Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг (томилолтоор),

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203005870569 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” төвд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар хороолол *** гудамж *** дугаар байр *** тоотод оршин суух /РД:***/ урьд

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 589 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийг журамлан 3 жилийн хорих ялыг биелүүлэхээр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн <<а>>, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорьж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 12-т заасныг журамлан оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, тус хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн урд замд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 23 цаг 35 минутын орчимд Harley-davidson Road Ckde маркийн *** улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараахь зүйлийн хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хашлага мөргөж онхолдсоны улмаас зорчигч ***гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4, 5, 6, 9-12 дахь тал),

2. Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...HD-road маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Сүрэнхоролоо овогтой *** нь шалгуулахаас татгалзсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

3. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр *** ахтай хамт манай ажил дээр байж байгаад 23 цаг өнгөрч байхад Төмөр замаас хөдлөөд 3, 4 дүгээр хороолол орох яаралтай ажилтай болоод хамт гараад явсан. Тухайн үед *** ах мотоцикл жолоодоод би хойд талд нь суугаад явж байсан. Гэтэл гранд плазагийн урд талд явж байгаад замын хашлага мөргөсөн. *** ах бид хоёр онхолдоод газарт унасан. ...Зураг авхуулж нарийн шинжилгээ өгөх үед эмч нуруунд гэмтэл бэртэл хугаралтай байна гэж хэлсэн. Тэгээд намайг шууд эмнэлэгт хэвтүүлж маргааш нь нуруундаа хагалгаа хийлгэсэн. Би одоо гайгүй болж байгаа. Одоохондоо босож явж чадахгүй байгаа. Жолооч *** ах осол болсон өдрөөс хойш бүх эмчилгээний зардлыг төлж байгаа. Мөн хэрэглээний мөнгө өгч байгаа. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй. Миний бүх хохирол барагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

4. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэр лүүгээ явж байсан. Тухайн үед Гранд плаза худалдааны төвийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байтал урдаас нэг мотоциклтой хүн маш хурдтай орж ирээд онхолдсон, тухайн үед онхолдох үедээ мотоциклийн хойд талд сундалж явсан эрэгтэй хүн онхолдох үед шидэгдээд миний жолоодож явсан автомашины урд буфер хэсгийг мөргөөд газарт унасан. Тэгээд би машинаас буугаад нөгөө хоёр хүнтэй уулзаад биеийг нь асуутал бие өвдөөд байна гэж хэлж байсан. Би шууд 103 луу дуудлага өгөх гээд залгатал утсаа авахгүй байсан. Тэгтэл ойрхон зогсож байсан цагдаа ирээд 103 болон 102 луу дуудлага өгсөн гэж хэлсэн. Тухайн мотоциклтой хоёр хүнээс маш их архи үнэртэж байсан. Мөн мотоциклийн жолооч сахалтай залуугийн байгаа байдал нь нэлээн согтолттой явж чадахгүй байсан. Тухайн үед миний жолоодож явсан Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Миний эзэмшлийн Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас урд буфер хагарсан. Би өөрийн эзэмшлийн Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тухайн мотоциклтой явсан жолооч болон зорчигч нар хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Harley Davidson Road Ckde маркийн *** улсын дугаартай мотоциклыг 2019 онд Америкийн нэгдсэн улсаас оруулж ирээд *** гэх залууд зарсан. Тухайн өдрөөс хойш одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй явсан. Надад тухайн мотоциклыг зарсан талаар ямар нэгэн гэрээ байхгүй. Тухайн Harley Davidson Road Ckde маркийн *** улсын дугаартай мотоцикл нь миний эзэмшлийн мотоцикл биш болсон тул ямар нэгэн хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Миний зүгээс Harley Davidson Road Ckde маркийн *** улсын дугаартай мотоциклд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй. ...Тухайн мотоцикл нь миний эзэмшлийнх биш болсон учир би зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 38 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.078.100 төгрөг гарсныг ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой ажлаа хийгээд ээлжид хонож байсан. Төмөр зам дахь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүн хүлээлгэж өгчхөөд буцаад 23 цаг 30 минут орчимд гараад цагдаагийн машинтай Гранд плазагийн урд талын жижиг аюулгүй тойргийн урд талаас нь орох гээд явж байтал тухайн тойргийн ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлтэй нэг мотоциклтой хоёр хүн явж байгаад хашлага мөргөөд онхолдсон. Тэгэхээр нь шууд ослын газарт явж очиход хоёр залуу мотоциклоос унаад газарт хэвтэж байсан. Шууд 102 болон 103 луу дуудлага өгсөн. Тухайн хүмүүсийн биеийн байдлыг асуухад юм ярихгүй газарт хэвтээд байсан. Би тухайн үед ослын газарт очиход мотоцикл жолоодож явсан болон зорчиж явсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13457 дугаартай: “...***гийн биед сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал, зулай, чамархай хуйх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

9. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1684 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт дүн 980.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх тайлан (хавтаст хэргийн 68 дахь тал),

10. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 08-ны өдрийн 1123 дугаартай “...Harley-davidson Road CKde маркийн *** улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ***гийн *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; - гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Toyota Sai маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Намхайнямбуугийн Ишжамц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зорчигч ***гийн *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

11. Хохирогч ***гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 121-131 дэх тал),

12. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

13. Тээврийн прокурорын газарт хохирогч ***гийн гаргасан “...миний бүх эмчилгээний зардлыг төлж байгаа. Миний бие эмчилгээ хийлгээд маш сайн болж байгаа, санал гомдол байхгүй. ...Миний бие хөдөө орон нутагт ажлаар явж байгаа шүүх хуралд оролцож чадахгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 141 дэх тал),

14. Тээврийн прокурорын газарт иргэний нэхэмжлэгч ***ын гаргасан “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 980.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг ***ын зүгээс бүрэн төлсөн тул миний бие гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 143 дахь тал),

15. Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн: “...Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 5.078.100 төгрөг төлсөн” гэх баримт (хавтаст хэргийн 144 дэх тал),

16. Тээврийн прокурорын газарт гаргасан шүүгдэгч ***ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 140 дэх тал),

17. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Harley-davidson Road CKde маркийн *** улсын дугаартай мотоцикл нь миний өөрийн эзэмшлийн мотоцикл байгаа юм. Анх тухайн мотоциклыг худалдаж авснаас хойш одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. ...Би ***гийн одоог хүртэл бүх эмчилгээг хийлгэж өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээг хийлгэж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний найз Б.*** нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо *** дүүрэгт эхнэр,  хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Улаанбаатар хотод 10 жилийн дунд 20 дугаар сургуулийг төгссөн. Их сургууль төгсөөгүй. 2001 онд 05 дугаар цэргийн ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Манай найз *** нь тамхи татдаг, согтууруулах ундааны зүйл хаяа нэг хэрэглэдэг, зан байдлын хувьд нийтэч, хөгжилтэй, хүнд тусархаг, хүний төлөө явдаг, даруухан зантай, шударга, сайхан сэтгэлтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, *** төвд ажилладаг, мотоциклд маш сонирхолтой, гэрээ авч яваа сайн залуу юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 99, 102-103, 104-106 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 107 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 108 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 109 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 110 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 111 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.              

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 46-47 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 23 цаг 35 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд плаза худалдааны төвийн урд замд Harley-davidson Road Ckde маркийн *** улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас мотоциклын ард сууж явсан зорчигч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч ***ын “...Тухайн үед Гранд плаза худалдааны төвийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байтал урдаас нэг мотоциклтой хүн маш хурдтай орж ирээд онхолдсон, тухайн үед онхолдох үедээ мотоциклийн хойд талд сундалж явсан эрэгтэй хүн онхолдох үед шидэгдээд миний жолоодож явсан автомашины урд буфер хэсгийг мөргөөд газарт унасан. ...Тухайн мотоциклтой хоёр хүнээс маш их архи үнэртэж байсан. Мөн мотоциклийн жолооч сахалтай залуугийн байгаа байдал нь нэлээн согтолттой явж чадахгүй байсан...” гэх, гэрч ***ын “...23 цаг 30 минут орчимд гараад цагдаагийн машинтай Гранд плазагийн урд талын жижиг аюулгүй тойргийн урд талаас нь орох гээд явж байтал тухайн тойргийн ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлтэй нэг мотоциклтой хоёр хүн явж байгаад хашлага мөргөөд онхолдсон. ...Би тухайн үед ослын газарт очиход мотоцикл жолоодож явсан болон зорчиж явсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их архи үнэртэж байсан...” гэх мэдүүлгүүд болон мөрдөгчийн “...Harley-davidson Road CKde маркийн *** улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ***гийн *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа зэрэг баримтуудаар,

Уг ослын улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогч ***гийн “...Тухайн үед *** ах мотоцикл жолоодоод би хойд талд нь суугаад явж байсан. Гэтэл гранд плазагийн урд талд явж байгаад замын хашлага мөргөсөн. *** ах бид хоёр онхолдоод газарт унасан. ...Зураг авхуулж нарийн шинжилгээ өгөх үед эмч нуруунд гэмтэл бэртэл хугаралтай байна гэж хэлсэн. Тэгээд намайг шууд эмнэлэгт хэвтүүлж маргааш нь нуруундаа хагалгаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13457 дугаартай “...***гийн биед сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал, зулай, чамархай хуйх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. 

Мөн шүүгдэгч нь хэрэг учрал болсон 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, жолооч байсан нь хэргийн 107 дахь талд авагдсан жолоодох эрхийн лавлагаагаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймээс, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203005870569 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч ***ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг ***од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг тус тус харгалзан хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч ***од тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн биед хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13457 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн иргэний нэхэмжлэгч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Хохирогч *** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлгүй, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгчээс тухай бүрд нь төлж байсан тухай хохирогч *** “...Жолооч *** ах осол болсон өдрөөс хойш бүх эмчилгээний зардлыг төлж байгаа. Мөн хэрэглээний мөнгө өгч байгаа. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй. Миний бүх хохирол барагдсан...” гэж мэдүүлсэн,

мөн иргэний нэхэмжлэгч ***ын тээврийн хэрэгсэлд учирсан 980.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаар “...тээврийн хэрэгсэлд 980.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг ***ын зүгээс бүрэн төлсөн тул миний бие гомдол саналгүй” гэх иргэний нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлт, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.078.100 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх нотлох баримт тус тус хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***, иргэний нэхэмжлэгч ***, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэв.

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***од тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.

5. Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 5.078.100 төгрөг нөхөн төлсөн, хохирогч *** нь хохирол барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч ***ад 980.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Хэрлэнбаяр нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***од шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА