Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/00727

 

2019 оны 3 сарын 13 өдөр Дугаар102/ШШ2019/00727 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг 5-р хороолол, 4-р байр 281 тоотод оршин суух, рд:ВЮ87070409, Ганбатын Хонгорзул,

 

нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 9 дүгээр гудамж, 18 тоотод оршин суух, рд:ВЮ65020266, Шагдарын Түмэнжаргал нарын нэхэмжлэлтэй,  

 

хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 103-р байр 73 тоотод оршин суух, рд:СФ72100500, Гүрдоржийн Туяад холбогдох,

 

худалдах худалдан авах гэрээний үүрэг 34.010.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа оролцож, шүүххуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Энхзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Г.Хонгорзул, Ш.Түмэнжаргал хариуцагч Г.Туяа нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Дархан уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1б байр 47 тоотод байршилтай 18 м кв тайлбаатай 1 өрөө орон сууцныг 32.000.000 төгрөг бэлэн мөнгөөр худалдахаар болж тохиролцсон байдаг. Эхлээд байрны урьдчилгаа 2.000.000 төгрөгийг миний төрсөн ээж Ш.Түмэнжаргал нь Г.Туяагийн дансруу шилжүүлж өгсөн. Би өөрөө 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшилын хаан банкны данснаасаа Г.Туяагийн эзэмшилын дансруу 30.000.000 төгрөгийг байрны төлбөр Ганбатын Хонгорзулаас гэж бичиж шилжүүлсэн. Худалдан авагч Г.Хонгорзул гэрээний үүргийг биелүүлж, 32.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин хариуцагч Г.Туяа нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан. Худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийн чанар, ашиг доголдолын талаар холбогдох мэдээлэл худалдан авагч талд өгөх үүрэгтэй гэснийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч Г.Туяагийн тайлбар, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс иргэн Г.Хонгорзулд хариу мэдэгдэх хуудаст маргаан бүхий орон сууцны өмчлөлийн маргаан Г.Туяа, н.Нармандах нарын хооронд маргаантай байгаа учир өмчлөх эрхийг нь баталгаажуулах боломжгүй гэсэн агуулгатай 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 02/682 тоот хариу мэдэгдэл ирсэн. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Г.Туяад байрны мөнгө 30.000.000 төгрөг Г.Хонгорзул, 2.000.000 төгрөг Ш.Түмэнжаргал төлсөнтэй хэн ч маргаагүй. Мөн байрны гэрчилгээний үнэ 640.000 төгрөг Г.Хонгорзул төлсөн. Г.Туяаг эрэн сурвалжилж 70.200 төгрөгийн зардал Г.Хонгорзулаас гарсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, байранд 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 01ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус байранд засвар хийсэн 300.000 төгрөг, гаргасан. Хариуцагч Г.Туяа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй. Нэхэмжлэгч Г.Хонгорзул, Г.Түмэнжаргал нар нь Г.Туяад өгсөн байрны үнэ 32.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул байрны үнэ 32.000.000 төгрөг, Г.Туяагаас болж хохирсон өмгөөлөлийн хөлс 1.000.000 төгрөг, бусад зардал 300.000 төгрөг, тус байрны гэрчилгээний үнэд Г.Хонгорзулаас төлсөн 640.000 төгрөг, мөн эрэн сурвалжлуулхад төлсөн 70.200 төгрөг нийт 34.010.200 төгрөгийг гаргуулах, гэрээнээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Туяа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Г.Туяа би 2016 оны 8 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 5-р хороолол, 1б байр 47 тоот 18 мкв 1 өрөө орон сууцыг Г.Хонгорзулд худалдсан. Энэ байр өмнө нь шүүхийн маргаантай байсан бөгөөд дээд шүүхийн эцсийн шийдвэрээр С.Нармандах гэх эмэгтэйн эзэмшилд шилжсэн. С.Нармандах нь 2014 оны 5 сард худалдах, худалдан авах гэрээ хийж 2014 оны 11 сард би улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон. Гэтэл С.Нармандах нь гэрээнээс татгалзаж одоо шүүхээр шүүхдэж, Захиргааны хэргийн шүүхээс Г.Туяа надад шийдвэрлэсэн шийдвэр гарсан. Одоогоор шуудангаар ирж байгаа. Уг байрны эцсийн шийдвэр гархад би Г.Хонгорзулд уг байрыг шилжүүлж өгнө. Хэрвээ С.Төрмандахын талд эцсийн шийдвэр гарахад би Г.Хонгорзулын 32.000.000 төгрөгийг барагдуулна. Би Г.Хонгорзул, Ш.Түмэнжаргал нарт байрны түлхүүр С.Нармандахад өг гэж огт хэлээгүй. Харин ч байрандаа та 2 амьдарч бай тэр залилан хийдэг авгайд алдав гэж хэлсээр байтал түлхүүр өгсөн байна. Үүнийг би сая мэдлээ. Тиймээс Г.Хонгорзулаас байрны түлхүүр өгөөд надад, мөнгөө нэхэмжилж болно. Иймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй өгсөн байраа авж байж тооцоо хийнэ гэдгийг хэлмээр байна. Би С.Нармандахад өргүй байтал яагаад байрыг тэр хүнэд өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн эцсийн шийдвэр гартал хүлээнэ үү гэжээ.

 

Зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Хонгорзул нар нь хариуцагч Г.Туяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 34.010.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Хонгорзул нь хариуцагч Г.Туяатай 2016 оны 08 сарын 29-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 баг, 5 хороолол, 1б байр, 47 тоот 18.0м2 талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирч, үнийг төлсөн болох нь үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, мөнгө төлсөн баримт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8, 17-18, 33 дугаар тал/

          

 Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Г.Хонгорзул, хариуцагч Г.Туяа нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.

          

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 2016 оны 08 сарын 29-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 08 сарын 24-ны өдөр 2000.000 төгрөгийг төлж, хариуцагч орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээлэлийг худалдан авагчид өгөх үүрэгтэй, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэхь хэсэгт худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэхь хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, учирсан хохирол зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Г.Туяа нь эрхийн доголдолтой буюу 2009 оноос эхлэн тухайн орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай байхад үнэн зөв, бүрэн мэдээлэлийг өгөлгүй, эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн албан бичиг, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагч Г.Туяагийн шүүхэд бичгээр ирүүлсэн ...энэ байр өмнө нь шүүхийн маргаантай байсан бөгөөд дээд шүүхийн эцсийн шийдвэрээр С.Нармандах гэж эмэгтэйн эзэмшилд шилсэн... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9, 23-26, 33 дугаар тал/

 

Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн шилжүүлсэн тул хариуцагч хариу үүрэг болох эрхийн доголдолгүй, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч гэрээний дагуу хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Хонгорзул худалдан авсан орон сууцны засвар үйлчилгээнд 300.000 төгрөг зарцуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримт бодитоор гарсан 150.500 төгрөг, Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрх шилжүүлэх хураамжид 640.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 19 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэхь хэсэгт зааснаар 2016 оны 08 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Г.Хонгорзул, хариуцагч Г.Туяа нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Туяагаас орон сууцны үнэд шилжүүлсэн 32.000.000 төгрөг, орон сууцны засвар үйлчилгээний зардал 150500 төгрөг, Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн бүртгүүлэх хураамжид төлсөн хохиролд 640.000 төгрөг нийт 32.790.500 төгрөгийг хариуцагч Г.Туяагаас гаргуулан нэхэмжлэгч Г.Хонгорзул нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.219.700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах болон өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авсан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх бөгөөд энэ эрхээ сайн дураар хэрэгжүүлснийг нэхэмжлэгчид учирсан хохирол зардал гэж тооцох боломжгүй тул улсын тэмдэгтийн хураамж 70200, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.010 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 321902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу худалдан авагч Г.Хонгорзулд гэрээний дагуу орон сууц үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх шилжээгүй тул энэ зүйлд заасан хугацаа хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэхь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Хариуцагч Г.Туяад шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нар өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн талын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

                                                

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэхь хэсэгт зааснаар 2016 оны 08 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Г.Хонгорзул, хариуцагч Г.Туяа нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Туяагаас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 32.790.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хонгорзул нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.219.700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328010 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 321902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ