| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0343/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/387 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/387
2022 12 01 2022/ШЦТ/387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Л.Э,
хохирогч А.Б,
шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн 2225005000375 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ж.Ж
Шүүгдэгч Ж.Ж нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 21-18 тоот хашаанд А.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, толгойн тус газарт нь пивор усны саваар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ж.Ж“...Дэлгэрсайхан ах согтуу ирээд мөнгө нэхэхээр нь “яагаад архи уусан юм” гэхэд “Билгээ эгч нь хөөж туугаад байна.” гэсэн. Маргааш нь гэрт нь ороод Билгээ эгчид “яагаад архи уулгачихав” гэхэд “энэ хавийн хүмүүстэй уусан” гэхээр нь би хэрэлдсэн, гараад явахад араас давс цацсан. Билгээ эгч хүүхэд тэвэрчихсэн байсан, надруу устай сав шидэхээр нь би буцааж шидсэн, гэхдээ газар луу шидсэн, эгчид гар хүрээгүй. Бид хоёр 2-3 м зайтай байсан, би хэрүүл хийгээд л гарсан. Бид хоёрыг хоёр давхарт байсан хүүхэд харах боломжгүй, хүүхдээр худлаа яриулаад байна.” гэв.
хохирогч А.Б“...Би хүүхдүүдтэйгээ байж байсан, Жаргалсайхан манайд орж ирэхдээ нэлээн халамцуу “Хүрэлсүх хаана байна, Билгээ авгай хаана байна, алж өгнө” гэж орж ирсэн. Намайг хүүхэд тэвэрсэн байхад миний зүүн гарыг мушгисан. Гомдолтой байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч А.Б “...Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ...ач, зээ нарынхаа хамт байж байхад гаднаас нөхөр Ж.Дэлгэрсайханы төрсөн дүү Ж.Жаргалсайхан, төрсөн ах Ж.Алтай нар нь орж ирээд Ж.Жманай нөхөр Ж.Дэлгэрсайханыг асуухаар нь “өвс хадах гээд явсан” гэсэн чинь “чи муу бузрын гичий ахыг минь хөөдөг хэн бэ, ахыг маань хорлоод архи өгсөн байна” гээд над руу дайраад байж байхад Ж.Алтай ах түрүүлээд манай гэрээс гараад явсан. ... Ж.Жбаахан харааж байгаад гэрээс гараад явахаар нь би зээ охин Х.Оюунномингийн нүүрийг угаах гээд охиноо тэврэн гарч байшингийн дээврийн ус тосож байсан цэнхэр хувингаас ус авах гээд зогсож байсан чинь Ж.Жманай хашаанаас гарах гээд явж байснаа байшингийн зүүн талд байрлах чацарганы модны хажуу талд байсан сандал, аяга зэргийг над руу шидэж, эргэж над дээр ирээд цэнхэр хувинтай усыг дээрээс асгаж, цэнхэр хувингаар миний нүүр, толгой хэсэг рүү олон удаа цохиход миний нүүр хэсгээс цус гарсан, Ж.Жюу ч болоогүй юм шиг гараад явсан. ...Миний хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүдийг Ж.Жцэнхэр хувингаар цохиж, зодож учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
гэрч Ж.Д “...Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг үеийн үед айлын өвс хадах гэж гараад үдээс хойш гэртээ очиход цагдаа нар ирчихсэн манай эхнэр А.Билэг-Эрдэнийн духнаас нь цус гарчихсан, нүд нь улайсан байдалтай байж байсан, юу болсон талаар асуухад “танай төрсөн дүү Ж.Жгэрт согтуу ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн, ...Би өмнөх өдөр нь Ж.Ждээр согтуу очоод “эхнэр хөөгөөд байна” гээд хэлсэн чинь намайг өмөөрч манай гэрт намайг байхгүйд очиж маргалдсан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
насанд хүрээгүй гэрч Х.И “...эмээ, дүү нарынхаа хамт эмээгийн гэрт байж байхад гаднаас Алтай ах, Жагаа ах хоёр орж ирсэн...би нэгдүгээр давхарт эмээгийн хажууд байж байхад Жагаа ах эмээ рүү дайрч өвөө Дэлгэрсайханыг “архи уулгасангүй.” гээд уурлаад хэрүүл хийж байхад эмээ намайг “дүү нараа аваад дээд давхар луу гараарай” гэхээр нь би дүү нараа аваад дээш гарсан. Тэгээд үүдний хэсэгт эмээ, Жагаа ах хоёр хэрэлдээд байхаар нь би хоёр давхар луу гардаг шатны завсраар хартал Жагаа ах эмээг түлхэн, гараараа цохиод байсан. Алтай ах, Жагаа ахыг “явъя” гэсэн чинь “байж бай” гээд байсан чинь Алтай ах түрүүлээд гараад явахад Жагаа ах үлдээд эмээтэй хэрэлдээд байсан. Тэгээд би хоёр давхар луу гараад зүүн талын цонхоор харан зогсож байсан чинь Жагаа ах байшингаас гараад байшингийн зүүн талд явж байхад эмээ араас нь гараад давс цацсан чинь байшингийн зүүн талд байдаг чацарганы модны хажуу талд байсан сандал, аягыг Жагаа ах авч, “давс цацдаг хэн бэ” гэж эмээ рүү шидэж, байшингийн зүүн талд дээврийн ус тосож байсан цэнхэр хувинтай усыг цацаж, хувинг эмээ рүү шидээд байсан. Жагаа ах хашаанаас гараад явахад эмээ гэртээ орж ирсэн чинь эмээгийн нүүрнээс цус гараад, улайгаад хавдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Б.Д “...А.Бгэдэг эмэгтэй “нөхрийнхөө дүүд хувингаар зодуулчихлаа” гээд дух хэсгээс нь бага зэргийн цус гарсан, нүүр нь улайсан байдалтай байхаар нь зөрчлийн байцаагчид гомдол, мэдээллийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Ж.А “...би хашаанаас гараад машиндаа сууж байтал хашаан дотор орилж хашгираад, хашааны завсраар цэнхэр өнгийн сав юм уу сандал гэмээр юм шидэлцээд байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Ж.Ж сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах Ж.Алтайгийн хамт Ж.Дэлгэрсайхан ахтай уулзах гээд Рашаант багийн 21-18 тоотод очиход ах байхгүй, эхнэр болох А.Бэгч ач, зээ хүүхдүүдийнхээ хамт байж байхаар нь ахыг асуухад “өвс хадна гээд гарсан” гэсэн, эгчид “та яагаад ахыг хөөгөөд байдаг юм” гэсэн чинь “та нарт хамаагүй, янхан, банзал ахыгаа аваад зайл” гээд хөөгөөд байсан чинь Ж.Алтай ах түрүүлээд машин руугаа суусан, би үлдээд эгчтэй ярилцаад байж байхад намайг хөөгөөд байхаар нь гэрээс нь явж байтал ардаас давс цацахаар нь “та яаж байгаа юм гэсэн” чинь “харааж байна” гээд байшингийнхаа үүдний тамборын гадна дээврийн ус тосож байсан цэнхэр өнгийн тайрсан хуванцар савыг миний нүүр лүү шидэж оносон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн өдөр Билэг-Эрдэнэ миний ард талаас давс цацсан, сав шидсэн бөгөөд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. ...би цохиж зодсон асуудал ерөөсөө байхгүй. Яагаад намайг цохиж, зодсон гэж мэдүүлээд байгаа шалтгааныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 626 дугаартай; “...1.А.Б биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 4.Хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийг зэрэгт хамаарагдахгүй. 5.Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
хохирогч А.Б “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай нөхрийн дүү Ж.Жнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрт ирж намайг зодсон.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Зөрчлийн хэрэг материалд авагдсан баримтууд /хавтаст хэргийн 3-5, 9, 21, 24 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 21-18 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7, 8 дахь тал/,
Ж.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/,
хохирогч А.Билэг-Эрдэнийн эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу углуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас, мөн Ж.Жаргалсайханаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ж гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ж.Ж нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 21-18 тоот хашаанд А.Билэг-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, толгойн тус газарт нь пивор усны саваар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч А.Б “...Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр... Ж.Жманай хашаанаас гарах гээд явж байснаа байшингийн зүүн талд байрлах чацарганы модны хажуу талд байсан сандал, аяга зэргийг над руу шидэж, эргэж над дээр ирээд цэнхэр хувинтай усыг дээрээс асгаж, цэнхэр хувингаар миний нүүр, толгой хэсэг рүү олон удаа цохиход миний нүүр хэсгээс цус гарсан, ...Миний хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүдийг Ж.Жцэнхэр хувингаар цохиж, зодож учруулсан.” гэх,
гэрч Ж.Д “...Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны...үдээс хойш гэртээ очиход цагдаа нар ирчихсэн манай эхнэр А.Билэг-Эрдэнийн духнаас нь цус гарчихсан, нүд нь улайсан байдалтай байж байсан, юу болсон талаар асуухад “танай төрсөн дүү Ж.Жгэрт согтуу ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн.” гэх,
насанд хүрээгүй гэрч Х.И “...Жагаа ах эмээг түлхэн, гараараа цохиод байсан. ...би хоёр давхар луу гараад зүүн талын цонхоор харан зогсож байсан чинь Жагаа ах байшингаас гараад байшингийн зүүн талд явж байхад эмээ араас нь гараад давс цацсан чинь байшингийн зүүн талд байдаг чацарганы модны хажуу талд байсан сандал, аягыг Жагаа ах авч, “давс цацдаг хэн бэ” гэж эмээ рүү шидэж, байшингийн зүүн талд дээврийн ус тосож байсан цэнхэр хувинтай усыг цацаж, хувинг эмээ рүү шидээд байсан. Жагаа ах хашаанаас гараад явахад эмээ гэртээ орж ирсэн чинь эмээгийн нүүрнээс цус гараад, улайгаад хавдчихсан байсан.” гэх,
гэрч Б.Д “...А.Бгэдэг эмэгтэй “нөхрийнхөө дүүд хувингаар зодуулчихлаа” гээд дух хэсгээс нь бага зэргийн цус гарсан, нүүр нь улайсан байдалтай байхаар нь зөрчлийн байцаагчид гомдол, мэдээллийг шилжүүлсэн.” гэх,
гэрч Ж.А “...хашаан дотор орилж хашгираад, хашааны завсраар цэнхэр өнгийн сав юм уу сандал гэмээр юм шидэлцээд байгаа харагдсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 626 дугаартай; “...А.Билэг-Эрдэнийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...Шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 21-18 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч Ж.Ж согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Б маргалдаж, нүүр, толгойн тус газарт нь пивор усны саваар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ж.Ж хохирогч А.Б эсрэг эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ж.Ж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Ж үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ж.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч Ж.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;
шүүгдэгч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн бөгөөд нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жаргалсайханд урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Ж шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ