Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1028

 

 

 

 

 

2019          10             15                                             2019/ДШМ/1027                                    

 

Н.Б-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

            прокурор Б.Дэлгэрмаа,

            яллагдагч Н.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1462 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Б-т холбогдох 1903006120300 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн Б, Улаанбаатар хотод 1953 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 2 дугаар байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 байрны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/,

Н.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 21:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны хойд талын замд “Toyota pruis 20” загварын 58-09УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс:

1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх 3-11 хуудас/ явган зорчигч, хохирогч Н.Б-г мөргөсөн гэх “А” цэг, явган зорчигч унасан гэх “Б” цэг явган хүний гарцгүй газар тэмдэглэгдсэн байна. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хийсэн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх 13-17 хуудас/ явган зорчигч, хохирогч Н.Б-г явган хүний зохицуулдаггүй гарц дээр мөргөсөн гэж “А” цэг тэмдэглэгджээ.

Хэргийн үйл баримтыг тогтоосон гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг нь хэрэгт хоёр өөрөөр авагдсан байхад шүүхээс явган зорчигч Н.Б-г анх мөргөсөн гэх “А” цэг, хохирогчийн унасан гэх “Б” цэгийг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

2. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд яллагдагч Н.Б-ийн жолоодож явсан “Toyota pruis 20” загварын 58-09УНК улсын дугаартай автомашины баруун гар талын их гэрлийн ойрын тусгалын тохиргоо алдагдсан, уг эвдрэл гэмтэл нь ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн, жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж үзжээ. /хх 99/

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл яллагдагч Н.Б-ийн жолоодож явсан автомашины баруун гар талын их гэрлийн ойрын тусгалын тохиргоо алдагдсан байсан нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд гарсан зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоох нотлох баримтаар бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын талаар тодорхой заасан бөгөөд мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан “Мөрдөгчийн магадалгаа” нь баримтат мэдээлэлд хамаарах бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж бэхжүүлсэн байвал зохино.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэргийн объектив талын шинжийг шалгаж, тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй ирүүлсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Хашбаатар бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр осол гарсны дараа хэргийн газарт үзлэг хийхэд осол гаргасан жолооч нь автомашиныг ослын газраас хөдөлгөж автобусны буудлын зогсоол хэсэгт байрлуулсан, хохирогч эмнэлэгт хүргэгдсэн байсан тул үзлэгт зөвхөн жолоочийг оролцуулан явуулахад явган зорчигч, хохирогч Н.Б-г мөргөсөн гэх “А” цэг, явган зорчигч унасан гэх “Б” цэгийг жолоочоор заалган үзлэгийн тэмдэглэлийг хөтөлж, хэмжилтийн бүдүүвч зургийг гаргасан. Энэ талаараа үзлэгийн тэмдэглэлд тусгасан байгаа. Яллагдагч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “А” цэгийг тогтоохдоо хагарсан шил гэх мэт ул мөрийг үндэслэж тогтоосон гэсэн боловч үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагт энэ тухай тэмдэглээгүй байгаа нь түүний хэлсэн зүйл үндэслэлгүйг баталж байна. 2 дахь үзлэгийг хохирогчоор заалгаж хийсэн бөгөөд энэ үзлэгт яллагдагчийг оролцуулсан. Тэрээр хэмжилтийн бүдүүвч зурагтай танилцаж гарын үсгээ зурсан ба ямар нэг гомдол гаргаагүй байна. Иймд 2 дахь үзлэгийг үндэслэлтэй гэж үзсэн. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Энэ хэрэгт үзлэгийг дахин хийх нь нөхцөл байдлыг өөрчлөхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн аль үзлэгийг үнэлэхээ шийдвэрлэх боломжтой юм.

            “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд автомашины баруун гар талын их гэрлийн ойрын тусгалын тохиргоо алдагдсан эвдрэл гэмтэл нь ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй гэжээ. Хэргийн газрын үзлэгээр осол болсон орчин нь гэрэлтүүлэгтэй байсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн энэ тусгалын тохиргоо алдагдсан нь тухайн осолд нөлөөлөөгүй гэж үзсэн учраас дахин ажиллагаа хийх шаардлагагүй юм.

Шүүх ... мөрдөгчийн магадалгаа гаргуулах шаардлагатай гэж үзвэл дараах хариултыг өгч байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийг шийдвэрлэхдээ мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаа нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд “Шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой. Эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэжээ. 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гээд 6 дахь хэсэгт “хууль тогтоомж хэрэглэх түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн байна. Гэтэл дээрх төрлийн хэргүүдэд гаргаж байгаа мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэх талаар гарч байгаа ба үүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон. Шинжилгээ хийхэд шинжилгээний объектийн тухай асуудал яригддаг ба тухайн объектод үүссэн физик химийн ул мөрийг үндэслэн шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийн хувьд мөрдөгч магадалгаа, шинжээч дүгнэлт гаргахдаа дүрмийн энэ заалтыг зөрчсөн гэж байгаа нь нотлох баримтыг үнэлж, Замын хөдөлгөөний дүрэм хэрэглэж байгаа явдал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлэн хууль хэрэглэж зөрчсөн эсэхийг тогтоох нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн үүрэг бөгөөд үүнээс давсан эрх, хэм хэмжээг мөрдөгч, шинжээч нар эдэлж, захиргааны хэм хэмжээний актыг зөрсөн зөрчөөгүй гэж магадалгаа дүгнэлт гаргаж, тухайн этгээдийн гэм бурууг урьдчилан тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11, 27.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн байна. Иймд Н.Б-т холбогдох 1903006120300 дугаартай хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1462 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор эсэргүүцэл бичив” гэжээ.

            Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.   

Яллагдагч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарсны дараа хэргийн газар үзлэг, хэмжилт хийсэн. Хохирогчийг мөргөх үед тээврийн хэрэгслийн урд талын паар хагарсан, хохирогч газар дагзаараа унаж тухайн газар цус болсон байсан. Миний хувьд цус болсон газрыг “А” цэг гэж үзэж байна. Харин сарын дараа хохирогчийг эмнэлгээс гарах үед хэргийн газар очиж, хохирогчоор заалган явган хүний гарцаар гарч байсан гэж мэдүүлснээр намайг гэм буруутайд тооцсон.” гэв.

Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1462 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн газрын эхний үзлэгээр “А”, “Б” цэгийг гарцгүй газар тавьсан. Дахин хэргийн газрын үзлэг хийгээд гарцтай газар тавьсан. Үүнээс болж маргаан үүссэн.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримт болох зам тээврийн ослын газар хийсэн хоёр удаагийн үзлэгийн тэмдэглэлд осол гарсан газрыг эргэлзээтэй тогтоосон, яллагдагчийн жолоодож явсан автомашины гэрлийн тусгал алдагдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, хийгдвэл зохих шинжилгээг хийгээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн онцлог, тухайн осол гарсан орчин нөхцөл зэргээс шалтгаалан мөрдөгчийн эзэмшсэн тусгай мэдлэг, ур чадварт тулгуурласан магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй.   

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1462 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН