Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00125 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.Э-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 093 600 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Учрал

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч В.Э  нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б-13-45 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар В.Э-д нэхэмжлэгч талаас газрын тосны бүтээгдэхүүнийг тоо чанар бүхий гэрээнд тохиролцсон нөхцлийн дагуу бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг хугацаандаа төлөхгүй тодорхой шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа төлбөр хийснээс хойш ямар нэг төлөлт хийгээгүй бөгөөд бид гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг барагдуулахаар бид нартай бартерын тохиролцоо буюу байр машин зэрэг эд зүйлийг санал болгож байсан. Бид уг эд зүйлийг авах боломжтой гэж удаа дараа очиж үзэж байсан боловч гэрээний үнийн дүн 50 000 000 төгрөг, алданги тооцоход 25 000 000 төгрөг байдаг. Энэ үнэнд нийцсэн байр, автомашин гэхээр манайх дахин мөнгө өгөх хэлбэрт шилжих гээд хариуцагчийн санал болгосон эд зүйл үнийн дүн нь өндөр гарч байсан учраас бидний зүгээс боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Өөр боломжтой талаас нь удаа дараа ярьж 50 000 000 төгрөгөө 2 хуваагаад ч байсан өгөөч бид шүүхэд хандаж алданги нэхэхгүй гэж хүртэл хэлж байсан. Хариуцагчид энэ саналыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэлж байсан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, тохиролцоогүй. Алдангийг тооцоход 25 000 000 төгрөгөөс хэтэрсэн байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алдангийн 50 хувиар тооцож 25 031 200 төгрөг нэхэмжилсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 50 062 400 төгрөг, алданги 25 031 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчтэй зээлээр гэрээ байгуулан дизель түлш худалдаж авсан болон үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр өөрийн нөөц боломжинд нийцүүлэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.            

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В.Э ээс 75 093 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д  олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч В.Э  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2202007770 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол, 22 дугаар байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж 533 418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 533 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д  олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд давж заалдах гомдолдоо: “...Хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангалгүй, хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарыг хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил болсон. Тодруулбал: хариуцагчийн өмгөөлөгч миний бие 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Щвейцарийн холбооны улсад зорчиж, эзгүй байсан шалтгааны улмаас 2017 оны 01 дүгээр сарын хуралдаанд оролцох боломжгүй болсон. Энэ тухай холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Түүнчлэн энэ хугацаанд хариуцагч В.Э  нь мөн Бүгд Найрамдах Вьетнам улсад зорчоод эзгүй байсан ба шүүх хуралдааны товыг тэрээр мэдэх боломжгүй, шүүхээс түүнд мэдэгдсэн зүйлгүй юм. Иймд хариуцагч талын оролцоог хангалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь зохигчийн мэтгэлцэх, өмгөөлүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх нөхцөл болзлын талаар ярилцан, тодорхой санал солилцож байсан ба энэ хүрээнд миний зүгээс тодорхой саналыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид албан ёсоор хүргүүлж байсан ба түүнд нааштай хариу өгөх байх гэдэг итгэл бидэнд байсан. Ингээд маргааныг 2017 оны 01 дүгээр сардаа багтан эвийн журмаар шийдвэрлэх боломжтой болох байх гэж байсан боловч ийнхүү эвлэрэн хэлэлцэх үйл явцын эцсийн үр дүнг үзэх боломжийг шүүх хангасангүй. Энэ нь мөн л хэргийн оролцогчдийн эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Ийнхүү шүүгчийн оролцоотойгоор эвлэрэн хэлэлцэх асуудлаар ярилцаж байх явцад миний бие өөрийн дэвшүүлж тавьсан нөхцөл болзлын талаарх тайлбартаа дараах нөхцөл байдлын талаар дурьдаж байсан ба тухайн үед шүүгч уг асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулж асууж байсан. Энэ асуудал нь хариуцагчийн зүгээс Н ХХК-ийн  менежер Н.Отгонбаяр, Т.Батсайхан нарт тус бүр 2 500 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг төлж байсан гэх асуудал байсан ба энэхүү төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах, алдангийн хэмжээг бууруулах нөхцлийг хөндөж тавьж эвлэрэн хэлэлцэх саналыг тавьж байсан. Нэгэнт шүүх хуралдааны явцад хэдий хойшилсон ч гэсэн талуудын  хоорондын тайлбар ярианд хөндөгдөж, түүнийг нь эсрэг тал нь хүлээн зөвшөөрч байсан дээрх үйл баримтыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх ёстой байсан гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар үзэж байх ба энэхүү үндэслэлээр  5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох ёстой гэж үзэж байна Иймд  үндсэн төлбөрийн дүнгээс 5 000 000 төгрөгийг, түүний 50 хувьтай тэнцэх алданги 2 500 000 төгрөгийг нэхэмжилж буй алдангийн дүнгээс хасуулах буюу нийт 7 500 000 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч В.Э-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 093 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч “гэрээний дагуу дизель түлш худалдаж авсан үндсэн төлбөрийн талаар маргахгүй, харин хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №Б-13-45 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ”, мөн өдөр ҮБ-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, хариуцагч нь 65 062 400 төгрөгийн үнэ бүхий 31 280 литр дизель түлшийг хүлээн авч, худалдан авсан барааны төлбөрийг 2 сарын дараа төлөх, хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд нийт төлөх үнийн дүнгийн хэмжээгээр хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 22 дугаар байрны 15 тоотод байрлах, 61.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 4, 8-13/

Шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон гэрээний үлдэгдэл төлбөрт 50 062 400 төгрөг төлөх талаар маргаагүй бөгөөд алдангид нэхэмжилсэн 25 031 200 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх хариуцагч В.Э ээс барааны үнийн үлдэгдэл, алдангид нийт 75 093 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д  олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 08, 2016 оны 12 дугаар сарын 20, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байх ба тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир оролцож 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтанд гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын “...Н ХХК-ийн  менежер н.Отгонбор, Т.Батсайхан нарт тус бүр 2 500 000 төгрөг буюу нийт 5 000 000 төгрөгийг төлж байсан, уг төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулна...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч нь н.Отгонбаяр, Т.Батсайхан нарт 5 000 000 төгрөг өгсөн талаарх нотлох баримтгүй байхын зэрэгцээ тухайн асуудлаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Э ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                          

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН