Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

   2022          12          26                                     2023/ШЦТ/10

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205025532204 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 7 дугаар сарын 13-наас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын *** тоотод хохирогч ***гийн эзэшмлийн 90.000 төгрөг, хохирогч ***ийн 2.100.000 төгрөгийн монетэн эдлэлийг авч хулгайлан авч нийт 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлыг 12 дугаар сарын 30-ны өдөр цалин буухаар өгнө. Үлдэгдэл 540.000 төгрөгийг төлөх ёстой” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...7 дугаар сарын 13-ны орой *** над руу залгаж “гэртээ асуудалтай байна, танайд хонож болох уу” гэж асуухаар нь “тэг, хэд хонох вэ” гэж асуухад “2-3 хоног хононо” гэж хэлсэн. Би ажилдаа 11 цагийн үед явах гээд гарах үед гэрт унтаад үлдсэн. Ажил дээр 12 цагийн үед түлхүүр авчирч өгсөн. 7 дугаар сарын 14-ний орой манайд ирсэн. 7 дугаар сарын 14-ний өдөр манай эгчийн эд зүйлсийг гурван газар тавьсан байсан. Миний машиныг унаж байсан. Би хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Гуравдугаар эмнэлгийн замын ард талын ломбард, Түмэн плазагийн доор, Начин нзаан гэх газруудад манай эгчийн эд зүйлсийг тавьсан байсан. Тухайн эд зүйлсийг ломбардаас авч “эгчийн эд зүйлс хаана байсан бэ” гэж залгаж асуухад жижиг сав дотор байсан гэхээр нь буцаагаад хийсэн. Эгчид энэ талаараа хэлж чадаагүй. Энэ хүнийг хулгай хийнэ гэж бодоогүй. Нийт 860.000 төгрөг авсан. Үлдэгдэл 540.000 төгрөг дутуу байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хэлэхгүй миний машиныг ломбардад тавьж байсан” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Хасбаатрын ***тоот болох манай эгчийн гэрт ирээд бид хоёр ярилцсан. Тэгээд хамт хонохоор болсон. Тэгээд би маргааш өглөө буюу 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ 11 цагийн орчимд гарсан. Гарахаасаа өмнө би ***аас “чи хамт гарах юм уу” гэж асуухад *** “би жаахан унтаж байгаад, усанд орчихоод гэрийн чинь түлхүүрийг аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр гэрийн түлхүүрийг 14 цагийн орчимд авч ирсэн. Тэгээд би “одоо гэр рүүгээ харих юм байгаа биз дээ” гэж асуухад “гэрт асуудалтай байгаа хэд хоног чамтай байж болох уу” гэж асуусан. Тэгээд би зөвшөөрч бид хоёр 2 хоног хамт байсан. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өглөө 11 цагт ажил руугаа явах замдаа гар утасныхаа төлбөрөө төлөх гээд 3, 4 дүгээр хороололд байрлах Теди төв рүү орсон. Төлбөрөө төлөх гээд теллер дээр очтол миний түрүүвчинд байсан 90.000 төгрөг байхгүй болсныг мэдсэн. Тэгээд би төлбөрөө төлчхөөд гараад *** руу залгаж “миний мөнгийг авсан юм уу” гэж асуухад *** “надад мөнгө чинь байгаа, би ажил дээр чинь очоод чамтай тухтай уулзаж ярилцах зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр 13 цагийн үед ирсэн. Би ***аас “миний түрүүвчинд байсан 90.000 төгрөг яасан бэ” гэж асуухад би “үрчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад “90.000 төгрөгнөөс гадна надаас юу нууж байна” гэж асуухад *** “эгчийн чинь ээмэг, бөгж, гинжийг аваад ломбарданд тавьчихсан” гэж надад хэлсэн. Би эгчийг чинь ирэхээс өмнө нь эгчид чинь мэдэгдэхгүйгээр энэ зүйлсийг буцаагаад байранд нь тавьчихна гэж бодож байсан юм аа гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хөдөө явахдаа би өөрийнхөө монетэн эд зүйлийг гэрт байх жижиг цүнхэндээ хийгээд явчихсан байсан юм. Намайг байхгүй хойгуур манай дүү *** хүүхдийнх нь аав болох ***ыг гэртээ авчирч хамт байсан талаар надад саяхан хэлсэн бөгөөд тэр хугацаанд *** миний монетон эд зүйлийг хулгайлж авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байсныг манай дүү надаас айгаад хүнээс хүүтэй мөнгө зээлж намайг ирэхээс өмнө буцааж авч, байсан газар нь хийсэн талаар хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би 19 цагийн үед ажил дээр нь очоод ажлынх нь гадаа очоод дуудаж гаргаж ирээд юу болсон талаар нь асуухад манай дүү дунд эгчийн үнэт эдлэлүүдийг гэрээс нь хулгайлаад ломбарданд тавьчихсан байна. Тэгээд ломбарданд тавьсан, мөнгө нь байхгүй гээд байна гэж уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 75/,

  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-43, 45-49/, барьцаат зээлийн гэрээ /хх-н 50-51/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ болон хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч *** нь хохирогч ***ийн 2.100.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан барьцаалан зээлдүүлэх газар тавьсан, хохирогч ***гийн 90.000  төгрөгийг хулгайлсан ба тухайн гэмт хэрэгт нийт 2.190.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Гэтэл яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэн нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын тооцоог буруу тооцоолж бичсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаар тогтоогдож байна.

Иймд дээрх асуудлыг шүүх хуралдаанаар зөвтгөж, шүүгдэгч *** нь хохирогч нарын эд зүйлийг хулгайлж, нийт 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь 2022 оны 7 дугаар сарын 13-наас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын *** тоотод хохирогч ***гийн эзэшмлийн 90.000 төгрөг, хохирогч ***ийн 2.100.000 төгрөгийн монетэн эдлэлийг авч нийт 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, гэрч *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, барьцаат зээлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн хэтэвчнээс 90.000 төгрөг хулгайлж, хохирогч ***ийн эд зүйлийг хулгайлан барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж нийт 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд зүйлийг хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч ***т нийт 2.100.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлүүдийг 1.220.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хохирогч ***гийн хэтэвчнээс 90.000 төгрөг хулгайлсан байх ба барьцаанд тавьсан эд зүйлийг хүүтэй мөнгө зээлж буцаан авсан мөнгө, нийт хулгайн гэмт хэргийн улмаас 1.400.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** нь шүүгдэгч ***ын хулгайлсан хохирогч ***ийн эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газраас авч хохирогч ***т буцаан өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд хохирогч ***ийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй.

Хохирогч ***д нийт бодит 1.400.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 860.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч ***аас 540.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 540.000 төграг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР