Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

Улсын яллагч:

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “*******” ресторанд хүүхдийн үсний цайллагад орж байх үедээ гээгдэл эд хөрөнгө буюу иргэн *******ийн Самсунг А33 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас *******т бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тэр өдөр би “*******” ресторанд хадам дүүгийнхээ хүүхдийн сэвлэг үргээх ёслолд очсон байсан. Тухайн өдөр ширээнийхээ архиар шахуулаад миний толгой өвдөөд, дотор муухайраад байсан юм. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү ороод бөөлжиж байгаа биеэ засах гээд суултуур луу орсон чинь нэг гар утас хэвтэж байсан. Тэгээд би тэр утсыг аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед хурдхан гэртээ харих бодолтой байсан болохоор тус устыг манайхны утас байгаа байх гэж бодоод гэр лүүгээ аваад явсан. Гэртээ очоод миний дотор муухай болоод байсан болохоор бөөлжиж байгаа шууд амарсан. Маргааш өглөө нь таньдаг хүмүүс рүүгээ залгаад утасны эзнийг олох гэж зөндөө үзсэн. Гэтэл утсаа хаясан хүний сураг огт гараагүй. Тэгээд би тэр утсыг асаах гэсэн унтарчихсан байсан. Тэгээд үдээс хойш болж байтал миний хөдөөнөөс хамт ирсэн унаа явъя гэсэн. Тэгээд би хүүхдүүддээ “...ээж нь энэ утсыг олсон. Хүмүүсээс сайн асууж сураглаарай...” гэж хэлчихээд тэр утсыг үлдээх гэж байгаад хүүхдүүд цэнэглэж асаагаад тоглоом татаад тоглочих байх хөдөө аваад явъя гэж бодоод аваад явсан. Тухайн арга хэмжээн дээр хөдөө голдуу хөдөө амьдардаг хүмүүс байсан болохоор хөдөө очоод эзэн нь олдож магадгүй гэж бодоод утсыг хөдөө аваад явсан. Хөдөө очсон өдрөө тухайн утсыг цэнэглэх гэсэн түүнд таарах цэнэглэгч байхгүй байсан. Тэгэхээр нь айл руу явж цэнэглэгч олж ирээд цэнэглэж байгаад тухайн өдрөө 16 цагийн үед сүлжээ барьдаг уулан дээр гарсан. Уулан дээр гараад утсыг асаатал симны пин кодоо хийх шаардлагатай болсон. Тэгэхээр нь би өөрийнхөө сим картыг тэр утсанд хийгээд гар утсыг асаасан. Гэтэл утас өөрөө кодтой байсан. Тэгэхээр нь утасны кодыг гаргах гэж зөндөө оролдсон. Тухайн утсыг яагаад асаагаад байгаа вэ гэхээр тэр утас руу залгасан дугаар, таньдаг хүний зураг байна уу гэдгийг шалгах зорилгоор асаасан. Тухайн утсыг хурдан, түргэн эзэнд нь өгье гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш тухайн утсыг нэг ч удаа оролдоогүй. Би ойр хавийнхаа хүмүүсээс сураглаад л байсан. Түүнээс биш би тэр утсыг өөрийн болгож авах талаар огт бодоогүй гэв. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээж байна гэв.

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би тухайн утсыг олж аваад эзэн нь ярихгүй сураг чимээ байхгүй болохоор тухайн утсыг цэнэглэж асаагаад сүүлд залгасан хүний дугаар руу залгаж утсыг нь өгье гэж бодож өөрийн ******* дугаарыг хийж асаасан. Өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаагүй. Манай хамаатан садангийн хүмүүс хамт байсан болохоор нэг хүнийх нь утас гэж бодоод өөртөө хадгалсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүүхдийн сэвлэх үргээх ёслолд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “*******” ресторанд очоод би гэр бүлийн найзуудаараа нэг ширээнд суусан. Би гар утсаа өөрийн ширээн дээрээ машины түлхүүрийн хамт тавьсан байсан юм. Би бүжгийн ая явахад ширээнээсээ босож талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд юмаа авах гэтэл миний машины түлхүүр гар утас байхгүй байсан. Тэгээд машины түлхүүрээ хайж байгаад найз Дулмаа руу залгаж “миний машины түлхүүр, гар утас байна уу” гэж асуухад охин нь гар утсыг авч манай ээжийн цүнхэнд машины түлхүүр байна, гар утас байхгүй байна гэхээр нь би гэрт нь очиж машины түлхүүрээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,

Гэрч гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...“*******” ресторанд хүүхдийн сэвлэг үргээх ёслолд найзуудын хамт орж байгаад 20 цагийн үед би өөр ажилтай болоод гараад явсан. Манай найз залгаад “машины түлхүүр олдохгүй байна, хүрээд ир” гэхээр нь би очиход Ганцэцэг нь “гар утас, машины түлхүүрээ олохгүй байна” гээд байж байхаар нь хамт байсан хүмүүс рүүгээ залгахад Дулмаагийн хүүхэд нь гар утсыг нь авч “ээжийн цүнхэнд машины түлхүүр байна” гэхээр нь очиж машины түлхүүрийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Баянхонгор аймгийн “Энх-нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 277 дугаартай “...Эд зүйлийн нийт үнэ 1.200.000 төгрөг болохыг тодорхойлов...”гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 69-70/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 42/, депозит  дансны хуулганууд /хх-ийн 44-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/, Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/8824 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 51-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “*******” ресторанд хүүхдийн үсний цайллагад орж байх үедээ гээгдэл эд хөрөнгө буюу иргэн *******ийн Самсунг А33 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас *******т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 42-43/,  хохирогч *******ийн  мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 28-30/, Баянхонгор аймгийн “Энх-нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/,  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн samsung А33 маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 23-25/, хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т  ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг/ ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, малчин, мал аж ахуйгаар өрхийн орлогоо бүрдүүлж гэр бүлийн гишүүдээ тэжээдэг, нөхөр өвчний учир хөдөлмөр эрхлэх боломжгүй учир түүний асаргаанд байдаг  /  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд  түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА