Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 121/ШШ2021/0001

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0013/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.**, гуравдагч этгээд М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Бөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Днь, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу Монгол Улсын засгийн газар, Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу цар тахлын хорио цээр тогтоосон, бүх нийтийн бэлэн байдал зарласан цаг үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулахдаа Монгол Ардын намаас нэр дэвшиж сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Р.З, Б.Н, С.А, Ё.И, Н.Б, Ц.И, М.М, Э.С, П.Б нарын 9 /есөн/ гишүүнийг оролцуулалгүйгээр Бүрд сумын Засаг даргад нэр дэвшүүллээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 тогтоол нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12-дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж байгаа тул илт хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.                              

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яагаад нэхэмжлэл гаргах болсон бэ гэхээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6–т зааснаар хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үзэж байна. Яагаад хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үзэж байгаа гэхээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар хүлээсэн эрх, үүрэгтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно гэж заасан эрхийг нь эдлүүлээгүй учраас Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэр хууль бус гэж үзэж байна. Таслах эрхийг эдлүүлээгүй байна. Яагаад гэвэл хуулиар таслах эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн тайлбартай танилцаж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болох талаар Г.Б-д мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй гэж байгаа юм байна лээ. Гэтэл тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах боломж байсан уу? гэвэл байгаагүй. Яагаад байгаагүй гэхлээр Засгийн газрын 62 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн Засаг даргын **дугаар захирамжаар хөл хорио тогтоосон байсан. Хөл хорио тогтоосон учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцох боломжгүй байсан. Ийм шалтгаантай учраас бид оролцох боломжгүй гэдгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан бичгээр танилцуулсан хэдий ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулсан учраас хууль бус хуралдаан гэж үзэж байна. Тэрнээс биш гуравдагч этгээдийн эрх ашигт халдсан гуравдагч этгээд Засаг даргаар сонгох сонгогдох эрхтэй гэсэн гуравдагч этгээдэд хандсан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна ... Хариуцагч талын хариу тайлбарыг сонслоо. Гуравдагч этгээдтэй холбогдуулж хэлэх санал байхгүй гэдгээ тайлбартаа хэлсэн. Хариуцагчийн тайлбартай холбогдуулаад хэлэхэд нэг зүйлийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хаалга түгжчихээд хуралд оруулаагүй гэсэн ганц ч үг хэлээгүй.

Гэтэл намайг хэлсэн мэтээр хүнийг гүтгэж  болохгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохгүй боломжгүй байна гээд хүсэлтээ өгсөн байхаар нь хурлаа хийсэн гэж байна. Дараа нь ямар ажил хийгдсэн бэ? Тухайлбал дахин ярьсан зүйл байна уу? Халдвар хамгааллын дэглэм бариад хуралдана гэсэн заавар Монгол Ардын намын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт очсон уу? эсхүл биеэр оролцох боломжгүй бол цахимаар оролцооч гэж хэлсэн зүйл байна уу? Бүх талын ажиллах бололцоогоор хангах үүрэгтэй. Эхэд үр ялгаагүй эзэнд албат ялгаагүй гэж үг байдаг.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга та Бүрд сумын эзэн нь байхгүй юу. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын талыг нь оролцуулаад хуралдаад байж болохгүй. Төрийн ажил явдгаараа явах ёстой. Монгол Ардын намын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 төлөөлөгчийг оролцуулаад хуралдсан бол Нутгийн захиргааны удирдлага шийдээд гуравдагч этгээд аль хэдийн ажилдаа ороод явж байх байсан.

Гэтэл Монгол Ардын намын 9 төлөөлөгчийг хуралд оролцуулаагүйгээс болоод хаа хаана ажил нь цалгардаж байна. Ганцхан Монгол  Ардын намын бүлэгт хохиролтой байгаа зүйл биш. Өвөрхангай аймгийн Бүрд суманд хохиролтой. Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн нэр дэвшигчид хүртэл хохиролтой байгаа.

Хууль бус ажиллагаа хийснээс болоод чирэгдэл гарч байгааг бодолцож үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь юмыг зөв тайлбарлах хэрэгтэй. Хаалгаа түгжээд оруулахгүй байна гэсэн зүйл хэлээгүй байхад ингэж хэлсэн гээд зогсож байж болохгүй” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Д-с 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Б-с тус шүүхэд хандан гаргасан “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.                                                                                                    Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Б нь “Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.                       Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа: “Өвөрхангай аймгийн Бүрд Сумын ИТХ-ын дарга М.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу цар тахлын хорио цээр тогтоосон бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан цаг үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ-ыг зарлан хуралдуулахдаа Монгол Ардын намаас нэр дэвшиж, сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Р.З, Б.Н, С.А, Е.И, Н.Б, Ц.И, М.М, Э.С, П.Б нарын 9 гишүүн нарыг оролцуулахгүйгээр Бүрд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргалаа.” гэсэн нь утга, агуулгын хувьд болж өнгөрсөн үйл явдлыг худал дүрсэлсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар байна.                                                                                                                                                1-т: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлд нэр дурдсан 9 хурлын төлөөлөгчийн төлөөлөх эрхгүй этгээд байхад шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад нийцэхгүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал Г.Б-н гаргасан нэхэмжлэлд түүний (өөрийнх) нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл Бүрд сумын Монгол ардын намын хороог төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа гэж үзвэл, тус намын хорооны хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөн эхсүл зөрчигдөж болзошгүй талаар огт дурдаагүй байна.

Харин эсрэгээрээ, нэр бүхий 9 хурлын төлөөлөгчийг хуралд оролцуулаагүй талаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан гэдгийг нотолж байна.

              2-т: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Д-г Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий 9 төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санаатайгаар оролцуулаагүй мэтээр тайлбар гаргасан нь болж өнгөрсөн үйл баримттай нийцэхгүй байна.

               Хурлын дарга М.Д-н зүгээс хурлын төлөөлөгчдийг хуралдаанд оролцоход саад учруулсан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.Харин Монгол ардын намаас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий 8 төлөөлөгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болох өдөр сумын ЗДТГ-ын байранд цугларч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн өдрийн товлогдсон хуралдаанд сайн дураараа оролцохоос татгалзаж байгаагаа өөрсдөө бичиж, гарын үсгээ зурж ирүүлсэн болно.

              Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 15 цагт Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт товлон зарласан. Ирц 100% тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, төлөөлөгчдөд зар хүргэж гарын үсэг зуруулсан. Тиймээс, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуралдаанд оролцохоос татгалзаж нэрсээ ирүүлсэн төлөөлөгч нарт хуралдааны тов мэдэгдэж, гарын үсэг зуруулсан баримтыг хавсралтаар хүргүүлж байна.                                                                                                    

              3-т: Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон зарлаж, хурлын нийт 21 төлөөлөгчид хурлын товыг мэдэгдэж, төлөөлөгч бүрээр гарын үсэг зуруулж, хуралд оролцох боломжийг хангаж ажилласан. Гэтэл, хурлын товыг мэдэж, гарын үсэг зурсан төлөөлөгчид өөрсдөө хуралд оролцохоос татгалзсан.

              Анх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны товыг тогтоох үед Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргаас хорио цээр тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байсан болно.

              Тиймээс, хүчин төгөлдөр хуралдааны товыг ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй байхад дээрх нэр бүхий 9 төлөөлөгч хуралд оролцоогүй.                             4-т: Хэдийгээр хуралдааны товыг Засгийн газар, аймгийн Засаг даргаас хорио цээр тогтоосон шийдвэр гарахаас өмнө тогтоосон боловч хуралдаан болох өдрөөс өмнө бид 2020 оны 11-р сарын 17-нд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.П, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Ишдорж нарт албан бичиг илгээж /хариу ирүүлээгүй/, товлосон хуралдаанаа халдвар хамгааллын дэглэм баримтлан явуулахыг мэдэгдсэн болно. Мөн, улсын нийт нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоосон байх үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурал танхимаар хуралдаж, хуралд 27 төлөөлөгч оролцсон ижил тохиолдол байна.                                                                                                                     5-т: Сумын Онцгой комиссоор 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Сумын Онцгой комисст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн үйл ажиллагааг хязгаарлах хуулиар олгогдсон ямар нэгэн эрх хэмжээ байхгүй боловч бид төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллахыг хүссэн.     6-д: 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын журмыг баримтлан танхимаар зохион байгуулахад ямар нэгэн асуудал үүсээгүй болно. Танхимын хуралдаанд оролцохоос татгалзсан нэр бүхий 9 төлөөлөгч танхимд оролцох боломжгүй гэж үзэж байгаа бол зайнаас хуралд оролцох хүсэлтээ ирүүлж болох байсан.Гэвч тэдний санаа зорилго нь анхнаасаа хурлыг бойкотлох зорилготой байсан нь илэрхий байсан гэдгийг дурдах нь зүйтэй.           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага.Тиймээс, тус байгууллагын үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас хязгаарлах ямар нэгэн шийдвэр, үйл ажиллагаа байж болохгүй.Монгол Улсын Засгийн газрын болон Өвөрхангай аймгийн Засаг дарга /Аймгийн Онцгой комиссын дарга/-ын шийдвэрүүд нь нутгийн захиргааны байгууллага буюу Засгийн газар, Засаг даргын удирдлагад үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт хийсэн.

              Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага биш буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ард иргэдийн төлөөлөл юм.Тиймээс аль ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд ард иргэдийн төлөөл ажиллаж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх ёстой.Хэрэв захиргааны байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаагаа хязгаарлуулаад суувал энэ халдварт өвчин, цар тахал, гамшгийн үед ард иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэхээс өөр аргагүй.Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшгийн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

              Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд: Нутгийн өөрөө удирдах байгууллагын гамшгийн үед хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн.Хуралд энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах ёстой. Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан.Тиймээс 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь хууль ёсны үйл ажиллагаа юм.                                                                                                                                7-д: Дээрх нэр бүхий 9 төлөөлөгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 8 дахь заалт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.          

              8-д: Нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 2/01 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан аль үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаа талаарх тайлбар хангалтгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байгааг анхаарна уу? ... “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбараа албан бичгээр гаргаж өгсөн байгаа. Хариу тайлбартаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасантай нийцэхгүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна”. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

              Гуравдагч этгээд М.М-с 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргааны зүйл болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 2/01 дүгээр тогтоол нь М.М намайг Бүрд сумын Засаг даргаар томилуулахаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжиж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн тогтоол юм. М.М миний бие 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчийн хувьд тус хуралдааныг хууль зөрчсөн, Монгол ардын намын бүлгийг хуралдаанд оролцуулаагүй гэх явдал гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.      Болсон үйл явдлын тухайд: 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралыг 11 дүгээр сарын 21-нд товлон зарлагдсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 10 цагт эхлэх байсан боловч Монгол ардын намын бүлгийн гишүүд хуралдаа ирэхгүй /тэр өглөө Монгол ардын намын бүлгийн 8 гишүүн Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд цуглан хуралдаж байна гэх мэдээг хурлын даргад өгсөн/ хурлын дарга, төлөөлөгчдийг 1 цаг орчим хүлээлгэсэн. 11 цагийн үед Монгол ардын намын бүлгийн дарга Р.Загддорж Монгол ардын намын бүлэг хуралдаанд оролцохоос татгалзаж байна гэсэн агуулгатай албан бичигт Монгол ардын намын 8 төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулан оруулж өгчхөөд гарсан. Мөн тухайн өдөр Улаанбаатар хотод байгаа нэг төлөөлөгчийг хуралдаанд цахимаар оролцох боломжийг бүрдүүлэн техникийн зохион байгуулалтыг хийсэн байсан. Ингээд хуулийн дагуу хуралдааны ирц бүрдсэн тул хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлж, Ардчилсан намын бүлгээс М.М намайг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, дээрх тогтоолыг гаргасан. Харамсалтай нь, Монгол ардын намын хорооны дарга Г.Б гэх хүний энэхүү үндэслэлгүй, худал нэхэмжлэлийн улмаас миний бие одоог хүртэл сумын Засаг даргаар томилогдож чадахгүй хохирч байна. Учир нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол шүүхийн маргаантай гэдэг шалтгаанаар аймгийн Засаг дарга нь М.М намайг батламжлахгүй байгаа юм.                                       Энд зөвхөн М.М гэдэг хүний эрх зөрчигдөөд зогсохгүй, Бүрд сумын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ[1]. Сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлнэ[2] гэж тус тус заасан. Өнөөдөр, Монгол ардын намын хорооны дарга Г.Б гэх энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэл бол эцсийн үр дагавартаа Бүрд сумын төрийн удирдлагын легитим шинжийг үгүйсгэсэн, ард иргэдийн хүсэл зоригийг үл хүндэтгэсэн, төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхэнд дур зоргоор халдсан хууль бус үйл ажиллагаа болж байна гэж үзэж байна.                                      Энэ нэхэмжлэлээс болоод Бүрд сумын ард иргэдийн санал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хууль ёсны шийдвэрийг үл хүндэтгэсэн үйлдэл бөгөөд сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг нэн яаралтай батлагдах бодлогын баримт бичгүүд батлагдаж чадахгүй байна. Мөн суманд өвөлжилт хүндэрсэн, отор нүүдэл ихтэй, цар тахлын хүнд үед иргэд хохирч байна. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль ёсны үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг удаашруулж байгаа энэ мэт зүй зохисгүй үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоож, цаашид гаргахгүй байхад шүүхээс гарах шийдвэр чухал ач холбогдолтой юм. Мөн Г.Б-н гаргасан нэхэмжлэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэдэг нь сумын иргэдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн 8 төлөөлөгч өөрсдөө Иргэдийн хуралд суухгүй гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байхад ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна.                            

              Иймд Г.Б-н гаргасан нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 сарын 21-ний өдрийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 2/01 тоот тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүйн үндэслэлтэй хэд хэдэн зүйл ярья. Эхлээд нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байна гээд захиргааны хэрэг үүсгэсэнтэй санал нийлэхгүй асуудал байгаа. Нэхэмжлэл дээр нэхэмжлэгч буюу иргэн буюу хуулийн этгээдийн хуульд заасан эрх ашиг зөрчигдсөн байж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх эрх нь нээгддэг.                                                                  Нэхэмжлэл дээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар таслах эрхээ эдлээгүй гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ороогүй учраас таслах эрхээ эдлээгүй гэж нэхэмжлэгч талаас яриад байгаа. Гэтэл өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад сууж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** өмгөөлөгч маань Өвөрхангай аймгийн Бүрд сумын намын хорооны дарга Г.Б гэдэг хүнээс итгэмжлэл авсан. Гэтэл Г.Б гэдэг хүн Монгол Ардын намыг төлөөлөх эрхтэй хүн мөн үү? Хоёрдугаарт намын эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа талаар хавтаст хэрэгт байхгүй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т нам гэсэн заалт байхгүй. Зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг заасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасан нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаатай. Монгол Ардын намын эрх ашгийг зөрчөөгүй зүйл заалт ерөөсөө хамаагүй. Тэгэхлээр эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг нь хуулийн үндэслэлгүй байна. Гуравдугаарт маргаан бүхийн захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаартай сумын даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл ямар тохиолдолд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргадаг вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд дараах тохиолдол захиргааны акт илт хууль бус байна гэж заасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэл гаргаж ирсэн. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 Г.М гэдэг хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж санал болгосон захиргааны акт ямар ч иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт халдаагүй захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт.

Г.М гэдэг хүний эрх зүйн байдлыг хүлээн зөвшөөрөөд Бүрд сумын Засаг даргаар томилуулъя гэсэн эерэг нөлөөл бүхий үр дагавартай захиргааны акт. Сөрөг нөлөөл бүхий захиргааны акт нь үр дагавар үүсгэж бусдын эрх ашгийг хөнддөг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан өөр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байна уу гэхээр   Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1-т зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2-т бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-т иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн долоон үндэслэлийг харахаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

 Дөрөвдүгээрт 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаартай захиргааны актыг хууль ч хүний хувьд хууль зүйн үндэслэл бүхийн захиргааны акт гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр маргааны зүйл болох нэхэмжлэлийн үндэслэл байгаа. Захиргааны хэм хэмжээ тогтоосон журам болон хуулийн заалтыг аваад үзэхээр бүх нийтийн хөл хорио тогтоосны улмаас Монгол Ардын намын 9 төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оролцож чадаагүй гэсэн. Өөрсдөө хөл хорионы улмаас оролцохгүй гэсэн хүсэлтээ бичгээр бичээд бүх төлөөлөгч нар гарын үсэг зураад өгчихсөн. Хөл хорионы улмаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохгүй байх хууль зүйн үндэслэл байсан уу? гэдгийг судлаад үзэхээр Монгол улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус илэрсэн гээд эхлээд Засгийн газар шуурхай хуралдаад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 178 дугаар тогтоолыг гаргасан. Тухайн тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасны дагуу Аймаг, нийслэлийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.6Б-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн орон нутагтаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль болон тогтоолд үндэслээд захирамжуудыг гаргасан.

Өвөрхангай аймгийн Засаг дарга болохоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А/500 дугаартай коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/500 дугаартай захирамжийг гаргасан. Дараа нь **дугаартай гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамжийг  нэг хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. **дугаартай захирамжийн үйлчлэх хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан бүх нийтийн бэлэн байдлыг сунгах талаар ард иргэдийн дунд асуудал болсон. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Засгийн газар дахин хуралдаад Засгийн газрын 181 дугаартай тогтоолыг гаргасан. Засгийн газрын 181 дугаартай тогтоол дээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол гарсан. 181 дугаартай тогтоолтой холбогдуулаад Өвөрхангай аймгийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А/506 дугаартай гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай гурав дахь захирамжийг гаргасан. Энэ захирамжийг гаргахдаа Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдрийн А/506 дугаар захирамжийн хавсралтанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталсан.

 Өвөрхангай аймгийн Засаг дарга Засгийн газрын 178,181 дугаар тогтоол Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3, 10.1.4 мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.6 “Б” хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан захирамж түүний хавсралт байгаа.   

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А/1242 дугаартай захирамж гаргасан. Тухайн захирамжийн дагуу Улаанбаатар хотод 13 байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Өвөрхангай аймагт 11 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон. Тухайн нутаг дэвсгэрт хөл хориотой холбогдуулж ямар журам үйлчлүүлж батлуулах вэ гэдэг эрх нь тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд байгаа.

Тэрнээс биш Засгийн газрын 178 дугаар тогтоолыг дагана гэсэн зүйл байхгүй. Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий захирамжийг баталсан.  

А/506 дугаартай захирамжийн хавсралтаар орон нутгийн захиргааны үйл ажиллагааг хориглоогүй учраас Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурлаа хуралдуулах нь үндэслэл бүхий байсан. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онцгой байдлын ажилтан Гачмаа албан бичиг өгсөн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.  

Хуулиар эрх нь олгогдоогүй яагаад гэхлээр Өвөрхангай аймгийн хэмжээнд А/506 дугаартай захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан. Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаас давсан сумын Онцгой байдлын ажилтны албан бичиг байна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохгүй гээд албан бичиг өгсөн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Бөөс Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21 өдрийн хуралдааны 2/01-дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 10 цагт эхлэх байсан боловч Монгол ардын намын бүлгийн дарга Р.Загддорж Монгол ардын намын бүлэг хуралдаанд оролцохоос татгалзаж байна гэсэн агуулгатай албан бичигт Монгол ардын намын 8 төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулан оруулж ирж өгчхөөд гарчээ. Мөн, тухайн өдөр Улаанбаатар хотод байгаа нэг төлөөлөгчийг хуралдаанд цахимаар оролцох боломжийг бүрдүүлэн техникийн зохион байгуулалтыг хийсэн байжээ.

Ингээд хуулийн дагуу хуралдааны ирц бүрдсэн тул хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлж, Ардчилсан намын бүлгээс  М.Мыг Бүрд  сумын Засаг даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаартай Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол  гарчээ.

Нэхэмжлэгчийн шаардлага нь “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Д нь  2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу Монгол Улсын засгийн газар, Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу цар тахлын хорио цээр тогтоосон, бүх нийтийн бэлэн байдал зарласан цаг үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулахдаа Монгол Ардын намаас нэр дэвшиж сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Р.З, Б.Н С.А, Ё.И, Н.Б, Ц.И, М Э.С, П.Б нарын 9 /есөн/ гишүүнийг оролцуулалгүйгээр Бүрд сумын Засаг даргад нэр дэвшүүллээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 тогтоол нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж байгаа тул илт хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01-р тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлаа зарлахдаа зохих хууль, журмын дагуу зарлаж бүх гишүүддээ хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна.

Мөн холбогдох эрх бүхий албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудад хурал хийх тухайгаа мэдэгджээ.

Тус хурлыг хийхгүй бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 13 дугаарт заасан нөхцөл байдал үүсэхээр байжээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/506 дугаартай “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” захирамжийн хавсралтад “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”-ын 1 дүгээрт: “Орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа”  гэж заажээ.

Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаа явуулах боломжтой байжээ.

Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын товыг бүх гишүүддээ мэдэгдсэн, Гамшгаас хамгаалах, хорио цээр, цар тахлын хууль, холбогдох, дүрэм журмыг баримталж, хуралд төлөөлөгч гишүүдийн олонх оролцож хурлын ирц бүрдсэн байна.

 Иймд Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн хуралдааны 2/01 дугаартай “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол”-ыг хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв..  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээрт зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.2 дугаарт зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Бөөс мөн аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11-р сарын 21 өдрийн хуралдааны 2/01-дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ

 


[1] Монгол Улсын Үндсэн хууль.Тавин есдүгээр зүйл.1 дэх хэсэг.

[2] Монгол Улсын Үндсэн хууль.Жардугаар зүйл.1 дэх хэсэг.