Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 112

 

  2019 оны 04 сарын 11 өдөр

 

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Хангай сервис ХХК-ийн 2 давхарт байрлах “ТБ” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант 2 гудамж, 30 тоотод оршин суух Хондгон Г.Т /РД: **********/

Хамтран хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Алтан дорнод 7 байр, 42 тоотод оршин суух Боржигон Л.Н /РД:*********/ -аас

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.241.974,31 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, хариуцагч Б.Г.Т, хамтран хариуцагч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Л.Н, хамтран зээлдэгч Г.Т нар нь “ТБ” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14.500.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Л.Нын хувьд ажилд ороод удаагүй байсан учраас их хэмжээний зээл олгох боломжгүй байсан. Б.Г.Тгийн өөрийнх нь хүсэлтээр хамтран зээлдэгчээр оруулж зээлийг олгосон. Баримтаас үзэхэд Л.Нын дансанд орсон. Л.Н уг мөнгийг хамтран зээлдэгч Б.Г.Тгийн данс руу шилжүүлсэн байсан. Гэрээний хугацаанд хамтран зээлдэгч Б.Г.Т зээл, зээлийн хүүнээс төлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс зээлээ огт төлөөгүй. Хамтран зээлдэгч Б.Г.Т нь зээлийн эргэн төлөлтөд “Дөш мандал” ХХК-иас материалын үнэ” гэх утгатай 11.200.000 төгрөгийг зээлийн дансанд төлсөн гэж тайлбарладаг боловч үүнийг зээлийн эдийн засагчид мэдэгдээгүйн улмаас уг мөнгийг банк татан аваагүй. Л.Н 11.200.000 төгрөгийг өөрөө авч ашигласан байсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зээлдэгч болон хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д “Зээлийн төлбөрийг урьдчилж төлөх бол зээлийн мэргэжилтэнд мэдэгдэх үүрэгтэй” гэж зааж өгсөн. Гэтэл Б.Г.Т  зээлийн эргэн төлөлтийг урьдчилан төлөх тухайгаа зээлийн мэргэжилтэнд мэдэгдээгүйн улмаас уг мөнгийг татаж аваагүй. “ТБ” ХХК-иас зээлдэгч Л.Нын зээлийг төлүүлэх зорилгоор 2017 оноос түүний оршин суугаа Баян сум руу сар бүр тогтмол очиж уулзаж, төрөл садангийн хүмүүст нь мэдэгдсэн, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон учраас шүүхээр эрэн сурвалжлуулах арга хэмжээг авсаны эцэст  гэрээний 6.2.1.-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардсан.

Хамтран зээлдэгч нь гэрээний 3.3.-т зааснаар зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх учраас  Б.Г.Тгаас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Г.Т хамтран зээлдэгч Л.Ныг өөрөө олж ирсэн учраас хамтран хариуцагчаар нэмж татан үүргийг энэ тэнцүү шаардсан. Иймд Б.Г.Т, Л.Н нараас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, 10.241.974,31 төгрөгийг  гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л.Нтай хамт “ТБ” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14.500.000 төгрөг зээлсэн. Би тухайн үед зээлийн эдийн засагчтайгаа уулзаад “Би зээлийг аль болох их хэмжээгээр нь төлөхийг бодно. Иймд зээлийн данс руу орсон мөнгө болгоныг зээлийн эргэн төлөлт рүү татаарай” гэж тохиролцсон. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн данс руу мөнгө шилжүүлэхдээ Австрали Улсад нөхөр, хүүхэдтэй хамт байсан. Намайг Австрали Улсад байхад “Дөш мандал” ХХК-иас надад өгөх байсан 11.200.000 төгрөгийг Л.Нтай холбогдож, түүний зээлийн данс руу хийлгүүлсэн. Түүнээс өмнөх саруудын төлбөрийг би өөрөө хийж байсан. Би 2016 оны 08 дугаар сард Монгол Улсад ирээд 08 дугаар сарын төлбөрийг хийхдээ зээлийн үлдэгдлийг шалгуулж үзээд миний өгсөн 11.200.000 төгрөг төлөгдөөгүй болохыг мэдсэн. Би энэ тухай Л.Наас асуухад “Би мөнгийг нь аваад үрчихсэн. Би буцааж төлнө” гэж хэлсэн. Надад “Би өртэй шүү” гэсэн бодол толгойд байсан учраас хурдан төлж дуусъя гэж бодоод тухайн сардаа 2.300.000 төгрөгийг төлсөн. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн эдийн засагчтайгаа уулзаад “Би өөрийнхөө төлөх ёстой бүх үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн шүү. Харин Л.Нын хариуцах 8.000.000 гаруй төгрөг үлдлээ” гэж хэлээд эрсдлийн хүү гэж 260.000 төгрөг төлөөд явсан. Л.Нын зээлийн дансанд байгаа мөнгийг би авч, захиран зарцуулах эрхгүй байдаг. Тухайн дансанд орсон 1.000.000 төгрөгийг Л.Н сар бүр авч байсан нь дансны хуулгаар нь харагддаг. Энэ тухайгаа өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Би Л.Ныг ТБид ажиллаж байхад нь очиж уулзаад “Чи яагаад энэ мөнгийг авсан юм бэ? Одоо хаанаас мөнгө олох боломжтой вэ? Энэ зээлийг хурдан төлж дуусаарай” гэж сануулж байсан. Л.Н надад “Би ажил хийж байгаа юм чинь таны зээлийг төлнө” гэж хэлж байсан. Би хэдийгээр зээлээ төлж дууссан ч гэсэн зээлийнхээ эдийн засагчтай байнга ирж уулздаг байсан. Тэгэхдээ Л.Нын ээлжийн амралтын мөнгө орсон байхыг мэдээд “Ээлжийн амралтын мөнгө нь орсон байна. Зээлэндээ татаарай” гэж хэлээд татуулах гэхэд Л.Н “Би зээлийн илүү төлөлтэй байгаа. Яагаад миний ээлжийн амралтын мөнгийг авч байгаа юм бэ” гэж төв банкны санхүүгийн алба руу залгаж загинаад ээлжийн амралтын мөнгөө буцаагаад авсан байсан.  Би Л.Нтай уулзаад “Хоёулаа банкин дээр очиж уулзъя. Хэрэв сард төлөх мөнгө нь их байвал дахин хуваарь гаргаж өгөөд багаар төлөх боломжтой” гэж хэлж байсан. Гэтэл Л.Н олдохгүй байх хугацаанд банкнаас надтай ирж уулзаж, тэр бүү хэл миний кредит картнаас надад мэдэгдэхгүйгээр мөнгө татсан байсан. Би тухайн үедээ уурлаж, надад мэдэгдэхгүйгээр шууд мөнгө авч болох юм уу? Энэ үйлдэл чинь хууль зөрчиж байгаа юм биш үү? гэж хэлж байсан. Би одоогоор ипотекийн зээл 24.624.000 төгрөг, цалингийн зээл 20.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Би гэртээ ээжтэйгээ  амьдардаг тул надаас өөр ажил хийх хүнгүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс та хариуцагч юм чинь энэ мөнгийг төлөх ёстой гэж байгаа нь хүндрэлтэй байсан. Намайг хариуцагчаар татахаар нь ах, дүү нараас нь асууж, эрүүгийн цагдаа хөлсөлж байгаад Л.Ныг олж уулзсан. Би ТБинд хүсэлт гаргахдаа “Бид анх 14.500.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед уг зээлийг 1.8 хувийн хүүгээр авч байсан. Гэхдээ өнөөдөрийн хувьд цалингийн зээлийн хүү 1.3 хувь болж буурсан, мөн Л.Нын амьдралын боломжийг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү, хүүгийн хэмжээг багасгаж өгөх боломж байна уу” гэсэн. Бодит байдал дээр бид хоёр 14.500.000 төгрөгийг авсан. Түүнээс би 10.000.000 төгрөгийг төлсөн.  Гэтэл нэхэмжлэгч талаас 10.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч биднээс дахин 10.000.000 төгрөгийг нийт 20.000.000 гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь бидний хувьд шудрага бус санагдаж байгаа учраас ядаж 2.000.000 төгрөгийн хүүг хөнгөлж өгөх боломж байгаа эсэхийг асуусан. Гэхдээ ТБны зүгээс зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн. Ийм учраас өнөөдөр шүүхийн өмнө зогсож байна. Миний хувьд төлөх ёстой мөнгийг төлчихсөн учраас энэ хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хамтран хариуцагч Л.Н: Би Б.Г.Ттай хамтран “ТБ” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 14.500.000 төгрөг зээлж авсан. Мөн Б.Г.Тгаас миний данс руу 11.000.000 төгрөгийг, мөн 2.000.000 төгрөгийг хийсэн ч уг мөнгийг би хувийн хэрэгцээнд ашигласан. Миний хувьд 8.000.057 төгрөг, нотариатын төлбөр 13.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч өгөөч гэж хүссэн. Барьцаа хөрөнгө болон ирээдүйд олох орлоготой холбоотой тусгайлан гаргах тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч  “ТБ” ХХК нь хариуцагч Б.Г.Т, хамтран хариуцагч Л.Н нараас үндсэн зээл 8.000.057,81 төгрөг, зээлийн хүү 2.060.659,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158.256,55 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг,  нийт 10.241.974,31 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Б.Г.Т, хамтран хариуцагч Л.Н нар нэхэмжлэгчээс 14.500.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаагаар, хүү тохирч авсан үйл баримтад маргаагүй.

Харин гэрээний үүргийг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хариуцагч Л.Г.Т зөвшөөрөхгүй маргасан бол хамтран хариуцагч Л.Н төлбөрийн чадваргүй үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 8.000.057,81 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн.

 

“ТБ” ХХК нь Б.Г.Т, Л.Н нартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 312500568177 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 14.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож үүргийн гүйцэтгэлд Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагын 1-2 тоотод байрлах хөдлөх эд хөрөнгө/зурагт, хөргөгч, угаалгын машин, гэрийн эд хөрөнгө, тавилга/, цалин орлого түүнтэй адилтгах ирээдүйн орлогыг барьцаалжээ.  

 

Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээний тохиролцоо хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч нараас үүрэг биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Б.Г.Т нь хамтран зээлдэгчээр, хамтран хариуцагч Л.Н нь зээлдэгчээр оролцсон байгаа хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу “ТБ” ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Г.Т зээлийн үүргийн зохих ёсоор гүйцэтгэсэн, зээлдэгч Л.Нын гүйцэтгэх ёстой үүрэг үлдсэн гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заасанаар үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаар байна.

 

Мөн хариуцагч Б.Г.Т нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож түүний дансруу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “ТБ” ХХК мөнгийг шилжүүлээгүй ч гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 3.2.1.-д үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу, хугацаанд нь бүрэн төлөх  үүргийг хүлээнэ гэж заасан байгаа учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2.-т зааснаар Б.Г.Т, Л.Н нарыг зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээнэ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.  

 

Зээлдэгч нар зээлийг авснаас хойш үндсэн зээлд 6.499.942,19 төгрөг, үндсэн хүү 3.462.668,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.281,52 төгрөг нийт 9.964.892,02 төгрөг төлсөн боловч 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Хүүгийн тооцоолол”, зээлдэгч Л.Нын зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч  Б.Г.Т нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Нын ТБны 312900060688 дугаарын харилцах дансанд 11.200.000 төгрөг хийсэн. Түүнийг банкны эдийн засагч татаж аваагүй гэж буруутгаж байгаа хэдий ч тэрээр гэрээний 3.2.5.-д зааснаар зээлийн төлбөрийг урьдчилж төлөх бол зээлийн ажилтанд мэдэгдэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй,  мөнгийг Л.Н авч хэрэглэсэн нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагч Л.Нын ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. 

 

Хариуцагч Л.Г.Т зээл, зээлийн хүүд 22.200.000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн “Дөш мандал” ХХК-иас материалын үнэ гэсэн утгатай 11.200.000 төгрөгийг хариуцагч Л.Г.Т зээлийн төлбөрт урьдчилан төлж байгаа тухайгаа банкны ажилтанд мэдэгдээгүй учраас данснаас таталт хийх боломжгүй гэсэн  тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй.

 

Хариуцагч Л.Ныг төлбөрийн чадваргүй үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс, хариуцагч Б.Г.Тг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-т зааснаар үүрэг бүхэлдээ гүйцэтгэгдээгүй байхад үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй  юм.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Г.Т, Л.Н нараас үндсэн зээл  8.000.057,81 төгрөг, үндсэн хүү 2.060.659,95 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 158.256,55 төгрөг, гэрээний 3.2.8.-д зааснаар зээл төлүүлэхтэй холбогдуулан банкнаас нотариатын зардалд 13.000 төгрөг, нийт 10.241.974,31 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн.  

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын гэрийн эд хогшил, цалин, түүнтэй адилтгах ирээдүйд олох орлогоор үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага нь тодорхой бус, энэ шаардлагыг нотлосон баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын ямар үнэлгээтэй ямар эд хөрөнгө, тэдний олж байгаа цалин орлого тодорхой бус нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас энэ шаардлагыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Т, Л.Н нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.241.974,31 /арван сая хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан ТБ ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Г.Т, Л.Н нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178.822 /нэг зуун далан найман мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Т, Л.Н нараас 178.822 /нэг зуун далан найман мянга найман зуун хорин хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ