Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Ж.Энхбат

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт иргэн тэй “манай ахыг цохилоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний баруун нүд рүү 1 удаа, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа, цээж, гэдэс рүү нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

 ... Би *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчтой эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

Хохирогч  *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...*******гийн машинд хүүхэд нь миний өвөр дээр суугаад явж байтал *******, *******гийн хүүхдийг алгадаж авахаар нь “би болиоч” гэж хэлэхэд ******* миний шанаа руу цохихоор би буцаагаад *******ын шанаа руу цохитол ******* уурлаад миний баруун талын нүд рүү цохиод машин зогсоогоод, машинаас чирч буулгаад толгой, цээж рүү өшиглөөд цохиж байгаад намайг хаяад яваад өгсөн. Тухайн үйл явдал орой 19 цаг өнгөрч байсан 2-р багийн дээд 4 замын уулзвар орох гээд явж байхад ******* намайг эхлээд шанаа руу цохисон, харин ******* миний баруун талын нүд рүү цохисон. *******ын хувьд машинд явж байхдаа миний баруун нүд рүү гараараа цохисон... Тухайн үед би нэлээд согтсон байсан. Харин хоёулаа нийлээд бол намайг зодоогүй, ******* намайг цохисны дараа буюу тухайн үйл явдал дууссаны дараа ******* намайг нүд рүү цохиод тэгээд машинаас буулгаад цохисон. Би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн, тэгтэл намайг хүн цохиод байсан болохоор өмнө мэдүүлэгтээ хоёулаа цохисон гэж өгсөн. Одоо бодоход ******* намайг машинаас буулгаад цохиод байсан хүн нь байгаа юм. Намайг машинд байхад баруун талын хацар луу цохисноос ямар нэг гэмтэл учраагүй, харин учирсан гэмтлүүдийг ******* учруулсан...гэх мэдүүлэг/хх-ийн мэдүүлэг/хх-ийн 40-42, 80-81 /

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...тухайн үед ******* *******гийн дүүгийнх нь хүүхдийг өвөр дээр суулгаад явж байхаар нь би тэр хүүхдээр тоглоод боовыг нь баръя гэсэн чинь ******* чи наад хүүхэд зүгээр байлгаач гээд уурлаад намайг цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа цохисон чинь хажуугаас ******* “миний ахыг цохиод авлаа” гээд Жамчинсүрэнг цохиод тэр 2 хоорондоо зодоон хийгээд байхаар нь машиныг зогсоогоод тэр хоёрыг салгаад *******г буулгаж үлдээгээд бид нар цаашаа яваад манайд ирсэн. Тухайн үед ******* намайг цохиход ******* чи миний ахыг цохилоо гээд цохиод тэр хоёр хоорондоо зодоон хийсэн. *******, ******* нар нэг нэгнийгээ заамдаж авчихаад биеийнхээ нүүр лүү цохиод байсан яг хаана нь цохисныг анзаарч хараагүй. Тэр хоёрыг машинаас буулгахад ******* *******г өшиглөөд байсан, би өшиглөөгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаартай

1.2 *******гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт.зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн дээл 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн  70-71/, депозит дансны хуулгууд /хх-ийн 86-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт иргэн тэй “манай ахыг цохилоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний баруун нүд рүү 1 удаа, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа, цээж, гэдэс рүү нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 76-77/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн40-41, 80-81/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 50-51/, Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаартай .... *******гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт.зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /26-27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь хохирогч гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2-р үүдэн шүдний сулрал, хамрын нурууны цус хуралт.зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 26-27/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 200000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлж барагдуулсан, түүний хувийн байдал/ ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэдэг, Дорноговь аймгийн Алтанбулаг сумын Ханги Боомтод автомашин барьдаг буюу тогтмол орлоготой талаарх дансны хуулга, сар бүр 8000000-9000000 төгрөгийг цалинтай /  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА