| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0357/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/397 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/397
2022 12 13 2022/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2225000000428 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Д
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 96-10 тоот хашааны гадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамт амьдарч байсан хохирогч Б.Ц-н зүүн дал, бугалганы ар хэсэгт төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганы ард нэг тооны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Д “...өмнөх мэдүүлэг үнэн, зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Ц-н “...Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад миний салсан эхнэр Б.Д нь над руу утсаар залгаж “ярих юм байна, гэрийнхээ гадаа гараад ир” гэхээр нь гараад очтол намайг ар нуруу, дал хэсэг рүү хутгалчихаад яваад өгсөн. ... нойтон оргиод байхаар нь гараараа бариад үзтэл намайг хутгалсан байсан. ...Дараа нь Б.Д над руу ярихдаа төмрөөр хатгасан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал/,
Б.Д-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр...Б.Цогт манай гэрт ирээд удалгүй “ажилтай байна” гээд гараад явсан, манай найз “бэлэгтэй ирсэн” гээд Б.Цогтод нэг шил архи өгөөд явуулсан. Тэгээд өдөр 02.00 цагийн үед Б.Цогтын төрсөн эгч дээр нь очиж бид хоёр нэг литр савлагаатай орос архи байсныг хувааж уунгаа ойр зуурын зүйл ярьсан. Тэгтэл эгч нь “тэр балиар хүүхнийг зайлуулаач, гудамжны хүүхэнд нөхрөө булаалгачихаад очиж зодооч” гэхээр нь би эгчид “тэгье, хоёулаа хамт очъё” гээд хамт Б.Цогтын гэрт нь очсон чинь гэрт нь хүн байхгүй байхаар нь эргээд гараад явчихсан. Тэгээд эгчийн гэрт очоод байж байтал Б.Цогт над руу залгаад “хөгшин авгай минь чамайг тэргэнцэр дээр суулгана” гэх мэтээр хэл амаар доромжилсон тэгэхээр миний уур хүрээд оройны 22 цагийн үед гэрийн гаднаас такси барих гэж байхдаа газар үзүүртэй төмөр байхаар нь аваад халаасандаа хийчихсэн. Тэгээд гэрийнх нь гадаа явж очоод хаалгыг нь тогштол Б.Цогт “зайлаач янхан минь” гэж хэлээд миний цээж рүү цохиод өшиглөхөөр нь би “чи ямар даварчихсан юм” гэж хэлээд Б.Цогтын нуруу хэсэг рүү нь төмрөөрөө 1-2 хатгахад Б.Цогт “ёо ёо” гэхээр нь би “хохь чинь, чи эхэлж намайг доромжилсон шүү” гэж хэлчихээд яваад өгсөн юм. ...Гэмшиж байна, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 31 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...1.Б.Ц-н биед зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганы ард нэг тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг нэг цаг хугацаанд үүсэж байж болно. 5.Зүүн даланд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
иргэн Б.Ц-н “...2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим манай салсан эхнэр Б.Д манай гэрийн гадаа ирж намайг хутгалчихлаа.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Б.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01127 дугаартай шийдвэр хавтаст хэргийн 54-56 дахь тал/,
яллагдагч Б.Д-н “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн оройн 20 цагийн үед Б.Цогтын биед хавтгай төмөрөөр биеийг нь зүсэж гэмтэл учруулсан үйлддээ хүлээн зөвшөөрч байна. ...хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/,
хохирогч Б.Ц-н “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Д миний биед халдаж төмрөөр зүссэн. Уг үйлдэлд гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Б.Даваасүрэнгээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Б.Д-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 96-10 тоот хашааны гадаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамт амьдарч байсан хохирогч Б.Цогтын зүүн дал, бугалганы ар хэсэгт төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганы ард нэг тооны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн,
хохирогч Б.Ц-н “...намайг ар нуруу, дал хэсэг рүү хутгалчихаад яваад өгсөн. ... нойтон оргиод байхаар нь гараараа бариад үзтэл намайг хутгалсан байсан. ...Дараа нь Б.Д над руу ярихдаа төмрөөр хатгасан гэж байсан.” гэх,
Б.Д-н “...Б.Ц-н нуруу хэсэг рүү нь төмрөөрөө 1-2 хатгахад Б.Цогт “ёо ёо” гэхээр нь би “хохь чинь, чи эхэлж намайг доромжилсон шүү” гэж хэлчихээд яваад өгсөн юм.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Б.Ц-н биед зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганы ард нэг тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д-г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” санал гаргасан тул шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, мөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ