Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,   

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чонос овогт Баянцогтын Шинэгэрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000411 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.Ш

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 72-01 тоот хашаанд эхнэр Г.О-ай маргалдан улмаар нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Г.О “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед...Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-01 тоот Шижир ахын хашаанд манай нөхөр Шинэгэрэл бид хоёр хоорондоо үл ойлголцон хэрэлдэж байтал манай нөхөр намайг алгадсан, би унахдаа нүүрээрээ газар уначихсан юм. Миний төрсөн ах Шижирийн эхнэр Мөнхтуяа эгч гарч ирээд намайг аваад гэр лүү орсон, өмнө нь ингэж зодуулж цохиулж байгаагүй болохоор уурандаа цагдаа дуудаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

гэрч Х.М “...Отгонзаяа гараад явчихсан нилээн хэдэн цагийн дараа ирэх шиг болоод Шинэгэрэл гараад явсан. Би өөрөө сонсгол муу учраас гадаа яг юу болоод байгааг мэдээгүй, орж ирэхгүй удаад байхаар нь гартал тэр хоёр бие биенээсээ зууралдаад зогсож байхаар нь “та хоёр юу болоод байгаа юм” гээд хадам дүү Отгонзаяаг гэр рүүгээ аваад орсон, удалгүй цагдаа ирээд Шинэгэрэлийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-19/,

сэжигтэн, яллагдагч Б.Ш “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны 18 цагийн үед эхнэр Отгонзаяа “найз нартайгаа гарна” гээд явсан, буцаад хадам ах Шижирийн гэр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 72-01 тоотод 20 цагийн үед ирсэн, би эхнэр Отгонзаяад хандаж “битгий яв” гээд байхад гэж хэлээд гэр бүлийн маргаан эхлээд би уурандаа алгадчихсан. Хадам ахын эхнэр Мөнхтуяа эгч эхнэрийг аваад гэр рүү орсон, удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-28, 32/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай; “...Г.Отгонзаяагийн биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-22-23/,

иргэн Г.О “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-01 тоотод нөхөр Шинэгэрэлд зодуулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-8/,

Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

Булган аймаг Орхон сумын Засаг даргын орлогч Ж.Энхтуяагийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/449 дугаартай; “Тус сумын 1 дүгээр багийн иргэн Баянцогт овогтой Шинэгэрэл ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Б.Шнь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 11, үхэр 8, хонь 27, ямаа 154 бүгд 200 толгой мал тоолуулсан нь үнэн болно.” гэсэн албан бичиг /хх-58/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-69/,

яллагдагч Б.Ш “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийг маргахгүй байгаа, хохирогчтой эвлэрч, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, Орхон суманд хөдөө амьдардаг зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-71/,

хохирогч Г.О “...Миний бие нөхөр Шинэгэрэл нь гэм буруугаа хүлээж байгаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-72/,

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд улсын яллагчаас гаргаж өгсөн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан” тухай Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Шинэгэрэлээс гэрч, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 72-01 тоот хашаанд эхнэр Г.О биед халдан зодож, улмаар зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.О “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед...манай нөхөр Шинэгэрэл бид хоёр хоорондоо үл ойлголцон хэрэлдэж байтал манай нөхөр намайг алгадсан.” гэх,

гэрч Х.М “...орж ирэхгүй удаад байхаар нь гартал тэр хоёр бие биенээсээ зууралдаад зогсож байхаар нь “та хоёр юу болоод байгаа юм” гээд хадам дүү О гэр рүүгээ аваад орсон, удалгүй цагдаа ирээд Шинэгэрэлийг аваад явсан.” гэх,

Б.Ш сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...уурандаа алгадчихсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт, иргэн Г.О “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-01 тоотод нөхөр Шинэгэрэлд зодуулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,

яллагдагч Б.Шинэгэрэл, хохирогч Г.О нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Шнь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.О хохирол нэхэмжлээгүй бөгөөд түүний “...гомдол, санал байхгүй,” гэсэн мэдүүлэг хэргийн 15 дугаар талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Б.Ш холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Ш “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Б.Ш холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Б.ШЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Шшүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Шнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ