Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/00991

 

2019 оны 4 сарын 8 өдөр Дугаар102/ШШ2019/00991 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг 12-р хороо 514-р байр 73 тоотод оршин суух рд:ЖК96082911, Төмөрбаатарын Лхамдуламын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: баянгол дүүргийн 14-р хороо, Деко центр С хаалга 10 давхар 104 тоот хаягт оршин байрлах, рд:5600456, Эрхэм-Уянга ХХК-д холбогдох,

 

зуучлалын гэрээний хөлс 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Лхамдулам нь Эрхэм Уянга ХХК-ний Япон улсад дадлагажуулах ажилтнаар гаргах зар сурталчилгааны дагуу компанийн удирдлагатай уулзаж гэрээ байгуулан Япон улс руу зуучлуулж явахаар болсон. 2017 оны 02-р сарын 20-ны өдөр Эрхэм Уянга ХХК-тай Япон улсад ур чадварын сургалтаар илгээх дадлагажигч иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ байгуулсан ба энэ гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр Эрхэм Уянга ХХК-ийн Үндэсний хөрөнгө оролуулалтын банкны 2911001967 тоот дансанд шилжүүлсэн. 2017 оны 09 сарын 04-ний өдөр Эрхэм Уянга ХХК-тай дахин Япон улсад дадлагажигч илгээх иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ байгуулж Япон явах үеийн хэрэглээний зардалд 3,000,000 төгрөгийг 2017 оны 09 сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Эрхэм Уянга ХХК нь гэрээнд заасан Т.Лхамдуламыг Япон улсад ажиллах ур чадвараа дээшлүүлэгч дадлагажигчаар илгээх үүргээ биелүүлээгүй. Энэ үүргээ удаа дараа биелүүлэхийг шаардахад Эрхэм Уянга ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 сарын 28-ны өдөр 2018 оны 11 сард Япон улсад ажиллах, дадлага эзэмших ажлыг зохион байгуулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд Эрхэм Уянга ХХК-аас зуучлалын гэрээний хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

Хариуцагч Эрхэм-Уянга ХХК-ний захирал Р.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...иргэн Т.Лхамдулам нь Япон улс руу ур чадварын дадлагажигчаар явах зорилгоор зуучлалын төлбөр болох 2.000.000 төгрөгнөөс өөрийн хүсэлтээр болон гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр болох 500.000 төгрөг, үйл ажиллагааны зардал 200.000 төгрөг шинжилгээний зардал 100.000 төгрөг орчуулгын зардал 100.000 төгрөг, илгээмж 50.000 төгрөг нийт 930.000 төгрөг суутгуулахыг хүлээн зөвшөөрсөн болно. Ийм учраас зуучлалын төлбөр болох 2.000.000 төгрөгөөс 930.000 төгрөгийг хасч 1.070.000 төгрөгийг, мөн хөдөлмөрийн гэрээ хийх үед /Япон талтай/ 3.000.000 төгрөг төлсөн, иймд иргэн Т.Лхамдуламд 4.070.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эрхэм-Уянга ХХК-ийн хувьд 4.070.000 төгрөг дээр маргаан байхгүй болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Лхамдулам нь хариуцагч Эрхэм-Уянга ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний хөлс 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэхь хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хэрэгт авагдсан баримтууд, зохигч талуудын тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Япон улсад ажил хөдөлмөр эрхлэхэд зуучлах Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэхь хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэрээг нэг талаас зуучлагч Эрхэм-Уянга ХХК, нөгөө талаас зуучлуулагч Төмөрбаатарын Лхамдулан нар байгуулжээ.

 

Гэрээний дагуу зуучлагч Эрхэм-Уянга ХХК нь Япон улсад ажил хөдөлмөр эрхлэх этгээдийг бүртгэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, япон хэлний сургалтад хамруулах, зуучлуулагчийн талаархи мэдээлэл материал бэлтгэх, орчуулах, илгээх урьдчилсан нөхцөлтэй бөгөөд энэхүү үйл ажиллагааны зардалд зуучлуулагч 2000.000 төгрөг төлөхөөр, япон хэлний сургалтад хамрагдан япон хэлний N5 шалгалтанд тэнцэж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах гуравдагч этгээд болох Япон улсын байгууллагатай гэрээ хийхэд зуучлагч зуучлах, энэ үед хэрэглээний зардал буюу зуучлалын хөлс 3000.000 төгрөгийг зуучлуулагч төлөх байдлаар зуучлалын гэрээг хоёр үе шаттай байхаар харилцан тохирчээ. /хэргийн 44-48 дугаар тал/

 

Хариуцагч Эрхэм-Уянга ХХК нь нэхэмжлэгч Т.Лхамдуламтай зуучлалын гэрээ байгуулах үедээ Монгол улсын иргэдийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байсан нь 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 7/734 тоот Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 62 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Мөн зуучлуулагч нь гэрээний дагуу зуучлалын хөлс 5000.000 төгрөгийг зуучлагчид төлсөн, зуучлуулагч эрүүл мэндийн үзлэг болон Япон хэлний сургалтад хамрагдсан талаар зохигчид маргаагүй.

 

2018 оны 05 сарын 28-ны өдөр Эрхэм-Уянга ХХК-аас Япон улсын дадлага хэрэгжүүлэх аж ахуйн байгууллагатай дадлагажигч нарыг ажиллуулах хөдөлмөрийн гэрээ 2018 оны 11 сард хийгдэх хугацааны талаар Т.Лхамдуламд мэдэгдсэн байна. /хэргийн 7 дугаар тал/

 

2018 оны 11 сарын 12-ны өдөр зуучлуулагч Т.Лхамдулам гэрээгээ цуцлахыг мэдэгдэж 930.000 төгрөгөө суутгаж үлдэх 4.070.000 төгрөгөө буцаан авах тухай хүсэлтээ зуучлагч Эрхэм-Уянга ХХК-д гаргажээ. /хэргийн 28-29 дүгээр тал ар тал/

 

Хариуцагч буюу зуучлагч гэрээний үүрэг биелэгдээгүй гэрээ цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрч, зуучлуулагчаас төлсөн 5000.000 төгрөгөөс гарсан зардал болох 930.000 төгрөгийг нэхэмжлэгчийн 2018 оны 11 сарын 12-ны өдөр Эрхэм-Уянга ХХК-д гаргасан хүсэлтэд зөвшөөрсөн хэмжээгээр хасаж үлдэх 4.070.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн дээрхи тайлбарыг зөвшөөрөхгүй, 5000.000 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл 2017 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 9.1-д хувийн шалтгаанаар гэрээ цуцлах үед 3 сарын сургалтын төлбөр 160.000 төгрөг, материал орчуулга 40.000 төгрөг, илгээмж 40.000 төгрөг, эрүүл мэндийн үзлэг 80.000 төгрөг, үйл ажиллагааны зардал 200.000 төгрөгийг суутгахыг талууд тохиролцсон, 2018 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Т.Лхамдулам дээрхи зардлууд нийт 930.000 төгрөгийг суутгахыг зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан, зуучлуулагчийг бүртгэх, япон хэлний болон эрүүл мэндийн үзлэгт хамруулсан талаархи хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. /хэргийн 19-27 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Эрхэм-Уянга ХХК-аас зуучлалын хөлс 4.480.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Лхамдуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 520.000 төгрөг /2017 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний 9.1-д заасан суутгал/ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./хэргийн 66, 69 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзлэг хийлгэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ татгалзсныг дурьдах нь зүйтэй. /хэргийн 70 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Эрхэм-Уянга ХХК-аас зуучлалын хөлс 4.480.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Лхамдуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 520.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ