| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0336/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/389 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/389
2022 12 02 2022/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
улсын яллагч Ж.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбажин,
шүүгдэгч С.Ц,
шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч А.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.Отгонбаатар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.Ц нарт холбогдох эрүүгийн 2225005840397 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Х.О
Монгол Улсын иргэн, С.Ц
Шүүгдэгч Х.О нь Орхон аймаг Жаргалант сум Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байхдаа, 2022 оны 8 дугаар сарын эхээр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Цагаан хуст гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 21 ширхэг, 1.7443м3 эзлэхүүнтэй хуурай шинэс модыг С.Ц бэлтгүүлж, бүлэглэн байгаль орчинд 294.185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч С.Ц нь Орхон аймаг Жаргалант сум Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай Х.О-тай бүлэглэн, 2022 оны 8 дугаар сарын эхээр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн Цагаан хуст гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 21 ширхэг, 1.7443м3 эзлэхүүнтэй хуурай шинэс модыг бэлтгэж, байгаль орчинд 294.185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Х.О “...би гоожин авах гээд модныхоо зургийг өгсөн байсан юм, намайг “гоожингоо аваарай” гэсэн юм, тэр өдөр гоожин авах гээд очтол Бямбажин ажил дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байсан. Би утас руу нь хэд, хэдэн удаа залгаснаа баталгаажуулж скрийншот хийсэн зургаа өгөх гэтэл прокурор “шаардлага хангахгүй” гэсэн, дуудлага хийсэн жагсаалтаа Мобикомоос авах гэтэл “5-ны өдрөөс хойш авах боломжтой” гэж хэлсэн. Тэр өдөр би Бямбажин руу долоон удаа залгасан, улсын байцаагч амарсан байсан тул залгаагүй, Цээпүрэв ахад “гоожин ирэхээр нь авна” гэж хэлсэн боловч “гоожин хүрээд ирнэ” гэж бодсон юм уу хөрөөдсөн байсан, түүнээс биш хулгай хийгээгүй. Хэрэв хулгай хийх байсан бол үүр шөнөөр л авах байсан шүү дээ, юу гэж түм түжигнэсэн үеэр авах вэ.” гэв.
шүүгдэгч С.Ц “...“шуурганд унасан модны зургийг аваад улсын байцаагч Гантөмөрт өгсөн, гоожин өгөхөөр сум руу оруулна” гэж хэлээд энэ хүн явсан. Шуурганд олон мод унасан байсныг манаач нь ч авсан, тэнд зусланд амарч байсан хүмүүс ч хөрөөдөж авсан. Гэхдээ гоожин ирээгүй байхад хөрөөдсөн нь миний буруу.” гэв.
хохирогч Н.Б “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр энэ хэрэг илэрсэн, 3-4 хоногийн өмнө иргэн Х.Отгонбаатар өөрийн биеэр миний өрөөнд ирээд “Цагаан хустад аянганд ниргүүлсэн, цаашид ургах боломжгүй мод байна, би зургийг нь хэвлээд аваад ирлээ, түлшний зориулалтаар авч болох уу” гэж асуусан. Ойн цэвэрлэгээгээр тухайн унанги модыг авах боломжтой, гэвч Х.Отгонбаатарын гаргасан хүсэлт нь “мод бэлтгэхэд дор хаяж 7-8 хоногийн ажил болох гээд байна, би бэлтгэчихээд сумын төв рүү орж ирэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожингоо авъя, хугацаа давчуу учир амжихгүй байх” гэсэн. Миний зүгээс “мод бэлтгэх эрхийн бичиг дээр мод бэлтгэх, тээвэрлэх хугацааг тус тусад нь зааж өгдөг, таны энэ тохиолдолд бол боломжгүй, авах гэж байгаа модоо заавал мод бэлтгэх эрхийн бичиг авч байж бэлтгэх ёстой, үгүй гэвэл хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг үүсдэг шүү” гэж маш сайн хэлсэн. Тухайн үед Х.Отгонбаатар “за” гээд гараад явахаар нь сайн ойлгосон гэж бодсон, хэд хоногийн дараа 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 07 цаг 59 минутад “Цагаан хустад хууль бусаар мод бэлтгэж байна” гэсэн дуудлага ирсэн, дуудлагыг авснаас хойш 12 орчим минутын дараа Засаг даргын Тамгын газрын жолоочтой хамт дуудлага гарсан газар руу явж 35 минутын дараа очсон, 09.00 цагийн үед тухайн мод бэлтгэсэн талбайд очиход хүн болон тээврийн хэрэгсэл байгаагүй, 3 байршилд хуурай шинэс модыг ачихаар бэлтгэсэн байсан. Иргэн С.Цээпүрэвийн машин техникийн асуудалтай байгаа бололтой гэрийнхээ гадаа хөдлөхгүй зогсоод байсан учир модон дотор нэг цаг орчим хүлээсэн. Тэгээд ирэхгүй байсан учир ертөнцийн зүгээр баруун хойшоо Согоотын даваа руу замаа хазайлгаж машинаа мод руу оруулж зогсоогоод явганаар хажуугийн өндөрлөг хэсэгт гарч зогсоод хартал машин далд ормогц иргэн С.Цээпүрэв эхнэрийн хамт машинтайгаа мод бэлтгэсэн газар руу явсан. Үүнийг нь хараад машиндаа суугаад араас нь очих үед мод хөрөөдөж биш ачиж байсан, ачиж байсан гэдэг нь бичлэгт тодорхой байгаа. Намайг очиход С.Цээпүрэв бол юу ч яриагүй, харин эхнэр нь “аянганд унасан модыг яагаад авч болдоггүй юм” гэж хэлж байсан. Ойн цэвэрлэгээ гэдэг бол тухайн ойд цаашид ургах боломжгүй болсон унанги, үзүүр ёзоорыг хэлж байгаа юм, манайх угаасаа үйлдвэрлэлийн зориулалттай зөвшөөрөл олгодоггүй. Тиймээс мод бэлтгэх эрхийн бичгийг зайлшгүй авах ёстой. Х.Отгонбаатар гэдэг хүнд мод бэлтгэх эрхийн бичиг авч байж бэлтгэх ёстойг маш сайн хэлсэн, иргэн С.Цээпүрэвтэй хамт захиргаан дээр ирэхэд Х.Отгонбаатар миний үүдэнд байж байсан, “мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд өглөөний 09.00 цагаас хойш чам руу 7 удаа залгалаа” гээд утасны дуудлагын жагсаалтаа үзүүлсэн. Тэгэхэд нь би “дуудлагад яваад ирлээ” гэдэг тайлбарыг өгсөн, энэ хоёр хүн хамаарал бүхий хүмүүс гэдгийг тухайн үед л мэдсэн, Х.Отгонбаатар модоо бэлтгэчихээд эрхийн бичиг авах гэж байсан уу эсвэл энэ хүний мод бэлтгэснийг мэдээгүй эрхийн бичиг авах гэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбажингийн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 7 цаг 59 минутад дуудлага мэдээлэл ирсний дагуу Жаргалант сум Дулаан-Уул баг Цагаан хуст гэх газарт очиж хяналт шалгалт хийх явцад модон дотор бэлтгэсэн моднууд байхаар нь эзнийг нь хүлээж хэсэг байж байгаад мод руу орж нуугдаад зогсож байтал тус сумын иргэн С.Цээпүрэв нь эхнэрийн хамтаар нөгөө моднуудыг ачиж байсан. С.Цээпүрэв гуайг ачсан модтой нь сумын төв рүү авч ирж Тамгын газрын хашаанд оруулан байгаль орчны улсын байцаагч Н.Гантөмөрт хүлээлгэн өгсөн. С.Цээпүрэв нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, С.Цээпүрэвийн хүргэн болох манай сумын эрүүл мэндийн төвийн жолооч Отгонбаатар нь хэд хоногийн өмнөөс надаас “би Цагаан хуст гэх газарт модоо бэлдчихээд байгаа, яг ачих болохоороо зөвшөөрөл авмаар байна.” гэсэн хүсэлтийг тавьсан, би хуульд заасан үндэслэл журмыг хэлж өгсөн. Зөвшөөрлөө авчихаад модоо бэлтгэх ёстой, ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, С.Цээпүрэвийн бэлтгэсэн модыг Х.Отгонбаатар авах байсан юм байна лээ. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 294.185 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай; “...иргэн С.Цээпүрэвийн бэлтгэсэн мод нь гадна шинж байдлаас нь үзэхэд хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн байх боломжтой. Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа 1.7443 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 294.185 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 622/4710 дугаартай; “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1ш 80.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1001196 дугаартай; “...С.Цээпүрэвийн эзэмшлийн 70-19ОРХ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн “Frontier” загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-51, 52-53 дахь тал/,
С.Ц яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын эхээр гэж санаж байна шуурганд унасан мод хөрөөдсөн. Манай хүргэн Х.Отгонбаатар надад хэлэхдээ “би шуурганд унасан модны зураг хөргийг улсын байцаагчид үзүүлээд хэлчихлээ, наад модоо хөрөөдөөд байж бай, гоожин өгөхөөр оруулна” гэж хэлсэн учраас хөрөөдөөд байж байтал байгаль хамгаалагч Н.Бямбажин ирсэн. Тэгээд машинд ачуулаад сум руу очсон, зөвшөөрөл аваагүй нь миний буруу, би энэ талаар сайн мэднэ. Шуурга болон салхинд унасан модоор төр намайг яллаж байгаад гомдолтой байна, би авч л баригдсан болохоос өөр хүмүүс ачаад аваад явах л байсан шүү дээ. Манай гэрийн гадаа байсан шахуу л мод байгаа юм, зөвшөөрөл аваагүйгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Х.О яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зөвшөөрөл авах гэж очтол байгаль хамгаалагч байхгүй байсан, гар утас руу нь залгахад утас нь холбогдоогүй. Байгаль хамгаалагч Баттөрөөс түлшний мод бэлтгэх гоожин авахаар ярихад “өвчтэй байгаа Бямбажин өгч байгаа” гэж байсан. Ах Цээпүрэв надад “гоожингоо авч байгаарай, модыг чинь хийгээд ачаад орно, би гоожингоо авчихаад хүнээр өгөөд явуулъя” гэж хэлж байсан, би 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 7 хоногийн өмнө гоожин авахаар Жаргалант сумын Цагаан хуст гэх газарт шуурга болон салхинд унасан модны зургийг аваад байгаль хамгаалагч Н.Бямбажинд өгсөн, гоожин авах гээд очиход “хоёр хоног бороотой байна, гоожин өгөхгүй” гэсэн. Байгаль хамгаалагч Н.Бямбажин С.Цээпүрэв ахыг модтой нь дагуулан ирсэн, ...гоожин аваагүй нь миний буруу, би өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 75-76 дахь тал/,
Орхон аймаг Жаргалант сумын байгаль хамгаалагч Н.Бямбажингийн “...иргэн С.Цээпүрэв нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
“Kia.Bongo Frontier” загварын 70-19ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн фото зураг /хавтаст хэргийн 6, 7 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал харицсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Жамсранжавын Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Цагаан хуст гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14, 15-17 дахь тал/,
С.Цээпүрэвийн гаргаж өгсөн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
шүүгдэгч С.Ц;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн зохион байгуулагч Г.Мөнхзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 96 дахь тал/,
шүүгдэгч Х.О;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/,
Орхон аймаг Жаргалант сум Жаргалант багийн зохион байгуулагч А.Нарандэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дэх тал/,
Төрийн албан хаагчийн анкет /хавтаст хэргийн 102-105 дахь тал/,
Орхон аймаг Жаргалант сумын Хүн эмнэлгийн эрхлэгч, эмчийн 2008 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай, “...Халтархүүгийн Отгонбаатарыг 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн эмнэлгийн түргэн тусламжийн жолоочоор ажиллуулах” тухай тушаал /хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Х.О С.Ц нарын гэм буруугийн талаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзул нь,
шүүгдэгч Х.О-г Орхон аймаг Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн жолоочоор ажиллаж байхдаа, 2022 оны 8 дугаар сарын эхээр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн Цагаан хуст гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1,7443м3 эзлэхүүнтэй 21 ширхэг хуурай шинэс модыг С.Ц бэлтгүүлж, бүлэглэж байгаль орчинд 294.185 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,
3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ.” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,
2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,
мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно.” гэж тус тус хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Х.Отгонбаатарын С.Ц ойд бэлтгүүлсэн, мөн байгаль орчинд хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэх үйлдэл оролцоог нь бүрэн дүүрэн тогтоож чадаагүйгээс гадна талуудын мэтгэлцээн болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбажингийн “...Х.Отгонбаатар модоо бэлтгэчихээд эрхийн бичиг авах гэж байсан уу эсвэл энэ хүний мод бэлтгэснийг мэдээгүй эрхийн бичиг авах гэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх,
шүүгдэгч Х.О “...Цээпүрэв ахад “гоожин ирэхээр нь авна” гэж хэлсэн боловч “гоожин хүрээд ирнэ” гэж бодсон юм уу хөрөөдсөн байсан.” гэх,
шүүгдэгч С.Цээпүрэвийн “...“шуурганд унасан модны зургийг аваад улсын байцаагч Гантөмөрт өгсөн, гоожин өгөхөөр сум руу оруулна” гэж хэлээд энэ хүн явсан. ...гоожин ирээгүй байхад хөрөөдсөн нь миний буруу.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Х.Отгонбаатарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, хатгагчаар хамтран оролцсон, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдоогүй, түүний үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Талас овогт Халтархүүгийн Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,
шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 8 дугаар сарын эхээр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Цагаан хуст гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1,7443м3 эзлэхүүнтэй, 21 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 294.185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбажингийн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө...Цагаан хуст гэх газарт очиж хяналт шалгалт хийх явцад модон дотор бэлтгэсэн моднууд байхаар нь эзнийг нь хүлээж хэсэг байж байгаад мод руу орж нуугдаад зогсож байтал тус сумын иргэн С.Цээпүрэв нь эхнэрийн хамтаар нөгөө моднуудыг ачиж байсан.” гэх,
С.Цээпүрэвийн “...2022 оны 8 дугаар сарын эхээр гэж санаж байна шуурганд унасан мод хөрөөдсөн.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай; “...модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн байх боломжтой. ...экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 294.185 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал харицсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Жамсранжавын Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Цагаан хуст гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,
2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг ойлгоно.
Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зохих зөвшөөрлийг авалгүйгээр ойд мод бэлтгэсэн шүүгдэгч С.Цээпүрэвийн үйлдэл нь “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Цээпүрэв нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх түүнийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч С.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч С.Ц “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч С.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар, улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багаас явахыг хориглож,
эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа 1.7443м3 эзлэхүүнтэй 21 ширхэг хуурай шинэс мод болон Хятад улсад үйлдвэрлэсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг ширхэг цахилгаан хөрөөг улсын орлогод оруулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч С.Ц нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг, мөн цахилгаан хөрөөг хураахыг зөвшөөрч байна.” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч С.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч С.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,
2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно.” гэж,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус зохицуулжээ.
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтээр экологи-эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 294.185 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Цээпүрэв нь 295.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байх тул төлөөгүй үлдсэн 587.555 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.7443м3 эзэлхүүнтэй 21ш модыг,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 622/4710 дугаартай дүгнэлтээр 80.000 төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хураан, улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэж,
харин шүүгдэгч С.Цээпүрэв мод тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Отгонбаатар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Отгонбаатарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
шүүгдэгч С.Цээпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзулын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Х.О холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзулын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн С.Ц холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3.Шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээний дүн 294.185 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 882.555 төгрөгөөр тооцон үүнээс шүүгдэгч С.Ц урьдчилан нөхөн төлсөн 295.000 төгрөгийг хасаж, үлдэх 587.555 төгрөгийг шүүгдэгч С.Ц гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг цахилгаан хөрөө,
Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.7443м3 эзэлхүүнтэй 21 ширхэг хуурай шинэс модыг тус тус улсын орлогод шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгагдсан этгээд Х.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.О, С.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь Х.О бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ