| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0348/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/388 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/388
2022 12 01 2022/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Н.Д,
өсвөр насны шүүгдэгч А.Э, хууль ёсны төлөөлөгч Л.О, өмгөөлөгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн А.Э-д холбогдох эрүүгийн 2225005100413 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, А.Э
Өсвөр насны шүүгдэгч А.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 4-1б тоот гэртээ, 2022 оны 8 дугаар сарын 10-ны орой иргэн Д.Энхцэцэгийг хавсарч унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
өсвөр насны шүүгдэгч А.Э“...2022 оны 8 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ороход баруун талын орон дээр Энжгээ эгч сууж байсан, ээж “Энжгээ ирчихээд солиороод байна, аргалаад явуулчих” гэсэн. Энжгээ “балай эхийгээ оруулаад ир” гээд орилоод байсан, би “та ямар ядаргаатай юм” гэж хэлтэл “та нар хэзээ ийм болцгоочихсон юм, шээснүүд минь” гээд орон дээрээс босож ирээд миний нүүр рүү нулимсан, би “та чинь одоо эргүү юм уу, хаашаа юм” гэж хэлтэл гаднаас ээж орж ирээд бид хоёрыг “гарч хэрэлдэцгээ” гэхээр нь би түрүүлээд гарсан, араас ээж гарч ирээд “найзындаа очоод байж бай, явахаар нь хэлье” гэсэн, гэтэл Энжгээ эгч араас гарч ирээд намайг “шоронгийн хулгайч минь” гэж дуудахаар нь тоохгүй алхаад явж байтал араас ирээд хувцаснаас татаж заамдаж авсан, би зөрүүлж заамдаж цамцных нь энгэрээс барьж байгаад хавсраад унагаачихсан юм.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Э “...2022 оны 8 дугаар сарын 10-ны орой 18-19 цагийн үед хамт ажилладаг эгч Оюунтуяагийн гэрт очиж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. ...төрсөн эгч Алтанцэцэгийн гэр буюу Дэнж багт байдаг гэрт нь очсон. ...Энхсайхан гаднаас орж ирээд “та яах гэж ирсэн юм, согтуу агсан тавилаа” гэж уурлахаар нь би “агсан тавиагүй, би төрсөн дүү нь юм чинь эгч, ахынхаа гэрт ирэлгүй яах вэ” гэж хэлтэл “хуц, гар” гэж гэрээсээ хөөхөөр нь “за чи байж бай” гэтэл гадуур хувцаснаас зуурч гэрийн гадна гаргасан...хоёр гараараа миний хоолойг боосон...Энхсайханы найз гэх эрэгтэй хүүхэд хүрч ирээд Энхсайханыг надаас салгасан. ...Алтанцэцэг эгчтэй маргалдаж байхад Энхсайхан дэргэд хүрч ирээд намайг дэгээдэж газар унагаагаад дээрээс толгой руу хоёр удаа цохиод “алаад хаячихна шүү, чамайг” гээд шанаа хэсэг рүү дахин нэг удаа цохиж хоёр гараараа хоолой боосон. Энэ үед Энхсайханы эрэгтэй найз намайг дахин салгасан ба салгах үед миний зүүн хөл рүү хоёр удаа өшиглөсөн, үүний дараа Энхсайхан намайг дахин газар унагаж шороон дээр 3-4 метр газар чирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
“...надад Энхсайхантай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний биеийн байдал эрүүл, өвдөж байгаа газар болон өвчин байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
гэрч Д.А “...гэртээ охин Энхзул болон зээ хүүгийн хамт гурвуулаа байхад гаднаас Энхцэцэг ажлынхаа хувцастай нэлээн согтуу, архи үнэртүүлчихсэн орж ирээд “намайг танайхаар ирж чадахгүй гэж бодоо юу балай авгай минь” гэхээр нь би “чамайг эрүүлдээ ир гэж хэлсэн, битгий ир гэж хэлээгүй, нярай хүүхэдтэй байна гэж хэлсэн шүү дээ” гэхэд хэрүүл өдөж “пизда, наахуу” гэх мэт хараалын үг хэлээд орилоод байхаар нь “чи битгийн орилоод бай” гэхэд намайг “битгий хуц, пизда минь” гэж хэлсэн. Энхсайхан Энхцэцэгтэй маргалдаад байхаар нь Энхсайханд “найзындаа очоод байж бай, согтуу хүнтэй битгий маргалд, яриа ойлгохгүй, Энхцэцэгийг явахаар нь хүрээд ир” гээд гэрээс гаргасан. Энхсайханыг гарч явсны дараа Энхцэцэг араас нь гараад хэрүүл өдөж “чи намайг зодоодох, цохиод ав, алив харъя чамайг” гээд хувцаснаас нь татаж чангаагаад явуулахгүй зуураад байсан энэ үед Энхсайхан Энхцэцэгийг газар унагаагаад, дээр нь гарч суугаад “та ер нь намайг яагаад доромжлоод байгаа юм, би танд ямар гэм хийсэн юм” гэхээр нь би Энхсайханыг “боль, миний хүү” гээд хувцаснаас нь татаж, Энхцэцэгийн дээрээс босгосон, хүү Энхсайханы найз Энхцэцэгийг газраас босгосон, “Энхсайхан чинь хаана байна, олоод ир, танай хүүхдийг чинь шоронгийн хадаас болгоно” гээд гал тогооны тавилгын шургуулгаас хутга гаргаж ирээд “би тэгвэл судсаа ханалаа, та буруутай шүү” гэхээр нь “юу яриад байгаа юм” гээд хутгыг нь булааж аваад хол шидчихсэн. Удалгүй хүү Энхсайхан найзынхаа хамт гаднаас ороод ирсэн, ...гадаа гараад Энхцэцэг, Энхсайхан хоёр барьцалдаад авсан. ...Энхцэцэгийг явахгүй, хэрүүл өдөөд байхаар нь би өөрийнхөө утаснаас цагдаа руу залгаж дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
гэрч Л.Б “...Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад Энхцэцэг манай эхнэр рүү “би танай гэртэй ойрхон байна, танайд очиж архи ууя” гэж хэлэхээр нь манай эхнэр “манайд архи байхгүй, би яахаараа чамд архи авч өгдөг юм” гэж хариултал “би танай гэрт очиж чадна шүү” гэж хэлээд манай гэрт ирсэн гэж хэлсэн. Мөн гэрт ирээд нэг цаг гаран манай эхнэр Алтанцэцэг, хүү Энхсайхан хоёртой маргалдаад явахгүй байсан гэсэн. Бас манай хүү Энхсайханыг Энхцэцэг хувцаснаас нь татаж “чи намайг зодчих” гээд болихгүй байхаар нь “хоёр удаа үүрч газар унагаасан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
өсвөр насны А.Э сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би ээжээс “юу болсон юм” гэж асуухад “Энжгээ эгч чинь солиороод байна, аргалаад явуулчих миний хүү” гэж хэлсэн. ...би Энжгээ эгчид “та ямар ядаргаатай юм” гэж хэлтэл “та нар хэзээ ийм болцгоочихсон юм бэ, шээснүүд минь” гээд орон дээрээс босож ирээд миний нүүр рүү нулимсан. ...намайг найзтайгаа гудамжинд алхаад явж байтал Энжгээ эгч араас гарч ирээд “шоронгийн хулгайч минь” гэж дуудахаар нь тоохгүй алхаад явж байтал араас хүрч ирээд миний хувцаснаас татаж, заамдаж аваад цамцных нь энгэрээс барьж байгаад хавсраад газар унагаачихсан, Энжгээ эгчийг газар унахаар нь Мөнгөндөл бид хоёр гүйгээд явчихсан. Найз Мөнхцогтын гэрт ороод Мөнгөндөлийн утсаар эгч Энхзул руу залгаж “юу болж байна” гэж асуухад “Энжгээ эгч хутга аваад байна” гэхээр нь би санаа зовоод, найз Мөнгөндөлийн хамт буцаж гэртээ очсон. Гэр рүү ороход Энжгээ эгч орилж чарлаад байсан, тэгэхээр нь гэрээсээ гартал Энжгээ эгч араас гарч ирээд “эгчийгээ цохичих” гээд миний хувцаснаас зуураад байхаар нь түлхтэл Энжгээ эгч жижиг овоолсон өвсөн дээр бөгсөөрөө унасан, босож ирээд “цагдаад өгнө, намайг зодлоо” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
“...би нагац эгч Д.Энхцэцэгийг хоёр удаа хавсарч газар унагаасан гэдэг нь үнэн, буруугаа ойлгож байна, гэхдээ би цохиж, өшиглөөгүй, газар чирээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаартай; “...1.Д.Энхцэцэгийн биед хоёр гарын тохой, шуу, баруун өвдөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 4.Хоёр гарын тохой, шуу баруун өвдөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Уг гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.Шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
хохирогч Д.Э “...2022 оны 8 дугаар сарын 10-ны орой төрсөн эгч Д.Алтанцэцэгтэй хэрүүл маргаан хийж, Алтанцэцэгийн хүү А.Энхсайханд зодуулж, хүргэн ах Л.Батболд гар утсаар хэл амаар доромжилсон” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Зөрчлийн хэрэг материалд авагдсан баримтууд /хавтаст хэргийн 3-37 дахь тал/,
А.Э насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,
А.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 75, 96 дахь тал/,
хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн А.Э сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч А.Э гэм буруутайд тооцох;
өсвөр насны шүүгдэгч А.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 4-16б тоот гэртээ, 2022 оны 8 дугаар сарын 10-ны орой иргэн Д.Энхцэцэгийг хавсарч унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.Э “...Энхсайхан дэргэд хүрч ирээд намайг дэгээдэж газар унагаагаад дээрээс толгой руу хоёр удаа цохиод “алаад хаячихна шүү, чамайг” гээд шанаа хэсэг рүү дахин нэг удаа цохиж хоёр гараараа хоолой боосон.” гэх,
гэрч Д.А “...Энхсайхан Энхцэцэгийг газар унагаагаад, дээр нь гарч суугаад “та ер нь намайг яагаад доромжлоод байгаа юм, би танд ямар гэм хийсэн юм” гэхээр нь би Энхсайханыг “боль, миний хүү” гээд хувцаснаас нь татаж, Энхцэцэгийн дээрээс босгосон.” гэх,
өсвөр насны А.Э “...Энжгээ эгч араас гарч ирээд “шоронгийн хулгайч минь” гэж дуудахаар нь тоохгүй алхаад явж байтал араас хүрч ирээд миний хувцаснаас татаж, заамдаж аваад цамцных нь энгэрээс барьж байгаад хавсраад газар унагаачихсан, ...“эгчийгээ цохичих” гээд миний хувцаснаас зуураад байхаар нь түлхтэл Энжгээ эгч жижиг овоолсон өвсөн дээр бөгсөөрөө унасан. ...би нагац эгч Д.Энхцэцэгийг хоёр удаа хавсарч газар унагаасан. ...би цохиж, өшиглөөгүй, газар чирээгүй.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна өсвөр насны шүүгдэгч А.Эшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
өсвөр насны шүүгдэгч А.Э хохирогч Д.Э эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч А.Э-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх өсвөр насны шүүгдэгч А.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгч А.Энхсайханы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...өсвөр насны шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг 2 дахин багасгаж 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, улмаар ялаас чөлөөлөхөд татгалзахгүй.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С. “...хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,
8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заажээ.
Өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нас, биед нь тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э-д гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгчийн эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй бөгөөд хавтаст хэргийн 47 дахь талд авагдсан хохирогч Д.Энхцэцэгийн “...Энхсайхантай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Энхсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э-г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өсвөр насны шүүгдэгч А.Э-г чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ