Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0549/3 |
Дугаар | 221/МА2024/0731 |
Огноо | 2024-11-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0731
Ш.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 520 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Ш.Эгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Э
Хариуцагч: “Б” ТӨХХК, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс.
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч “Б” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн төв комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлалын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Буянхишиг
Хэргийн индекс: 128/2023/0549/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/*** тоот Хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоохыг даалгах, хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгуулах, цалингийн зээл 12,893,649 төгрөг, түүнийг хурц хордлогод орсон хугацаанд асарсан дүү н.Тгийн цалингийн зээл 13,677,661 төгрөг гаргуулах”,
Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 520 дугаар шийдвэр,
2.Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр:
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 9 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4.2, 29.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар нэг жилээр тогтоосон ***дугаартай актыг хүчингүй болгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-07-**** дугаартай дүгнэлтийг хэрэгжүүлж, хурц хордлогын дүгнэлт гаргахыг хариуцагч “Б” ТӨХХК-д даалгаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр нөхөн тогтоож акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст даалгаж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн цалинг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож "Б" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, дүү н.Тгийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Ш.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, 62.1.2, 62.1.4-т хуульчлагдсан захиргааны актыг осолдогч нэхэмжлэгчийн эрүүл мэнд ноцтой хохирч, эдийн засгийн илт хохирол учруулж 2019.09.20 өнөөг хүртэл заналхийлж байна. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай хурц хордлогын тухай захиргааны актыг түдгэлзүүлсэн байх тул нэн яаралтай шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Ш.Э миний бие 2024 оны 06 сарын 17 өдрийн 128/ШШ2024/0520 дугаартай шүүхийн шийдвэр гарсныг огт мэдээгүй. 2024 оны 07 сарын 19 өдрийн 10 цаг орчимд гэрт шууданч ирж, улмаар мэдэж гардаж авсан.
Нэхэмжлэгч Ш.Э миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 сарын 26 өдөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актаар хүлээсэн үүргийг нь хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд Эааар, хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мгээр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн дараах үндсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ш.Эгийн 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн актын биелэлтийг албадан гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан. Гэтэл шүүгч Т.Мэс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-г зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл шийдвэрлэж амь насанд халдахыг завдсан, завдаж буй 2023.09.11 өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хууль бусаар явуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж жинхэнэ хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мг гэрч болгож эрүүгийн хэргийн хохирогчийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хориглож аюултай байдалд үлдээчхээд мөн хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд Эаыг шүүхэд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй мөн хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр захиргааны хэргийн шүүхэд оруулан нэхэмжлэгч Ш.Э, осолдогчийн ар гэр болон түүний хамаарал бүх хүмүүсийг бусдаар мөрдөж мөшгүүлж, зураг хууль бусаар авч, өмгөөлөгч М хууль бусаар өөрөө мөрдөж мөшгөж, мөн шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, удаа дараа заналхийлж буйд шүүгчийн татгалзлыг хууль заасан үндэслэл журмын дагуу 2023.09.11 өдрөөс хойш 2024.06.17 өдрийг хүртэл хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, 2024.06 сарын 17-нд осолдогч нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй. Нэхэмжлэгч Ш.Эгийн эрхийг хангаагүй, ЗХШХШТХ-ийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, нэхэмжлэлийн үндсэн дээрх шаардлагыг өөрчилж бичиж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.4.2-г үндэслэн гаргасан. Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай хурц хордлогын тухай захиргааны актын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-д заасныг удирдлага болгон гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.06 сарын 17 өдрийн 128/ШШ2024/0520 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
“Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай дүгнэлтийг хэрэгжүүлж, хурц хордлогын дүгнэлт гаргахыг хариуцагч "Б" ТӨХХК-д даалгаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020.04.09-ний өдрөөр нөхөн тогтоож акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгаж, 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс 10 сарын 08-ны өдөр, 11 сарын 09-ний өдрөөс 12 сарын 08- ны өдөр, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 19-ний өдөр, 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 04 сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн цалинг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож "Б" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649, дүү н. Тгийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Осолдогч Нэхэмжлэгч Ш.Эгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09-ний өдрийн 01-06- 079/126 дугаартай хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн актын биелэлтийг гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд Эа, хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мгээр хуулийг (ХАБЭА-30.2) Засгийн газрын 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 448 дугаартай тогтоолын хавсралт Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрмийн 4.1.11-д заасныг хэрэгжүүлэхээр, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр шинэ хуулиар 2024.01.01 хэрэгжиж буй хуулиар нэр томьёоллыг томьёолсон байна. Тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид (1994 оны хуулийн 2-т, шинэ хуулийн 3.1-д) Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаана уу. Шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй байна.
Үндэслэх хэсгийн 1-д: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.04.09 өрийн 01-06-079/*** тоот Хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоохыг даалгах, хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгуулах, цалингийн зээл 12,893,649 төгрөг, түүнийг хурц хордлогод орсон хугацаанд асарсан н.Тгийн цалингийн зээл 13,677,661 төгрөг гаргуулах гэх агуулгаар осолдогч-нэхэмжлэгч Ш.Эгийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг өөрчилж, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмж хуулийг хэрэглэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шүүх шийдвэрээ гаргасныг, мөн энэ үндэслэх хэсэгт нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгоогүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан гэж үндэслэх хэсэгтээ тусгаж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үндэслэлээ болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Осолдогч-Нэхэмжлэгч Ш.Эгийн шүүхэд хандах эрхийг зөрчиж хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан хүсэлтийг гуравдагч этгээдээр осолдогчийн дүү Ш.Тг татан оролцуулах хүсэлтийг огт хянан хэлэлцээгүй, тус шүүхэд нэхэмжлэгч Ш.Э тайлбар, хүсэлт гаргах эрхээ эдэлж байгаагүй, огт тайлбар гаргаагүй байхад 2023 оны 09 сарын 11 хойш нотлох баримтуудын, төлбөрийн баримтуудын болон бусад хуульд заасан тайлбар гаргах эрхээ эдэлж чадахгүй осолдогч-нэхэмжлэгч Ш.Э эрхээ зөрчүүлж хохирч байна.
Үндэслэх хэсгийн 5-д: "Б" ТӨХХК-ийн 2020.03.02 өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 2020.03.31-д Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хүлээн зөвшөөрөхгүй болно гэж хянан баталгаажуулсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, хууль буруу хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрээ гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.3- т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана. 29.4.2-т Ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар хуульчлагдсан. 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллана. Иймд 29.4.2-д заасан улсын ахлах байцаагчийн 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу 29.2-д зааснаар ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын дүгнэлт гаргах хууль зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай Хурц хордлогын тухай захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заажээ. Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан.
Осолдогч Ш.Эгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай Хурц хордлогын тухай захиргааны эрх зүйн акт нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10 Цацраг идэвхт болон биологийн идэвхт бодис химийн хорт бодисын дэгдэлтэд өртөж богино хугацаанд хурц цочмог хэлбэрээр хордохыг хурц хордлого гэнэ. Химийн бодисуудын дэгдэлтэд өртөж хурц хордсоныг тогтоосон актыг, шүүх нотлох баримтыг буруу үнэлж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл нь юм. Хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээдийг захиргааны хэргийн шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Монгол улсын иргэн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг 0111 дугаартай өмгөөлөгч М нь шүүгчид нөлөөлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэрийг гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай Хурц хордлогын тухай дүгнэлтийн 3-т бичигдсэн дүгнэлтийг зориуд нотлох баримтыг буруу үнэлүүлж шүүхийн шийдвэрт нөлөөлж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэлийн 7-д: Хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд 2020.07.16-нд осолдогч Ш.Эгийн 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт хурц хордлогын тухай захиргааны актаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэж (2022.05.30 өдрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос нь иш татав) Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, эрүүл мэнд нь хохирсон, хохирол хор уршгийг хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгодог үүрэг хүлээдэг учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг 2022.04.27 өдрийн 0327 дугаартай шүүхийн шийдвэрээр: Химийн хорт болон аюулт бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч хордсон болох нь тодорхой бөгөөд уг бодисуудын үйлчлэлийн улмаас гуравдагч этгээд Ш.Э нь ажлын байран дээр ажил үүрэг гүйцэтгэж байх явцдаа химийн бодисуудын дэгдэлтэд өртөж хордсон болох нь цэргийн төв эмнэлгийн 2020.04.08 өдрийн 325 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн өвчтөний оношны талаар ирүүлсэн лавлагаа зэргээр амьсгалын замаар нэвтэрсэн химийн бодисын хордлого (Т55) гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх үндэслэлээр 2020.04.09 өдрийн 01-06-079/*** дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт Хурц хордлогын тухай улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзсэнийг шүүгч Д.Х нь 2022.04.27 өдрийн 0327 дугаартай дээрх шүүхийн шийдвэрийн агуулгыг өөрчилж дээрх үндэслэлээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын дүгнэлт гаргуулахаар улсын байцаагчийн дүгнэлт бичсэн нь хуульд нийцсэн гэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож хариуцагч "Б" ТӨХХК-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д: Тодруулбал: гэснийг ердийн өвчнөөр лист эмнэлгийн хуудас авснаар тэтгэмж олгох нь хууль зүйн үндэслэлгүй, хорны эсрэг эмчилгээ хийлгэхгүй 29.1-д заасан үүргээ биелүүлээгүй, 29.2-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр үнэнийг хүлээж, удаа дараа ажилчид гомдол гаргаж байж ослын акт тогтоохдоо зориуд осолдогч Ш.Эгийн ослын актыг буруу тогтоосон ямар хор бичсэнийг, мөн ямар ашиг сонирхол бичсэнийг шүүх хуралдааны танхимд хэлж тайлбарлана. "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд асан Б.Ц нь ХАБЭАТ хууль тогтоомжийг зөрчиж, химийн маш хорт үхлийн хор, онцгой идэвхт (Л) онцгой хортой бодисын ангилалд багтдаг. Монгол улсад бүртгэлгүй, хориглосон бодисуудыг хууль бусаар ашиглаж ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулж, ажилтныхаа осолдогч Ш.Э болон бусад осолдогч нарын амь насыг хохироож, эрүүл мэндийг хүндээр гэмтээж улмаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгогдох үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн хуульд зааснаар 2020.04.09 өдрийн 01-06- 079/126 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт хурц хордлогын тухай захиргааны актыг үндэслэн энэ хуулийн 13-р зүйл, 14.1, 14.2 зааснаар мөн 15.1, 15.2 зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмжийг олгох байтал нийгмийн сангийн тэтгэмжийн хуулиар олгохоор эдийн засгийн илт ноцтой хохирол учруулах гэж буй учраас шүүхийн шийдвэрийг нь хүчингүй болгох үндэслэлтэй. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль буруу хэрэглэж, тэтгэмж буруу олгож, хохироох учраас хүчингүй болгоно уу.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д заасныг эс зөвшөөрч: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч нэхэмжлэгч Ш.Эгийн осол, хурц хордлогын улмаас учирсан хор уршгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.1-д Ажил олгогч нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого өртсөн (иргэн) ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг бүрэн хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна гэснийг зөрчиж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй хуульд заасан үүргийг хэрэгжүүл гээд мэргэжлийн хяналт шаардаад, шаардлага хүргүүлээд байна гээд удаа дараа учирсан хохирлыг төлөөлөхийг мэргэжлийн хяналтад гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хандахаар, мэргэжлийн хяналтаар шалгуулж Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шалгаж, химийн бодисууд хууль бусаар ашиглаж, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж, зөвшөөрөлгүй хууль зөрчсөнийг нь 2019.09.24 өдрийн МХЕГ-н төлөвлөгөөт бус шалгалтаар шалгаж тогтоож улмаар химийн бодисын дэгдэлтийн улмаас үүссэн хор уршгийг арилгаж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид учир хохирлыг бүрэн хариуцах үүрэг нь хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд ХАБЭА тухай хуулийн 28.1.15-д зааснаар хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч Хөдөлмөрийн тухай хуулийн (хуучны) 97.1, 97.1.1 2021.07.02 өдрөөр баталсан, 2022.01.01 өдрөөс дагаж мөрдөж буй хуулийн 125.1, 125.1.1-д зааснаар шаардах эрхтэй.
Гэтэл Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмжийн хуулиар хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль буруу хэрэглэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нөхөн тогтоох хүртэлх бүхий л зардалтай холбоотой бусад шаардах эрх үүсэх зохицуулалт хуульд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, дүү н.Тгийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй. Иймд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь нэхэмжлэгч Ш.Эгийн хуульд заасан эрхийг зөрчиж буй учраас эс зөвшөөрч, хүчингүй болгох нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрхийг хангаагүйг нь эс зөвшөөрч байна. Хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж эдийн засгийн ноцтой илт хохирол учруулж буй учраас, мөн эрүүл мэндийг ноцтой хохироож буй учраас осолдогч Ш.Э түүний ар гэр, дүү Ш.Тд болон хамаарал бүхий этгээдүүдийн эрх зөрчигдөж буй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцэх юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д заасныг эс зөвшөөрч: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж эрүүл мэндээр хүндээр гэмтсэнийг нотолсон өвчний түүх, шинжилгээний өөрчлөлтүүд, хүний хувийн мэдээллийг бусдад хууль бусаар тарааж, улмаар нэр төрд халдаж, бусдад буруу мэдээлэл тарааж, хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.М нь эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж улмаар жинхэнэ хариуцагч Л.Мг гэрч болгож хууль түүнд нийцүүлэн гарсан захиргааны актаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхгүй гэж эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй аюултай байдалд үлдээж, эрүүл мэндийг хүндээр гэмтсэнийг хуулийн хүрээнд тодорхойлж (хараат) бусаар ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр хориглуулснаар нотлох баримт байхгүй гэж нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж хориглож шүүгчийн татгалзлыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй байж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгөхөд хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд Эаыг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр өмгөөлөгч Мыг оруулж, түүний үгээр нотлох баримт байхгүй гэж хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй шүүх хуралдаан явуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.04.09 өдрийн 01-06- 079/126 дугаартай дүгнэлтийг хэрэгжүүлж, хурц хордлогын дүгнэлт гаргахыг хариуцагч "Б" ТӨХХК-д даалгаж шийдвэрлэсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020.04.09-ний өдрөөр нөхөн тогтоож акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгаж шийдвэрлэсэн 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс 10 сарын 08 өдөр, 11 дүгээр сарын 09 өдрөөс 12 сарын 08-ны өдөр, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 19-ний өдөр, 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 04 сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн цалинг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож "Б" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, н.Тгийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Дараахь нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Эгийн Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагчийн дугнэлт 2020.04.09 өдрийн 01- 06-079/126 дугаартай Хурц хордлогын тухай захиргааны актын биелэлтийг гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлагаар хариуцагч "Б" ТӨХХК-ийн хуулийн этгээд Эа, хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 30.2-д заасныг Засгийн газрын 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 448 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн ажиллах дүрмийн 4.1.11-д заасныг хэрэгжүүлэхээр байх тул нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр (хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр гэж шинэ хуулиар 2024.01.01 өдрөөс хэрэгжиж буй хуулиар томьёолсон байна) тэтгэмж хөдөлмөрийн тухай хуулиар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид (1994 оны хуулийн 2-д, шинээр 2024.01.01 мөрдөгдөж буй хуулийн 3.1) тэтгэвэр, тэтгэмж олгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаана уу. Нотлох баримт нуун дарагдуулсан, бусад нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд гаргаж өгнө. Шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэтгэлцэх зарчмаар хангана уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ш.Эгаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/*** тоот Хурц хордлогын тухай дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоохыг даалгах, хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд цалин тэтгэмж олгуулах, цалингийн зээл 12,893,649 төгрөг, түүнийг хурц хордлогод орсон хугацаанд асарсан дүү н.Тгийн цалингийн зээл 13,677,661 төгрөг гаргуулах” шаардлага бүхийн нэхэмжлэлийг “Б” ТӨХХК, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст холбогдуулан гаргажээ.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1.Ш.Э нь “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар[1] Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны албан тушаалд томилогджээ.
3.2.“Б” УТҮГ-ийн 2019-2020 оны үйлдвэрлэлийн жилийн ажил эхлэхтэй холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/192 дугаар тушаалаар[2] ажлын хэсгийг байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажилд Ш.Эг ажлын хэсгийн ахлагчаар томилон ажиллуулсан байна.
3.3.Улмаар дээрх ажлыг гүйцэтгэсний дараа Ш.Э болон бусад 3 иргэний биеийн эрүүл мэндэд нь хордлогын шинж тэмдэг илэрч Ш.Э нь Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны хооронд “S” оноштой хэвтэн эмчлүүлсэн байна.
3.4.Дээрх үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1294 дүгээр тогтоолоор[3] “...Б.Цгоос гаргасан гомдлын дагуу шалгаад хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй” гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.
3.5.Ш.Эг “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/316 дугаар тушаалаар[4] Эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрийн Б/317 дугаар тушаалаар[5] Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологич албан тушаалд томилогдсон байна.
3.6.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх актаар[6] “...Ш.Эд хурц хордлогын байдал тогтоогдоогүй” гэж дүгнэжээ.
3.7.Улмаар дээрх дүгнэлтийг Ш.Э эс зөвшөөрч гомдол гаргасныг Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/*** дугаар дүгнэлтээр[7] “...Ш.Э нь ажил олгогчийн шийдвэрийн дагуу үүргээ гүйцэтгэх явцад химийн бодисын хурц хордлогод өртсөн байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн комиссын шийдвэрийг гаргах үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.
3.8.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр[8] “...“Б” УТҮГ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулд холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/*** дугаар хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн байна гэж үзэн “Б” УТҮГ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 476 дугаар магадлалаар[9] “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаар тогтоолоор[10] Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
3.9.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ш.Э нь холбогдох төрийн байгууллагуудад хандан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл гомдол гаргасныг дараах байдлаар шийдвэрлэжээ. Тухайлбал,
3.10.Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02/2741 дугаар албан бичгээр[11] Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан “...холбогдох хууль тогтоомжийн дагуу Ш.Эгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг яаралтай тогтоож, хариуг ирүүлэх” талаар иргэний гомдлыг яаралтай шийдвэрлэх мэдэгдлийг хүргүүлжээ.
3.11.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1975 дугаар албан бичгээр[12] Мэргэжлээс шалтгаалсан өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын даргад хандан “...Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 4 дэх хэсгийн 4.10.3-д “...хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв байгууллагын эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтийг даатгуулагчийн хяналтын эсвэл эмчлэгч эмч нь салбар комиссын хуралд танилцуулна...” гэж заасны дагаа танай комисст шилжүүлж байна. Иймд Ш.Эгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг холбогдох дүрэм, журмын дагуу яаралтай шийдвэрлэн хариу ирүүлнэ үү” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
3.12.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2006 дугаар албан бичгээр[13] Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын сангийн хэлтэст хандан “...Ш.Эд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг тогтоож, олгох асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэж олгоно уу” гэх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
3.13.Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”[14]-аар Ш.Эгийн хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар буюу хугацааг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байхаар тогтоожээ.
3.14.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06-04/2548 дугаар албан бичгээр[15] Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан “Ш.Эгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 126 тоот хурц хордлогын тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн харьяаллын дагуу даатгуулагчид учирсан хохирлыг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэж өгнө үү” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
3.15. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/2454 дүгээр албан бичгээр[16] Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандан “...Мэргэжлээс шалтгаалсан өвчний Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***тоот “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгох” тухай тэтгэвэр тогтоох мэдэгдлийг хүргүүлжээ.
3.16.Нэхэмжлэгч Ш.Э нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б” ТӨХХК болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан “Гэм хорын хохирол 269.825.567 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын санд зохих өөрчлөлт оруулахыг даалгах, сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах, үйлдвэрийн осол хурц хордлого өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар тогтоолоор[17] “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
4.Маргаан үйл баримтад холбогдох хууль хэрэглээний тухайд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “"хурц хордлого" гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг”, 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг,
29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4.1-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.”, 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх” гэж тус тус заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 он/-ын 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй” гэжээ.
Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.2-т ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3-д ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, 2.2-д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.” гэжээ.
5. Нэхэмжлэгч Ш.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрийн осолд өртөж хурц хордлогод орсон болохыг Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/*** дугаартай дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 476 дугаар магадлал, Цэргийн төв эмнэлэгт “амьсгалын замаар нэвтэрсэн химийн бодитын хурц хордлого” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх[18] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс нь “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар хамтран баталсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа” тогтоох тушаалын 1 дүгээр хавсралтын 2.Мэргэжлээс шалтгаалсан хордлогын өвчнүүд. 2.6. Бусад органик бус бодисын хордлого (Хүнцэл, фосфор, марганц, тэдгээрийн нэгдлүүд, устөрөгчийн цианид, бусад органик бус нэгдлүүд) в/дунд үе. (ходоод гэдэсний шархлаа, элэгний хатуурал, цусны эсүүдийн гүнзгий өөрчлөлтүүд, бамбай булчирхайн эмгэг, тархины хэсэгчилсэн голомтот шинжүүд, бодисын солилцооны хүчил шүлт) Өвчний код:Т57, хувь хэмжээ: 56-69, хугацаа 1 жил” гэж заасны дагуу Ш.Эгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар 1 жилээр тогтоожээ.
7.Дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон маргаан бүхий актыг анхан шатны шүүхээс “...Ш.Эгийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг нэгэнт дүгнэсэн бөгөөд Ш.Э нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх явцдаа химийн хорт бодисоос үүдэлтэй хурц хордлогод өртсөн үндэслэлээр хуульд заасан тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, энэ эрхээ зөрчигдсөн хэмээн маргасан нь үндэслэлтэй байна. Энэ эрхийг хангах үүднээс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хууль тогтоомжид заасан чиг үүрэг, процессыг баримтлан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг бодитой тогтоох үүрэгтэй байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Мэргэшлээс шалтгаалах өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаартай актаар органик бус бодисын хордлогын дунд үе гэж дүгнэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар, нэг жилээр тогтоосон нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
8.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж заасан.
Хуулийн эдгээр заалтаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалж өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй, тодруулбал, захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болохоор тодорхой зохицуулжээ.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрээр “2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн цалинг Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож "Б" ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах”-аар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нөхөн тогтоох хүртэлх зардалтай холбоотой бус, тодруулбал, маргаж буй захиргааны үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй нэхэмжлэлийн шаардлага болох “цалингийн зээлийн төлбөр 12,893,649 төгрөг, дүү н.Тгийн цалингийн зээлийн төлбөр 13,677,661 төгрөг гаргуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан” гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно, 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, 118 дугаар зүйлийн 118.1-т “Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, тайлбар, мэдүүлэг гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх бүрэлдэхүүний татгалзлыг шийдвэрлүүлэх зэрэг эрхийг хангах зорилгоор нэхэмжлэгч Ш.Эгаас гаргасан хүсэлтүүдийг хангаж шүүх хуралдааныг 3 сар гаруй хугацаагаар буюу 6 удаа хойшлуулсан байна.
Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ш.Эд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг дахин ирүүлсэн байх ба дээрх хүсэлтүүдийг шүүхээс нягтлан үзэхэд тухайн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг өмнө гаргасан, уг хүсэлтийг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хангасан бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангасан баримтууд хэрэгт авагдсан тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 241 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 244 дэх тал
[3] Хэргийн 2-р хавтас 43-44 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 242 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 243 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 12-14 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 24 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 28-35 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 36-40 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 41-42 дох тал
[11] Хэргийн 1-р хавтас 131-132 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 137 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 139 дэх тал
[14] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал
[15] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал
[16] Хэргийн 1-р хавтас 63 дахь тал
[17] Хэргийн 2-р хавтас 54-56 дахь тал
[18] Нотлох баримтаар авагдсан 128/2020/0832/3 индекстэй хэргийн 3-р хавтас 86-97 дахь тал