Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00193

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч Т.Ганзориг, хохирогч Б.Сумъяабаатар, А.Жавхлантогтох, хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун, шүүгдэгч Б.Галтсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайхан овогтой Галтсүрэнд холбогдох эрүүгийн 201514000495 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймаг, Хутаг-Өндөр сум Тээл баг Баруун тэрэм гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хөх морьт овгийн Баярсайханы Галтсүрэн. /ГА 93081518/

Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Галтсүрэн нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутагт 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Сумьяабаатар, А.Жавхлантогтох нарыг зодож давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Б.Галтсүрэн  нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Ц.Энхтуул, Д.Оюун-Эрдэнэ нарыг өмөөрч явуулсангүй гэж маргалдан Б.Сумъяабаатарыг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн талын нэг хавирганы хугарал, хуйханд шарх, нүүр, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал,цус хуралт  бүхий  хөнгөн зэргийн гэмтэл, А.Жавхлантогтохыг зодож бие махбодид нь тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, дээд зүүн 2-р шүдний хугарал, нүүрэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  хөнгөн зэргийн гэмтэл  санаатай учруулж уг гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

         1. Хохирогч А.Жавхлантогтохын “ Би гэрт байж байгаад гадаа дуу гарахаар нь гараад очтол миний урдаас гар чийдэнгийн мэт гэрэл тусгаад цахилгаан бороохойгоор нүүр лүү цохиулаад газар унасан хойно нүүр лүү өшиглөж дэвссэн. ...миний биед учирсан гэмтлийг Галтсүрэн гэх залуу учруулсан. Тэр л миний нүүр лүү өшиглөж, цохиж, цахилгаан бороохойгоор цохиулсан. Охидууд тал талаас нь зулгааж татаж чангааж байсан ч толгой тархи руу хүрээгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-р талд/

          2. Хохирогч Б.Сумъяабаатарын “ Миний биед учирсан гэх гэмтлүүдийг Галтсүрэн гэх залуу учруулсан. Галтсүрэн гэх залууг би танихгүй. Тэр залуу миний танил Оюун-Эрдэнэ болон бусад охидуудыг өмөөрч ирээд л Жавхлантогтох бид хоёрыг зодсон. Галтсүрэн цахилгаан бороохойгоор биеийн энд тэндгүй бороохойдоод яг нүүр лүү гэрэл тусгаад байсан учир түүний өөдөөс эсэргүүцэж чадалгүй зодуулсан. Тэр залуу нүүр нүдгүй бороохойдож байгаад газарт унахад өшиглөж зодсон. Тэгээд хашаанаас гарч зугтахаар нь араас нь хөөгөөд очтол хатуу зүйлээр Галтсүрэн толгой руу цохиж хагалсан. Охидууд тал талаас нь татаж чангааж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117 талд/

         3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 851 дугаартай ... Сумъяабаатарын биед тархи доргилт, зүүн хуйханд шарх, цээжний зүүн талын нэг хавирганы хугарал, нүүр цээжинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р талд/

         4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 850 дугаартай... Жавхлантогтохын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчын мурийлт, дээд зүүн 2-р шүдний хугарал, нүүрэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р талд/

           5. Насанд хүрээгүй гэрч Э.Энхжаргалын би 2015 оны 09 дүгээр сард Энхтуул, Мөнхтуул, Оюунтуяа бид дөрөв Оюун-Эрдэний гэрт очсон чинь Оюун-Эрдэний найз залуу бас Галтсүрэн нар байсан. Тэгээд Галтсүрэнтэй бид нар танилцаад ойр зуурын ям яриад хоносон. ...Сонорхайрханы орчим явж байтал дахиад Галтсүрэн явж байхаар нь гар утсаараа нэг залгуулчих гэж хэлээд Энхтуул руу залгаад та нар хаана байна гэсэн чинь  бид 3 Их залуу багийн Хабитатын орчим айлд байна. Бид гурвыг хэсэг залуучууд хоргоогоод явуулахгүй байна гэсэн.  Тэгээд Галтсүрэн, Мөнхтуул бид 3 Сонорын гаднаас такси бариад Хабитатын эцэст хүрч ирээд Оюун-Эрдэнэ, Энхтул хоёртой таарсан чинь Оюунтуяаг хэсэг залуучууд аваад уул руу явсан гэхээр нь бид 3 Оюунтуяаг олж авъя гэсэн чинь Галтсүрэн та нар хаана байсан юм бэ? гэж асуухад Энхтуул, Оюун-Эрдэнэ хоёр энэ айлд гэж гараараа заагад тэр айл руу Галтсүрэн очоод хоёр залуутай зодолдоод Галтсүрэн цахилгаан бороохой гаргаж ирээд тэр 2 залууг цохиулсан. Энэ хоёр залуутай Галтсүрэн зодолдоод байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-р талд/  

         6. Шүүгдэгч Б.Галтсүрэнгийн Оюунтуяа руу залгатал утсаа аваад Энхтуул, Оюун-Эрдэнэ бид 3 хэдэн залуучуудтай жаахан юм уусан. Гэтэл бид гурвыг явуулахгүй хүчирхийлэх гээд байна гэж хэлсэн. Яг юу болоод байгаа нь тодорхойгүй, цаана нь охидууд орилолдоод байсан. Мөнхтуул, Энхжаргал бид 3 гудамжаар явж байгаад Энхтуул, Оюун-Эрдэнэ хоёртой тааралдахад Оюунтуяаг машинд суулгаад аваад явчихлаа, аллаа болохоо байлаа гээд орилж хашгираад уйлаад байсан. Тэгтэл энэ залуу мэдэж байгаа гээд Энхтуул, Оюун-Эрдэнэ хоёрын араас дагаад явж байсан залуу руу заасан. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд би эрүүл байсан тул уг залуучууд руу очоод асуутал мэдэхгүй гээд бантаад байсан. Гэтэл гэрээс дахин нэг залуу гарч ирээд зодолдож эхэлсэн. Зодоон хийх болсон шалтгаан гэвэл би өөрөө охин дүүтэй бас таньдаг охидууд маань хүнд байдалд орсон бололтой уйлаад уг хоёр залуу ямар нэгэн юм нуугаад байгаа бололтой бантаад байсан учир зодчихсон юм. Гэтэл Мөнхтуул, Энхтуул, Оюун-Эрдэнэ нар зодоонд оролцоогүй атлаа айсандаа зодоонд оролцсон мэт байцаалт өгсөн гэж байсан. Би уг залуучуудтай уулзаж учраа олсон бөгөөд тэд нарт учруулсан хохирлоо барагдуулах болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134-р талд/  

          7. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

   Шүүгдэгч Б.Галтсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг давтан үйлдлээр Б.Сумъяабаатар, А.Жавхлантогтох нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Б.Сумьяабаатар нь эм тарианы 180.000 төгрөг, нэг сарын ажлын хөлс 900.000 төгрөг, тархины зураг авахуулсан 110.000 төгрөг, тархинд оёо тавиулсан 15.000 төгрөг, боолтны 35.000 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн 350.000 төгрөг, хохирогч А.Жавхлантогтох нь хувийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 200.000 төгрөг, тархины зураг авахуулсан 110.000 төгрөг, хөмсгөнд оёо тавиулсан 15.000 төгрөг, боолт хийлгэсэн 35.000 төгрөг, шүд хийлгэх 2.300.000 төгрөг, нэг сарын ажлын хөлс 800.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч дээрхи нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд авагдсан кассын орлогын ордер нь тамга тэмдэггүй, дугааргүй, байгууллагын нэргүй байна.

       Иймд хохирогч Б.Сумъяабаатар, А.Жавхлантогтох нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

      Мөн өмгөөллийн хөлс 200.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн зардлыг хамааруулжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр ззүйлийн 40.2-д заасны дагуу төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөлөгчийн унааны зардал, өмгөөллийн хөлс бусад зардлаас бүрдэх бөгөөд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар  төр хариуцахаар зохицуулсан байна.

    Өмгөөлөгч З.Баттулга, хохирогч Б.Сумъяабаатар, А.Жавхлантогтох нарын хооронд хийгдсэн гэрээ нь төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байх тул өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Галтсүрэнгээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Хөхморьт овгийн Баярсайханы Галтсүрэнг давтан үйлдлээр бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Б.Галтсүрэнг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогч Б.Сумъяабаатар, А.Жавхлантогтох нар нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Галтсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.