Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/392

 

 

 2022         12           08                                 2022/ШЦТ/392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,     

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Д.М-холбогдох эрүүгийн 2225000400401 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.М

 

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5 дугаар байрны арын автомашины зогсоол дээр иргэн Б.Х-н 69-02ОРО улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслээс “Samsung-А52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.М“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Х-н “...2021 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө машиндаа ганцаараа ууж нэлээн согтсон...миний машинд хэдэн хүн, хэдэн удаа орж ирсэн эсэхийг санахгүй байна. ...нөхөртөө их гомдсон учир машины хөгжмийг чангалж сууж байсан. Миний гар утас яг хэзээ алга болсныг мэдэхгүй, нөхөртэйгээ утсаар ярьчихаад хажуу талын суудал билүү, голын хайрцагны ойролцоо тавиад машины хөгжмийг чангалаад нилээн суусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

          гэрч Г.Э-н “...Би тухайн хүнийг Мөнх-Эрдэнэ гэдэг нэрээр нь бол мэдэхгүй, барилгачдын талбай дээр хүмүүс Халзаа гэж дууддаг. ...2022 оны 1 дүгээр сард “утасны нүүрний код тайлуулах гэсэн юм, тайлах уу” гэхээр би нүүрний кодыг нь тайлж өгсөн, ...би энэ утсыг олсон юм аа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

          гэрч С.Л-н “...2022 оны 1 дүгээр сарын дундуур нөхөр Мөнх-Эрдэнэ “хямдхан гар утас танихгүй хүнээс худалдаад авчихлаа” гэж хэлээд миний ашиглаж байсан гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд авсан. Харин худалдаж авсан гэх гар утсыг надад өгсөн, уг гар утсыг хаанаас, хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар мэдэхгүй, сүүлд цагдаагаас тухайн утсыг хурааж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

          гэрч Л.Г-н “...Уг өдөр найз Ганжуурын төрсөн өдөр болж байсан ба орой 20 цагийн үед Мөнх-Эрдэнэ ах Улаанбаатар хотоос ирчихсэн, барилгачдын талбай дээр зогсож байсан. Ганжуур, Нуртуган бид гурав хамт Мөнх-Эрдэнэ ах дээр очиж Нуртуганыг машинд суулгаж, Ганжуурын төрсөн өдрийг тэмдэглэх гээд Зэст багийн 1-5 дугаар байрны ар талын авто зогсоол дээр зогсож, машиндаа нэг шил архи уусан. Бид нарыг машиндаа сууж байхад хажуу талд Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэлд нэг эмэгтэй ганцаараа суугаад хөгжмөө чанга тавиад дагаад дуулаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

          гэрч Н.Г-н “...Бид нар машины цонхоо онгойлгож тамхи татаж байхад 1-5 дугаар байрны оршин суугч нараас нэг хүн цонхоороо “наад дуугаа багасгаач” гэж хашгирсан, тэр үед Нуртуган машинаас бууж Toyota Prius-30 загварын машины хаалгыг онгойлгож дууг нь багасгасан. ...Мөнх-Эрдэнэ, Нуртуган бид гурав хамт дахиад нэг шил архи хувааж уусан, тухайн үед жолоочийн сандал дээр би, миний хажууд Мөнх-Эрдэнэ, арын суудал дээр Нуртуган сууж байсан. Бид нар архи ууж дуусаж байхад хажууд зогсож байсан Toyota Prius-30 загварын машины жолооч эмэгтэй машинаасаа бууж манай машины арын дугаарыг харах гээд байсан. ...хоёр дахь шил архиа ууж байхад Мөнх-Эрдэнэ ах машинаас бууж бие засчихаад хажуу талын Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгож харчихаад эргээд хааж, машиндаа орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

          Д.М “...Архи ууж байгаад би машинаас гарч бие засчихаад нөгөө Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгоход жолоочийн хажуу талын сандал дээр гар утас байхаар нь авчихаад эргээд машинд орж үргэлжлүүлэн уусан. ...Тэр үед Toyota Prius-30 загварын машины жолооч эмэгтэй машинаасаа гарч ирээд “п****нууд минь, миний утас хаана байна” гэж хэлэхэд Нуртуган “бид нар гар утсыг чинь аваагүй” гэж хэлээд тэр эмэгтэйг машинд нь суулгасан. ...Маргааш өглөө нь сэрээд куртикнийхээ халаасыг ухаж үзэхэд миний утаснаас гадна өөр нэг утас гарч ирсэн, “юун утас билээ” гэж бодож байснаа өчигдөр Toyota Prius-30 загварын машины урд талын суудал дээр байсан утас авснаа санасан. Тэр утасны цэнэг нь дуусаж унтарчихсан байхаар нь өөрийнхөө машины урд талын хайрцаганд хийчихсэн, үүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа миний утасны дэлгэц нь хагарчихсан тул эхнэр Лхагвацэрэнгийн утсанд өөрийнхөө сим картыг хийж бариад, нөгөө Toyota Prius-30 загварын машины урд талаас авсан утсанд эхнэрийн сим картыг хийж бариулсан. Хулгайлж авсан гар утасны кодыг “Оргил” худалдааны төвийн 1 давхарт байрлах гар утас засварын зүс таньдаг залууд 15.000 төгрөг өгч тайлуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,

хохирогч Б.Х “...2021 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Samsung-А52” загварын гар утсаа үл таних хүнд дээрэмдүүлсэн.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/,

“Samsung-А52” загварын гар утсыг хураан авч Б.Хажидмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-23, 24, 25-26, 27 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/2458 дугаартай; “...Samsung А52 загварын утас 650.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

Д.М иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92, 93 дахь тал/,

түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2  дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 109-114 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэх төлөхөөр тогтоосон торгох ялын төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлж торгох ялыг бүрэн эдэлж дууссанд тооцсон Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б-н тогтоол /хавтаст хэргийн 121 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.М-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Д.М-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5 дугаар байрны арын автомашины зогсоол дээр иргэн Б.Х-н 69-02ОРО улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслээс “Samsung-А52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Г.Э-н “...Мөнх-Эрдэнэ гэдэг нэрээр нь бол мэдэхгүй, барилгачдын талбай дээр хүмүүс Халзаа гэж дууддаг...2022 оны 1 дүгээр сард “утасны нүүрний код тайлуулах гэсэн юм, тайлах уу” гэхээр би нүүрний кодыг нь тайлж өгсөн, ...би энэ утсыг олсон юм аа гэж хэлсэн.” гэх,

гэрч С.Л-н “...гар утсыг хаанаас, хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар мэдэхгүй, сүүлд цагдаагаас тухайн утсыг хурааж авсан.” гэх,

гэрч Н.Г “...хоёр дахь шил архиа ууж байхад Мөнх-Эрдэнэ ах машинаас бууж бие засчихаад хажуу талын Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгож харчихаад эргээд хааж, машиндаа орж ирсэн.” гэх,

Д.М “...Архи ууж байгаад би машинаас гарч бие засчихаад нөгөө Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгоход жолоочийн хажуу талын сандал дээр гар утас байхаар нь авчихаад эргээд машинд орж үргэлжлүүлэн уусан. ...Маргааш өглөө нь сэрээд куртикнийхээ халаасыг ухаж үзэхэд миний утаснаас гадна өөр нэг утас гарч ирсэн, “юун утас билээ” гэж бодож байснаа өчигдөр Toyota Prius-30 загварын машины урд талын суудал дээр байсан утас авснаа санасан.” гэх мэдүүлгүүд,  

 

“Samsung-А52” загварын гар утсыг хураан авч Б.Хажидмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, эсхүл захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

          Шүүгдэгч Д.М үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Д.М “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

          Шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.М-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

          улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ...тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхэд татгалзахгүй.” гэсэн дүгнэлтийг,

          шүүгдэгч Д.М өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэмшиж байна, цаашид дахин ийм асуудал гаргахгүй, өөрийгөө засаж залруулна, хөнгөн ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

          Шүүх шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах.” үүрэг хүлээлгэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

          Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.Х “Samsung-А52” загварын гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан тул шүүгдэгч Д.М бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах.” үүрэг хүлээлгэж,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ