Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/00818

 

 

2019 оны 3 сарын 26 өдөр Дугаар102/ШШ2019/00818 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, энхтайваны өргөн чөлөө, 7/2 байр 101 тоотод байрлах, рд:5877997, Микрокредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 31 байр, 38 тоотод оршин суух, рд:хг83021976/, Довжоо-Орги овогтой Баатарцэрэнгийн Булган-Эрдэнэд холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 62.584.441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн, хариуцагч Б.Булган-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн Б.Булган-Эрдэнэ, Ц.Уртнасан нар нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр 1100002828 тоот зээлийн гэрээ, 1100002828 тоот барьцааны гэрээ байгуулж, манай байгууллагаас 50,000,000 төгрөгийг сарын 3,9 хувь, жилийн 46,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авахдаа Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 31-38 тоотод байрлах Ү-1205020907 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг тухай бүр хийнэ гэсэн боловч зээлдэгч нар нь зээл төлөх хувиарыг зөрчиж, 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн тасалдал үүсч эхэлсэн байгаа. Бидний зүгээс зээлийн төлөлтөө хийхийг шаардсан. Зээлдэгч нар мөнгийг зээлийн гэрээ дуусах хүртэл хугацаа олгохыг хүссэн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа мөнгийг төлж дуусгана гэсэн боловч төлж дуусгаагүй. Зээлийн хувиар гаргахдаа хариуцагчийн зүгээс хүсэлт тавьсан. Эхний 6 сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлөгдөөд хүүгээ төлье гэсэн саналыг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу бид зээлийн графикыг гаргасан. 7 дахь сараас эхлээд сар бүр үндсэн зээл болон түүний хүүгийн хамт 9,508,000 төгрөгийг төлхөөр график гаргасан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 7 удаагийн төлөлт хийсэн байгаа. Төлөх бүртээ 2,000,000 орчим төгрөгийг төлж байсан. Ингэхдээ үндсэн зээлээс 413,517.47 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Булган-Эрдэнийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь нийт 62,584,441.80 төгрөг байгаагаас үндсэн зээл нь 49,586,482.53 мөнгө, үндсэн зээлд бодогдсон хүүгийн хүү нь 12,603,667.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 394,192.15 төгрөг байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3, Иргэний хуулийн 281.1, 454.1.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-т тус тус заасаны дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагчаас 62,584,441.80 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Б.Булган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний нэр дээр зээл авсан боловч энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулсан, хэрхэн төлсөн талаар би мэдэхгүй байна. Тоо баримт нь үнэн бодитой эсэхийг мэдэхгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Микрокредит ББСБ ХХК нь хариуцагч Б.Булган-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62.584.441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Булган-Эрдэнэ нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр 1100002828 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч Микрокредит ББСБ ХХК-тай байгуулж, 50.000.000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 46.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлжээ. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2017 оны 11 сарын 02-ны өдөр 1100002828 тоот барьцааны гэрээгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205020907 дугаартай, Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, Дилав хутагт жамсранжавын гудамж 31-38 тоотод байрлах 95.2м2 талбай бүхий 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон орон сууц үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 50.000.000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч 2017 оны 11 сарын 02-ны өдөр хариуцагч Б.Булган-Эрдэнэд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 сарын 02-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2018 оны 12 сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээл 49.586.482 төгрөг, зээлийн хүү 12.603.767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394.192 төгрөг нийт 62.584.441 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан гэж нэхэмжлэгч нэхэмжилсэн байна. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаарджээ.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.11, 2.12, 2.14, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээл, үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй байна.

 

Хариуцагч шүүхийн дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг Шүүгчийн захирамжаар албадан ирүүлж 2019 оны 03 сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.

 

Шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа ...зээлийн эргэн төлөлтийн тооцоолол үнэн бодитой эсэхийг мэдэхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлал, үндэслэлээ нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 55.590.957 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.993.483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 12 сарын 04-ны өдөр гэсэн огноо бүхий нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 14-ны өдөр ирүүлсэн, нэхэмжлэлийн үнийг 62.584.441 төгрөг гэж тодорхойлсон, 2019 оны 03 сарын 19-ны өдөр шүүхэд шинээр ирүүлсэн зээлийн тооцоолол баримтад 2018 оны 11 сарын 30-ны байдлаар зээлийн төлбөр нийт 62.431.851 төгрөг гэсэн байх бөгөөд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй байна. /хэргийн 41-43 дугаар тал/

 

Шүүх зээлийн төлбөрийг дараах байдлаар тооцсныг тайлбарлах нь зүйтэй.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь баримтаар зээлдэгч буюу хариуцагч 2017 оны 12 сарын 01-ны өдрөөс 2018 оны 05 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл төлөхгүй, зөвхөн хүүнд 11.603.833 төгрөг төлөхөөр тохирсон. /хэргийн 9 дүгээр тал/

 

Дээрхи хугацаанд хариуцагч 12.105.000 төгрөг төлж зээлийн хүүнд 501.167 төгрөг илүү төлсөн байна.

 

Харин зээлийн гэрээний үлдсэн хугацаанд буюу 2018 оны 05 сарын 31-ны өдрөөс 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч үндсэн хүү нийт 50.000.000 төгрөгийг хэсэгчлэн, хүүнд 7.053.295 төгрөг нийт 57.053.293 төгрөг төлөх байсан.

 

Энэ хугацаанд буюу 2018 оны 11 сарын 02-ны өдөр хариуцагч 2.000.000 төгрөг төлсөн байна.

 

Хариуцагчийн дээр дурьдсан хүүнд илүү төлсөн 501.167 төгрөгийг үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс хасаж 49.498.833 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл, 2018 оны 05 сарын 31-ны өдрөөс 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн төлөх ёстой байсан хүү 7.053.293 төгрөгөөс төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж төлөх ёстой хүү 5.053.293 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувь 1.038.824 төгрөг бүгд 55.590.957 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.872 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 435.904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор тогтоов.

 

2019 оны 03 сарын 19-ны өдөр нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Уртнасанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Б.Булган-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэг нийт 55.590.957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Микрокредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.993.483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Микрокредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.872 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Булган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 435.904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ