Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

 

 

   2023          01          02                                     2023/ШЦТ/21

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205020392342 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-ний нягтлан бодогчоор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 08-ны  өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байх явцдаа охин компаниудын харилцах данснаас 12.522.240 төгрөгийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...***компанид 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл ажиллахдаа өөрийнхөө хоол унаанд тухайн мөнгийг зарцуулсан. Буруутай үйлдлээ ойлгож байна. 5 сая төгрөгийг сургалтын төлбөрийн зээл хэлбэрээр авч буцааж төлсөн” гэв.

Хохирогчийн төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би ***ХХК-ны хуулийн зөвлөх ажилтай. Манай компани дотроо 7 охин компани, 2 хамаарал бүхий компанитай бөгөөд мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид 2021 оны 9 дүгээр сард шинээр нягтлан бодогч албан тушаалд Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан ***г удирдлагуудын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. Энэ хугацаанд ***д компанийн мөнгөнөөс зээл олгож сургалтын төлбөрийг нь төлөх зэрэг бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж байсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа ..компанийн Худалдаа хөгжлийн банкны 404265589 дугаартай, Хас банкны 5003109934 дугаартай данснуудаас нийтдээ 18.000.000 гаруй төгрөгийг 135 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч 7 удаагийн гүйлгээгээр өөрөө буцаан төлөлт хийж 12.544.000 төгрөгийг толгой компаниас гадна охин компаниудын данснаас авсан болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***ХХК-ны нягтлан бодогч ажилтай. *** нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл манай байгууллагын салбар компаниудыг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. ***гийн ажлын байрны тодорхойлолтод хариуцсан компаниудын өдөр тутмын санхүүгийн тайлан тооцоог хийж гаргах, бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх эрхтэй үндсэн ажилтан юм. Харин ажиллах хугацаандаа хариуцсан компаниудын харилцах данснаас өөрийнхөө эзэшмлийн данс руу удаа дараа баримтгүй, удирдах албан тушаалтны зөшөөрөлгүй мөнгө шилжүүлсэн байсан. Манай байгууллагын зүгээс компани дотроо хяналт шалгалт хийхэд *** нь нийт 12.522.000 төгрөгийн хохирол учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,

Шинжээчийн 141 тоот дүгнэлтэд: “...***группын дотоод хяналт шалгалтын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...*** нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нэр бүхий 5 компанийн эзэмшдэг банкны харилцах данснаас нийт 132 удаагийн зарлагын гүйлгээгээр 18.269.790.00 төгрөгийг өөрийн эзэмшдэг арилжааны банкуудад байршдаг харилцах дансанд шилжүүлж, компанийн харилцах дансанд 7 удаагийн шилжүүлгийн гүйлгээгээр 5.747.550.00 төгрөгийг буцааж, 12.522.240.00 төгргийг компанид төлөх тооцоо гарч байгаа нь шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Шинжилгээгээр нягтлан бодогчоор ажиллаж байсан *** нь нэр бүхий 5 компанийн харилцах данснаас 132 удаагийн зарлагын гүйлгээгээр 18.269.790.00 төгрөгийг өөрийн харилцах дансандаа шилжүүлэн авч, 7 удаагийн шилжүүлгийн гүйлгээгээр 5.747.550.00 төгрөгийг компанийн харилцах дансанд буцаасан байна...” гэжээ. /хх 1-н 53-62/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 8/, ***группын дотоод хяналт шалгалтын дүгнэлт /хх 1-н 129-131/, ***ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаар, 5 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаар тушаалууд, хохирогчийн өргөдөл /хх 1-н 9-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 74, 2-н 50-54/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 3-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-ний нягтлан бодогчоор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 08-ны  өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байх явцдаа охин компаниудын харилцах данснаас 12.522.240 төгрөгийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч *** нарын мэдүүлэг, ***группын дотоод хяналт шалгалтын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, ***ХХК-ний ажилд томилсон тушаал, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь “******” ХХК-д нягтлан бодогчоор аижллаж байхдаа 12.522.240 төгрөгийг завшиж, хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь ****** ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул “албан тушаалын байдлаа ашиглаж”  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр гарсан 12.522.240 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч ***гаас 12.522.240 төгрөг гаргуулж ***ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь байгууллагад учирсан хохирлыг талаар маргаагүй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 01 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн зэргийг харгалзсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх хугацаа тогтоож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 12.522.240 төгрөг гаргуулж “***” ХХК-нд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР