Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2205017572418 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси хүргэлтийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан 13 дугаар баг үйлдвэрийн район гудамж 8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 10-р хэсэг, Ганцын задгай тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 06 цаг 44 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ***г Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд оруулж өгөхдөө Samsung note 10 plus маркийн гар утсыг нь “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан авч 665.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө эгчийнхээсээ гараад гэр лүүгээ явах гэхэд ууцан байсан болохоор санаа зовоод Цэцэг төв орчмоос такси бариад таксины жолоочид буудал оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгтэл таксины жолооч Модны 2 орчимд байрлах *** гэсэн нэртэй зочид буудал руу очоод намайг оруулж өгөхдөө миний Самсунг ноте 10 загварын гар утсыг утсаар ярьчхаад өгье гэж хэлээд аваад явсан. Тухайн үед бас миний нэг гар утас алга болчихсон. Тухайн гар утсыг би таксинд суухаасаа өмнө алга болгочихсон. Саарал өнгийн акуа маркийн автомашин байсан, жолооч нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Надад нийт 2 гар утас байсан, миний ноте 10 загварын гар утсыг таксины жолооч надаас утсаар яриад өгье гэж хэлээд авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

2. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...2021-12 сард Теди төвөөс худалдан авсан Samsung note 10 plus маркийн гар утас-665.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

3. Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 29/6786 дугаартай албан тоотын хариу (хавтаст хэргийн 37 дахь тал),

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хяналтын камерын 02 цаг 52 минутад хохирогч *** гар утсаа гартаа барьж байгаад хамт явсан гэх эрэгтэй хүнд өгч байгаа болохыг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-66 дахь тал),

5. Хохирогч ***гийн “өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан урмаар шалган шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 99 дэх тал),

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 105 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би таксинд явж байхад нэг эмэгтэй цэцэг төвийн буудал дээрээс гараа өргөөд миний машинд суусан. Тэгээд суугаад хороолол оръё гэж хэлсэн. Хороолол явж байх замд тухайн эмэгтэй буудал оруулаад өг гэсэн. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд тухайн эмэгтэйг оруулж өгсөн бөгөөд буудалд орчхоод өрөөнд байхдаа би тухайн эмэгтэйд хандан утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд Самсунг ноте 10 плас загварын гар утсыг нь аваад тэр чигтээ яваад өгсөн. ...Би тухайн эмэгтэйн гар утсыг авч явсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөр байна. Би тухайн эмэгтэйд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь манай нөхөр байгаа юм. Манай нөхөр 1991 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт Наранхүүгийн том хүү болон мэндэлсэн. Манай хүн доороо нэг дүүтэй. Манай нөхөр 10 жилийн сургуулиа Завхан аймагт 1-р сургуулийн төгссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад хөдөө Замаарт уурхайд 2015 онд ороод тэндээ 1 жил ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд 2017-2021 он хүртэл Үүлэн гутал ХХК-д улалгаачин хийж байгаад 2021 оны 10 сард ажлаасаа гараад одоог хүртэл эрхэлсэн ажилгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 80 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дэх тал), эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 85-86 дахь тал), түр оршин суух тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91, 92-95 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 11-12 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 06 цаг 44 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ***г Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд оруулж өгөхдөө Samsung note 10 plus маркийн гар утсыг нь “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан утсыг нь аваад буцаан өгөлгүй өөртөө авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 29/6786 дугаартай албан тоот болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ыг  “Залилах гэмт хэрэг буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 105 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 106-107 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 665.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 99 дэх талд хохирогч нь “...өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА