Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

  2023          01          02                                     2023/ШЦТ/22

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: С.Бичинхүү,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002570 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “***” хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***тэй намайг доромжилсон хэмээн маргалдан нүүр хэсэгт нь өшиглөж хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр эмэгтэй л над руу хашхирч орилоод дайраад гартаа барьж байсан хамаг юм аа над руу шидлээд намайг алгадаад эхэлсэн. Тэгээд би лангууныхаа хойноос гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэй дахин намайг өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед би *** хүнсний дэлгүүртээ сууж байтал манай зээ охин, эмээгийнхээ хамт орж ирсэн. Тэгээд удалгүй гаднаас үл таних согтуу эмэгтэй орж ирээд “5.000 төгрөгт 2 пиво авъя” гэтэл манай эхнэр “5.000 төгрөгт 2 пиво ирэхгүй” гэтэл тэр эмэгтэй “за тэгвэл би найзаасаа мөнгө авъя” гээд утсаараа хүн рүү залгаад ярьж байсан. Тэгээд байж байтал манай зээ охин эмээтэйгээ юм яриад инээлдэж байтал тэр эмэгтэй “энэ гичий чинь яагаад инээгээд намайг шоолоод байгаа юм” гэхээр нь би цаад талд нь зурагт үзэж байгаад босоод цаад талын өрөөнөөс гараад ирэх хооронд манай эхнэр тэр эмэгтэйг дэлгүүрээс “гар чамд үйлчлэхгүй” гэтэл манай эхнэрийг алгадаад лангуун дээр байсан жинлүүр, эд зүйлсийг түлхэж унагаагаад хашхирч орилоод байхаар нь би гарч ирээд эхнэрийгээ хойш нь болгоод тэр эмэгтэйг “дэлгүүрээс гар, үйлчлэхгүй” гээд зогсож байтал гаднаас үл таних эрэгтэй орж ирсэн. Тэгээд тэр эрэгтэй харж зогсож байх зуур тэр үл таних эмэгтэй лангуун дээр байсан зүйлс болон өөртөө байсан мөнгө төгрөгөө шидлээд агсам согтуу тавиад байж байтал нөгөө эрэгтэй нь гараад явчихсан. Тэгтэл удалгүй дахин нэг үл таних эрэгтэй орж ирээд нөгөө эмэгтэйн дундуур ороод зогсохоор нь би лангууныхаа араас гараад “энэ юун эмэгтэй юм бэ” гэтэл тэр эрэгтэй “би энэ эмэгтэйн дүү нь байгаа юм аа” гэсэн. Тэгээд тэр эмэгтэй лангууны цаана байсан боорцог, талх авч шидээд дайраад байхаар нь би гараад лангууны боорцог, талх янзалж байтал эхнэр *** хойноос лангууны араас гарч ирсэн. Тэгтэл тэр эмэгтэй манай эхнэрийг татаж заамдаад газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч ***н мөрдөн байцаалтад өгсөн: “...би юу болсон талаар асуухад худалдагч эмээ “танай эгч чинь 5.000 төгрөг гаргаж ирчхээд 2 пиво авна” гээд байсан. Тэгээд би “хүрэхгүй” гэтэл өөр хүн рүү залгаад мөнгө асуугаад байсан. Тэгээд эгч чинь уурлаж хашхираад лангуун дээр байсан тавагтай зүйл, жинлүүр түлхээд унагаачихсан гэхээр нь би “танай камер ажилладаг юм уу” гэтэл “манай камер ажилладаггүй” гэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудчихсан гэхээр нь за тэгвэл цагдаа иртэл хүлээж байя гэтэл тэр худалдагч эмээ нь манай эгчийг алгадсан бөгөөд буцаагаад манай эгч тэр эмээг алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би машинаа байрлуулчхаад хүлээсэн боловч гарч ирэхгүй удаад байхаар нь дэлгүүрийнх нь гадна яваад очтол худалдагч өвөө, эмээ хоёртой маргалдсан байдалтай зогсож байссан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд би эмээ ***тэй хамт дэлгүүрт сууж байтал гаднаас үл таних согтуу эгч орж ирээд “пиво авъя гээд 5.000 төгрөг өгөөд 2 пиво авъя” гэтэл эмээ “6.000 төгрөг болно” гэтэл “за би мөнгө шилжүүлээд авъя” гээд утсаараа хүнтэй ярьж байсан. Тэр үед нь би эмээтэй юм яриад инээлдээд сууж байтал үл таних эмэгтэй надад хандаж “гичий минь цаад өрөө рүүгээ зайл, юундаа инээгээд намайг шоолоод байгаа юм” гээд гартаа барьж байсан 5.000 төгрөгөө нүдний шилтэйгээ хамт эмээ рүү шидээд утсаар ярьж байсан утсаа бас эмээ рүү шидсэн. Тэгтэл эмээ намайг “миний охин хурдан гэр рүүгээ ор энд байж хэрэггүй” гэсэн бөгөөд тэр үед өвөө юу болоод байгаа юм гэж гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэй лангуун дээр байсан чихэрнүүд болон жинлүүрийг түлхэж унагаагаад орилж хашхираад байсан. ...Тухайн үед тэр эмэгтэй манай эмээ рүү нүдний шил мөнгө картаа шидэхээр нь эмээ сууж байсан сандал дээрээсээ бостол тэр эмэгтэй манай эмээг түлхээд нүүр рүү нь алгадсан. Тэгээд өвөө гарч ирээд манай эмээ намайг дотогшоо ор гээд оруулсан бөгөөд тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Манай эмээ тэр эмэгтэйг алгадсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шинжээчийн 15483 тоот дүгнэлтэд: “...***ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ца*** ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 33-34/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна. ...тэр эмээ өөрөө эхэлж намайг цохисон учраас би тухайн эмээгийн нүүрэн тус газарт нь зүүн гараараа нэг л удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирлын баримтууд /хх-н 36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-59/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “***” хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***тэй намайг доромжилсон хэмээн маргалдан нүүр хэсэгт нь өшиглөж хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, ***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж улмаар түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч *** түрүүлж цохисон гэж мэдүүлж байх боловч шинжээчийн 15532 тоот дүгнэлтээр /хх-н 31-32/ шүүгдэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохыг дурдав.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт баримтаар авагдсан шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 50.000 төгрөг, компьютер томографик хийлгэсэн 120.000 төгрөг, нийт 178.000 төгргийг шүүгдэгч ***ос гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ос 178.000 төгрөг гаргуулж ***д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР