Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

 Улсын яллагч: Ж.Энхбат,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь  2022 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* тоот хашаанд байх иргэн *******ын гэрт хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гарч явахдаа иргэн *******ын Huawei Nova маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

... Надад нэмж ярих зүйл байхгүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой гэрт хөдөөнөөс дүү ирээд жоохон архи уусан байж байхад дүүгийн таньдаг хүмүүс орж ирээд архи ууцгаасан. Тэгээд 23 цаг болж байхад тэр хэд явсан. Өглөө босоод утсаа үзэхэд миний утас алга байсан. Манай дүүгийн найз гэх залуу, , гэх хүмүүсийн хамт манайд орж ирсэн...Цагдаагаас над руу залгаад утсыг чинь ******* гэдэг хүн аваад эмээлтэд гэх хүнд зарсан байна гэж хэлсэн. Тэгээд би цуг архи уусан  ******* дээр очоод утсаа авъя гэхэд “чиний утсыг танай талийдаг дүү надад зараад өгөөч гэж надад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй. Манай дүү түрүүлээд гэртээ харьсан байхад миний утас гэрт байж байсан гэж хэлсэн чинь би танд мөнгийг нь өгье гэж хэлээд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо надад үлдэгдэл 300.000 төгрөг өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11/,

Юнител ХХК-ийн  2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “... имэй кодтой утсанд дугаарыг 2022 оны 05 дугаар сарын 04-06-нд хийж ашигласан байна. //, Улаанбаатар, Сонгинохайрхан 32 дугаар хороо...” гэх албан бичиг /хх-ийн 05/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20 -ны өдрийн №173 шинжээчийн ... Huawei Nova маркийн гар утас 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 1,200.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 27/,

 - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  02/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/, депозит дансны хуулганууд /хх-ийн 72-75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь  2022 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* тоот хашаанд байх иргэн *******ын гэрт хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гарч явахдаа иргэн *******ын Huawei Nova маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Хохирогч *******ын... Өглөө босоод утсаа үзэхэд миний утас алга байсан,..******* гэдэг хүн аваад эмээлтэд гэх хүнд зарсан байна гэж хэлсэн, ******* би танд мөнгийг нь өгье гэж хэлээд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо надад үлдэгдэл 300.000 төгрөг өгөөгүй байгаа.. гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20 -ны өдрийн №173 шинжээчийн ... Huawei Nova маркийн гар утас 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 1,200.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 27/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 23 цагийн үед иргэн *******ын Huawei Nova маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь Huawei Nova маркийн гар утасны үнэ 1,260,000 төгрөгийг хохирогч *******т төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА