Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1003

 

 

 

 

 

 

 2019         10               08                                           2019/ДШМ/1003 

                                       

 Ж.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Булганчимэг,

            яллагдагч Ж.Т,

            яллагдагчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Б.Чинбатын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай  дүгнэлтээр Ж.Тд холбогдох эрүүгийн 1808027270737, 1811016830035 дугаартай хэргүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ы Т, Улаанбаатар хотод 1990 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа 00-0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /Регистрийн дугаар:00000000000/;

 

Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон үндэстний зоог” нэртэй хоолны газарт хамт ажилладаг Б.Д-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч “Samsung S-6” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Тыг бусдын эд хөрөнгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгчид үүрэг болгон шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат бичсэн дүгнэлтдээ: “... яллагдагч Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Энхболдын гар утсыг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр иргэн Д.Бат-Оршихын гар утсыг тус тус залилан мэхэлж авсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 191 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу яллагдагч Ж.Тд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй, түүний эрх зүйн байдал илтэд дордож байна” гэж үзсэн.

Хэргээс харахад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж болох нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар дүгнэлт бичив.” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг хүлээж авснаас хойш цаг хугацаа алдсан асуудал байгаа. Учир нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хэрэг нь олдохгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Тын өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд ял шийтгүүлсэн этгээд шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэх асуудал яригдана. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн учраас прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1808027270737 дугаартай хэргээс үзэхэд Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон үндэстний зоог” нэртэй хоолны газарт хамт ажилладаг Б.Д-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч “Samsung S-6” загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Энхболдын гар утсыг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Д.Бат-Оршихын гар утсыг өмнөх аргаараа залилан авсан үйлдлүүд нь 704 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш мэдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан.

Гэтэл Ж.Тд холбогдох хэргүүдэд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсны улмаас тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад уг шийдвэрийг хөндөж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нөхцөл байдлыг үүсгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзнэ.  

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Тд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Тд холбогдох эрүүгийн 1808027270737, 1811016830035 дугаартай хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

            ШҮҮГЧ                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН