Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 2022         1            26                                     2022/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г-т холбогдох эрүүгийн 2225000000050 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Ц.Г

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-ийн 2 давхрын цаг засварын газарт Ц.Л маргалдан улмаар нүүрэн тус газарт нь таягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, өөрийн гэм буруугаа ойлгож байгаа.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Ц.Л “...2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн барагцаагаар 17 цагийн үед өрөөндөө найз Гафугийн хамт юм яриад сууж байсан юм, манай хажуу талын зурагт засварын өрөөний засварчин Ганхуяг согтуу манай өрөөнд орж ирсэн. Тэгснээ “та хоёр архи ууж байгаа юм уу” гэхээр нь “үгүй ээ, юм яриад сууж байна” гэж хэлсэн. Гэтэл “та хоёр булагнаад байна, би мэдэж байна, архиа харамлалаа” гээд над руу агсраад ундааны хуванцар саванд байсан цагны хаягдал батарей, гар ариутгагч бодис, мөн ариутгал савтай бодис зэргийг над руу авч шидсэн. ...би түүний нуруу луу таягаараа хоёр удаа цохиход надаас таягийг булааж аваад эрүү лүү нэг удаа цохисон, миний эрүүнээс цус гараад тогтохгүй байсан. ...Эмнэлэг дээр очоод би цусаа тогтоолгож, эрүүндээ оёдол тавиулсан. Тухайн үед Ганхуяг намайг таягны төмрөөр нь цохичихсон юм.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 9-10 дахь тал/,

гэрч Е.Г “...өөрийн цагаа засуулах гээд “Үйлчилгээний төв”-ийн 2 давхарт суудаг цаг засварчин хуучны танил Лхагва дээр очсон. Тэгээд байж байтал гаднаас нэг согтуу залуу орж ирсэн бөгөөд Лхагватай юм яриад байсан. Тэгснээ хоёулаа хэрэлдээд Лхагва нь түүнийг “гар” гээд таягаараа түлхсэн, нөгөө залуу Лхагваас таягийг нь булааж аваад нүүр лүү цохисон. Тэгтэл Лхагвын эрүүнээс цус гарч эхэлсэн бөгөөд эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 12-13 дахь тал/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 111 дугаартай “...1. Ц.Л биед доод эрүүнд нэг тооны зүсэгдсэн шарх, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 5.Зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 21-22 дахь тал/,

яллагдагч Ц.Г-ийн “...2022 оны 1 дүгээр сарын 10-ны барагцаагаар 18 цагийн үед би ажлынхаа өрөөнд халамцуу байж байгаад хажуу талын цаг засварчин Лхагвын өрөөнд орсон. Тэгэхэд Лхагва хөгшин ахын хамт хоёулаа юм яриад сууж байсан. Би Лхагвад хандан “зуу татаж байгаа бол хийгээд өгчихгүй яасан юм бэ, бие муу байхад” гэж хэлэхэд намайг “зайл” гээд таягаараа миний толгой руу 2-3 удаа цохисон, би “болиоч” гээд таягийг нь түүн рүү түлхчихсэн. Гэтэл Лхагвын эрүүнээс цус гоожоод эхэлсэн. ...түүний биед учирсан гэмтлийг би таягаар нь түлхэхдээ учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 29 дэх тал/,

иргэн Ц.Л “...2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бусдад зодуулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 1 дэх тал/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтас хэргийн 2 дахь тал/,

Ц.Л 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр БОЭТ-ийн яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлсэн тухай баримтын хуулбар /хавтас хэргийн 5, 6 дахь тал/,

Ц.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 38 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 33 дахь тал/,

яллагдагч Ц.Гийн “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх өр төлбөргүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтас хэргийн 43 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.Г-аас гэрч, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Үйлчилгээний төв”-ийн 2 давхрын цаг засварын газарт хохирогч Ц.Лхагватай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь таягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Лхагвын “...надаас таягийг маань булааж аваад эрүү лүү нэг удаа цохисон. Тэгтэл миний эрүүнээс цус гараад тогтохгүй байсан.” гэх,

гэрч Е.Г “...нөгөө залуу Лхагваас таягийг нь булааж аваад Лхагвын нүүр лүү цохисон. Тэгтэл Лхагвын эрүүнээс цус гарч эхэлсэн бөгөөд эмнэлэг явсан. Тухайн үед тэр залуу Лхагваас таягийг нь булаахад таягны бариул нь Лхагвын гарт үлдээд төмрөөр нь цохичихсон юм.” гэх,

яллагдагч Ц.Г-ийн “...би “болиоч” гээд таягийг нь бариад таягийг нь түүн рүү түлхчихсэн юм. Тэгтэл Лхагваагийн эрүүнээс цус гоожоод эхэлсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт, иргэн Ц.Л Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, яллагдагч Ц.Г-ийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Ц.Л гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд түүний “...нэхэмжлэх зүйл байхгүй,” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 10 дахь талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Ц.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Ц.Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Ц.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ