Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/0729/З |
Дугаар | 221/МА2024/0773 |
Огноо | 2024-12-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0773
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Нэхэмжлэгч: “Ю” ХХК
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Ю” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/2017 дугаартай Эрчим хүчний барилга байгууламж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0410 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0729/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Ю” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/2017 дугаартай Эрчим хүчний барилга байгууламж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0410 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд гаргасан тайлбаруудад бүрэн бодитой дүгнэлтийг хийгээгүй. Маргасан асуудлаар бүрэн дүгнэлт хийж чадаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нөхцөл байдал байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд 2017 онд тусгай зөвшөөрөл авсан. Илтгэгч шүүгчийн танилцуулснаар 2020 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт өгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр сунгаж шийдвэрлэсэн. Сунгахдаа өмнө нь өнгөрчихсөн байсан 12 жилийн хугацааг оруулаад тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жил 8 сарын хугацаанд л хүчинтэй байхаар сунгасан. Гэхдээ 1.8 жилийн хугацаагаар сунгасан ч гэсэн нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар огт үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлийн дагуу нарны цахилгаан станц барьж байгуулахад холбогдох ажлуудыг хийгээд явж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 6 үзүүлэлтээр дүгнэсэн байдаг. Эдгээр 6 үзүүлэлтийг тус бүрээр нь авч үзвэл 2 хэсэгт хувааж болохоор байгаа.
3.1. Компаниас буюу хуулийн этгээдээс шалтгаалах нөхцөл байдалд 4 болон 6 дахь шаардлагууд хамаарна гэж харж байгаа. Бусад 4 шаардлагын хувьд төрийн байгууллагаас олгох эрхтэй холбоотой төрийн байгууллагаас шалтгаалах үнэлгээ шалгуур үзүүлэлтүүд байгаа. Ингээд өөрөөс шалтгаалах буюу хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байх ёстой 6 дахь шаардлага, 4 дэх шаардлага болох тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд нь барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан байх ёстой гэдэг шаардлага байгаа. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээ байгуулчихсан. Эхний санхүүжилт болох 500.000 ам доллар компанийн дансанд ороод ирчихсэн байхад үүнийг 20 хувиар үнэлж байгаа нь үнэлгээ хуульд заасны дагуу болсон уу, бодит нөхцөл байдалтай нийцсэн үү гэдэг асуудал яригдана. Дараа нь техникийн хяналтын гэрээ хийлгэх гэдэг шаардлагыг тавиад байгаа. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани гэрээг хийчихсэн. Гэтэл компанийнх нь нэр өөрчлөгдсөн учраас дахиж хэлэх ёстой байсан гэдэг шаардлага тавиад байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна уу? Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх хүрээнд өөрөөс шалтгаалах ажлуудаа гүйцэтгэчихсэн байгаа. 1, 2, 3, 5-д заасан шаардлагууд бүхэлдээ төрийн байгууллагаас олгох зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд байгаа. Гэтэл “Ю” гэдэг компани техникийн нөхцөлөө сунгуулъя гэдэг хүсэлтээ 7 удаа, зургийн даалгавар гаргуулъя гэдэг хүсэлтээ 2 удаа, горимын тооцоогоо дахиж батлуулъя хийлгүүлье гэдэг хүсэлтээ 3 удаа, эрчим хүч нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд орох тухай хүсэлтээ 2 удаа, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй холболтын цэгийн тодорхойлолт авах хүсэлтийг 1 удаа гэх мэт төрийн байгууллагад гаргах ёстой хүсэлтээ хууль журамд заасны дагуу бүгдийг нь гаргаад явж байсан. Эрчим хүчний яам, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын тэмдэглэлд ч гэсэн тусгагдсан байдаг. Нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих, бодлогын хүрээнд дэмжих юм уу үгүй юм уу гэдэг асуудал байсан тухайн үед эдгээр нөхцөл байдлуудаас болоод Эрчим хүчний яамнаас нарны эх үүсвэртэй цахилгаан станцыг бодлогын хувьд дэмжихгүй гэдэг албан бичгийг хэд хэдэн удаа ирүүлээд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, техникийн нөхцөлийг нь сунгаж өгөөгүй, зургийн даалгаврыг нь гаргаж өгөхгүй эс үйлдэхүүнүүд байсан. Эдгээр төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаагүй нөхцөл байдлаас шалтгаалаад байхад хариуцагч үнэлэхдээ маш бага хувиар 20 хувь гээд үндэслэлгүйгээр үнэлж дүгнээд байгаа. Ингэж үндэслэлгүйгээр үнэлснээс шалтгаалаад өнөөдрийн нөхцөл байдал буюу тусгай зөвшөөрөл сунгагдахгүй дуусгавар болох нөхцөл бий болсон гэж үзэж байгаа.
3.2. Анхан шатны шүүх энэ хэргийн үйл баримтад бүрэн бодитой хэмжээнд дүгнэж шийдвэр гаргаагүй. Тусгай зөвшөөрөл нөхцөл шаардлагад заасан шаардлагыг биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэдэг зүйл хэлээд байгаа. Гэтэл хэрэгт авагдсан 4 хавтаст хэрэг, тусдаа нотлох баримтуудаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд өөрөөс шалтгаалах бүх ажлуудаа хийсэн гэдэг нь харагдаж байгаа. Нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих асуудал нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулах шаардлагатай ажил байгаа. Үүнтэй холбоотойгоор 3 удаа хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийгээд, 3 дахь удаагийн хэлэлцээнд “Б” гэдэг компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад, анхны хөрөнгө оруулалтаа татчихсан байхад шүүх үүнийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны итгэл маргааны тухайд зайлшгүй яригдах ёстой. Хөрөнгө оруулалт болох тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргачихсан, үүнтэй холбоотой маш олон ажлуудыг хийчихсэн байгаа учраас хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим үйлчлэх ёстой. Төрийн шийдвэр үйл ажиллагаанд итгээд тусгай зөвшөөрлийн дагуу нарны цахилгаан станц барьж байгуулахаар холбогдох зардлыг гаргаад ажиллаж байгаа. Төрийн байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагааны уялдаагүй байдлаас шалтгаалаад нөхцөл байдал ийм болсон байгааг шүүх анхаарч үзнэ гэж бодож байна” гэжээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Ю” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид олгосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/2017 дугаартай Эрчим хүчний барилга байгууламж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар захирамжаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр баг, Рашаантад байрлах 100 га талбай газрыг нэхэмжлэгч “Ю” ХХК-д нарны цахилгаан станц барих зориулалтаар, 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
3.2. Улмаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар дээрх суманд 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 74/2017/22 дугаартай Техникийн нөхцөл зэргийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн 06/2017 дугаартай гэрчилгээг “Ю” ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 3 жилээр сунгажээ.
3.3. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг тусгай зөвшөөрлийг дахин сунгуулах хүсэлт гаргасан байх ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 343 дугаар тогтоолоор “Ю” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих 06/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
3.4. Улмаар мөн хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” *** дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” *** дугаар тогтоолд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 343 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.
4.2. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 343 дугаар тогтоолд “тус хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.2, 6.7 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэжээ.
4.3. Анхан шатны шүүх “... хариуцагч нь дээрх тогтоол, дүрмийн дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэж ... нийт биелэлт 8.3 хувьтай үнэлж, “Хангалтгүй” гэж дүгнэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д ... заасантай нийцжээ ... хангалтгүй гэж дүгнэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.
4.4. Нэхэмжлэгчээс “... нэхэмжлэгч нь энэ бүхий л хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахын тулд өөрөөс шалтгаалах бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд зарим албан тушаалтнаас нарны эх үүсвэртэй цахилгаан станцыг бодлогын хувьд дэмжихгүй байсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш ...” гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.
4.5. Хариуцагч захиргааны байгууллагаас “Ю” ХХК-ийг эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулаагүй, ашиглалтад оруулаагүй, холбогдох баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлээгүй, барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэсэн хувийг ирүүлээгүй, барилга байгууламж, барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлээгүй, барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлгэх гэрээ байгуулаагүй гэж буруутган, биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
4.6. Гэтэл нэхэмжлэгч “Ю” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулж, Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгээр “Угсаатны зүйн авран хамгаалах” судалгааны ажил хийлгэж, дүгнэлт гаргуулсан, Палеонтологи, Геологийн хүрээлэнгээр “Палеонтологийн хайгуул, судалгааны ажил”-ын дүгнэлт гаргуулсан, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 74/2017/22 дугаартай “Техникийн нөхцөл”-ийг батлуулсан, 2020 онд Эрчим хүчний зураг төслийн компаниар “Ажлын зураг” хийлгэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Д” ХХК-тай “Нэмэлт ажил, үйлчилгээний гэрээ”, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Г” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сингапур улсын “Б” ЛТД компанитай “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4.7. Түүнчлэн, Эрчим хүчний зохицуулах хороо нь “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 3 жилээр сунгасан шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, үүний улмаас техникийн нөхцлийг сунгах, барилга, байгууламжийн зургийн даалгавар авах, станцын зургийн ажил гүйцэтгэх шат дараатай ажиллагаанууд удааширсан, төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, хүсэлтийн хариу хугацаандаа гараагүй, шийдвэрлэгдээгүй, хүлээлтийн байдалтай байсан үйл баримтыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан, мөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөлөөлөл, улсын хэмжээний хорио цээрийн дэглэм үргэлжилж байсан нийтэд илэрхий баримт, нөхцөл байдлууд нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болохыг нотолж байна.
4.8. Дээрхээс үзвэл, хариуцагч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлттэй холбогдуулан бодитой дүгнээгүй, “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр “Хангалтгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хуульд үндэслэх” зарчим, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.7, 6.8, 9.2, 9.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна.
4.9. Өөрөөр хэлбэл, “Ю” ХХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй 30 МВт-ын нарны цахилгаан станц барих ажлын техникийн нөхцлийн хугацааг сунгаагүйн улмаас эрчим хүчний станц барих үйл ажиллагаа зогсонги байдалд хүрч, энэ нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд сөргөөр нөлөөлсөн байх ба хариуцагчаас компанийн үйл ажиллагаанд өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзахгүйгээр дүгнэлт гаргасан нь маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” *** дугаар тогтоол гарах үндэслэл болжээ. Энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.
5. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана”, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7-д “Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана” гээд 7.1-д “тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор”, мөн хуулийн 10-д “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана”, 16-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно” гэж тус тус заасан.
5.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг тусгай зөвшөөрлийг дахин сунгуулах хүсэлт гаргасан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос уг хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэж, хариу өгсөн нь хуулийн дээрх заалтад хуульчилсан хугацаа зөрчигдсөнөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсанаар тооцогдох үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээр байна.
5.2. Түүнчлэн, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Хоёр” Эрчим хүчний сэргэлт гэсний 2.1-т “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ”, 2.2-т “сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн ... эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана”, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 5.3.1-т “сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх”-ээр, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна” гэж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2.1.1-т “эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023 он/, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөртэй уялдсан байх нь тусгай зөвшөөрлийн зохицуулалтын тулгуур асуудал байна”, 2.1.4-т “ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эх үүсвэрийг дэмжих чиглэл баримтална” гэж тус тус эрчим хүчний бодлого түүн дотроо сэргээгдэх эрчим хүчийг төрийн бодлогоор дэмжих талаар бодлогын баримт бичгүүдэд тодорхой тусгагдсан байна.
5.3. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь сэргээгдэх эрчим хүч болох нарны цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулалт татаж холбогдох хууль, журамд заасны дагуу анх олгогдсон тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг бодит байдалд нийцээгүй, зөвхөн нэхэмжлэгч талыг буруутгасан байдлаар нөхцөл шаардлага хангаагүй гэсэн бодит бус үнэлгээ тавьж, сунгахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
5.4. Мөн Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар олон улсад нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг, технологийн хөгжлийн нөлөөгөөр буурч байгаа талаар болон Монгол Улсын эрчим хүчний систем нь горим тохируулгын эх үүсвэрийн дутагдалд орсонтой холбогдуулан барилга угсралтын ажил нь дуусаагүй тусгай зөвшөөрөлтэй нар салхины эх үүсвэрийн төслүүдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, нарны эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд 1кВ.ц цахилгаан эрчим хүчийг 0.10 ам.доллараар сүлжээнд нийлүүлэх, нарны эх үүсвэрийн нийт суурилагдсан чадлын 20 хувиас доошгүй чадалтай, эрчим хүч хуримтлуурыг суурилуулсан тохиолдолд төслийг бодлогын хувьд дэмжлэг үзүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн үйл баримт нь дээр дурдсан төрөөс эрчим хүчний бодлого тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаагийн нэг илрэл гэж үзэхээр байна.
5.5. Иймд маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” *** дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/2017 дугаартай Эрчим хүчний барилга байгууламж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт 30 МВт-ын Нарны цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ