| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2014/0224/э |
| Дугаар | 00074А |
| Огноо | 2015-12-13 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 00074А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Улсын яллагч Ц.Идэрмөнх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн, Р.Бямбажав,
Шүүгдэгч Д.Батцоож, Ц.Батмөнх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох эрүүгийн 201414000421 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1984 оны 07 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 12-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Даш овгийн Доржсүрэнгийн Батцоож / ДЕ84070114 /
2. Монгол улсын иргэн, 1981 оны 12 сарын 19-ний өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 19-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Жунтон овгийн Цэндийн Батмөнх / ГЮ81121977 /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар
1. Шүүгдэгч Д.Батцоож нь 2014 оны 05 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын Согоотын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.036 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 3 344 457 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Батмөнх нь 2014 оны 05 дугаар сард яллагдагч Д.Батцоожийг хэрэглээний мод бэлтгэж өгөхийг захиалж 3.036 м3 мод бэлтгүүлж худалдаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас намайг энэ хэрэгт хохирогчоор томилсон. 2014 оны 05 дугаар сард манай Жаргалант сумын Согоотын ам гэх газраас хүн зохих зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн гэж байсан. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хүн нь ойн санд учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлөх юм бол гомдол санал гээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх 12-р хуудас, 329 хуудас/
2. Гэрч Ш.Үнэнбатын “Би 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр хорооллын эцсийн буудал дээр байж байсан чинь Батцоож ирээд өчигдөр шөнө Батмөнхийн хашаанд буусан модыг аваад ар талын айлын хашаа руу нь буулгах хэрэгтэй байна, ачилцах хүн олдохгүй байна, замаараа Золбоог аваад гурвуулаа хамт Батмөнхийн гэрт очоод модыг нь ачаад зөөгөөд өгчихье гэхээр нь би зөвшөөрөөд замаараа Золбоог гэрээс нь аваад бид гурав Золбоогийн ачааны машинтай Батмөнхийн гэрт очсон чинь Батмөнхийн хөрөө раманд нэлээн олон тооны нойтон мод байхаар нь Батцоож, Золбоо бид гурав Золбоогийн ачааны машинаар хоёр хувааж ачаад Батмөнхийн ар талын айлын хашаанд буулгасан. 2014 оны 05 сарын 06-ны өдөр Батцоож надад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгээд Батмөнхийнд буулгасан талаараа хэлээгүй, зүгээр Батмөнхийн хөрөө рамнаас мод ачаад ар талын айл руу буулгах хэрэгтэй байна гэж байсан. Тухайн өдөр Батмөнхийн хөрөө раманд дотор яг хэдэн тооны мод байсан эсэхийг нарийн тоолж үзээгүй. Би 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчны ажилтан Чинбатруу утсаар ярьж Их залуу Хабитатын хөрөө рамтай Батмөнхийн хөрөө рамнаас нойтон мод зөөгөөд ар талын айлд нь буулгасан, та нэг заваараа очиж шалгаарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 13 хуудас/
3. Гэрч Ш.Эрдэнийн “Би өдрийг нь санахгүй байна. 2014 оны 05 сард Батмөнх над руу гар утсаар яриад өвөө танай хашаанд мод буулгаад удахгүй авчихья гэхээр нь би Батмөнхөд ямар ч хариу хэлээгүй гар утсаа салгасан. Тэгээд орой гэртээ ирсэн чинь манай хашааны баруун урд буланд нэлээн олон тооны нойтон мод буулгасан байхаар нь гэр бүлийн хүнээсээ энэ ямар учиртай мод юм бэ? гэхэд манай гэр бүлийн хүн өглөө дэлгүүр орчихоод гэртээ ирсэн чинь энэ моднуудыг манай хашаанд буулгасан байна гэхээр нь би шууд Батмөнхийн мод юм байна гэж ойлгосон. Ингээд байж байсан чинь гаднаас байгаль орчны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд танай хашаанд буусан моднуудын зөвшөөрөл бичиг баримт байна уу, энэ мод хэний мод юм бэ гэхээр нь би энэ модыг мэдэхгүй, гэхдээ манай урд айлын Батмөнх гэдэг залуугийн мод байх, Батмөнх над руу гар утсаар яриад манай хашаанд мод түр буулгаад буцаагаад авах талаар ярьж байсан гэсэн чинь нөгөө хоёр хүн намайг энэ модтой холбоотой гээд дайраад байхаар нь би уурлаад тэр хоёр хүнтэй хэрэлдэж маргалдсан. Тэгээд урагшаа Батмөнхийн гэрт очсон чинь Батмөнхийн гэрт хэн ч байгаагүй. Ингээд маргааш нь Байгаль орчноос хүмүүс ирээд манай хашаанд байсан моднуудыг ачаад аваад явсан. Надад Батмөнх яагаад манай хашаанд мод буулгах гээд байгаа талаараа хэлээгүй. Тэр моднуудыг ямар ч хүн харсан нойтон моднууд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 15 хуудас/
4. Гэрч Т.Нямсүрэнгийн “2014 оны 05 сарын 06-ны өдөр 17 цагийн үед Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Чинбатын хамт Их залуу багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Чинбат ахын гар утсанд дуудлага ирээд Их залуу Хабитатын 10 дугаар гудамжинд байдаг хөрөө рамтай Батмөнх гэдэг хүний хашаанд нойтон мод буусан байгаа очоод шалгаад өгөөч гэхээр нь Чинбат ах бид хоёр Их залуу багийн Хабитатын 10б-8 тоотод очсон чинь эзэнгүй байшин байсан бөгөөд байшин ардаа хөрөө рам ажиллуулдаг айл байсан. Батмөнхийн хойд талын айлын хашааны том дааман хаалга нь онгорхой хашааны баруун урд буланд 2 метрийн урттай олон тооны нойтон мод буусан байхаар нь гэрт байсан эрэгтэй, эмэгтэй хоёр настай хүнтэй уулзаад энэ хэний мод бэ? зөвшөөрөл байгаа юу? гэхэд нөгөө хүмүүс манай урд хашааны Батмөнхийн мод байгаа юм, бид хоёрыг гэртээ байхгүй хойгуур манай хашаанд буулгасан байна гэхээр нь би тэр хоёр хүнээс Батмөнхийн гар утсыг аваад залгасан боловч утсаа аваагүй. Маргааш өдөр нь буюу 2014 оны 05 сарын 07-ны өдөр дахиад Батмөнхийн гар утас руу залгасан чинь эхнэр Даариймаа гэдэг эмэгтэй гар утсыг авахаар нь Байгаль орчны газар хүрээд ирэх хэрэгтэй байна, танай ар талын айлын хашаанд буусан мод ямар учиртай юм бэ? гэсэн чинь Даариймаа Байгаль орчны газар дээр ирээд тэр модны талаар тайлбарлахдаа манай хойд талын айлын хашаанд буусан моднууд манай моднууд биш, тэр модыг цагаан өнгийн Маяти маркийн ачааны машинтай хоёр хүн ачиж ирээд эхлээд манай хашаанд түр буулгачихъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн манай хойд талын айлын эзэнгүй хашаанд буулгасан. Би тэр ачааны машины улсын дугаарыг мэднэ гэхдээ та нарт хэлэхгүй, та нар хяналтын камераа шүү, та нарт мэдээлэл өгсөн хүн тэр машиныг сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Ингээд 2014 оны 05 сарын 09-ний өдөр Байгаль орчны газраас ачааны машинтай очиж нөгөө нойтон моднуудыг ачаад Байгаль орчны хашаанд буулгасан” гэсэн мэдүүлэг. /хх-н 17 хуудас/
5. Гэрч З.Чинбатын “Би 2014 оны 05 сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагч Нямсүрэнгийн хамт Их залуу багаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад миний гар утсанд нууцалсан дугаараас дуудлага ирээд Их залуу Хабитатын 10 дугаар гудамжинд Батмөнхийн хашааны харалдаа ногоон хаалганд үүрээр нойтон мод буулаа, та нар очиж шалгаач гэхээр нь би Батмөнхийг хөрөө рам ажиллуулдаг болохоор тэдний хашаанд мод буусан юм байх гээд Нямсүрэнтэй шууд Батмөнхийн гэрт очсон чинь гэрт нь хүн байгаагүй. Ингээд Нямсүрэн бид хоёр нөгөө хүний заасан хашааг хайгаад Хабитатын 10-р гудамжаар явж байсан чинь нөгөө хүн дахиж залгаад яасан бэ? Модоо олсон уу гэхээр нь би аль хашаа юм бэ гэхэд яг Батмөнхийн арын урагшаа харсан ногоон хаалгатай айл байгаа гэхээр нь Нямсүрэн бид хоёр Батмөнхийн ар талын урагшаа харсан ногоон хаалгатай хашаан дээр очсон чинь хашааны баруун урд буланд олон тооны нойтон мод буусан байсан. Тэгсэн гэрээс настай эрэгтэй хүн гарч ирээд Нямсүрэн бид хоёрыг юун хүмүүс вэ гэхээр нь бид хоёр Байгаль орчноос явж байна, энэ хэний мод вэ гэж асуухад нөгөө өвгөн би энэ модыг мэдэхгүй, намайг байхгүй хойгуур манай хашаанд энэ модыг буулгасан байна гэсэн. Тэр өвгөн Нямсүрэнгийн хажууд гар утсаараа нөгөө модны эзэнтэй яриад байх шиг байсан. Ингээд Нямсүрэн нөгөө модны зургийг гар утсаараа дараад хөдөлгөж болохгүй талаар хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18 хуудас/
6. Гэрч Л.Буянаагийн “2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай гэрийн хүмүүс бүгд ажилдаа яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм. Би дэлгүүр явчихаад гэртээ ирсэн чинь манай хашааны баруун урд буланд олон тооны нойтон мод буулгасан байсан. Тэгээд би гайхаад манай урд талын айл хөрөө рам ажиллуулдаг болохоор тэдний мод манай хашаанд буучихсан юм болов уу гэж бодоод Батмөнхийн хашааны хаалгыг цохисон чинь ерөөсөө хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд буцаад гэртээ орж ирээд сууж байсан чинь гаднаас эмэгтэй, эрэгтэй хүн орж ирээд Байгаль орчноос явж байна, танайх хашаандаа яагаад нойтон мод буулгасан юм бэ зөвшөөрөл нь байна уу гэхээр нь би мэдэхгүй манай урд талд хөрөө рамтай айл байдаг тэр айлын хүмүүс буулгасан байж магадгүй гэж хэлэхэд байгаль хамгаалагч нар манай хашаанд байгаа модны зургийг аваад энэ модонд хүн хүргэж болохгүй гээд явсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 14 хуудас/
7. Гэрч Б.Золбоогийн “2014 оны 05 дугаар сарын эхэн үед хамаатны ах Батцоож намайг Батмөнхийн гэрт мод буулгах хэрэгтэй байна гэхээр нь би Батцоожийг дагаад явсан. Батцоож бид хоёр миний машинд ачсан модыг Батмөнхийн хашаанд буулгасан. Батмөнхийн хашаанд Батмөнх түүний эхнэр нар байсан. Батмөнхийн хашаанд мод буулгаснаас хойш 2-3 хоногийн дараа Батцоожтой хамт байхад Батмөнх Батцоожийн утас руу залгаад байгаль орчноос шалгалт ирэх гээд байна, нөгөө модоо өөр хашаанд буулгах хэрэгтэй байна гэхээр нь Батцоож бид 2 Батмөнхийн гэр лүү явж байхад Үнэнбаттай таараад Үнэнбатыг аваад Батмөнхийн гэрт очсон. Бид 3 хамт мод ачаад Батмөнхийн ар талын хашаанд буулгасан. Сүүлд Батмөнхийн гадаа буулгасан модыг аваад арын хашаанд буулгаж байхад Батмөнх өөрөө хамт байсан. Батцоож Батмөнхийн машинаас гарч ирээд миний машинд суухдаа Батмөнхөөс 200 000 төгрөг авчихлаа. Үлдэгдэл 100 000 төгрөгийг нь дараа өгнө гэж ярьж байсан. Мөн Батцоож гэртээ харих замд дэлгүүр орж тамхи авахдаа надад Батмөнхөөс авсан гэх 200 000 төгрөгийг үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 290 хуудас/
8. Гэрч Б.Баярмаагийн “2015 оны 05 сарын 08-ны өдөр манай нөхөр Батмөнх өглөө 08 цагаас ажилдаа явсан. Явахдаа цэцэрлэгийн хүүхдээ аваад явсан юм. Ингээд би гэртээ том хүүтэйгээ гэртээ хоёулахнаа байж байтал /том хүү маань хичээл нь өдөр ордог юм/ цагаан өнгийн Майти маркийн машинтай мод ачсан залуу ирсэн юм. Энэ залуу нь зүс мэдэх мод зардаг хүн байсан, энэ хүнтэй бас нэг танихгүй залуу байсан бас Үнэнбат гэдэг зүс таних залуу ирсэн. Энэ Үнэнбат нь манайд ирээд Шижирээ хүний машин эвдчихлээ. 500 000 төгрөг зээлүүлээч гэж ирсэн юм. Ингээд өглөө нь эхлээд Үнэнбат гаднаас ганцаараа орж ирээд мөнгө зэлүүлээч гээд байж байхад манай ээж Чулуунцэцэг орж ирэхээр нь Үнэнбатад 10 000 төгрөг өгсөн. Тамхи авна гэхээр нь тамхиа аваад хариултыг нь авч ирж өгөөрэй гэсэн юм. Тэгээд дэлгүүрээс эргэж ирэх үед нь одоо нэрийг нь Батцоож гэж мэддэг болсон залу, дүүтэйгээ /дүү нь гэдгийг мөн сүүлд мэдсэн/ цагаан “Майти” машинтай ирсэн. Ачаан дээрээ байгаа модоо бүтээчихсэн байсан. Модны хөрөө рам ажиллуулдаг болохоороо тэр модыг нь үзэхэд бичиг баримтгүй нойтон мод байхаар нь би бичиг баримтгүй, тэгээд нойтон мод авахгүй, хөрөөнд оруулах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу манай гадаа байгаад байсан. Буулгая гэсэн уичр нь энэ мод нь эзэнтэй, хорооллын эцэс рүү гараад хүнд өгөх гэхээр модны шалгалт яваад байна гэхээр нь би болохгүй, манайх хөрөө рамтай учир нойтон мод буулгавал шалгалтын хүмүүс шууд ирж шалгах болно. Тийм учраас уг модыг буулгахгүй гэхэд тэр Батцоож байгаль орчныхон бол асуудал биш шүү дээ би бол зодчихоно гээд байсан. Би буулгахгүй гээд гэртээ орчихсон байхад манай хаалгыг дахин дахин нүдээд л байсан. Тэгээд ойр хавийнхаа таньдаг айлд ч хамаагүй буулгуулчих гээд гуйгаад байсан. Би буулгахгүй гэсэн. Тэгсэн гадаа байхдаа манай нөхөр рүү залгаад таньдаг айлд буулгаад өгчихөөч гэж гуйгаад ярьсан гэсэн. Үүнийг нь би тэр үедээ мэдээгүй, орой нь нөхрөөсөө мэдсэн. Намайг хүүхдээ хичээлд явуулахаар гарахад Батцоож машинтайгаа манай харалдаа ард талын айлын хашаа руу ороод модоо буулгаж байсан. Би тэр айлаас гуйгаад л модоо буулгаж байгаа юм байх гэж бодсон. ” гэсэн мэдүүлэг. /х/х-н 337-р хуудас/
9. Шинжээч Н.Цогтбаатарын “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар Орхон аймгийн нутаг дэвсгэрийн нийт ойн санг нэгдүгээр мужлал буюу хамгаалалтын бүсийн ойн сан болгосон. Нойтон модыг зохих зөвшөөрөлгүй бол бэлтгэх боломж байхгүй. Д.Батцоожийн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын ам гэдэг газраас бэлтгэсэн хэрэглээний мод нь 2 метр урттай 12-26 см диаметртэй 59 ширхэг нойтон шинэс мод байсан. Энэ модыг хэмжиж үзэхэд 3 шоо метр куб мод бэлтгэсэн байсан бөгөөд уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 114 819 төгрөг болсон. Д.Батцоожийн байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасныг үндэслэн ойн санд учруулсан хохирлыг Ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 114 319 төгрөгийг гуравт үржүүлж Д.Батцоож нь улсад нийт 3 344 457 төгрөг нөхөн төлөх ёстой. Д.Батцоожийн бэлтгэсэн мод нь нойтон мод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 28 хуудас/
10. Орхон аймгийн Ойн ангийн шинжээчийн “Байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 114 819 х 3 =3 344 457 төгрөг нөхөн төлүүлнэ гэсэн” дүгнэлт. /хх-н 23-24 хуудас/
11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хавсаргах гэрэл зураг /хх 325-328 хуудас/
12. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 65 хуудас/
13. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 78-81 хуудас/
14. Шүүгдэгч Д.Батцоожийн “2014 оны 05 дугаар сард Согоотын амнаас шинэс модыг ачиж ирсэн. Энэ модыг Ц.Батмөнх захиалж авчруулсан. Мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ц.Батмөнх надад мод авч ирвэл авна гэсэн. Надад дөчөөд ширхэг мод аваад ир гэж хэлсэн. Модоороо хашааны банз хийж зарна гэж байсан. Модоо ачихдаа Үнэнбат, Золбоо хоёртой хамт явсан. Ц.Батмөнхийн хашаанд буулгасан байсан чинь Ц.Батмөнх өөрөө Байгаль орчны газраас шалгалт ирэх гэж байна. Хойд айлын хашаанд буулгачих, унаа тэрэггүй байна гээд гуйгаад байсан. Тэгээд л буулгасан. Түүнээс тэр айлыг нь танихгүй. Ц.Батмөнх надад хохирлыг чинь би даая чи хэргээ даачих гэж хэлсэн. Хохиролд 1 673 000 төгрөг төлсөн. Ц.Батмөнхтэй 300 000 төгрөгөөр тохирч модонд явсан. Ирээд 200 000 төгрөгийг аюулгүйн тойрог дээр өгсөн. Дараа нь 100 000 төгрөгийг өгнө гэж байсан. Миний хувьд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг.
15. Шүүгдэгч Ц.Батмөнхийн “2014 оны 05 дугаар сард нэг өглөө ажил дээрээ байж байтал эхнэр Баярмаа ярьж энд хүн мод авах уу гэж байна гэхээр нь зөвшөөрөл байгаа юм уу гэсэн. Эхнэр “үгүй, энэ хүн буулгах гээд байна” гэж хэлсэн. Би Эрдэнээ ахтай утсаар ярьж танай хашаанд хүн мод буулгая, орой авна гэж байна гэж ярьсан. Тэгээд хойд айлын хашаанд буулгасан байсан. Хашааны эзэн Эрдэнээ гуайтай ярихад орой авна гэж хэлсэн гэсэн. Энэ хэргийн ганц гэрч нь манай эхнэр Баярмаа юм. Тэр машиныг Золбоо барьчихсан явж байсан гэсэн. Золбоо нь Батцоожийн дүү. Тэгтэл энэ хэрэгт гэрчээр явж байгаад гайхаж байна. Д.Батцоож нь над руу байнга утсаар ярьж биеэр уулзана. Намайг модны мөнгө төл л дөө, тэгвэл би хэргээ даая гэдэг байсан. Энэ талаар анхны өмгөөлөгч Ганбатад хэлэхэд ажлаа хялбарчилсан юм уу талыг нь төлчих гэж хэлж байсан. Мөрдөн байцаагч Алтаншагай ч гэсэн тэгж хэлж байсан. Миний хувьд хохиролтой байна. Энэ хэргийг үйлдээгүй. Д.Батцоож энэ хэрэгт чамайг чирээд явна гэхээр нь байгууллагаасаа 10 хоног Чежүд аялах эрхээр шагнуулсан байсан болохоор явж чадахгүй болчих байх гээд хохирлоос нь төлье гэсэн. Би амьжиргаа хөрөө рамаа өгье гэж хэлж байсан. Гол нь миний эд хөрөнгийг авчихаад дахиад энэ хэрэгт чирээд яваад байх вий гэж бодсон. Тэрийгээ л утсаар хэлсэн байх. Энэ хэргийг Золбоо, Батцоож, Үнэнбат гуравыг хийсэн гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж үзлэг хийсэн дуу бичлэгийн хуурцаг, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх 47-48 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батмөнх мэдүүлэхдээ “Батцоож болон гэрч Золбоо, Үнэнбат нар намайг гүтгэж байна. Энэ хэрэгт оролцоогүй. Батцоожийг гуйгаад байхаар нь Эрдэнэ гуай руу утсаар ярьсан. Хүнд тус болох гэж байгаад хэрэгт холбогдсон. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэе” гэв.
Шүүгдэгч Д.Батцоож мэдүүлэхдээ “Би Батмөнхийг гүтгээгүй. Хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй. Хууль үнэн зөв шийдвэрлэж өгнө гэж бодож байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батцоож нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Батмөнх нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Батмөнх нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдаж аваагүй гэж мэдүүлж байх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.036 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүйг мэдсээр байж 300 000 төгрөгөөр худалдан авсан, өөрийн хашаанаас Ш.Эрдэний хашаанд зөөлгөж буулгасан болох нь гэрч Ш.Эрдэний мэдүүлэг, Ш.Үнэнбатын мэдүүлэг, Б.Золбоогийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан дуу бичлэгийн хуурцаг, шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Гэрч ?.Баярмаагийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Батмөнхийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Ц.Батмөнхийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Батцоож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зохих хэсгийг төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Батмөнхөд ял шийтгэх оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас ойн санд 1 114 319 төгрөгний хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 344 457 төгрөгөөр тооцон төлүүлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Батцоож нь мөрдөн байцаалтын шатанд 1 672 230 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Ц.Батмөнхөөс 1 672 227 төгрөг гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль хамгаалах санд олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг заавал хураана” гэж заасан боловч мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийг хураан авах, битүүмжлэх арга хэмжээ аваагүй, уг тээврийн хэрэгсэл нь одоо хаана, хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь тодорхойгүй байх тул хурааж улсын орлого болгох боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Даш овгийн Доржсүрэнгийн Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жунтон овгийн Цэндийн Батмөнхийг зөвшөөрөлгүй мод худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 1 672 227 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулж Байгаль хамгаалах санд олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Батцоож нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС