| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00383/И |
| Дугаар | 183/ШШ2019/00813 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2019/00813
| 2019 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2019/00813 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..., Ерөнхий боловсролын E /РД:... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогтой, А Э /РД:... /-д холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47 752 065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гадаадын хөрөнгө оруулалттай “Э ” ХХК-ийн үүсгэн байгуулсан “У ” олон улсын сургуулын үндэс суурь анх 2005 оны хичээлийн жилд тавигдаж 13 дахь жилдээ Монгол улсын боловсролын салбарт анхан, дунд шатны боловсрол сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна. Иргэн А. Э хүү Э. Б , охин Э.Э нар 2017 онд Ерөнхий боловсролын “У ” олон улсын сургуульд суралцаж байгаад өөр сургууль руу шилжсэн байдаг. Ингэхдээ тус сурагчийн нарын асран хамгаалагч болох А. Э нь сургалтын төлбөрийн үлдэгдэл 44 470 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан тул сургуулийн үүсгэн байгуулагч “Э ” ХХК-тай харилцан тохиролцож, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №18/03 дугаар Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан билээ. Тус гэрээний дагуу дээрх сургалтын төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгавар болгохоор тохиролцсон боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд төлбөр барагдуулах гэрээний үүрэгт сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 44 470 000 төгрөг болон алданги 3 282 065 төгрөг нийт 47 752 065 төгрөгийг иргэн А.Э оос гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Улаанбаатар элит” сургууль нь А.Э холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 44 470 000 төгрөг, алданги 3 282 065 төгрөг, нийт 47 752 065 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг эс зөвшөөрч байна. Миний хүүхдүүд болох Э. Б , Э.Э нар нь “Улаанбаатар элит” сургуульд суралцаж байсан. Сургалтын төлбөрийг асран хамгаалагч А. Э миний бие сургуульд төлөх естой байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл сургуулийн захиргааны зүгээс миний хүүхдүүдийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хичээл нь суулгахгүй, багш нар нь хавчин гадуурхаж, хүүхдийн эрхийг зөрчсөн байдаг. Миний зүгээс хүүхдийг хичээлд нь суулгаагүй хугацааны төлбөрийг сургалтын төлбөрөөс хасч тооцох ёстой, тиймээс хүүхдийн ирцийн бүртгэлийг гаргуулан авч, хичээлд суугаагүй өдрүүдийг хасч тооцон сургалтын төлбөрийг дахин бодох ёстой гэсэн шаардлагыг удаа дараа сургуулийн ажилтнуудад хэлсэн ч өнөөдрийг хүртэл энэхүү арга хэмжээг аваагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа “Төлбөр барагдуулах гэрээ”, сургалтын төлбөрийн дүн, алданги зэргийг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэхүү гэрээний нэг тал нь “Э ” ХХК, түүний хуулийн зөвлөх Ц.Б байдаг. ‘Э " ХХК-тай би болон миний хүүхдүүд ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Харин ‘Улаанбаатар элит” сургуультай “Сургалтын гэрээ”-г байгуулж хуүхдүүдээ сургаж байсны хувьд сургуульд төлбөрийг төлөх учиртай. Мөн “Э ” ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-нд “2014-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр” гэсэн байхад, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гэх зэрэг зөрүүтэй байдлаар бичсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгч “Улаанбаатар Элит” сургууль нь өөрийн “Сургалтын гэрээ”-ний дагуу төлбөрийг шаардаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага агуулга өөр байх ёстой байсан. Гэтэл ямар баримтыг үндэслэж, алданги, үндсэн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У дунд сургууль, А.Э , Э ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт сургалтын төлбөрийн үлдэгдэл 44 470 000 төгрөг, алданги 3 282 065 төгрөг нийт 47 752 065 төгрөгийг хариуцагч А.Э оос гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч А. Э сургалтын төлбөрийн зохих хувийг төлөх талаар маргахгүй боловч хүүхдүүдийг сургалтын төлбөр төлөөгүй үндэслэлээр хичээлд хамруулаагүй хугацааны төлбөрийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагад уг төлбөрийг хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй, Э ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй тул төлбөр барагдуулах үүрэг үүсээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК, А. Э нар Улаанбаатар элит олон улсын дунд сургуулийн 5 болон 9 дүгээр ангид суралцагч Э. Б , Э.Э нарын 2014-2016 оны хичээлийн жилийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 44 470 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд төлөхөөр тохиролцсон төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна. /хх 16-17 ху/
Мөн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар элит олон улсын дунд сургууль, А. Э нарын хооронд Э. Б ийг 10 104 000 төгрөгийн төлбөртэй, хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл суралцуулахаар тохиролцсон сургалтын гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр суралцагчийн нэр тодорхойгүй, Улаанбаатар элит олон улсын дунд сургууль, эх Ж.Цэрэнмядаг нарын хооронд 8 900 000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. /18-23 ху/
Зохигч 2014 оноос 2017 оны хооронд Э. Б , Э.Э нар Улаанбаатар элит дунд сургуульд суралцсан, төлбөрийн зарим хэсгийг төлөөгүй байгаа үйл баримтад маргаангүй бол төлбөрийн тооцоолол, нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.
Нэхэмжлэгч У олон улсын дунд сургууль нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-7 ху/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр, Бага дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдахаар, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдахаар, 33.2 дахь хэсэгт захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Улаанбаатар элит олон улсын дунд сургууль нь иргэний эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд ба итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийг нь тус сургуулийн захирал гэж үзэх бөгөөд Э ХХК, Улаанбаатар элит олон улсын дунд сургууль нар тус тусдаа хуулийн этгээд байна.
Нэхэмжлэгч, тус сургуулийн үүсгэн байгуулагч Э ХХК-тай хариуцагч А. Э байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүргийг гаргуулахаар шаардахдаа менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлж, уг гэрээний 1.7-д хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний талаар тохиролцсон тул шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч дээрх гэрээгээр Э ХХК нь Улаанбаатар элит олон улсын дунд сургуульд төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлсэн талаар тусгаагүй, нөгөө талаас Улаанбаатар элит олон улсын дунд сургууль нь Э ХХК-д сургалтын төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлэх, төлбөр барагдуулахтай холбоотой аливаа харилцааг зохицуулах эрхийг олгосон эсэх нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч сургалтын төлбөр гаргуулахаар шаардах боловч шаардлагын үндэслэлээ төлбөр барагдуулах гэрээний үүрэг гэж тодорхойлж, тухайн харилцаанд хэргийн оролцогч биш Э ХХК оролцсон байх тул шүүх маргаантай харилцаа болох сургалтын гэрээний төлбөр төлөх үүргийг санаачилгаараа тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халина гэж үзээд нэхэмжлэгчид төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Харин нэхэмжлэгч У олон улсын дунд сургууль нь зохих этгээдээс сургалтын гэрээний үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 396 720 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 хэсэгт заасныг баримтлан Б овогтой, А Э /РД:... /-д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47 752 065 төгрөг гаргуулах тухай Ерөнхий боловсролын У олон улсын дунд сургууль /РД:... /-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын У сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 396 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ