Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/00486

 

2019 оны 2 сарын 14 өдөр Дугаар102/ШШ2019/00486 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо С-3-р байр 610 тоотод оршин суух, рд:УУ65040801, Цэвээн овогт Дүнжүүсарайгийн Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, УБТЗ-ын Удирдах газар, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 25.986.047 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-1-284 болон 2018 оны 11 сарын 01-ий өдрийн Б-1-352 тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анх 2018 оны 09 сарын 25-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 15,929,647 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа нэмэгдүүлсэн. 2018 оны 12 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн нэхэмжлэл гаргасанаас хойш 2018 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл 5,151,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Дараа нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг дахин 3,390,400 төгрөгөөр, 2019 оны 01 сарын 25-ны өдөр 1,515,000 төгрөгөөр нийт 25,986,047 төгрөгөөр нэмэгдүүлэн хариуцагч байгууллагаас гаргуулах шаардлагыг гаргасан. Мөн 2019 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг нөхөж бичүүлэх. Мөн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-1-284 болон 2018 оны 11 сарын 01-ий өдрийн Б-1-352 тушаалуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан. УБТЗ-н захиргаанаас Д.Пүрэвсүрэнг ажлаас үндэслэлгүйгээр халсан. 3 шатны шүүхээр явсны дараа 2018 оны 03 сарын 06-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс Д.Пүрэвсүрэнг ажилд нь эргүүлэн тогтоосон. Ингэхдээ техникийн алдаа гаргаж, тогтоолын тогтоох хэсэг дээр албан тушаалыг нь сольж тавьсан байдаг. УБТЗ-ын зүгээс өмнө нь байхгүй байсан албан тушаалд Д.Пүрэвсүрэнг томилоод дараа нь 2018 оны 11 сард буцаагаад ажлаас нь халсан байгаа. Дурдсан 2 албан тушаал нь нэг нь урьд байхгүй албан тушаалд томилсон тушаал, нэг нь тухайн ажилаас халсан тушаал байгаа. Хариуцагч байгууллага Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу ажилд нь авсан. ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 25,157,153 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр шийдвэр гарсан. Хэрвээ Пүрэвсүрэнг өмнөх ажилд нь томилсон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл хариуцагч тал Улсын дээд шүүхийн тогтоолын алдааг ашиглаж шийдвэр гаргасан. Үүнээс болоод хариуцагч ажилгүй, цалингүй гэрт байгаа. Дараа жил гэхэд тэтгэвэрт гарах нас нь болчихсон байхад Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр бичилт байхгүй. Тодорхой хугацаагаар тасалдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөлөгч Н.Болороо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улсын дээд шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож олгохдоо 01 сарын 2,277,923 төгрөгөөр тооцсон байдаг. Дээд шүүхийн тогтоолд тооцохдоо сараар тооцсон. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан дундаж цалин хөлс тодорхойлох тухай 55-р журмын дагуу ажлын өдрүүдийг гаргаж тооцож үзэх ёстой гэж бодож байгаа. Энэ журмын дагуу тооцож үзэхэд 2,277,923 төгрөгийг сарын дундаж ажлын хоногт хуваахад 1 өдрийн цалин нь 105,950 төгрөг болж байгаа. Улсын дээд шүүх цалин хөлсийг бодохдоо тогтоол гарсан өдрийг хүртэл бодож олгосон. Түүнээс хойш 2018 оны 03 сарын 06-наас өнөөдрийг хүртэл хугацааны ажлын өдрийг тооцож үзэхэд нийтдээ 236 ажлын өдөр болж байгаа. 03 сард ажлын 18 хоног, 04 сард ажлын 21 хоног, 05 сард ажлын 23 хоног, 06 сард ажлын 20 хоног, 07 сард ажлын 19 хоног, 08 сард ажлын 23 хоног, 09 сард ажлын 20 хоног, 10 сард ажлын 23 хоног, 11 сард ажлын 20 хоног, 12 сард ажлын 21 хоног, 2019 оны 01 сард ажлын 22 хоног, 02 сард 06 хоног нийт 236 хоног болж байгаа. Үүнийг нэг өдрийн цалин 105,950 төгрөгөөр үржүүлхээр нийт 25,004,200 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн зөрүү нь 981,847 төгрөг болж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 тушаалыг хүчингүй болгохтой холбоотой Улсын дээд шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнг зорчигч үйлчилгээний албаны даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2018 оны 09 сарын 17-ны өдөр Д.Пүрэвсүрэнг тухайн ажил албан тушаалд томилсон шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан тогтоолд дурдсан албан тушаал байхгүй учраас боломжит албан тушаалуудыг санал болгож албан бичгээр үзүүлж байсан. Үүнд: Галт тэрэгний дарга, зорчигчийн вагон депоны орлогч дарга, зөрчигч тээврийн албаны байццагч гэсэн албан тушаалуудыг санал болгосон боловч Д.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Нөгөө талаас энэ ажил албан тушаал, шийдвэрийг гарсанаас хойш Улсын дээд шүүхийн тогтоолд ехнизийн алдаа байна гэсэн үндэслэлээр залруулга хийгдсэн. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон. Үүн дээр маргахгүй байгаа. Улсын дээд шүүх шийдвэртээ залруулга хийгээд хүчин төгөлдөр болчихсон учраас 2018 оны 09 сарын 17-ны өдөр зорчигч үйлчилгээний албаны даргаар томилсон тушаалаа хүчингүй болгож, энэ ажлаас буцаан халсан. Улсын дээд шүүхээс гаргасан тогтоол нь хүчин төгөлдөр байгаа учраас энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25.986.047 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-1-284 болон 2018 оны 11 сарын 01-ий өдрийн Б-1-352 тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч анх 2018 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа цалин олговорт 15.929.647 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. /хэргийн 1-2 дугаар тал/

 

2018 оны 12 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5.151.000 төгрөгөөр, 2019 оны 01 сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3.390.400 төгрөгөөр, мөн эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх шаардлагаар, 2019 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1.515.000 төгрөгөөр болон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-/-284, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн Б-/-352 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах болгон тус тус нэмэгдүүлжээ. /хэргийн 43, 55, 71-72, 76-77, 82, 87-88 дугаар тал/

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага нийт цалин олговорт 25.986.047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-/-284, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн Б-/-352 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтаа хавсарган ирүүлснийг шүүх хүлээн авсан болно.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2017 оны 09 сарын 06-ны өдрийн 02376 дугаар тус шүүхийн шийдвэрээр Д.Пүрэвсүрэнгийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11.384.195 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017 оны 11 сарын 1-ны өдрийн 210/МА2017/02341 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00369 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Д.Пүрэвсүрэнг Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 25.057.153 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хэргийн 5-12 дугаар тал/

 

2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-/-284 тоот Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын Д.Пүрэвсүрэнг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлэн авах тухай тушаал гарч, нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний албаны даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоожээ. /хэргийн 78 дугаар тал/

 

2018 оны 09 сарын 24-ны өдрийн 001/ХТ2018/00369А дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00369 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 заалтад Д.Пүрэвсүрэнг зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эргүүлэн тогтоох гэснийг Д.Пүрэвсүрэнг зорчигч тээврийн албаны даргын ажилд эргүүлэн тогтоож гэж зөвтгөн залруулга хийжээ. /хэргийн 66 дугаар тал/

 

2018 оны 11 сарын 01-ны өдрийн Б-/-352 дугаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын Д.Пүрэвсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал гаргаж, Зорчигч үйлчилгээний албаны даргаар томилогдсон Д.Пүрэвсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хэргийн 79 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зорчигч тээврийн албаны даргын ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Улсын дээд шүүхийн тогтоол зөрүүтэй гарч, сүүлд залруулга хийж зөвтгөсөн, зөвтгөсөн шүүхийн шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоогүй байгаа, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч шүүхэд маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хариуцагч 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-/-284 тоот, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн Б-/-352 дугаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл дээрхи тушаалууд нь зөрүүтэй гарч залруулга хийсэн Улсын дээд шүүхийн тогтоолтой холбоотой бөгөөд, хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн тогтоогоогүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн энэ тушаалтай холбоотой нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэхь хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасны дагуу хариуцагчаас 2018 оны 03 сарын 07-ны өдрөөс өнөөдрийн хүртэлх ажлын 236 хоног хугацааны цалин олговорт нийт 25.004.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 981.847 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчид олгох цалин олговрын хэмжээг дараах байдлаар тооцов. Үүнд:

1.Д.Пүрэвсүрэнгийн ажилгүй байгаа хугацааг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2018 оны 03 сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажлын 236 хоног,

2. Улсын дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн дундаж цалин 2.277.923 төгрөгөөр тогтоосон бөгөөд 1 сарын ажлын дундаж хоног 21.5 гэж бодоход 1 өдрийн дундаж цалин 105.950 төгрөг,

3. 105.950 төгрөгийг ажилгүй байсан 236 хоногоор бодоход нийт 25.004.200 төгрөг болно.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн шаардлагыг 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643.754 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 573.554 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 2.004.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 981.847 төгрөгийг, 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Б-/-284 тоот, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн Б-/-352 дугаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын тушаалуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн шаардлагыг 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643.754 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас улсын ттэмдэгтийн хураамж 573.554 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ