Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0497

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ”И сан” НҮТББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

                    Улаанбаат хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга.

                   Хот байгуулалт хөгжлийн газар.

        Гуравдагч этгээд: “Л” бүрэн дунд сургууль.

       Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас “Л” дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах,Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай “И” сан буюу “О” ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах,2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, А.М, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”И сан” НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Л” бүрэн дунд сургуульд олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэх захиргааны акт, түүний хавсралт Тохижилт хийх талбайн схем зураг кадастрт  сангийн хууль ёсны өмчлөлийн байрны гаднах талбай буюу нийтийн эзэмшлийн зам, талбайг оруулан тохижилт хийж эзэмшилдээ авах бодит боломж олгосон байгаа нь нэхэмжлэгч “И” санд өөрийн эзэмшлийн газрын хөрш залгаа байрлалтай нийтийн эзэмшлийн эдэлбэр газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Энэхүү нийтийн эзэмшлийн эдэлбэр газар дээр “И” сан мөн адил тэгш эрхтэйгээр ашиглах, тохижилт хийх, зорчих эрхтэй. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10 болон засгийн газрын 2017 оны 68, 117 дугаар зүйлд зааснаар Барилын ажил хийх зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн засаг дарга олгох эрхтэй байна.

Энэхүү нийтийн эзэмшлийн зам, талбайд “И” сан мөн адил тохижилт хийж өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу суралцаж буй оюутан сурагчдаа амраах, зорчиж оруулах, спортын талбайг хамтран байгуулж Л дунд сургуультай мөн адил эрх зүйн орчинд байх эрхтэй. Мөн түүнчлэн Барилгын тухай хууль түүнд хамаарах стандартын дагуу 5м орчиндоо тохижилт хийх эрхтэй. Гэтэл “Л” дунд сургууль энэхүү зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн “И” сангийн байрны доод давхарт байх гражинд орох орц гарцыг хаасан, усны худгийг гэмтээсэн зэргээр эрхийг бүдүүлгээр зөрчиж ашиг сонирхлыг хөндлөө.

Барилгын ажпын зөвшөөрөл олгосны дагуу барилгажилт хийх гэж буй уг зөвшөөрөлд хавсаргасан Тохижилтийн ажлын төлөвлөлтийн даалгаварт байгаа тохижилтийн талбайн схем зурагт заасан кадастртай газрыг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Нийслэлийн газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас “О” ХХК-д ашиглуулахаар олгосон байсныг “И” сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 тоот шийдвэрээр хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр нь давж заалдах /Магадлал-2019.11.06.-ны 572/, болон хяналтын шатны шүүхээр /Улсын дээд шүүхийн тогтоол-2020.1.20-ны 34 тоот/ хэвээр батлагдсан. Шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байсаар атал “О” ХХК болон түүний охин компани Л дунд сургуульд ийнхүү газар ашиглах эрх олгож барилга барих зөвшөөрөл олгож байгаа нь хэтэрхий хууль  бус болно.

Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх вэ” гэх үндэслэлийн талаар:

 Энэхүү илт хууль бус захиргааны актын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэж заасан байгаа хэдий ч энэхүү актын дагуу Л дунд сургуулийн барьсан байгууламж нь хууль бусад тооцогдох үр дагавар үүсэх бөгөөд мөн “И” сан ч мөн адил байгууламж барих, зөвшөөрөл хүсэх, Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.1.1, 33.1.2-т заасанчлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга шийдвэр гаргаж дуудлага худалдаа эсвэл төсөл шалгаруулах замаар уг газрыг эзэмших, ашиглах боломжтой болж Монгол Улсын Үндсэн хуулиар болон Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж хуулийн дагуу нээгдэнэ. Одоо бол энэхүү нийтийн эзэмшлийн газар, зам, талбай нь “Л” дунд сургуулийн эзэмшил ашиглалтад дээрх хууль бус гэрчилгээний үр дүнд бүрэн очиж, хашаагаар хаагдан эзэмшилд нь бүрэн бодитойгоор шилжсэн байна. Монгол Улсын хууль дэндүү бүдүүлгээр зөрчигдөж байна.

 Дээр дурдсан хэргийн талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “И” сан болон “О” ХХК буюу “Л” дунд сургууль Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж энэхүү маргаан бүхий газрыг эзэмших зөвшөөрөл өгөхийг хүсэж хуульд заасан бүх материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Ингээд энэ өргөдлийн дагуу НГЗБА-ны шинэ удирдлагаас 2020 оны 5 дугаар сард “И” Сан” ТББ, “О” ХХК-ийн удирдлагуудыг дуудаж ярилцан, уг маргаж байсан газарт кадастрын зургаар хөдөлшгүй эргэлтийн цэгүүдийг заан өгч хоёр талын эрх ашгийг харгалзан газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. НГЗБА-нд өгсөн хүсэлт, холбогдох материалуудыг НИТХ-аар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн тухай болон хүлээгдэж байгаа НЗД-ын захирамж гарахаар төлбөр төлөх, гэрчилгээ авах гэх мэт дараагийн ажиллагаануудын талаар бидэнд утсаар мэдэгдсэн бөгөөд дараа нь энэ талаар НГЗА-ны орлогч дарга М.Ш-аас манайд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/5772 тоот албан бичгээр баталгаажуулсан юм. Ингээд энэхүү барилгын ажил хийхээр зөвшөөрөл өгсөн газрыг эзэмших асуудлыг Нийслэлийн засаг дарга шийдвэрлэх үе шатанд Хот байгуулалт хөгжлийн газар нь Барилга барих зөвшөөрөл олгож байгаа нь “И” сангийн эрх ашигт шууд нөлөөлсөн хууль бус шийдвэр болсон. Ийм байдлаар Хот байгуулалт хөгжлийн газрын “Л” дунд сургуульд олгосон барилга барих зөвшөөрөл нь үндсэндээ газар олголт хийсэн хууль бус акт бөгөөд ажиллагаа болсон учир “И” сан шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагатай гэж үзэж байна,

Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгох эрхтэй. Энэхүү гэрчилгээг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар олгосныг гэрчилж, үүнийг баталгаажуулсан тамга дарагдсан байгаа тул уг агентлаг хууль ёсоор хариуцагч болно. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол бол энэхүү хууль бус захиргааны актын шууд үр дүн болно. Хэрэв Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар энэ гэрчилгээг “Л” дунд сургуульд олгоогүй бол ингэж газрыг хууль бусаар хэн нэгэн этгээд эзэмшилдээ авч дураараа аашлахгүй байсан. “И” сан нь хуулийг дээдэлж хуулийн дагуу явсаар байгаад ингэж хохирч эрхээ ч эдлэх боломжгүй шүүхэд ч хандсан “эрхгүй" мэт байгаад бид маш их гомдож байна.

Нэмж тодруулахад: Энэхүү Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь илт хууль бус захиргааны акт бөгөөд олгосон ажиллагаа нь ч хууль бус болно.

1. Эрх бүхий бус этгээд захиргааны акт гаргасан Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын БЧАБХХ-ийн дарга Ж.М******* нь энэхүү зөвшөөрлийг өгөх эрхгүй бөгөөд мөн хуулийн 35-р зүйлийн 35.1-д зааснаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг даргад л энэхүү эрхийг олгосон болно.

2. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хуулийн 28.2.1-д зааснаар “Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр” Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хуулбар, хангагч байгууллагуудаас авсан техникийн нөхцөлийн хуулбар зэргийг үндэслэн газар эзэмшигчид олгох журамтай бөгөөд газар эзэмших, ашиглах эрхгүй “Л” дунд сургуульд олгож энэхүү “Л” дунд сургууль нь хэн нэгэн этгээдтэй хамтран нийтийн эзэмшлийн газрыг дайран авч өөрийн эзэмшилд ашиглалтад авч барилгажуулах, байгууламж барих хуулийн ямар ч үндэслэл байхгүй болно.

3. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсголын ажиллагааг хийгээгүй.

4. Нийтийн эзэмшлийн энэхүү газрыг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлж ашиглуулж барилга байшин бариулах зөвшөөрөл олгож байгаа бол Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.1.1, 33.1.2-т заасан журмын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга шийдвэр гаргаж, эсвэл дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах замаар хэн нэгэн этгээдэд олгох буюу гэрээгээр эзэмшүүлэх буюу ашиглуулах боломжтой байтал ийм ажиллагаа явуулалгүйгээр энэ орчинд үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага болон бусад холбогдох иргэн аж ахуйн нэгжид мэдээлэл өгөлгүйгээр “Л” сургуульд эзэмшүүлсэн эсвэл ашиглуулах гэрээ байгуулсан нь Газрын тухай дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан эрх нь хөндөгдөж байгаа “И” сан болох манай байгууллагад мэдэгдэж санал өгөх, захиргааны акт гаргах ажиллагаанд хуульд заасан журмын дагуу оролцох эрхийг эдлүүлээгүй олгоогүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г илт хууль бус захиргааны актад тооцох, мөн захиргааны актын үйлчлэл, үр дүнд үүссэн үр дагаврыг арилгуулах үүднээс мөн хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн засаг даргын харъяа агентлагууд болох Хот төлөвлөлт, хөгжлийн ба Газар зохион байгуулалтын алба нь 2017 оноос эхлэн тухайн маргаж буй хэсэг газрын асуудлаар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж энэ нь “И” сангийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөж шүүхийн байгууллагаар 4 дэх жилдээ шийдвэрлүүлэхээр явж байна. Маргааны үндсэн асуудал нь тухайн маргаж, булаацалдаж буй газрыг “И” сан эзэмших үү, “О” ХХК эзэмших үү гэсэн маргаан бөгөөд, энэ асуудлаар “И” сан нь Нийслэлийн засаг даргад хандаж газар эзэмших, ашиглах өргөдлөө өгсөн байгаа. Гэтэл Нийслэлийн засаг даргын агентлагууд болох Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба нь 2017 оноос эхлэн удаа дараа, “И” санд мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргаж “О” ХХК-д бодит байдлаар газрыг эзэмшүүлэн ашиглуулж хууль зөрчиж байна. Тухайлбал,

1.Тухайн маргаж буй газрыг Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрээр “О” ХХК-д ашиглуулахаар олгосон байсныг “И” сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 тоот шийдвэрээр хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон.

2. Маргаж буй 744.31 м.кв талбай бүхий 597395 дугаар бүхий байршилтай тохижилтийн газар нь /хавтаст хэрэгт байгаа хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн өгсөн материалд “Тохижилтийн талбайн схем зураг” нэртэй байгаа/ дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон газрын нэг хэсэг болно.

3. Гэтэл, дээрх газрыг “И” сан эзэмших эрхээр авах тухай өргөдлийг Нийслэлийн засаг даргад өгч шийдвэрлэх шатанд байгаа гэх хариуг хүлээж байх хооронд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Л” бүрэн дунд сургуульд олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэх захиргааны акт”-аар /түүний хавсралт Тохижилт хийх талбайн схем зураг кадастрын хамтаар/ “О” ХХК буюу “Л” дунд сургуульд газар олгож эзэмшүүлэх бүрэн боломжоор хангасан тул 2020 оны 10 дугаар сард “Л” дунд сургууль энэ газарт сагсны талбай, машины зогсоол байгуулж хашиж авсан байгаа.

Нийслэлийн хоёр хэрэгжүүлэгч агентлаг нь газар олгох, барилгын ажил эрхлүүлэх зөвшөөрөл олгох ямар ч эрхгүй. Барилгын тухай хуулийн 28, 35 дугаар зүйл болон Засгийн газрын 2017 оны 68-р тогтоолд зааснаар Барилгын ажил хийх зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн засаг дарга олгох эрхтэй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тухайн газрыг эзэмшүүлэх ба ашиглуулах эрх олгох шийдвэрийг зөвхөн Нийслэлийн засаг дарга гаргах эрхтэй. Гэтэл түүний харъяа агентлагууд өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хууль зөрчин түр ашиглуулах, байгууламж барих, нийтийн эзэмшлийн зам талбай тохижуулах, барилга байшин барих гэх мэт олон нийтийг төөрөгдүүлсэн хууль бус арга хэрэглэж бодит байдлаар “О” ХХК болон түүний харъяа “Л” дунд сургуульд газрыг олгож эзэмшүүлж байгаа нь дэндүү хууль бус байна. Энэ ажиллагаа цаашид ч өөр хэлбэрээр, өөр аргаар үргэлжлэх төлөвтэй бөгөөд зогсохгүй байгаа тул асуудлыг нэг мөр хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Нийслэлийн засаг даргад эрх үүргээ хэрэгжүүлэн хуульд заасан ажиллагаа хийлгэх үүрэг хүлээлгэх зайлшгүй хэрэгтэй байна.

Цаашид ч Монгол Улсад газрын наймаа, хууль бус ажиллагаа явагдахыг бид бүгд таслан зогсоох хэрэгтэй бөгөөд энэ нь ганцхан шүүх эрх мэдлийн шийдвэр л байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү.

Нэхэмжлэгч 2021 оны  06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүний үндэслэлдээ: “Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн албаны дарга нь тухайн маргаж буй газарт “Л” ерөнхий боловсролын сургуулийн хөрөнгөөр тохижилтийн ажил үйлчилгээ хийлгэх, эрх байхгүй. Энэ хамтран ажиллах гэрээгээр халхавчлан Л ЕБ сургуульд газар эзэмших ашиглах даавуу эрхийг олгосон бөгөөд газрыг бодитойгоор эзэмшүүлсэн” гэжээ.

Энэхүү газрын зарим хэсгийг эзэмших тухай өргөдлийг энэ цаг хугацааны үед “И” Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн байсан бөгөөд газрын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр хүлээж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу Нийтийн сонсгол ядаж хийгдэх байх хэмээн хүлээж байсан цаг үед шударга бишээр хандаж нууцаар “Л” сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан газар эзэмших давуу байдал олгосон байна. “Л” ЕБ сургуультай гэрээ байгуулж, түүний санхүүжилтээр тохижилт хийлгэх гэж гэрээ байгуулсан 744,3 м кв хэмжээ бүхий газар нь “И” сангаас эзэмших хүсэлт гаргасан газрын зарим хэсэгтэй хэмжээтэй шууд давхцаж байгаа бөгөөд “Л” сургуулийн гаднах талбай биш бөгөөд харин ч “И” сангийн гаднах талбайд хамааралтай буюу түүний дулаан, хүйтэй болон бохир усны хангамжийг зохицуулах худаг байрших талбай мөн болно. Энэ байдлаараа газар эзэмшүүлэх, тохижилт хийлгэх гэх зэрэг асуудал хөндөгдөж байгаа захиргааны гэрээ байгуулах тохиолдолд “И” санд заавал мэдэгдэж эрх ашиг нь хөндөгдөж байгаа эсэхийг заавал тодорхойлж Захиргааны ерөнхий хуульд заасан сонсголыг зохион байгуулах үүрэгтэй байсан болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 3.1.9, 6.2.2., 44.8, 23.3.7, 21.2.3-ыг зөрчсөн байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагч, гуравдагч этгээдийн эрх ашгийн асуудал юм. “Л” сургууль гаднах талбайгаа тохижуулах нь мэдээж юм. Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагаа хууль бус байна. Энэ бол Нийслэлийн захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа. Зөвхөн төрийн хүмүүс шударгаар хийх ёстой. Түүнээс биш аль нэг талыг барьсан. Хуйвалдааны журмаар асуудлыг шийдвэрлэж болохгүй. Шударга бус үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Манай орц, гарцыг бүхэлд нь хаасан. Бид нарын эрх ашиг хөндөгдсөн эсэх нь ойлгомжтой байгаа. Орц гарц байхгүй. Барилгын ажлын зөвшөөрөл хуулийн дагуу болсон гэж яриад байна. Энэ зөвшөөрлийн гэрчилгээний бүрэлдэхүүн бүрдээгүй байна. Зарим мэдээллүүд нь яагаад бөглөгддөггүй юм. Ийм дутуу байхад яагаад зөвшөөрөөд байгаа юм. Нэг нь ажиллагаа явуулж байхад нөгөө дэх нь дундуур нь ордог байгаа. Яривал маш их зүйл байгаа. Ийм ийм татгалзах үндэслэлүүд байна. Санаатай хууль бус байна гэж харагдаад байна. Манай гаргасан гомдол бол тодорхой байгаа. Нэхэмжлэгчийг эрх ашиггүй мэт яагаад хандаад байгаа юм бэ. Төрийн байгууллага шударга бусаар нэг талыг барьсан. Үүнийг бодитой гэж үзэж хуулийн дагуу гомдлоо гаргасан. Бид нарын зүгээс хууль ёсны шийдвэрийг эсэргүүцэх боломж байхгүй” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэг дүгээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах шаардлага байгаа. Үүний хууль зүйн үндэслэл нь Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо тус хуулийг удирдлага болгох үүрэгтэй. Тус хуулийн 4.1.15-д барилгын ажлын зөвшөөрөлд шаардагдах ажлыг 4 ангилсан байгаа. Тус хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5 гэсэн 4 ангилалд 10.1.5-д заасан үйл ажиллагаанд барилгын ажлын зөвшөөрөл шаардагдахгүй. 10.1-д зааснаас 10.1.5 хүртэл 1.3, 1.4-т барилгын ажлын зөвшөөрөл шаардагдаж байгаа. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга олгож байгаа. Хот байгуулалт, хөгжлийн газарт олгох эрх байхгүй. Олгож байгаа эрх зүйн үндэс нь энэ юм. “Л” сургуульд газар ашиглах эрхийг давуу байдлаар олгосон бөгөөд энэ газрыг бодитойгоор эзэмшүүлсэн үйл ажиллагааг хийсэн байгаа. Газрын зөвшөөрөл олгосноор “Л” ерөнхий боловсролын сургууль нь энэхүү газарт тохижилт хийх нэрээр өөрийн эзэмшилд авч сагсны талбай байгуулсан. Энэхүү гэрээг үндэслэн хашсан байгаа. Үүний учир аливаа гуравдагч этгээд халдах эрхгүй болсон байгаа. Тайлбарлахдаа нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж байна гээд хашсан байгаа. Ийм учир “Л” ерөнхий боловсролын сургуульд тухайн газрыг эзэмшүүлж байгаа юм уу, үгүй юм уу агуулга нь мэдэгдэхгүй байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд Нийслэлийн Засаг даргын харъяа агентлагууд болох Хот төлөвлөлт, хөгжлийн газар ба зохион байгуулалтын албанд 2017 оноос эхлэн тухайн газартай холбоотой удаа дараа хууль бус шийдвэр гаргаж, ”И сан” ТББ-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчин шүүхийн байгууллагаар 4 дэх жилдээ шийдвэрлүүлэхээр маргаж байгаа. Тухайн газрын зөвшөөрлийн үндсэнд хашаад, эзэмшиж байгаа. Ер нь бараг бодитойгоор эзэмшиж байгаа газрыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын гаргасан шийдвэр хууль бус юм. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0517 дугаар шийдвэр нь 3 шатны шүүхээр хянагдаад хэвээр үлдсэн байгаа. “Л” ерөнхий боловсролын сургуульд олгосон нь хууль бус юм гэдэг шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Иймд тус газрын маргааны талаар талуудад сонсох ажиллагаа зохион байгуулах ёстой байсан. Хариуцагч сонсох ажиллагаа хийсэн гэж удаа дараа тайлбарлаж байгаа боловч, хийгдээгүй байгаа. Сонсох ажиллагаа хийсэн гэж бодож байгаа бол “Л” ерөнхий боловсролын сургууль, ”И сан” ТББ, СӨХ нарыг оролцуулж сонсох ажиллагаа хийх ёстой.

Гурав дахь шаардлагын хувьд Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер нь “Л” ерөнхий боловсролын сургуультай гэрээ байгуулж, түүний санхүүжилтээр тохижилт байгуулах гэж 744.3м2 хэмжээ бүхий газрыг “Л” ерөнхий боловсролын сургуульд олгож, тохижуулалт хийлгэж, 94 сая төгрөг гаргуулна гэж гэрээ хийсэн байгаа. Ерөнхий менежерийн үүрэг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлогдож байгаа. Энэ хуульд заасан Нийслэлийн удирдлага гэдэг дотор ерөнхий менежер гэдэг нь хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах мэргэжлийн албатуудыг зохицуулах үрэг хүлээж байгаа. Түүнээс биш 94 сая төгрөг гаргаад нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулаарай бид нар үүнийг авах юм гэх мэт. Ерөнхий менежерт төсвийг захиран зарцуулах эрх бол олгогдоогүй. Нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар гэрээ байгуулах эрх бол олгогдоогүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бол хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бол шүүх хуралдааны мэтгэлцээний явцад бүрэн тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа нь тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эсхүл нийтийн эзэмшлийн зам талбайг адилхан эзэмших энэ зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжоор хангуулахаар нэхэмжлэлийг 3 хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь мөн боловсролын байгууллага юм. Мөн үйл ажиллагаагаа явуулж болохгүй байдалд хүрсэн юм. 2000 онд”И сан”ТББ, “О”ХХК нар нь тус тус 500м2 газрыг эзэмшсэн байдаг. ”И сан” ТББ нь өөрийн газрыг яг тэр хэмжээгээрээ хуульд нийцүүлэн ашиглаад явж байгаа. Гэтэл “О” ХХК-ийн газар 4 дахин нэмэгдээд 2000м2 болсон байгаа. Одоо 5 жил маргаж байгаа. “О” ХХК Авлигатай тэмцэх газар 2 удаа дуудагдсан. “О” ХХК-ийн “Л” сургуульд дарга н.Б*******ы хүүхэд сурдаг бид нарын маргаанаас болж сургуулиасаа гарсан. Үүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. Дараа нь маргаан болохоор “О”  ХХК хүүхдүүдээ гаргаж ирээд мод тариулдаг. Хүүхдийг хүртэл газар эзэмших зорилгодоо ашигладаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Төрийн өмч шинээр бий болж байгаа юм шиг байна. Шинээр бий болж байгаа тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас эхлээд 92 сая төгрөгийн ийм өмч бий болох гэж байна шүү гэдэг зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос авах ёстой. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоол байгаа. Төрийн өмч шинээр бий болж байна. Энэ журмын дагуу зөвшөөрөл авах ёстой. Эд нар сайн дураараа дур зоргоороо гаргах ёсгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрх ашиг яагаад зөрчигдөж байгаа гэхээр энэ газрыг ашиглах хэрэглэх үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй байгаа. “О” ХХК-ийн охин компани байгаа. “Л” энэ шаардлагыг анхнаасаа мөрдөөгүй байгуулагдсан байгаа. Одоо гуравдагч этгээдийн хүсэлт сонирхлыг үл хүндэтгэж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “И” сан” ТББ нь тус шүүхэд гаргасан нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Л” дунд сургуульд дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 377
дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байршуулан 2145 м.кв газрыг контор үйлчилгээний зориулалтаар '‘“Л”"
сургуулийг үүсгэн байгуулагч “О" ХХК-д эзэмшүүлсэн байна. Мөн Нийслэлийн
засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ний 566 дугаар захирамжаар
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Л” сургуулийн урд талд байршуулан
540 м2 газрыг ”И сан” ТББ-д эзэмшүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Л” дунд сургууль болон ”И сан” ТББ-ын дунд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайг газрын тухай хуулийн
23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.8 дах заалтаар “Л” дунд сургуульд
Нийслэлийн газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн
143007/0124-1 тоот актаар Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд газар
ашигласны төлбөр тогтоох тухай акт хийж ашиглуулсан байна.

“И” сан” ТББ нь тус шүүхэд гаргасан нийслэлийн Нийслэлийн газрын
албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143007/0124-1 дугаартай актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2020 оны 34 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар дээрх нэхэмжлэлд заасан үйл баримтыг нь өмнө шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргад холбогдуулж сонсох ажиллагаа зохион байгуулах гэсэн байгаа. Энэ нь болохоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд шууд халдсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Өнөөдөр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар ямар нэг шийдвэр гаргахаас өмнө асуудлыг сонсгож, тайлбар авдаг байгаа. Энэ шийдвэрийг гаргах процессыг өнөөдөр алдаа гэх мэтээр шүүхэд шийдвэр гаргахыг даалгах гэдэг нь өөр асуудал юм. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал юм. Яг энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга, газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааг явуулсан байгаа. Ямар нэг байдлаар шийдвэр гараагүй. Энэ шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудлыг шүүхээр шийдүүлж, нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Уг газрын маргааны асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж байна. Захиргааны актыг хүчингүй болгоод хашааг нь буулгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагч Улаанбаат хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга шүүх бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд “Л” сургуулийн захирал Б.О-оос 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 99 тоот албан бичгээр орчны тохижилт хийх төлөвлөгөө батлуулах хүсэлт ирүүлсэн.

Хүсэлтэд тус сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх ажлын хүрээнд орчны 50 метрийн нийтийн эдэлбэр газрыг өөрийн хөрөнгөөр тохижуулах эрсэлтэй байгаагаа дурдсан байна. Үүний дагуу тус албанаас Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06/3018 тоот албан бичгээр тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргаж, Ерөнхий архитектор 2019 оны 12 дугаар сарын 09-нд ГБМЗХ2019/22-013 дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар баталжээ.

Уг даалгаврын 3-т тохижилт хийх төлөвлөлтийн талбайг нийтийн эдэлбэр газар гэж тодорхойлсон бөгөөд нийтийн эдэлбэр газар гэдэг нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно. Энэ нь тохижилт хийгдсэн талбай нь ямар нэг хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд хамаарахгүй гэдгийг нотолж байгаа юм.

“Л” сургууль нь тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, батлагдсан скиз зургийн дагуу гадна талбайн тохижилтын ажлын зургийг “Т” ХХК, гадна гэрэлтүүлгийн зургийг “Б” ХХК-аар хийлгэж, ажлын зурагт Барилгын хөгжлийн төв 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр магадлал хийж, экспертйзийн дүгнэлт гаргасан байна.

Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх энэхүү тохижилтын ажлын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба орчны тохижилтын стандарт, норм дүрэм хангуулж, талбайн зориулалтыг алдагдуулахгүй байх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар хийлгүүлсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд дээрх гэрээг байгуулж тохижилтын ажлыг гүйцэтгүүлсэн нь аливаа нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, ялангуяа нэхэмжлэгчийн ямар нэг эрхийг зөрчөөгүй, зөрчсөн талаар баримт ч байхгүй байхад хариуцагчаар татаж энэхүү тохижилтын ажлын үндэслэл болоогүй гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нийтийн эрх ашгийг хангаж, холбогдох шийдвэр, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулсан тус албыг хариуцагчаас чөлөөлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөг Э.У******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үйл баримт яаж эхэлсэн бэ гэхээр Нийслэлийн Засан даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай албан даалгавар гарсан байгаа. Энэ албан даалгавар Эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу аж ахуй нэгж байгууллагын орчны 50 м2 талбайд ногоон байгууламжийн талбай үүсгэх албан даалгавар гарсан байгаа. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн албанаас дүүргүүдийн Засаг дарга нарт албан бичгээр үүрэг даалгавар өгсөн байгаа. “Л” сургуулиас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 99 тоот албан бичгээр орчны тохижилт хийх хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 166 дугаар тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн газрыг тохижуулах журмын 5.1-д “Нийтийн эдэлбэр газрыг иргэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж болно” гэж заасан байгаа. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хот байгуулалт, хөгжлийн газарт ажлын зураг, даалгавар явуулсан байгаа. Нэхэмжлэгч тал болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2-т заасныг ярьж байна. Уг заалт нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн үндсэн чиг үүрэг нь хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах чиг үүрэгтэй байгаа. Хотын аж ахуй нэгж гэдэг юу орох вэ гэхээр эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэг хэсгийг нь дурдаад өгсөн байгаа. Ерөнхий менежер Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохижилт бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлыг хариуцан зохион байгуулах хуулиар олгосон чиг үүрэгтэй байгаа. Захирагчийн ажлын албанаас гаргасан хүсэлтийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөвлөлтийн даалгаврыг баталж ирүүлсэн. Уг даалгаврын 3 дугаар зүйлд тохижилт хийсэн талбайг нийтийн эдэлбэр газар гэж заасан. “Л” сургуулийн тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврын зургийг эрх бүхий этгээд хийлгээд барилгын чиглэл өгөөд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр магадлал хийлгэж дүгнэлт хийлгэсэн байгаа. Энэ үйл ажиллагаа нь баталгаажсан байгаа. Үүнд ямар нэг эсэргүүцсэн зүйл байхгүй байгаа. Нэхэмжлэгч нар гэрээг халхавчилж ажил хийсэн гэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр энэ гэрээг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь сэргэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Нийслэлийн засаг даргын 2019 оны А719 дүгээр захирамжаар батлагдсан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хийсэн байгаа. Ийм учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдуулсан нэхэмжлэлийг шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэл дээрээ гэнэт хууль нийцээгүй гэрээ гарч ирсэн гэж тайлбарладаг. Энэ гэрээ нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндөөд байгаа талаар шүүх хуралдаанд нэг ч яригдсангүй. Хуульд нийцэхгүй байгаа тухай нэг удаа ч ярьсангүй нотолж чадсангүй. Барилгын ажлын зөвшөөрлийн маргаантай боловч, энэ бол газрын маргаан л гэж харагдаад байна. Тэгэхээр нийтийн эдэлбэр газар дээр тохижилт хийлгэх гэж байгаа гэрээ өөрөө газар олгож байгаа ямар нэг шийдвэр биш юм. Газрын тухай хуулиар газар олгох эрх нь хэнд хадгалагддаг юм. Ямар эрх зүйн акт дагалдаж гардаг юм. Энэ бүх гэрээнүүдийг газар олгож байна гэж үзээд байж болохгүй. Хуульд юу гэж заасан байна. Түүгээр асуудлууд зохицуулагдана. Өөрийн хөрөнгөөр тохижуулъя гээд ороод ирсэн ямар ч аж ахуйн нэгж орж ирсэн алгаа тосоод шалгаж үзээд тохижилт хийхэд бэлэн байна. Хэрвээ нэхэмжлэгч ирсэн тохиолдолд тохижилт хийгээд хамтраад явах байсан. Энэ гэрээнээс үүдээд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж харагдсангүй. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1006 болон А/999 дугаар захирамжаар эрх газрын эрхийг Захирагчийн ажлын албанд ирүүлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06/3018 дугаартай албан бичиг “Л”сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 99 дугаартай албан бичгийг үндэслэн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ГБМЗХ2019/22-013 дугаартай Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар олгосон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/3783 дугаартай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, “Л” сургуулийн гадна талбайн тохижилтын ажил хийгдэх зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсэн.

Улмаар бичиг баримтын бүрдлийг шалгаж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 294/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон болно. Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах журам"-ын дагуу явагдсан. Журмын 1.4.1-д ‘нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах” гэж хот төлөвлөлтийн шаардлагад нийцүүлэн нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, тохижуулах цогц үйл ажиллагааг хэлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсанчлан тус газрыг “Л” сургууль эзэмшдэг гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн журмын 5.3-т “Иргэн хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр нийтийн эдэлбэрийн газрыг шинэчлэх тохижуулах тухай саналаа дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргана” гэсний дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 043018 “Л” сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 99 дугаартай албан бичгийг үндэслэн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 201922-013 дугаар тохижилтын ажлын зөвшөөрлийг манай байгууллагаас олгосон. Олгоод мөн эх загвар зургийг баталж өгсөн байгаа. Улмаар бичиг баримтын шаардлагыг хангаж ирүүлснийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 294/2020 маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан. Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх, байгуулах журмын дагуу явагдсан. Журмын 1.4.1-д “Нийтийн эдэлбэр газар дээр дахин төлөвлөн байгуулах гээд хот төлөвлөлтийн шаардлагад нийцүүлэн дахин төлөвлөх, тохижуулах цогц үйлчилгээг хэлнэ”.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан “Л” сургууль нь уг газрыг эзэмшдэг гэсэн тайлбар бол үндэслэлгүй байгаа. Энэ бол өөрөө нийтийн эдэлбэр газрыг тохижуулах үйл ажиллагаа болсон. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын ажлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангагдсан тохиолдолд олгодог захиргааны акт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлж байгаа. Тухайн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга олгох үүрэгтэй. Харин Хот байгуулалт, хөгжлийн газар нь олгох үүрэггүй гээд 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тайлбарлаад байна. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийг Нийслэлийн Засаг даргаас баталгаажуулдаг. Энэ дүрэмд зааснаар баримтын ажлын зөвшөөрлийг манай байгууллага өгөхөөр зохицуулагдсан. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын эрхийг шилжүүлэн авч, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Барилгын ажил гэдэг юм уу энэ үе шатаараа явж байгаа. Газрын асуудал шийдэгдсэн тохиолдолд түүнд барилгын ажлын зөвшөөрөл гарна. Барилгын ажлын зөвшөөрөл олгогдсоноороо бусад үйл ажиллагаа нь хийгдсэн гээд байна. Энэ өөрөө үндэслэлгүй. Захирагчийн ажлын албанд эрхийг шилжүүлэх захирамж гарсан. Үүнтэй холбоотой хамтарч ажиллах гэрээ байгуулаад тохижилтын ажлын хүсэлтээ ирүүлсэн. Үүний дагуу зөвшөөрөл олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “И” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр болох маргаанд дурдагдсан нийтийн эдэлбэр газрыг “Л” сургуульд эзэмшүүлж, ашиглуулах Нийслэлийн Засаг Даргын захирамж гараагүй бөгөөд ийм байхад Хот байгуулалт хөгжлийн газраас “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгож нийтийн эдэлбэр газрыг “Л” сургуульд эзэмшүүлж байгаа нь манай байгууллагын өөрийн эзэмшлийн хөрш залгаа байрлалтай нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

1. “Л” бүрэн дунд сургуулийн барилга нь 2008 онд баригдсан бөгөөд барилгын баруун тал нь /ертөнцийн зүгээр/ тэр чигтээ нийтийн эзэмшлийн тохижилт хийгдсэн талбай байсан. Улмаар 2018 оны 08 сард дахин төлөвлөлтийн төлөвлөгөөгөөр сургуулийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайн хэсгээр авто зам тавихаар болж тухайн авто зам сургуулийн үүдэнд тулгаж хийгдсэн учир ойр орчимд амьдардаг, суралцагч хүүхдүүд тоглох, цугларах, биеийн тамирын хичээл орох талбайгүй мөн хүүхэд, явган зорчигч сургуулийн орчинд авто замын осолд өртөх аюултай нөхцөл байдал бий болсон. Бид болоод эрх нь зөрчигдсөн оршин суугч нар нөхцөл байдлыг тайлбарлаж, тодруулахад Нийслэлийн засаг даргын харъяа холбогдох агентлагийн удирдлага нар оршин суугч иргэд болон сургуулийн хүүхдүүдэд зориулж “И”” ТББ-н ард байрлах нийтийн эдэлбэр газраас хуульд заасан тодорхой нөхцөлөөр газар ашиглуулна гэж хэлж байсан. “И” ТББ-нь нийтийн эдэлбэр газрыг дур мэдэн 2 давхар хашаалж хууль бусаар эзэмшиж байсан зөрчлийг НЗД-н харьяа холбогдох байгууллагууд 2019 онд арилгуулж газрыг чөлөөлүүлсэн. Бидний зүгээс чөлөөлсөн газрын зарим хэсгийг тохижуулах хүсэлтийг холбогдох байгууллагад тавьсны дагуу холбогдох хууль, журмын хүрээнд тохижилтын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журмын 5.8-т зааснаар “Шинэчлэл, тохижилт хийгдсэн нийтийн эдэлбэрийн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам”-ын дагуу бүртгэн авч, арчлалт хамгаалалтыг нь хот тохижилтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагад хариуцуулна” гэж заасан байдаг. Иймд тухайн газар болон тохижилтын эд зүйлийг нийслэлийн өмчид бүртгэж авдаг тул манай байгууллага уг газарт өөрийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн нь тухайн газрыг эзэмшиж байгаа гэсэн ойлголт биш юм.

2. Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Г.Н шалгаад манай сургуульд 2018 оны 04 сарын 18-ний өдөр өгсөн 02-09-391/81 дугаар албан шаардлагад танай сургууль нь сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах гадна биеийн тамирын талбайгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар анхааруулж, албан шаардлагыг биелүүлэх галаар чиглэл өгсөн. Ингээд манай сургууль 2019 оны 09 сарын 02-ны өдөр 99 дугаартай албан бичгээр нийтийн эдэлбэр газар болох Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлалтай “Л” бүрэн дунд сургуулийнхаа гаднах талбайг хүүхдүүдийн тоглох талбай болгон өөрийн хөрөнгөөр тохижуулах тухай саналаа Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газарт гаргасан ба уг саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдөр баталсан “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх журам”-ийн дагуу шийдвэрлэж 2020 оны 10 сарын 06-ны өдөр 0007648 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан. Ингээд уг газарт хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг 2020 оны намрын сүүлээр хийж дуусгасан, Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 0007648 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Маргаж буй гэрчилгээ нь “Л” бүрэн дунд сургуульд нийтийн эдэлбэр газрыг Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан эрх зүйн акт биш юм. Манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил нь Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх журмын дагуу хийж гүйцэтгэсэн тохижилтын ажил бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан ойлголтоос ялгаатай хууль зүйн ойлголт болно. Мөн Хот байгуулалт хөгжлийн газар нийтийн эдэлбэр газарт тохижилтын ажил хийж гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд “И” ТББ-ын газар эзэмшиж ашиглахтай холбоотой ямар нэгэн эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргаагүй. Дээрх шийдвэрийн тухайд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

A.  Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-ний эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон.

Б. Манай байгууллага нэхэмжлэгч талын орц гарцыг хаагаагүй, дулааны шугамыг гэмтээгээгүй. нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй.

B.  Захиргааны байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан.

Г. Маргаж буй актын үйлчлэл нь нэхэмжлэгч тал руу чиглээгүй буюу түүний өмчилж, эзэмшиж буй газартай давхардуулж олгоогүй.

Иймд “И” ТББ нь өөрт хамааралгүй, эрх зүйн үйлчлэл нь түүнд чиглээгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч 2021 оны 01 сарын 05-ний өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “И” сан болон “О” ХХК буюу “Л” бүрэн дунд сургууль нь Нийслэлийн засаг даргад өргөдөл гаргаж маргаан бүхий газрыг эзэмших зөвшөөрөл өгөхийг хүсэж хууль заасан бүх материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Ингээд энэ өргөдлийн дагуу НГЗБА-ны шинэ удирдлагаас 2020 оны 5 дугаар сард”И сан”болон “Л” дунд сургуулийн удирдлагуудыг дуудаж ярилцан, уг маргаж байсан газарт кадастрын зургаар хөдөлшгүй эргэлтийн цэгүүдийг заан өгч хоёр талын эрх ашгийг харгалзан газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон. НГЗБА-нд өгсөн хүсэлт, холбогдох материалуудыг НИТХ-аар 2020 оны 06 сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн ба НЗД-ын захирамж гарахаар төлбөр төлөх, гэрчилгээ авах гэх мэт дараагийн ажиллагаа хийгдэх талаар бидэнд утсаар мэдэгдсэн, дараа нь энэ талаар НГЗА-ны орлогч дарга М.Ш-аас манайд ирүүлсэн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 02-06/5772 тоот албан бичгээр баталгаажсан."

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараас үзэхэд маргаан бүхий газрын хэмжээг тогтоон, тухайн газрыг маргагч талуудад хуваан эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах ажиллагаанд /сонсох ажиллагаа/ нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн оролцож байснаа бүрэн хүлээн зөвшөөрсөн нь тодорхой байна. Тодруулбал сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийсэн болох нь нэхэмжлэгч ажиллагаа бүрт оролцсон болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Ийм үйл явдал болсонтой гуравдагч этгээдийн зүгээс маргахгүй, газрын маргааны талаар, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар түүнийг захиргааны байгууллага тодорхой ажиллагааг талуудыг оролцуулан хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НГЗБА-аас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь давхцалгүй болохыг тогтоож, газрын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон талуудаар гарын үсэг зуруулсан ба Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл оролцогчдыг сонсох тайлбар, баримт гаргуулж авах зэрэг нь тухайн захиргааны байгууллагын хуульд заасан эрх, хэмжээний асуудал ба нөгөө талдаа шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзвэл оролцогч нь захиргааны байгууллагад асуудлаа шийдвэрлүүлэхээр хандах эрх нь нээлттэй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан талбайд давхцуулан тохижилтын ажил хийлгэсэн эсхүл бусдад эзэмшүүлсэн бол  нэхэмжлэгчийг сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргаагүй учир сонсох ажиллагаа хийх шаардлагагүй юм. Иймд нийтийн эдэлбэр газар тохижилтын ажил хийх ажиллагаа  нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай сургууль 2008 онд байгуулагдсан. Манай сургуулийг “О******* ХХК барьсан. 2008 онд “О” ХХК өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Л” гээд бүрэн дунд сургуулийг барьсан байдаг. Одоо байгаа байшингийн сууриар “О******* ХХК-ийн газар дээр 400 гаруй м2 талбайг эзэмшиж байрладаг. 2001 онд оюутны явган гудамжийг өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийг ямар нэг газар авах зорилгогүйгээр тохижуулж байсан. Явган хүний зам учир “Л” сургуулийнхаа үүдийг харуулж барьсан байдаг. Энэ үед ”И сан” ТББ манай урд талд байршилтай. Манай урд талын нийтийн эзэмшлийн талбайг гурван хашаагаар хашсан байсан. Нэг нь өөрийнхөө төв үүдээр манай сургууль хүртэл татсан хашаатай, нөгөө нь өөрийн байшингийн арын талбайгаар хүн явуулахгүй гэж татсан хашаатай. Бид нар МУБИС руу оюутнууд алхаж ордог байсан. Тэр зайг манай хашаатай холбож блокоор хашаа барьсан. Тэр хашааны цаана МУБИС 40 тн 3 ширхэг контейнертай байгаа. Хүн явдаггүй. Ямар нэг тохижилт байхгүй. Шарилж ургасан шороон талбайтай байсан. Энэ хугацаанд нийтийн эзэмшил гэж мэдээгүй. Сургуулийн урд талын пастыг засварлая гэхээр оруулдаггүй байсан. Түүнээс болж маш их эрсдэлтэй байдлаар дээврээ засварладаг байсан. 2017 онд хавар Нийслэлийн Засаг даргаас албан тоот ирүүлсэн. Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах үүднээс оюутны гудамжийг сэтэлж, Бээжингийн гудамтай холбоно. Тэгэхээр танай үүдний урд талд 2 урсгалтай замыг тавина гэсэн бичиг ирсэн. Үүнээс болж холбогдох дарга нартай нь олон уулзалтыг хийсэн. Асуудалтай ч байсан. Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын орлогч дарга н.Б, Нийслэлийн авто замын газрын дарга н.Т, н.И, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга н.Н гэсэн хүмүүстэй маш олон удаагийн уулзалт хийсэн. Нэг удаа хотын дарга тус газарт үзлэг хийх гээд ирсэн. Бид нарт шийдэл гаргаж өгсөн. Тэр шийдэл нь Танай урд талд ашигладаггүй талбай байна. Тийм учир танайх хаалгаа өөр тийш нь харуулж барьдаг юм уу. Хүсэлтээ гаргаад тохижилтын журмаар ашиглаарай гэсэн шийдэл гаргаж өгсөн. 2017 оны 09 дүгээр сар гэхэд замын ажил нь эхлээд сургуулийн төв үүдэнд шат нурсан байдаг. Бид нар шатаа буулгаад хүүхдүүдийн цугларах талбай, галын шатаа урд талдаа барьсан байгаа. Үүний дагуу нийслэлийн зохих хурлаар нь ороод асуудал шийдэгдсэн. Тохижилт хийх мөнгө төлж ашиглах гэрээ хийгдсэн байдаг. Энэ акт ямар учиртай гэхээр 14 сая төгрөг төлөөд тохижуулаад хугацаатай гэрээ хийж, сунгаж, ашигладаг акт байсан. Бид нар төлбөрөө төлөөд ашиглая гэхэд нэмж барьсан.

Үүнд бас 2 байгууллагын дунд үл ойлголцол үүсгэсэн н.Ванхүү мэргэжилтэн байсан. Тухайн үед энэ ажлын талаар би ”И сан” ТББ-тай уулзъя. Бид нар шинэ хашаа аваад өгч болно гэхэд би өөрөө ярина  гэсэн чинь та ярих шаардлагагүй. Үүний дагуу би ”И сан” ТББ-тай ярьж чадаагүй. Угаасаа хууль зөрчиж барьсан гэсэн. Үүний дагуу манай гэрээг шүүхэд өгсөн байгаа. Шүүхийн хугацаанд бид нарт маш их хүндрэл үүссэн. Манай хүүхдүүд сургуулиасаа гараад шууд явган хүний замтай нийлж байсан. Тэр гудамжаар тооцоолсон дүнгээр 1 сая хүн явган өнгөрч, зорчдог байсан. Үүнээс болоод маш их асуудал үүссэн. Хүүхдүүд гар утсаа алдсан. Гадна тоглох талбай байхгүй учир төв усан сангийн сагсан бөмбөгийн талбайд очиж тоглож байгаад 200 гаруй оюутан оролцсон зодоонд очиж гэмтсэн. Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулиудыг сар болгон шалгадаг. Төлөвлөгөөт шалгалтууд орж ирдэг. Нэг шалгалт болох орчны шалгалтад торгууль ногдуулж байсан. Биеийн тамирын талбайтай бол гэж байсан. Үүний дагуу хөөцөлдөөд явж байсан. Шүүх дээр акт цуцлагдсан.”И сан”ТББ-ийн хашаа буулгагдсан. Дараа нь рекит залуучуудыг хөлслөөд тулгаад хашаа барьсан. Ийм маш хүндрэлтэй байдалтай үйл ажиллагаагаа явуулж байсан. 2019 оны 09 дүгээр сард бид нар хүсэлтээ явуулсан. 4 хөрш гээд СӨХ-тэй ярилцаад дэмжсэн. Зохих ёсны хурлаар нь ороод тохижилтын албан ажил гарч ирсэн.

Үүний дагуу маш их ажил гарч ирсэн. Процесс өөрөө нэг жил гаруй үргэлжилдэг байгаа. Энэ хугацаанд 2020 оны 06 дугаар сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга н.Ш гэж хүн мэргэжилтнээр дуудагдсан. Танай 2 компанийн дунд байгаа нийтийн эзэмшлийн талбайг эзэмших хүсэлт гаргаад байна. Тэгэхээр танай 2 маргаантай байдаг гэж ойлголоо. Танайх ч гэсэн эзэмших хүсэлт гарга. Дундаасаа тэр газраа тохижуул гэсэн. Харин газрын төсөв чинь улсын орлого болно гэсэн.”И сан” ТББ өөрсдөө зөвшөөрөөд хүсэлтээ өгсөн юм бол гээд бид нар ч бас өгсөн байгаа. 

Хүсэлтээ өгсний дараа олон албатууд оролцсон хурал болсон байсан. Энэ хурлаар”И сан”ТББ болон манай сургуулийн хүсэлтийг шийдвэрлээд зөвшөөрлөө гээд дараагийн шатруугаа орсон. Энэ тохижилт эхлэх үед Газрын албанаас ирээд хүсэлт гаргасан газрын кадастрын цэгийг тогтоож өгсөн. 3 хүн ирсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан мэргэжилтэн н.О, кадастрын хэмжил зүйн мэргэжилтэн н.А,  С дүүргийн газрын ахлах мэргэжилтэн н.Б гээд 3 хүн байлцаж байгаад энэ цэгүүдийг тавиад 2 тал харилцан зөвшөөрөөд тохижилтын ажлаа хийж дуусгасан. Энэ ажил нь Захирагчийн албаны захиалагчтай, хөрөнгө оруулалтын газрын гуравдагч талын хяналттай явагдсан. Яг энэ тохижилтын ажлын дундуур цемент цутгасан талбай дээр 20тн контейнер авч ирж тавьдаг. Чулуу шиддэг. Цутгаж байгаа газар дээр машинаа ирж тавьдаг. 2018 оны 11 дүгээр сард том машин хөлслөөд ямар ч хар шороогүй газар нүх ухаад мод тарьж байсан. Олон жил нийтийн эзэмшлийн талбайд хашаа барьсан байж, үүнийгээ нээгээд 750 хүүхдийн эрхийн эсрэг байгаа нь маш их харамсалтай санагдаж байна. Би бол хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинг хангах үүрэгтэй хүн байгаа. Тэгэхээр үүнийг би өөрийн ажил үүргийн хүрээд хийхээс өөр аргагүй. Би 2 удаа Авлигатай тэмцэх газар дуудагдсан. Юу ч хийгээгүй хүмүүсээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргад холбогдуулсан шаардлагын хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ хүлээн зөвшөөрдөг юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн хүсэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн ба Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар төлөвлөгөө, гэрчилгээ авах гэх мэт дараагийн ажиллагаа хийгдэх талаар бидэнд утсаар мэдэгдсэн. Дараа нь энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга н.Ш-аас манайд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5772 тоот албан бичгээр баталгаажсан гэж нэхэмжлэлдээ өөрсдөө бичсэн байгаа.

Өөрөөр хэлбэл үүнд сонсох ажиллагаа, газар эзэмшиж авах хүсэлтээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулаад нэхэмжлэгч гаргасан. Үүний дагуу ямар ажиллагаа хийгдсэн талаар нэхэмжлэлдээ өөрсдөө бичээд байна. Сонсох ажиллагаа төрийн захиргааны байгууллагаас хийгдсэн талаар энэ хүмүүс ярьж байна. Тэгэхээр 2 талдаа үзүүртэй зүү шиг зүйл яриад байгаа. Бид нарын эрхийг хангасан гэдэг байдлаар бичээд байгаа. Үүнийг өөр талаас тодотгоод ярих юм бол Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл гэж байдаг юм байна. Энэ бол албан тушаалын орон тоогоороо өгдөг мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар ороод “Л” бүрэн дунд сургууль, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн байгаа. Шийдвэрлэсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл кадастрын зургийн хүрээнд ирүүлсэн талбайн хэмжээгээр газар эзэмших эрхийн олгоё гэсэн. Нөхцөл нь газар хашсан хашаагаа буулга гэсэн шаардлагыг ”И сан” ТББ-д тавьсан. Одоо бид нар үзлэгээр харсан. Үүнийгээ буулга гэсэн.Тэр ажиллагаанд сонсох ажиллагааг хийсэн гэж харж байна.

Гэрээ байгуулсан гэж ярилаа. Гэрээ байгуулах 2 эрх зүйн сурвалж харагдаж байгаа. Нэг нь нийтийн эдэлбэр газрын дахин төлөвлөх гээд 2014 оны 166 дугаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний 75 тоот Барилга хот, байгуулалтын сайдын нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам гэж байгаа. Энэ журмын хүрээнд тэр гэрээ хийгдсэн гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны журмын 5.2-т хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх журмын хүрээнд хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг өөрийн хөрөнгөөр тохижуулж болно гэсэн гэрээний үндсэнд хийгдсэн.

Барилга хот байгуулалтын сайдын 75 тоот тушаалын 2.1-д хувийн хөрөнгөөр нийтийн эзэмшил газрыг тохижуулахаар бол Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Үүний дагуу тус журмын 3.2.2-т зааснаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12-т заасны дагуу тухайн ажил хийгдэхээр бол ажил гүйцэтгэх гэрээ байгуулна гэж байгаа. 3.2.2-т бусад эх үүсвэр буюу хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулах бол хамтран ажиллах гэрээ байгуулна гэж заасан байгаа. Хамтран ажиллах гэрээг Нийслэлийн Засаг даргатай сайдын тушаалын хүрээнд хийгдсэн. Нөгөө талаас концессын гэрээ гэж байна. Энэ гэрээ бол биш байгаа. Энэ хүн буруу ойлгож байна. Албаар шүүхэд буруу тайлбар өгч байна. Төрийн хөрөнгөөр хийгдээгүй учир концейсийн гэрээ биш байгаа.

Гуравдагч этгээд өөрөө тодорхой ярьж байна. Манай үйл ажиллагаа өөрөө онцлог байгаа. Боловсролын байгууллагад Иргэний хуульд заасан эрх зүйн чадамжгүй хүүхдүүд сурдаг байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар хүүхдийг төр хамгаалдаг. Хамгаалалтын хэлбэр нь аюулгүй байдлыг хангах байгаа. Үүний дагуу боловсролын суурь агуулга нь юу вэ гэхээр бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох гэж байгаа. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн нийтлэг үүргийг зааж өгсөн байгаа. Энэ үүргийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Н гэж хүн манайд албан шаардлага өгсөн. Гадна талдаа цугларах, биеийн тамирын талбайтай бол гэж хэлсэн байгаа. Үүний дагуу Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд “Хүүхэд өөрөө хөгжих эрхтэй” гэж байгаа. Энэ нь өөрөө биеийн тамирын хувьд, сэтгэхүйн хувьд, хамгаалуулах эрхтэй байгаа. Энэ бол төрийн үүрэг юм. Энэ үүргийн хувьд холбогдох байгууллагад хандсан. Ингээд хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хуульд тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн. Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлүүлэх журам гэж бий болсон. Энэ тушаалын хүрээнд танайх ажил гүйцэтгэнэ. Гэхдээ гүйцэтгэхдээ 7 хоногийн дотор зөвшөөрөл нь гардаг асуудал биш юм. Даалгаварт заасан бүх ажлыг хийж, зөвшөөрлийг авсан. Нэхэмжлэгч зүгээр барьцаад байгаа.  Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь маш утгагүй байгаа. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлага нь тохижилтын ажилтай холбоогүйгээр өөр шаардлага яваад байгаа. Газраа эзэмшиж авахгүй байгаа асуудлыг нь шийдэхгүй байгаа учир гэх юм уу. Газар эзэмших хүсэлтээ шүүхээр шийдүүлэх гээд байгаа. Дараагийн асуудал нь тохижилтын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болгоё гэж байгаа. Хот байгуулалт хөгжлийн газар гэдэг бол тохижилтын ажил хийх, эхлүүлэх дүрэмтэй байсан. Барилга барих биш тохижилтын ажил хийх зөвшөөрөл олгосон. Энэ нь илт хууль бусын агуулгыг бол агуулахгүй байгаа. Захиргааны хамтран ажиллах гэдэг нь хөрөнгийг гаргах нэг талаас, нөгөө талаас манайд барилгын тохижилтын ажлын зөвшөөрөл олгогдсон учир нийтийн эдэлбэр газрыг баталгаажуулж байгаа хамтран ажиллах гэрээ байгаа. Хамтран ажиллах гэрээг 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулаад 10 дугаар сарын 09-ний өдөр барилга барих зөвшөөрөл авсан “Д” ХХК-тай гэрээ байгуулаад бид нар захиалагчаар орсон. 28-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээ байгуулсан. Энэ бол жинхэнэ утгаараа төрийн мэдэлд орсон. Нэхэмжлэгч өөрөө 540м2 талбайг эзэмшдэг. Энэ талбайгаа өөрөө 1000м2 нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь тохижилтын ажлын талбайтай давхацсан. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт Хот байгуулалт, хөгжлийн газрын гэрчилгээ илт хууль бус болохыг тооцуулаад хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Тэгэхээр илт хууль бус акт биш юм. Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийг захирамж гаргаж, хавсралтаар баталсан. Үүний гуравдугаар зүйлийн 3.1.17-т барилгын ажлын зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын чиг үүрэг байхаар журам байна.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах журмыг баталсан байна. үйл ажиллагааны журам байна. Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.10.2-т “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн барилга хот байгуулалт хариуцсан байгууллага олгоно” гэсэн байгаа. Тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан актыг харах хэрэгтэй.  Сонсох ажиллагаа явуулахыг үүрэг болгох шаардлагын хүрээнд яг ямар хууль бус эс үйлдэхүй, татгалзлаас өмнө яг аль шийдвэр дээр хууль бус эс үйлдэхүй гаргасан гэдгийг тодорхойлох ёстой байна. Гэрээ хүчингүй болгуулах шаардлагын хүрээд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нийтийн эрх зүйн хүрээнд үүсгэх дуусгавар болгох эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн захиргааны гэрээг байгуулж болно гээд хэрэглэхийг нь зохицуулаад өгсөн байна. Гэрээний эрх зүйн үндэслэл тодорхойгүй үлдсэн байна. Энэ гэрээ өөрөө ямар гэрээ байсан гэхээр хамтран ажиллах гэрээ байсан. Үүнд ямар нэгэн ашиглуулсан, өмчлүүлсэн зүйл байхгүй байгаа. Тэгэхээр хуульд нийцсэн захиргааны гэрээ байгуулагдсан байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “И” сан ТББ-ын тэргүүн Ш.С Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас “Л” дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах,Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай “И” сан буюу “О” ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах,2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар мэтгэлцээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          1.Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Л” дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагын тухайд;

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Л” дунд сургууль, нэхэмжлэгч ”И сан” НҮТББ-ын барилгын хооронд байршилтай нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулж сурагчдын аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэх “Л” дунд сургуулийн хүсэлтийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

           Нэхэмжлэгч ”И сан” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох чиг үүрэггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэсэн заалтыг зөрчсөн тул уг актыг илт хууль бус акт гэж маргаж байна.

          Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “..нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;”, 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах:” гэж хуульчилсан байна.

          Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/282 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм”-ийг баталсан байх бөгөөд уг дүрмийн 3 дахь хэсгээр газрын чиг үүргийг баталгаажуулж, 3.1-д “Газар дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 3.1.17-д “барилгын ажлын зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах:” гэжээ.

          Энэхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хот байгуулалт хөгжлийн газрын дүрэмд заасан үндсэн чиг үүргийн хүрээнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.” гэж заасан.

          Харин Нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл олгох бүрэн эрхээ өөрийн хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын дүрэмд оруулж шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, Хот байгуулалт хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох ажиллагаа нэгэнт практик болон тогтсон байна.

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан Хот байгуулалт хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох чиг үүрэггүй гэх шаардлага үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн маргаан бүхий шийдвэр хүчин төгөлдөр хууль, дүрмийн хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

          Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Журам батлах тухай” 166 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”[1]-ын 1.1-д “Хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбай, дугуйн зам, хороолол доторх бичил цэцэрлэг, ногоон байгууламж, амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.”, энэ журмын “Иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах, ашиглах, хамгаалах” гэсэн 5 дугаар бүлгийн 5.1-д “Нийтийн эдэлбэрийн газрыг шинэчлэх, тохижуулах үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж болно.”, 5.2-т “Иргэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр нийтийн эдэлбэрийн газрыг шинэчилж, тохижуулсан тохиолдолд тухайн нийтийн эдэлбэрийн газрыг зориулалтыг өөрчлөхгүйгээр тодорхой хугацаагаар гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 5.3-д “Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр нийтийн эдэлбэрийн газрыг шинэчлэх, тохижуулах тухай саналаа дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана.”, 5.7-д “Энэ журмын 5.4-д заасан гэрээ байгуулагдсанаар иргэн, хуулийн этгээд нь нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын баталсан зураг төслийн дагуу тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.”, гэж зохицуулсан байх бөгөөд “Л” дунд сургуулийн тухайд журмын дээрх зохицуулалтын дагуу тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

          Мөн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар батлагдсан Тохижилтын талбайн схем зургаар манай байгууллагын орц, гарцыг хаасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр[2] “Л” дунд сургуулийн нийтийн эдэлбэр газарт хийсэн тохижилтын ажлаар нэхэмжлэгч”И сан”ТББ-ын орц гарцыг хаасан байдал тогтоогдоогүй болно.

           Түүнчлэн гуравдагч этгээд “Л” дунд сургуулийн хийсэн тохижилтын ажил нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;” гэсэн ангилалд хамаарч байхад зөвшөөрөл олгосон нь хуулийн энэ заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

          Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 194 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд” гэсэн хүснэгтийн 2-т төрөл гэсний “Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга”, “Бага төвөгшилтэй барилга байгууламж” гэсэн ангиллын 2.2-т “....орон сууцнаас бусад төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга байгууламж” гэсэн ангилалд хамаарна гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

           Харин “Л” дунд сургууль энэхүү нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахдаа хашаалсан байгаа нь уг газрыг нийтийн эдэлбэрийн гэж үзэх агуулгыг алдагдуулж байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зайлшгүй хашаалах шаардлага үүссэн, энэ нь Боловсролын тухай хууль болон ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд заасныг үндэслэсэн төдийгүй Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлттэй нийцэж байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

          Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.9-д “нийтийн эдэлбэр газар гэж” зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж томъёолжээ.

          Иймд нийтийн эдэлбэрийн газрыг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр тохижилтын ажил хийгдсэн уг газрыг хашаалсан нь хуулийн дээрх агуулгатай нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.

          Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан маргаан бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 2 дахь хэсэг: Газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл хэсэгт “...байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, талбайн хэмжээ,кадастрын код, газар эзэмших эрхийн хугацаа..” зэрэг мэдээлэл бүрэн бичигдээгүй зөрчил байгаа хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлага хангагдах боломжгүй.

          2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай ““И”” сан буюу “О”ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах шаардлагын тухайд;

          Нэхэмжлэгч ”И сан” ТББ-ын нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн барилгуудын хооронд байгаа нийтийн эдэлбэрийн газарт “Л” дунд сургууль тохижилт хийсэн нь далд утгаараа уг газрыг “Л” дунд сургуульд эзэмшүүлсэнтэй ижил шийдвэр болсон бөгөөд энэхүү нийтийн эдэлбэрийн газраас эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн ”И сан” ТББ-ын хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа “Л” дунд сургуульд давуу байдал олгож байгаа нь шударга  зарчимд нийцэхгүй гэсэн агуулгатай байна.

          Маргаан бүхий нийтийн эдэлбэрийн газрыг “Л” дунд сургууль өөрийн хөрөнгөөр тохижуулах хүсэлт гаргаж Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, схем зураг батлуулан,  Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1158/2020 тоот “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт” батлуулан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

          Энэхүү тохижилтын ажлыг хийх үндэслэл болсон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар:ГБМЗХ2019/22-013 тоот “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар”-т төлөвлөлтийн талбай 0.07 га гэж тодорхой тусгасан байна.

          Харин ийнхүү нийтийн эдэлбэрийн газраас тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаварт тохижилт хийх талбайн хэмжээг тодорхой зааж өгсөн байхад уг нийтийн эдэлбэрийн хэмжээг дахин хэмжиж тогтоох шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй байна.

          Өөрөөр хэлбэл талууд газар эзэмших эрхийн болон газрын давхцал, хэмжээний талаар маргаагүй байхад нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын энэ хэсэг үндэслэл муутай байна.

          Маргаан бүхий нийтийн эдэлбэрийн 0.07 га газарт төлөвлөлтийн дагуу тохижилт хийсэн болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн бөгөөд энэхүү тохижилтын ажил хийгдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаагүй, газар эзэмших болон бусад ямар нэг эрхийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

          Нөгөө талаар маргаан бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэмжээг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхой бус байна.

          Шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэр гаргах үүрэгтэй.

          Түүнчлэн нэхэмжлэгч  тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг гаргасан байна.

          Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий нийтийн эдэлбэр газрыг эзэмших, ашиглах, өмчлүүлэхтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байна.

          Харин Барилгын тухай хууль, Хот байгуулалт хөгжлийн газрын дүрэм, “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”-д заасан зохицуулалтын хүрээнд нийтийн эдэлбэр газрыг тохижуулах ажлыг дэмжиж зохих зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрх нь Нийслэлийн Засаг дарга түүний хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газарт хадгалагдаж байна.

          Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах, өмчлүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах энэ асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсгол зохион байгуулах эсэх нь зөвхөн энэ асуудлыг эрхэлсэн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал болно.

          Тодруулбал маргаан бүхий нийтийн эдэлбэрийн газрыг эзэмших, ашиглах, өмчлөх асуудлаар захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад уг асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах хууль зүйн боломжгүй.

          3. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

          Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг шүүх захиргааны гэрээ гэж үзэж хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

          Харин энэхүү гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

          “Л” дунд сургууль маргаан бүхий нийтийн эдэлбэрийн газарт өөрийн хөрөнгөөр батлагдсан тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, скиз зургийн дагуу гадна талбайн тохижилтын ажлын зургийг “Т” ХХК-аар, гадна гэрэлтүүлгийн зургийг “Б” ХХК-аар хийлгэж, ажлын зурагт Барилгын хөгжлийн төв барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж экспертизийн дүгнэлт гаргасан байна.

          Ийнхүү эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг  үндэслэн хийгдсэн ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба орчны тохижилтын стандарт, норм, дүрэм хангуулж ажиллах зорилгоор хийсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ” нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй холбогдох хууль журамд нийцсэн гэж үзнэ.

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.9, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас “Л” дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай “И” сан буюу “О” ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах,2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэгч”И сан”төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

           

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас

[2] 1 дүгэр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас