Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е, 

улсын яллагч С.Б,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21250002470399 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Г.Э

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Г.Э нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 02-38 тоотод иргэн Г.Ц зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Г.Ц “...Эрдэнэбаяр гэрээс гараад явахаар нь би гараад Эрдэнэбаярыг араас нь тэвэртэл намайг үүрч шидээд газарт унагасан. Бид хоёр хашаанд дотор ноцолдож бие биенээ цохисон, ноцолдож байх үед миний нүүр рүү гарынхаа тохой хэсгээр доош нь дарсан, тэр үед шүд маань уначихсан...хоёр шүд унасан өөр асуудал байхгүй, шүдийг маань хийлгээд өгчихвөл надад санал хүсэлт гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-32/,

гэрч Б.Э “...унтаж байхад Г.Цолмон намайг сэрээгээд “Эрка ах намайг цохиод, миний хоёр шүд уначихлаа” гэж хэлсэн, тэгэхээр нь би цагдаа руу залгаж дуудлага өгөхөд “маргааш өглөө ирж өргөдлөө өгөөрэй, одоо очих боломжгүй байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

сэжигтэн, яллагдагч Г.Э-ын “...Аманжул, Цолмон бид гурав нэг шил архи хувааж уусан, би Цолмон гэх залууд хандаж “архи уухаа боль, эхнэр, хүүхдээсээ сална гэж юу байхав дээ” гээд хэдэн үг хэлтэл чимээгүй сонсоод суугаад байснаа гэнэт миний урдаас хэрүүл маргаан хийх гээд эхэлсэн. Тухайн үед би “боль, чамтай юм ярихгүй” гэж хэлээд гэрээс гараад явтал Цолмон гарч ирээд араас тэвэрсэн, намайг тэвэрчихээд тавихгүй байхаар нь би үүрч газар унагасан, Цолмон босч ирээд миний хүзүү хэсэг рүү цохихоор нь би эргүүлээд цээж хэсэг рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөтөл би халтираад унасан. Газар хэвтэж байхад миний нүүр лүү өшиглөсөн, ...ноцолдож байх үед би баруун гарын тохойгоороо нүүр рүү нь цохичихсон юм, тэр үед л шүд нь уначихсан байх. Г.Цолмонгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-34, 38/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 434 дугаартай;

“...Цолмонгийн биед хоёр шүдний булгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хх 26-27/,

иргэн Г.Ц “...2021 оны 7 дугаар сарын 20-ны шөнийн 1 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр зүүн дэнж 2-38 тоотод зүс таних Эрка гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараараа нүүр хэсэг рүү цохиж, хоёр шүдийг унагааж гэмтэл учруулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12/, түүний өргөдөл /хх-13/,

Г.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/,

хохирогчид хохирол төлсөн баримт /хх-45/,

яллагдагч Г.Э-ын “...Цолмонгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-65/,

хохирогч Г.Ц “...Г.Э нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт хүсч, надад учруулсан эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэрэг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлт /хх-66/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Эаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 02-38 тоотод иргэн Г.Ц биед халдан зодож, улмаар хоёр шүдний булгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,  

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Ц “...би Эрдэнэбаярыг араас нь тэвэртэл намайг үүрч шидээд газарт унагасан. Бид хоёр хашаанд дотор ноцолдож бие биенээ цохисон, ноцолдож байх үед миний нүүр рүү гарынхаа тохой хэсгээр доош нь дарсан, тэр үед шүд маань уначихсан.” гэх,  

гэрч Б.Э “...унтаж байхад Г.Цолмон намайг сэрээгээд “Эрка ах намайг цохиод, миний хоёр шүд уначихлаа” гэж хэлсэн.” гэх,  

Г.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Цолмон гарч ирээд араас тэвэрсэн, намайг тэвэрчихээд тавихгүй байхаар нь би үүрч газар унагасан, Цолмон босч ирээд миний хүзүү хэсэг рүү цохихоор нь би эргүүлээд цээж хэсэг рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөтөл би халтираад унасан. Газар хэвтэж байхад миний нүүр лүү өшиглөсөн, ...ноцолдож байх үед би баруун гарын тохойгоороо нүүр рүү нь цохичихсон юм, тэр үед л шүд нь уначихсан байх.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 434 дугаартай дүгнэлт,

иргэн Г.Ц “...2021 оны 7 дугаар сарын 20-ны шөнийн 1 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр зүүн дэнж 2-38 тоотод зүс таних Эрка гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараараа нүүр хэсэг рүү цохиж, хоёр шүдийг унагааж гэмтэл учруулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл,

шүүгдэгч нь хохирогч Г.Ц 150.000 төгрөг төлсөн баримт, яллагдагч Г.Э, хохирогч Г.Цолмон нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.Цолмонгийн “...эрүүл мэндийн хохирлыг бүрэн барагдуулсан,” гэсэн мэдүүлэг хэргийн 66 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ