Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/ШШ2024/0039

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0063/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ”Т” ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоотоор “Х” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Ариунтулгад хандан “... Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийн хянаж үзээд Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа тул “Х” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн болно” гэх албан бичгийг хүргүүлжээ.

3. Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х банкны 60 хувийн хувьцааг эзэмшигч Япон Улсын “С” компанийн эцсийн өмчлөгчийг өөрчлөх хэмжээний тендерийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Япон Улсын “М” компанийн хөрөнгө оруулалттай “У” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл тендер зарласан. Уг тендер нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөлгүй Монголбанкны зохих зөвшөөрлийг урьдчилсан байдлаар аваагүй байх бөгөөд худалдан авагч талын эцсийн өмчлөгчийн хөрөнгийн гарал үүсэл, орлогын эх үүсвэрийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар тодорхойлж, хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй байна. Тендер нь дуусгавар болсон талаар Х банкны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 11/6191 тоот албан бичгээр Монголбанкинд мэдэгдсэн боловч Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А-1/761 тоот албан бичгээр Япон Улсын “М” компанийн хөрөнгө оруулалттай “У” ХХН-д дуусгавар болсон тендерийн хүрээнд хууль бусаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах талаар зөвшөөрөл олгосон. “Т” ХХК ийнхүү зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хууль болон Банкны тухай хууль, Монголбанкны холбогдох журмын заалтыг зөрчсөн талаар нэхэмжлэл гаргаж, уг захиргааны актын биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Монголбанкны Ерөнхийлөгч дахин хууль болон журам зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байна.

3.1. Тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгч 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А-1/476 тоот албан бичгээр “Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийг хянаж үзээд Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа тул “Х” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн болно” гэжээ. “Х” ХК-ийн зүгээс “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг Монголбанкинд огт гаргаж байгаагүй болох нь дараах баримтуудаар нотлогдоно. “Х” ХК-ийг итгэмжлэлгүйгээр гадагш төлөөлөх этгээд нь тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа бөгөөд Монголбанкинд “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Р.М юм. Гэтэл гүйцэтгэх захирал Р.М “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг албан ёсоор Монголбанкинд хандаж гаргаж байгаагүй байна. “Х банк” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн, мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас “С” компанийн хувьцааг худалдан авагч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний мөнгөний гарал үүслийг эцэслэн тодорхойлж нотлоогүй байхад тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Х банкаар дамжуулан Монголбанканд гаргах боломжгүй байна гэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолыг Монголбанкинд хүргүүлсэн байна. “Х банк” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Ас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11/1979 тоот албан бичгээр “Мэдээлэл дамжуулах тухай” хэмээн хаяглаж Монголбанкинд хандсан байна. Уг албан бичгийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Л 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А-1/308 дугаар албан бичгээр ... танай банк хуулиар хүлээсэн үүргийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрлийн хүсэлтээ Монголбанкинд албан бичгээр ирүүлсний дараа холбогдох хүсэлтийг судалж, хариу хүргүүлэх хуулийн зохицуулалттай байна” гэсэн хариуг ирүүлж байсан юм.

3.2. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахин Х банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Ас 11/2178 тоот албан бичгээр “Мэдээлэл дамжуулах тухай” хэмээн хаяглаж Монголбанкинд хандсан байна. Уг албан бичгийн хариуд Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.А нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А-10/362 тоот албан бичгийг Х банкинд ирүүлсэн байна. Д.Аюуш захирлын А-10/362 тоот албан бичигт “Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрөлтэй холбоотойгоор холбогдох этгээдээс гаргасан хүсэлтийг танайхаас Монголбанкинд дамжуулах бус дээрх хүсэлттэй холбоотойгоор танай банк өөрийн нэрийн өмнөөс Монголбанкинд зөвшөөрөл хүсэж ирүүлэх хуулийн нийцлийг хангана уу” гэжээ. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х банкны гүйцэтгэх захирал Р.М 01/2427 тоот албан бичгээр Монголбанкны ерөнхийлөгчид хандаж “Э” ХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд орсон өөрчлөлтийн дараагаар банк нь зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлтийг Монголбанкинд албан бичгээр нөхөж гаргах эсэхийг Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл хэлэлцээд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот тогтоолоор “нөхөж зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргахгүй” байх талаар шийдвэрлэсэн болохыг дурдаад, Монголбанкнаас нөхөж зөвшөөрөл олгох талаар хүсэлт гаргах нь хууль зүйн боломжгүй талаар мэдэгджээ.

3.3. Монголбанкны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А-1/476 тоот албан бичиг нь дараах хууль, холбогдох журмын хүрээнд гарах ёстой юм. Үүнд: Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11-д тус тус заасныг баримтлах шаардлагатай юм. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны А-82 тушаалаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд дараах байдлаар өөрчлөлт орох тухай бүр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна ... Монголбанкны ерөнхийлөгч Б.Л нь “Х” ХК-иас өөрийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ, бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг ирүүлээгүй, хүргүүлээгүй буюу дээр бүх дурдсан үйл баримтууд байсаар байхад хууль зөрчиж өөрөө дур мэдэн “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож Монголбанкинд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийж, энэ талаар 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Х банкинд мэдэгдсэн байна.

3.4. Монголбанкны хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас бид Монгол Улсын хууль тогтоомж болон Монголбанкны дүрэм журмыг үл тоомсорлодог, хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, эх үүсвэр, эцсийн өмчлөгчийн мэдээлэл нь эргэлзээ бүхий этгээдтэй Монгол Улсын нөлөө бүхий системийн банкийг удирдах нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж байна. Х банк гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний урт хугацааны санхүүжилттэй бөгөөд банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт орсон даруйд тэдэнд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл үүссэн зөрчилтэй нөхцөл байдлын улмаас бид дээрх олон улсын байгууллагуудад хэрхэн мэдээлэх эсэх нь ойлгомжгүй байна. Мөн Х банк нь гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудад бодит мэдээлэл өгөөгүйгээс Х банканд олгосон санхүүжилтээ буцаан татах, үүний улмаас 267.3 сая ам.доллар буцаан дуудагдах эрсдэлтэй болох төдийгүй банкны төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж банкны зохист харьцааны түвшин алдагдах зэрэг “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөж байна.

3.5. Иймд Хууль зөрчиж олгосон зөвшөөрөл, бүртгэл хүчингүй болох ёстой бөгөөд Монголбанкны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот албан бичгийг хүчингүй болгосноор, Монгол Улсын хууль болон Монголбанкны журмыг үл тоодог, зөрчдөг, хөрөнгийн эх үүсвэр, эцсийн өмчлөгчийн мэдээлэл нь ойлгомжгүй хуулийн этгээд банкны системийн нөлөө бүхий банк болох Х банкны эцсийн өмчлөгч болох нөхцөл бүрдэхгүй байх, мөн түүнчлэн хувьцаа эзэмшигч “Т” ХХК нь хууль бусаар хувьцаа эзэмшигчийн эрх олж авсан этгээдтэй харилцахдаа бизнесийн ёс зүй, үнэт зүйл, хууль дээдлэх зарчмын хувьд байр суурь зөрчилдөх, зөв шударга шийдвэр гаргахад саналын эрх дутах зэрэг эрсдэлээс хамгаалагдаж чадах юм. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот албан бичиг нь хууль болоод Монголбанкны журам зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт мөн байх тул хүчингүй болгож өгнө үү.

3.6. Дээрх албан бичиг нь нэгдүгээрт агуулгын хувьд зөрчилтэй болсон байна. Учир нь “Танай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар албан бичгээр ирүүлсэн “Упсилон” ХХН-ийн хүсэлттэй танилцлаа...” гэж эхний хэсэгт дурьдсан атлаа албан бичгийн төгсгөлд “Банкнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийг хянаж үзээд “Э ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийсэн болно” гэсэн нь мэдээлэл дамжуулах тухай бичгийг Х банкны зөвшөөрөл хүссэн хүсэлт мэтээр гуйвуулан тайлбарласан байна. Х банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл дээрх агуулга бүхий зөвшөөрлийн хүсэлт Монголбанкинд гаргахгүй байх талаар шийдвэрлэсэн бөгөөд банкийг төлөөлж Монголбанкинд зөвшөөрөл хүсэж хандах эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй байхад Монголбанкны ерөнхийлөгч бүртгэл хийж энэ талаараа банкинд мэдэгдэж байгаа нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрлийн журмын 1.3.4-т заасан хууль, журмын зохицуулалтыг зөрчиж байна.

3.7. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ хууль зөрчиж хийсэн “Э" ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна” гэжээ.

4. Хариуцагч хариу тайлбартаа: “Банкны тухай хуулийн 36.3-т заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1.3.4-д заасны дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай бүр банк нь энэ талаар Монголбанканд урьдчилан бичгээр мэдэгдэж, зөвшөөрөл авах зохицуулалтын хүрээнд “Х банк ХК”-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Э” ХК-ийн хувьцааг худалдан авсан Япон Улсын хуулийн этгээд “У” ХХН, түүний ерөнхий партнер "М” компанийн зүгээс ирүүлсэн хүсэлтийг “Х” ХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар албан бичгээр Монголбанканд мэдэгдэж, зөвшөөрөл олгохыг хүссэн болно.

4.1. “Х” ХК-иас зөвшөөрөл хүсэж Монголбанканд ирүүлсэн холбогдох баримтыг шалгахад “У” ХХН, түүний ерөнхий партнер “М” компанийн зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт нь Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан тул Монголбанкнаас Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох бүрэн эрхийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичгээр Х банк” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай холбогдох зөвшөөрлийг олгосон болно.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зөвшөөрөл авсан холбогдох этгээдүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлохоор бүрдүүлсэн баримт бичгүүд нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал шинээр илэрсэн тохиолдолд Банкны тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг Монголбанкнаас авч ажиллах бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан үйл баримт, зөрчил тогтоогдоогүй болно.

4.3. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн ийн 48.2.2-т заасныг үндэслэн Монголбанкны 2022 оны 5 дугаар сарын 05-ны А-1/476 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд “Х” ХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй гэдгээ мэдэгдэж, энэ талаар шүүхэд талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Хэргийн үйл баримтын тухайд:

2.2. “Х” ХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/2178 дугаар “хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг “У” ХХН-ийн партнер М компанийн зүгээс гаргаж үүнийг Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлж зохих чиглэл өгч туслахыг хүссэн байна.

2.3. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичгээр “Х” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хийжээ.

2.4. Үүнийг “Т” ХХК нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэхүү маргаан үүссэн байна.

3. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага” гээд 19.1-д “Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна”, 19.1.4-д “банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно”, 36 дугаар зүйлийн 36.3-д “Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна”, 36.11-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах нөхцөл, шаардлагыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” тус тус заажээ.  

3.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Монголбанк нь бүтцэд өөрчлөлт оруулах аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход өөрийн тогтоосон шалгуурыг үндэслэн зөвшөөрөл олгохоор байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журамд заасны дагуу хянан шалгаж хариу өгөхөөр байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Э” ХК-ийн хувьцааг нь худалдан авсан “У” ХХН-ийн ерөнхий партнер М компани нь хувьцааг худалдан авах тухай зөвшөөрөл хүсэж, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх бөгөөд холбогдох хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хүсэлтийг хавсаргажээ.

3.3. Энэ нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ”, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 4.1-д “Банк нь хувьцаа нэмж гаргах, ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах, өрийг хувьцаагаар солих, хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах, шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх, аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах замаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж байгаа бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ” гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагч Монголбанкыг дээрх хууль, журамд заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

3.4. Иймд хариуцагчийг “… худалдан авагч тал эцсийн өмчлөгчийн хөрөнгийн гарал үүсэл, орлогын эх үүсвэрийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар тодорхойлж, хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй. Х банкнаас өөрийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ бүтцэд, ямар нэгэн өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг ирүүлээгүй, хүргүүлээгүй байхад дур мэдэн Х банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгосон” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

3.5. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Х банк ХХК-иас зөвшөөрөл хүсэж ирүүлсэн холбогдох баримтыг шалгахад Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан тул хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай холбогдох зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зөвшөөрөл авсан холбогдох этгээдүүд хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлохоор бүрдүүлсэн баримт бичгүүд нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй нөхцөл байдал шинээр илэрсэн тохиолдолд Банкны тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг Монголбанкнаас авч ажиллах бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан үйл баримт, зөрчил тогтоогдоогүй. Холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

3.6. Өөрөөр хэлбэл, Х банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Монголбанк хүлээн авч шалгаад холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж зөвшөөрөл олгосон энэ тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.7. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актын улмаас ... бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж ... банкны төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, банкны зохистой харьцааны түвшин алдагдах зэрэг Х банкны хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөж байна” гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна Х банкны зүгээс ч тэр эрх нь зөрчигдөж, үйл ажиллагаа доголдсон, ашиг орлого буурсан, нэр хүнд нь унасан талаар тайлбар, баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

4. Нэгэнт “Т” ХХК-ийн “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд уг албан бичгийг үндэслэн гаргасан “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

4.1. Түүнчлэн, Монголбанкны Ерөнхийлөгчид хандан “Х” ХК-ийг төлөөлж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга О.Ариунтулга хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Монголбанкинд зөвшөөрөл хүсэж хандах эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирал нь хүсэлтээ хууль журмын дагуу Монголбанкинд гаргаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй төдийгүй уг үндэслэлээр шууд хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4.2. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-иас Монголбанкинд холбогдуулан гаргасан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Х” ХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан боловч “Х” ХК нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 29/4288 дугаар “... гуравдагч этгээдээр оролцохгүй гэдгээ мэдэгдэж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаж байна” гэх албан бичгийг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

6. Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Э.О нь шүүхэд “... эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон” гэж мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нарын зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Монголбанкинд холбогдуулан гаргасан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН