| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00106/И |
| Дугаар | 106 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 106
| 2019 оны 04 сарын 05 өдөр |
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нидерланд улсын иргэн, Хэлмэрштаат 13, 2802 НС Гоуда, Нидерланд улсад оршин суух Аагже Ван Влиет /NR7P0RJP9/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулимын
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 55-16 тоотод оршин суух, Түмэн А.А /РД: **********/,
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 55-16 тоотод оршин суух, Сүхнүүд М.Ц /РД: **********/ нарт холбогдох
Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулах,
Хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, А.Гулим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Аагже Ван Влиетийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гимул шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нидерланд улсын иргэн Аагже Ван Влиет нь ....2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч М.Ц, А.А нартай Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоотод байрлалтай орон сууцны зориулалттай, 38мкв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлж А.А болон М.Ц нарын нэр дээр шилжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн өдөр нь гаргуулж өгсөн. Тэгтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан төлбөр болох 30.000.000 төгрөгийг төлөөгүй. Мөн төлсөн гэж байгааг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.Цтай 10.000.000 төгрөгийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. ...Гэтэл М.Ц өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд М.Ц, А.А нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.Ц, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэгдүгээрт:...2014 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Аагже Ван влиет нь миний бие муу учир Монголд ажиллаж амьдарч чадахгүй болж буцах боллоо. Миний орчуулагчаар ажилласан, миний охиноос ялгаагүй чамд би байраа авсан 30.000.000 төгрөгөөр зарна гэж анх санал тавьсан. Ингээд М.Ц, А.А нар худалдаж авахаар тохиролцоод тухайн үедээ 20.000.000 төгрөгийг бүрдүүлж өгсөн байдаг. Энэ мөнгийг бүрдүүлж өгөхдөө танил тал, ах, дүү нараасаа тусламж авч мөн өөрт байсан хашаа байшингаа худалдаж 20.000.000 төгрөгийг бүрдүүлж өгсөний дараа Аагже Ван Влиетэд үлдсэн 10.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард төлөх боломжтой байна гэдгээ илэрхийлсэн. Аагже Ван Влиет 20.000.000 төгрөгийг аваад орон сууцандаа А.А, М.Ц нарыг оруулсан. Тэгсэний дараа 10.000.000 төгрөгөө та нар өгөөгүй байгаа юм чинь надтай энэ 10.000.000 төгрөг дээрээ 2015 оны 09 дүгээр сар хүртэл зээлийн гэрээ байгуул гэсэн. Тэрний дагуу зээлийн гэрээ байгуулсан. Орон сууцандаа би та нарыг оруулчихсан болохоор намайг буцаад ирэхэд та нар байр авахаа болилоо гэхэд би та нарыг үнэ төлбөргүй орон сууцандаа суулгасан болно. Ийм болохоор орон сууц хөлслөх гэрээ хий яагаад гэвэл бүртгэлийн газраар төлбөр дутуу байгаа тул хөрөнгө шилжүүлээгүй байгаа нөхцөлд орон сууцанд оруулчихсан болохоор түрээсийн гэрээ байгуулна гэдэг шаардлага тавьсан. Ингээд түрээсийн гэрээ бас байгуулсан. Ингээд Аагже Ван Влиет 2015 оны 01 дүгээр сард буцаж ирсэн. Буцаж ирэхдээ эгчийгээ дагуулж ирээд зээлийн гэрээнд тусгагдсан хугацаанд мөнгөө авахаа болилоо үүнээс өмнө авахаар боллоо та нар надад 05 дугаар сард өгөөрэй гэж хэлсэн. Ингээд А.А М.Ц нар 10.000.000 төгрөгийг гүйцээж өгөхийн тулд мөн л бас зээл авсан, өмнө нь зээлтэй байсан болохоор үлдэгдэл зээл дээрээ нэмж “ХАС банк” ХХК-иас зээл авсан байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой татвар, улсын тэмдэгтийн хураамжийг төлөхтэй холбоотой зардлыг өөрийнхөө эд зүйлийг ломбарданд тавьж танил талаасаа зээлж аваад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Аагже Ван Влиетд 10.000.000 төгрөг гүйцээж өгсөн. Ингээд мөнгөө өгөхдөө 20.000.000 төгрөг болон 10.000.000 төгрөгөө Аагже Ван Влиетэд итгэж байсан учир дандаа бэлнээр өгч байсан. Ямар нэг байдлаар баримт үйлдээгүй байдаг. Ингээд Аагже Ван Влиет 10.000.000 төгрөгөө авмагцаа нотариатын газар очиж худалдах худалдан авах гэрээгээ хийж гарын үсэг зурсан. Бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Энэ хугацаанд Аагже Ван Влиет Монголчуудтай харилцдаг хэл нэвтэрдэг байсан болохоор орон сууцны үнэ өссөн талаар мэдээлэл авсан байдаг. Мөнгөө авч үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэний дараа энэ байрны үнэ 40.000.000 төгрөг байгаа юм байна. Одоо надад 10.000.000 төгрөг нэмж өг гэдэг шаардлага тавьсан. 10.000.000 төгрөг нэмж болохгүй би таньд 30.000.000 төгрөг өгсөн шүү дээ гэсэн чинь М.Ц, А.А нар намайг залилчихлаа мөнгөө өгөхгүй байна гэсэн утгатай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ц, А.А нарыг яллагдагчаар татсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээсээ татгалзах хууль зүйн үндэслэлгүй.
Хоёрдугаарт: 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай хүүгүй зээлсэн гэрээний үүрэг шаардсан байгаа. Энэ гэрээгээ хариуцагч талд тайлбарлахдаа гэрээг хийх болсон шалтгаан нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөг өгсөн 10.000.000 төгрөгийг өгөөгүй гээд гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. 2011 онд нэхэмжлэгч нь А.Атай зээлийн харилцаа үүгэсэн. Үүний үлдэгдэл 10.000.000 төгрөг дээр гэрээ болгож үлдээсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн тайлбараар бол 10.000.000 төгрөгийг би аваагүй харин өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг нэмж 10.000.000 төгрөг болгож хийсэн гэж үзэж байгаа бол 2011 оны гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж байгаа. Нотлох баримт судлах үед энэ гэрээ гарч ирнэ. Ингээд худалдах худалдан авах гэрээний үүрийг биелүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн хувьд 2011 оны зээлийн гэрээг төлж барагдуулсан гэж тайлбарладаг. Ингэхээр нэхэмжлэгчид манайх 30.000.000 төгрөг дээр нэмэх нь 10.000.000 төгрөг нийтдээ 40.000.000 төгрөг төлөх үүрэг байхгүй. Худалдах худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Аагже Ван Влиет нь хариуцагч А.А, М.Ц нарт холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоот 3 өрөө 38м.кв талбай бүхий орон сууц худалдсан гэрээнээс татгалзаж, худалдсан үл хөдлөх хөрөнгийг буцаан өгөхийг, мөн хариуцагч М.Цаас 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Нэхэмжлэгч Аагже Ван Влиет нь хариуцагч А.А, М.Ц нартай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буй үндэслэлийг үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн тухай буюу мөнгө төлсөн баримт байхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч А.А, М.Ц нар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлсэн, хууль ёсны өмчлөгч үндэслэлээр, хариуцагч М.Цтай зээлийн гэрээ байгуулаагүй, 10.000.000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгч Нидерланд Улсын иргэн Аагже Ван Влиет Монгол Улсад түр оршин сууж байхдаа маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө буюу Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоот 38м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг Монгол улсын иргэн Я.Алтанцэцэгээс 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдан авч 000081538 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн М.Ц, А.А нартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр өмчлөх эрх хариуцагч нарт шилжиж улсын бүртгэлд бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтад зохигч маргаагүй.
Мөн хариуцагч А.А нь нэхэмжлэгч Аагже Ван Влиет нарын хооронд ажил хэргийн харилцаа холбоо байсан, 2011 оны 08 сарын 30-ны өдөр А.А нь Аагже Ван Влиетээс 7.500.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн газрыг барьцаалж байсан, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр маргаж буй орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөхөөр бичгээр гэрээ байгуулж, уг орон сууцанд нүүж орсон, нэхэмжлэгч Аагже Ван Влиет уг орон сууцны 1 өрөөнд түр хугацаагаар амьдарч байсан үйл баримтад зохигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.
Талууд гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацааг тохирч гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй тул уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн хоёр талын гэрээ учраас үүрэг зөрчсөн аль ч тал үүргээ шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 2.2.-т төлбөр төлөх нөхцөлийг бэлнээр, төлбөр төлөх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хүлээлгэн өгсөн орон сууцыг буцаан шаардсан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гарээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх
үүрэгтэй.
Хариуцагч А.А, М.Ц нар нь орон сууцны үнийг 30.000.000 төгрөгөөр тохирч, 2014 оны 09 дүгээр сард орон сууцны урьдчилгаа 20.000.000 төгрөгийг худалдагч Аагже Ван Влиет хүлээн авснаар орон сууцыг худалдан авагч М.Ц, А.А нарт хүлээлгэн өгч, үлдэх 10.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгснөөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн гэж маргаж байгаа нь маргааны зүйл болжээ.
Талууд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй ч нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар маргаж байгаа тул шүүх зохигчдын гэрээ байгуулсан хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 41.2.-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн “анх орон сууцыг худалдах худалдан авах тухай хэлцэл 2014 оны 08 дугаар сард зохигч нарын дунд хийгдэж тухайн үедээ нэхэмжлэгч бие өвдөөд байна нутаг буцна байрыг миний анх авч байсан үнэ болох 30.000.000 төгрөгөөр ав гэхэд нь 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийг нутаг буцахаас өмнө 20.000.000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн. Үлдсэн 10.000.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард төлөх боломжтой гэж хэлэлцэн тохирсон” гэсэн тайлбарыг,
“нэхэмжлэгч ...байраа хүлээлгэн өгч, нэгэнт байранд ороод амьдарч байх юм чинь танайх 10.000.000 төгрөгөө гүйцээж төлтөл байрыг түрээслэ, харин 10.000.000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуул гээд 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл хугацаагаар 10.000.000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, алдангигүй зээлдүүлсэн тухай гэрээ байгуулаад орон сууцанд хариуцагч нар нүүж орж орон сууц хөлслөх гэрээ байгуулаад ....нүүж орсон, ...орон сууц хөлслөх гэрээний үнийг 3.000.000 төгрөгөөр тохирч....10.000.000 төгрөгөө төлөхгүй бол түрээсийн төлбөр төлсөн 3.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж тохирсон. ...2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч ирээд хариуцагч нартай хамт амьдарч ...10.000.000 төгрөгөө 09 сараас өмнө авмаар байна гэхэд ....06 дугаар сарын 10-ны өдөр ...өгч ...орон сууц худалдах худалдан авах гэрээгээ байгуулахдаа ...бүртгэлийн газарт нэхэмжлэгч очиж төлбөр тооцоо дууссан гэж хүсэлтээ гаргаад өмчлөх эрхийг шилжүүлсэн” гэсэн тайлбарыг эсрэг тал буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч эсэргүүцээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон.
Нэхэмжлэгч Аагже Ван Влиет 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцагч нарт холбогдуулан гомдол гаргасныг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5/75 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байх явцад буюу хариуцагч нар 2016 оны 06 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд асуугдахдаа шүүхэд гаргаж буй тайлбараа өгч байсан байна.
Нэхэмжлэгч Аагже Ван Влиет нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоогдож байцаалт өгөхдөө хариуцагч нарын урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн үйл баримтын эсрэг тайлбар өгөөгүй, энэ хэргийг шалгах явцад ч энэ үйл баримтыг няцаасан тайлбарыг гаргаагүй, хариуцагч нарын тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй байгаа учраас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар нэхэмжлэгч тал нөгөө талдаа мэдэгдэнэ. Мөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж байгаа бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооно. Хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй.
Хуульд заасан урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгч тал хангасан нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн учраас үүнийг нэхэмжлэгч тал баримтаар няцаана. Энэ үүргээ нэхэмжлэгч тал хангалттай гүйцэтгээгүй, нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар, шаардлага баримтаар тогтоогдохгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжсэн тухай баримтууд, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх үед цугларсан бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч нар төлбөрийг хэсэгчлэн төлсөн тухай тууштай мэдүүлсэн байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “нэхэмжлэгч ....төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоно гэсэн үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэж чадсангүй.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу хариуцагч М.Ц, А.А нар нь нэхэмжлэгч Аагже Ван Влиетэд хүссэн нөхцлийнх нь дагуу орон сууцны үнийг бүрэн төлснөөр хуучин өмчлөгч Аагже Ван Влиетын өмчлөх эрх М.Ц, А.А нарын өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хэргийн үйл баримт, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгаж байхад цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Аагже Ван Влиет нь 2014 оны 08 дугаар сараас өөрийн орон сууцыг бусдаас худалдаж авсан үнээр буюу 30.000.000 төгрөгөөр хариуцагч талд худалдахаар санал тавьж байсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д заасан гэрээ байгуулах санал тавьж байсан гэж үзнэ. Мөн 2014 оны 09 дүгээр сард талууд гэрээний гол нөхцөл болох үнийг тохирч хариуцагч нарт орон сууцыг хүлээлгэж өгснийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар гэрээ байгуулсанд тооцож болохоор байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Аагже Ван Влиет нь хариуцагч М.Цаас 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 10.000.000 төгрөг гаруулахыг шаардсан.
Тэрээр шаардлагын үндэслэлийг “А.Атай урьд өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл, орон сууц хөлслүүлсний төлбөр зэрэг өглөг авлагатай болохоо тодорхойлж баримт үйлдэж гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж хэрэгт 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг ирүүлсэн.
Эдгээр баримтыг хариуцагч няцааж байрны үлдэгдэл төлбөрийн баталгаа болгож гэрээ байгуулсан, тэр өдөр бэлнээр мөнгө аваагүй гэж тайлбарласан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь хариуцагч талын мөнгө хүлээн аваагүй гэсэн тайлбарыг үгүйсгээгүй.
Зохигчдын тайлбараас нэхэмжлэгч Аагже Ван Влиет, хариуцагч М.Ц нарын хооронд 10.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан ч зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө ..шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа учраас М.Цаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.
Мөн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар Мөнгө...ийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгчийг хариуцагч М.Цд 10.000.000 төгрөгийг өгөөгүй” гэж, хариуцагч М.Цы төлөөлөгч “Аагже Ван Влиет 2014 он 09 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг өгөөгүй” гэсэн тайлбаруудаар тогтоогдсон учраас гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсэн хугацаа өнгөрсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмэлэгч Аагже Ван Влиетын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4.-т заасныг баримтлан Аагже Ван Влиетийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А, М.Ц нарт холбогдох орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан өгөхийг, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Аагже Ван Влиетийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ