Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/932

 

 

 

  2022          12          12                                     2022/ШЦТ/932

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Хохирогч: ***, ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205022242196 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын эмнэлгийн гадна машин хааж тавьсан гэх шалтгаанаас болж маргалдан хохирогч ***, *** нарын биед халдан цохиж хохирогч ***ийн биед доод эрүү, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч ***гийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, баруун гуянд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би тухайн өдөр томилолтод явах гэж байсан. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би эмнэлэгт үзүүлээд сууж байсан. Гэтэл энэ охин бүдүүлгээр “авгай минь машинаа гарга” гээд байсан. Гараад очтол “яах гэж үзүүлдэг юм” гэх мэтээр доромжлоод байхаар нь би түлхүүрээ шидсэн. Тэгтэл энэ 2 гарч ирээд л над руу дайраад гар, хөл барьж аваад, хаа хамаагүй газар өшиглөөд, хаалгаар саваад машинд суулгахгүй галзуу мэт дайраад байсан. Би бичлэг байгаа гэхээр нь найдаад ажилдаа яваад ирээд байж байтал хэрэг прокурорт шилжсэн байсан” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр би эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Би өөрөө мөн төмөр замд ажилладаг хүн. Цаг авсан байсан тул яараад залгаад “машинаа холдуулаад өгөөч ээ” гээд хэлэхэд эхний дуудлагад “байж бай” гээд өөрөө маш муухай харьцаад утсаа тасалсан. Дахин залгахад “тариа хийлгэж байна” гээд 3 дахь удаагаа залгахад аваагүй. Тэгээд яарч гарч ирээд машинаа холдуулах юм болов уу гэтэл гарч ирээд багажаа онгойлгоод хувцсаа солиод зогсоод байсан. Тэгэхээр нь миний охин “хурдлаач дээ, бид яараад байна, балай авгай минь” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай охин руу түлхүүрээ шидээд оноогүй юм. Манай охин буцаад машиндаа ороод иртэл цонхоор нь ирээд цохичихсон. Тэгээд би “миний хүүхдийг яаж байгаа юм” гэхэд л миний 2 гарыг гэмтээчихсэн. Нэхэмжилж байгаа зүйл бол эмчилгээний зардалд 390.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн ажлаа хийж чадаагүй байх үеийн цалин хөлс болон сэтгэл санааны хохирол мөн нэхэмжилж байна. Нийтдээ бүх зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2022 оны 6 дугаар сарын 10-нд би ээжтэйгээ хамт эмнэлгээр явж байсан. Би олон жил үйлчилгээний байгууллагаар ажилласан хэзээ ч хүнтэй муухай харилцахгүй. Тэр өдөр энэ эгчийг 20 гаруй минут хүлээсэн. Би тэсэхээ болиод уурласан гэтэл намайг үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Би өөрөө 47 кг жинтэй, энэ эгчийг яагаад ч хүч хүрэхгүй, өөрөө ч мөн “чам шиг гичий намайг барахгүй” гэж хэлж байсан. Эмчилгээний зардлаасаа гадна зөвхөн сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг өнгөрч байхад охин *** бид 2 Төмөр замын эмнэлэгт шинжилгээ өгчихөөд явах гээд гараад иртэл цагаан өнгийн “Приус-30” маркийн автомашин манай машиныг хаагаад тавьчихсан байхаар нь манай охин *** дугаар руу нь залгаад “машинаа гаргах гэсэн юм аа, болж байна уу” гэтэл “байж бай, би үзүүлж байна” гээд утсаа салгасан. Тэгээд *** бид хоёр нилээн удаан хүлээж байгаад 10 орчим минутын дараа дахиад залгатал “тариа хийлгэж байна, ядаргаатай юм бэ” гээд бас утсаа салгасан. Тэгээд дахиад залгатал утсаа авахгүй байхаар нь би машинаасаа буугаад утас руу нь залгатал авахгүй байсан бөгөөд нилээн удаж байж гарч ирсэн. Тэгээд машинаа холдуулахгүй багажаа онгойлгоод хувцсаа солиод зогсчихоор нь манай охин *** “хурдлаач дээ, балай авгай минь” гэтэл тэр эмэгтэй манай охин руу түлхүүрээ шидээд гүйж ирээд баруун хацар руу нь нэг удаа гараа атгаж байгаад цохихоор нь би машинаас буугаад тойрч очоод “чи яагаад хүний хүүхэд цохиж байгаа юм” гэтэл миний 2 гарнаас барьж байгаад хойшоо түлхээд доогуур хөл, шилбэ рүү өшиглөөд гар руу цохиж байгаад больсон. Тэгээд *** машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгах гээд тэр эмэгтэйн өөдөөс яваад очтол дахиад гар хөл рүү цохиж өшиглөсөн. Тэгээд хэрэлдээд салахгүй болохоор нь би цагдаа дуудтал тэр эмэгтэй машиндаа суугаад явах гэхээр нь цагдаа дуудчихсан байж бай гэтэл бид хоёрыг хэл үгээр доромжилж байгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаасаа буугаад хурдлаач ээ балай авгай минь” гэтэл миний өөдөөс түлхүүрээ шидсэн бөгөөд түлхүүр нь намайг онолгүй газарт унасан. Тэгээд бид хөдлөхийг нь хүлээгээд буцаад машиндаа суугаад хүлээж байтал тэр эмэгтэй ирээд миний баруун хацар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл ээж хажууд сууж байгаад машинаас буугаад чи яаж байгаа юм бэ гэтэл ээжийн өөдөөс гарыг нь бариад өшиглөөд гар, хөл рүү нь цохиод байсан. Тэгээд би машинаасаа буугаад салгах гээд яваад очтол тэр эмэгтэй миний цээж рүү цохиж түлхэж унагаагаад бид хоёрыг хэл үгээр доромжилж та 2 амжихгүй шүү гээд дахиж намайг цохих гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 8482 тоот дүгнэлтэд: “...***ийн биед доод эрүү, зүүн бугалга, сарвуу, ташаа, шилбэ, баруун шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх доод эрүү, зүүн бугалга, сарвуу, шилбэ, баруун шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Харин зүүн ташааны цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанаас 3-5 хоногийн өмнө учирсан байх боломжтой хуучин гэмтэл байна” гэжээ. /хх-н 35-36/,

Шинжээчийн 8479 тоот дүгнэлтэд: “...***гийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, баруун гуянд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 39-40/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирлын баримтууд /хх-н 59-62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67, 69-71, 74-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгчийн “хохирогч нарын эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй, хохирогч нар намайг зодсон гэмт хэрэг үйлдээгүй, бичлэг байгаа гэхээр нь анхаараагүй” гэсэн мэдүүлгийг хүлээн авч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч нарын хууль сануулж өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч *** нь хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх ба шүүгдэгчийн мэдүүлгээс өөрөөр хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт авагдаагүй.

Шүүгдэгчийн тухайн үед хийсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хохирогч нарт мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль буюу худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан ба хохирогч нарын мэдүүлгийг худал гэх баримт авагдаагүй, бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч нарт тухайн хэрэг болох үед гэмтэл учирсан нь нотлогдож байна.

Хэрэг прокуророос шүүхэд шилжиж ирэх үед ямар нэг байдлаар тухайн хэрэгтэй холбоотой бичлэг ирээгүй, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг хураагдааагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын эмнэлгийн гадна машин хааж тавьсан гэх шалтгаанаас болж маргалдан хохирогч ***, *** нарын биед халдан цохиж хохирогч ***ийн биед доод эрүү, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч ***гийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт, баруун гуянд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч ***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нартай маргалдаж, улмаар тэдгээрийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***ийн хохирогч нарыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Улсын яллагчийн шүүгдэгч ***ийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь тус бүр шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирогч нарын нэхэмжилсэн хохирлын талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүй, ажилгүй байсан үеийн цалингийн талаарх баримт байхгүй ба хохирогч нарын үндсэн цалингаас даатгалаас буюу өвчтэй байх хугацаанд олгосон мөнгөн дүнг хасаж, цалингийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй. Иймд дээрх хохирлын талаархи баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч нар нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол, цалинтай холбоотой зардлаа баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Харин хавтаст хэрэгт баримтаар авагдсан шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 40.000 төгрөг, томографикийн зураг авахуулсан 140.000 төгрөг, эм тариа авсан 33.288 төгрөг, нийт 221.288 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т 110.644 төгрөг, хохирогч ***д 110.644 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулсан” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 221.288 төгрөг гаргуулж хохирогч ***т 110.644 төгрөг, хохирогч ***д 110.644 төгрөг тус тус олгосугай.
  6. Хохирогч ***, *** нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР