Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар  2023/ШЦТ/16

 

 

 

 

 

2022         12         26                                   2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч А.Ариунаа,  шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Ц /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2203 00688 0577” дугаартай, 186/2023/0008/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12  дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ххххх тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бургас” Мини маркет дэлгүүрийн хойд замд “Mazda Familia” маркийн 74-19 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Цыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.2. Хохирогч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Зүүн хөл хугарч хагалгаа хийлгээд одоо явж чадахгүй байгаа. Эмнэлэгт үзүүлэх бодол байгаа. Эмнэлэгт үзүүлэх зардлын мөнгийг нэхэмжилнэ. 702.000 төгрөгийг төлсөн гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Цы:...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо  сурагчийн 46-17 тоотын айлыг хайгаад Чингэлтэйн уулын замд явж байгаад тоот нь олдохгүй байхаар нь замын урд талд дэлгүүр байхаар нь дэлгүүрээс тоотын айлаа асуух гээд замаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зам руу гартал баруун талаас зайтай цагаан өнгийн машин ирж байхаар нь би амжаад зам хөндлөн гарчих юм байна гээд явж байтал миний баруун талаас ирээд мөргөчихсөн. Би юу болсоныг санахгүй газар хэвтэж байгаад сэргээд машинд мөргүүлснээ ойлгосон гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26  дугаарт тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч             С.Сувд-Эрдэний:...дээрх гэмт хэргийн улмаас Ж.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.916.560 /нэг сая есөн зуун арван зургаан мянга таван зуун жаран/ төгрөг гарсныг яллагдагч Б.Бгээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар тал/,

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч  Ч.Гантулгын:...би машиныхаа зургийг харахад урд копуд хонхойсон, урд салхин шил цуурсан байсан. Би үнэлгээ хийлгэнэ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 57 дугаар тал/,

           2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч Ч.Гантулгын:..мazzda Familla маркийн 74-19УНО улсын  дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн хэрэгсэл байгаа. Би бусдад учирсан хохирлыг Батсүрэнтэй хамт төлнө гэх мэдүүлэг. /хх-ийн 54 дүгээр тал/,

           2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Уянгын:...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 37-451 тоотод байрлах гэрээсээ 2 хүүхдээ 103 дугаар цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гараад манай нөхөр Батсүрэн 74-19УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би урд талын жолоочийн хажуу талын суудалд суугаад Чингэлтэйн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Би тухайн үед утсаа оролдоод явж байсан тухайн үед гэнэт юм мөргөөд тоормослоод зогсохоор нь би машинаас буугаад хартал машины урд талд хүн хэвтэж байсан. Осол болох үед түгжрэл байхгүй, харагдах орчин чөлөөтэй байсан. Өөдөөс нарны гэрэл тусаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 65-66 дугаар тал/,

          2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19873 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Цы биед зүүн шаант ясны гадна булууны үе дайрсан цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуянд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

         З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /хх-ийн 72-73 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13 дугаар тал/, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Баянзүрх дүүргийн автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт” /хх-ийн 80-86 дугаар тал/, хохирогч Ж.Цы мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/, иргэний хариуцагч Ч.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/, гэрч Э.Уянгын мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14873 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.2. Шүүгдэгч болон хохирогч нараас: хавтас хэргээс тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бургас” Мини маркет дэлгүүрийн хойд замд “Mazda Familia” маркийн 74-19УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Цыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          - хохирогч Ж.Цы:...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 07 цаг өнгөрөөгөөд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 46-17 тоотын айлыг хайгаад Чингэлтэйн уулын замд явж байгаад тоот нь олдохгүй байхаар нь замын урд талд дэлгүүр байхаар нь дэлгүүрээс тоотын айлаа асуух гээд замаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зам руу гартал баруун талаас зайтай цагаан өнгийн машин ирж байхаар нь би амжаад зам хөндлөн гарчих юм байна гээд явж байтал миний баруун талаас ирээд мөргөчихсөн. Би юу болсоныг санахгүй газар хэвтэж байгаад сэргээд машинд мөргүүлснээ ойлгосон гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26  дугаарт тал/,

- иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн:...дээрх гэмт хэргийн улмаас Ж.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.916.560 /нэг сая есөн зуун арван зургаан мянга таван зуун жаран/ төгрөг гарсныг яллагдагч Б.Бгээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар тал/,

           - гэрч Э.Уянгын:...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр…манай нөхөр Батсүрэн 74-19УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би урд талын жолоочийн хажуу талын суудалд суугаад Чингэлтэйн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Би тухайн үед утсаа оролдоод явж байсан тухайн үед гэнэт юм мөргөөд тоормослоод зогсохоор нь би машинаас буугаад хартал машины урд талд хүн хэвтэж байсан. Осол болох үед түгжрэл байхгүй, харагдах орчин чөлөөтэй байсан. Өөдөөс нарны гэрэл тусаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 65-66 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19873 дугаартай дүгнэлт. /хх-ийн 72-73 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Б.Бгийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо   жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг  зөрчиж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнх-Ирээдүй, хохирогч Ж.Ц нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Б.Бг      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                  

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг  500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

            5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

            6.Хохирогч Ж.Ц нь цаашид гарах гарах эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

            8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       9.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                          

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ