоо бол аав ирээд та бид хоёрт нэмэгдэх юм байхгүй хэцүү байх юм байна гэж ярьдаг. Сая хот ороход нь аав нь байгаа золгоорой гэхэд надруу ганц удаа ярьдаггүй хүнтэй би яах гэж золгох юм бэ гэж хэлсэн.Б.Г  нь өөр хүнтэй хамт амьдраад 8 жил болж байгаа учир бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. О гийн ярьж байгаа үнэн. Бид хоёр хожуу гэрлэсэн хоёр биенийхээ зан араншинг олохгүй байсан. Хүүхэдтэй боллоо гээд гэрлэсэн. Би Эрдэнэт хотод байртай, ажил хөдөлмөр эрхлэдэг байсан. Д. О  хүүхдээ төрсний дараа хөдөө аав ээж рүүгээ явсан. Би ажлаа хаяад Булган аймгийн Рашаант суманд гурван жил амьдарсан. Намайг гэртээ амьдарч байхад яв, чиний орон гэр юм уу гэж хөөдөг байсан. Гэр бүлийн маргаан болоход хоорондоо ярьж шийдэхгүй цагдаа дуудаж өгдөг байсан. Баяр ёслол болоход хоёр баз хүргэнээ гэртээ оруулаад ганц юм уух эрх байдаггүй байсан. Тэгэхээр энэ байдлаараа амьдарч чадахгүй нь гээд тусдаа амьдарсан. Бид хоёр дундаасаа ганц хүүтэй. Хүүхдээ бодоод буцаж очсон боловч нэгэнт анхнаасаа таарч тохироогүй болохоор болохгүй байсан. Хүүгийн зан ааш хүртэл өөрчлөгдсөн зөвхөн ээжийнхээ үгээр байдаг болсон байсан. Дахиж цаашдаа хамт амьдарч чадахгүй гэж бодоод салсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Г аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.О , хариуцагч Б.Г  нар нь 2004 онд танилцаж дотносон 2006 оны 10 дугаар сарын 9-ний өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Рашаант сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2006 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр .. дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2009 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Д төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагч хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Дын эцгээр Б.Г ыг тогтоох нь зүйтэй байна

Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул хүү О.Дыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Г аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э овогт Д.О, хариуцагч М овогт  Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Дын эцгээр М овогт  Б.Г ыг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү О.Д-ыг эх Д.О гийн асрамжид үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Дыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г аар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.О д даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г аас 122455 /нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 52255 /тавин хоёр мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ОДОНЧИМЭГ