Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/398

 

2022           12            15                                 2022/ШЦТ/398

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Н.Д,

хохирогч Д.П, өмгөөлөгч Д.Н,

шүүгдэгч П.Т, өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, П.Т-т холбогдох эрүүгийн 2225000000363 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, П.Т

Шүүгдэгч П.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр “Toyota Kluger” загварын 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

13.5-т заасан “жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”,

16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”,

мөн дүрмийн 19.4-т заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.П дээгүүр тээврийн хэрэгслээр гарч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:             

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч П.Т“...тэр үед хохирогчийг ёстой хараагүй, миний буруу, эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг төлсөн, мөн утасны үнэ 290.000 төгрөг төлсөн. Ямар ч байсан хохирол, төлбөрийг төлнө.” гэв.

хохирогч Д.П өмгөөлөгч Д.Н “...Хохирогч 13.050.000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад эм, эмчилгээний зардал, шатахууны зардал, тухайн өдөр өмсөөд явж байсан палажны үнэ, асаргаа сувилгааны зардал нийт 8.117.131 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.П “...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээ хүү М.Мөнхсүлд, Мөнх-Ирээдүй, зээ охин Н.Бямбажаргал нарын хамтаар хүүхдийн усан сангаас Амарын талбай явахаар Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд байдаг автомашины замыг урд зүгээс хойд зүгийн чиглэлд хөндлөн гарахаар болж хүүхдүүдээ түрүүлэн гаргаад, араас нь ганцаараа зам хөндлөн гарч явахад зүүнээс баруун чиглэлд явж байсан дунд оврын бор шаргал өнгийн жийп намайг мөргөн газарт унагааж, урд талын дугуйгаараа хэвлий, цээж хэсгээр дайран хойд дугуйгаараа газарт түрж байгаад хэвлий хэсэг дээр гараад ухарч дээрээс буусан. Тэгээд машины доор байхад жолооч эрэгтэй бууж ирж намайг машиндаа суулгахаар нь “эмнэлэг явъя” гэж хэлэхэд түргэн тусламж дуудсан гэж надад хэлэхэд удалгүй эмнэлгийн түргэн тусламж ирж намайг аваад явсан. ...өнөөдрийг хүртэл гарсан бүхий л эмчилгээний зардлыг жолооч төлж байгаа, ...цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болон цүнх, гар утсыг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Ц.Л “...хохирогч Д.Пунцагмаа нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.159.456 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг П.Төмөрбаатараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансад төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

гэрч П.Г “...эгч П.Эрдэнэцэцэг над руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17.20 цагийн орчим утсаар залгаад “ээж Д.Пунцагмаа Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын зам дээр машинд дайруулсан байна, гялс хүрээд ир.” гэхээр нь би явж очиход “Toyota Kluger” маркийн 12-02ОРН улсын дугаартай дунд оврын жийп 3-9 дүгээр байрны урд талын туслах зам дээр зогсож байсан. ...хүүхдүүдээс юу болсон талаар асуухад “бид гурав түрүүлээд зам хөндлөн гараад эмээг хартал 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зааж энэ машин эмээг мөргөж унагаагаад дээгүүр нь гаран чирэхээр нь Мөнхсүлд машиныг зогсоосон.” гэсэн. Жолооч нь 50 гаран насны эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дахь тал/,

          П.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8 дугаар байрнаас хороолол руу Рашаант баг Уртын голын 1-39 тоот гэр лүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн “Toyota Kluger” 12-02ОРН улсын дугаартай дунд оврын тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа 3-9 дүгээр байрны урд талын засмал замаар зүүнээс баруун чиглэлд явж байхдаа баруун урд талын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болоход хүүхдүүд “хүн дайрчихлаа шүү дээ” гэж орилохоор нь тээврийн хэрэгслээ зогсоон машинаас бууж харахад миний тээврийн хэрэгслийн доод хэсэгт нэг эмэгтэй хүн дээш харсан байдалтай хэвтэж байсан, ...Би чулуун дээгүүр гарчихлаа л гэж бодсон, хүн мөргөж унагаагаад дээгүүр нь дайраад гарсан гэж огт мэдээгүй, учир нь надад юу ч харагдаагүй, би үнэхээр гайхаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,

          “...Одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээнд 1.300.000 төгрөг төлсөн, гар утас болон цүнхний хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 683 дугаартай; “...1.Д.Пунцагмаагийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын 3-6-р хавирганууд, зүүн талын 5, 6, 7, 9, 11 дүгээр хавиргануудын уушги гэмтээсэн хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн элэгний урагдалд оёдол тавьсан мэс заслын дараах байдал, зүүн гарын шуу ясны далд хугарал, хэвлийн зүүн доод хэсэг, баруун гарын тохой, хоёр хөлийн өвдөгт зулгарсан шарх, баруун гарын шуу, сарвуу, цээжний урд хэсэг, нурууны зүүн ба хэвлийн зүүн хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4.Цээжний битүү гэмтэл, баруун талын 3-6-р хавирганууд, зүүн талын 5, 6, 7, 9, 11 дүгээр хавиргануудын уушги гэмтээсэн хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн элэгний урагдалд оёдол тавьсан мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай гэмтлүүд тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д тус тус зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хэвлийн зүүн доод хэсэг, баруун гарын тохой, хоёр хөлийн өвдөгт зулгарсан шарх, баруун гарын шуу, сарвуу, цээжний урд хэсэг, нурууны зүүн ба хэвлийн зүүн хэсгээр цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай; “...1.1.1.“Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал”-д тавигдах ерөнхий шаардлага иж бүрдэл стандарт шаардлага хангаж байна. 1.1.2.Уг тээврийн хэрэгсэлд эвдрэлтэй эд анги тогтоогдоогүй тул цаашид засварлах шаардлагагүй гэж үзлээ. 1.1.3.Зам тээврийн осол гарахаас өмнөх эвдрэл байгаа эсэхийг тогтоохын тулд техникийн хяналтын үзлэгт орсон 2022 оны 3 дугаар сарын дүгнэлтийг татаж үзэхэд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан нь тогтоогдсон. 1.1.4.Уг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхтэй гэж үзлээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 55-58, 60 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-ОРХ/4709 дугаартай; “...Ipone-7 plus загварын гар утас 270.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 20.000 төгрөг, нийт 290.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 773-76 дахь тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай; “...П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

13.5-т заасан “жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”,

16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”,

мөн дүрмийн 19.4-т заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байна.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 79-82 дахь тал/,

          иргэн П.Г мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр хоёр урсгалтай зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

          Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Алтан-Очийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр хоёр урсгалтай зам дээр гарсан ослын газарт хэмжилт хийж, зам орчны байдлуудыг тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8, 9-10 дахь тал/,

          Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Алтан-Очийн “Маргад” сургуулийн хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

          хохирогч Д.П “хар өнгийн, мэдрэгчтэй дэлгэцтэй, дэлгэц нь хагарч ажиллагаагүй болсон Ipone-7 загварын гар утас, хүрэн өнгийн “В” гэсэн логотой хүний жижиг гар цүнхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15, 16 дахь тал/,

          “Маргад” сургуулийн хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17 дахь тал/,

П.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96, 104 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

          П.Т өмчлөлийн “Toyota Kluger” загварын 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 119 дэх  тал/,

хохирогч Д.П Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 134-164 дэх тал/,

          П.Т жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 166 дахь тал/,

          хохирогч Д.П 13.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл /хавтаст хэргийн 173 дахь тал/,

          хохирогч Д.П өмнөх 13.050.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 7.742.131 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд, 

          Шүүх хуралдааны эхлэхэд шүүгдэгч П.Т гаргаж хохирогчид 1.330.600 төгрөгийн хохирол төлсөн баримтууд, мөн түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоосон тухай шийдвэр зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мөн П.Т сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч П.Т гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр “Toyota Kluger” загварын 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд, хэдэн заалтууд зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.П дээгүүр тээврийн хэрэгслээр гарч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.П “...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр... ганцаараа зам хөндлөн гарч явахад зүүнээс баруун чиглэлд явж байсан дунд оврын бор шаргал өнгийн жийп намайг мөргөн газарт унагааж, урд талын дугуйгаараа хэвлий, цээж хэсгээр дайран хойд дугуйгаараа газарт түрж байгаад хэвлий хэсэг дээр гараад ухарч дээрээс буусан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Ц.Л “...хохирогч Д.Пунцагмаа нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, ...3.159.456 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг П.Төмөрбаатараас гаргуулж өгнө үү.” гэх,

гэрч П.Г “...“Toyota Kluger” маркийн 12-02ОРН улсын дугаартай дунд оврын жийп 3-9 дүгээр байрны урд талын туслах зам дээр зогсож байсан. ...хүүхдүүдээс юу болсон талаар асуухад “бид гурав түрүүлээд зам хөндлөн гараад эмээг хартал 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зааж энэ машин эмээг мөргөж унагаагаад дээгүүр нь гаран чирэхээр нь Мөнхсүлд машиныг зогсоосон.” гэсэн.” гэх,

П.Т “...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр...“Toyota Kluger” 12-02ОРН улсын дугаартай дунд оврын тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа 3-9 дүгээр байрны урд талын засмал замаар зүүнээс баруун чиглэлд явж байхдаа баруун урд талын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болоход хүүхдүүд “хүн дайрчихлаа шүү дээ” гэж орилохоор нь тээврийн хэрэгслээ зогсоон машинаас бууж харахад миний тээврийн хэрэгслийн доод хэсэгт нэг эмэгтэй хүн дээш харсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 683 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай магадлагаа,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр хоёр урсгалтай зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, “Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны урд талын хороолол доторх зам дээр хоёр урсгалтай зам дээр гарсан ослын газарт хэмжилт хийж, зам орчны байдлуудыг тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Маргад” сургуулийн хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

хохирогч Д.П Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч П.Тгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч П.Т 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Toyota Kluger” загварын 12-02ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.Пунцагмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч П.Т нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч иргэн Д.П хохирол, хор уршиг учирсан,  

гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул,

          шүүх шүүгдэгч П.Т “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч П.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Т үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,   

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э “...зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар тэнсэж өгнө үү.” гэсэн болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч П.Т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”,

         2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.П эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.159.456 төгрөгийн зардал гарсан талаар холбогдох баримт хэрэгт авагдсан байна.

Мөн хохирогч Д.Пунцагмаа нь эм, эмчилгээ зардал, шатахууны зардал болон бусдаар асруулсны зардалд нийт 13.050.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч Д.Наранхүү түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг багасган 8.117.131 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Шүүх хуралдааны үед хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг талууд нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд шүүх шүүгдэгч П.Төмөрбаатараас нийт 4.850.551 төгрөгийг гаргуулж,

хохирогчид эм, эмчилгээний зардалд 815.400 төгрөг, шатахууны зардалд 860.695 төгрөг, нотариатын хөлс 15.000 төгрөгийг,

Эрүүл мэндийн даатгалын санд 3.159.456 төгрөгийг тус тус олгуулахаар,

хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2, 3, 4 дугаараар дугаарлагдсан 100.000 төгрөгөөр шатахуун авсан зардлын баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж, мөн хохирогчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж 21, 22, 23, 24 дугаараар дугаарлагдсан зорчигчийн тасалбаруудын үнэ 85.900 төгрөг нийт 185.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 бусдаар асруулсны зардал, Н.Энхтуяагийн хот хооронд зорчсон замын зардал, сувилалын зардал зэрэг баримтуудыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “хохирол, төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлт гаргасан бөгөөд шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт шүүх хуралдааныг эхлүүлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 3.159.456 төгрөгийг, хохирогчид 1.691.095 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Мөн шүүгдэгч П.Т нь хохирогч Д.П гараар бичиж өгсөн гэх “2.500.000 төгрөг нэмж төлсөн, цаашид мөнгө нэхэмжлэхгүй” гэсэн утга бүхий нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шинээр гаргаж өгсөн боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, өнөөдрийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүх хохирогчийг цаашид гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй хэвээр үлдээлээ.

Харин шүүгдэгч П.Төмөрбаатарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 423356 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж,

энэ хэрэгт хавсарган ирүүлсэн, “Маргад” сургуулийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Төмөрбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”,

2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Т анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Төмөрбаатарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Хохирогч Д.Пунцагмаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж гэм буруутай этгээд болох П.Т нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.Шүүгдэгч П.Т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 423356 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “Маргад” сургуулийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ