| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2021/0002/з |
| Дугаар | 121/ШШ2021/0002 |
| Огноо | 2021-04-12 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 121/ШШ2021/0002
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн С.Т
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний улсын бүртгэгч нарыг оролцуулан Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдох “С овогтой Т миний паспорт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “Эцгийн овог нэр хэсэгт” эцгийн овог андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2021/0002/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.БолорТ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..С овогтой Т миний бие 1965 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд С 8 дугаар охин болж төрсөн. Миний паспорт дээрх овог нэрийг буруу бичиж намайг хохироож байна. Учир нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний эцгийн нэрийг Д гэж буруу бүртгэснээс болж би одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд С.Т миний паспорт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эцгийн нэр хэсэгт миний овгийг Д гэж андуурагдан бүртгэгдсэнийг залруулж С болгон бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Т-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2000 онд Өвөрхангай аймагт нүүж ирээд шинэ паспорт авахад овог нэр солигдоод аавын ааваар овоглочихсон юм байна лээ. Би тэрийг нь анзаараагүй юм. Төрсний гэрчилгээ дээр С Т гэж байгаа. Д-н гэдгийг нь баллаад хаячихсан юм билээ. Тэрийгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Тэрийг харахад л буруу гаргачихсан юм байна гэж ойлгосон. С Т байх ёстой. Би эхээс арван нэг үүлээ би 11 дэх хүүхэд нь байгаа юм. Овог солигдсон байгааг анзаараагүй байж байгаад паспортоо авахдаа мэдээд нэг удаа овог нэрээ сольж болдог гэж сонсоод гайгүй байх гээд тухайн үедээ тоогоогүй юм. Сая тэтгэвэрт гарах болсон чинь паспорт, нийгмийн даатгалын дэвтэр дээр овог, нэр зөрүүтэй байна гэсэн асуудал үүсээд байгаа юм. Өмнөх жилийн 3 сараас эхлээд хөөцөлдөөд иргэний бүртгэлд энэ асуудлаа хэлэхэд шийдвэр гаргаж чадахгүй байна гээд намайг шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Манай аавын овог нь Д гэдэг юм. Уг нь С-н Т гэж овоглох ёстой байгаа юм” гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн иргэн Боржигон овгийн Дын Т нь “Эцгийн нэр, иргэний цахим үнэмлэх болон улсын бүртгэлийн мэдээллийн санд андуурагдан бүртгэгдсэн” тухай нэхэмжлэл гаргасныг улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон цаасан архивт шалгаж үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн улсын бүртгэгч О.Ц-н гаргасан төрөлтийн бүртгэлийн лавлагаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын төрөлтийн бүртгэлийн 1965 оны 12 сарын 07-нд Баян-Уул сумын төрөхөд С Н гэх охин төрүүлснийг 1965 оны 12 дугаар сарын 28-нд бүртгэсэн, цахим мэдээллийн санд регистрийн дугаар олгох ХААТР-1 маягтад Боржигон овгийн Д Т нь эцгийн нэр Д-н С эх Мижидийн Г гэж тэмдэглэгдсэн байгааг хуулбарлан хүргүүлэв.
1987 оны 08 сарын 12-нд бүртгэсэн ХААТР-7 маягтад /улаан паспорт/ Д Т, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1992 оны 05 сарын 11-нд Ж-н Г гэрлэсэн 47 тоот бүртгэлд Д-н Т, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2010 оны 10 сарын 27-нд өгсөн иргэний шинэчилсэн бүртгэлийн ИУБ-31 маягтын бүртгэлд Д Т гэсэн бүртгэлүүдтэй байна.
Иргэн Д Т нэхэмжлэлээр эцгийн нэр зөрүүтэй бүртгэсэн гэх асуудал нь Сын НаранТгаас хэзээ хэдийд Д-н Т болсон талаарх баримт материал улсын бүртгэлийн цахим сан болоод Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн архивын мэдээлэлд байхгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1987 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн паспорт байна. Өөрөөр хэлбэл улаан паспорт гэж явдаг. Үүн дээр Д Т гэж бичигдсэн байгаа. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж-н Г гэрлэсэн 37 тоот бүртгэлд Д-н Т гэсэн байгаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2010 оны 10 дугаар сарын 27-нд өгсөн иргэний шинэчилсэн бүртгэлийн БҮГ31 маягтад Д-н Т гэсэн ийм бүртгэлүүд байгаа юм. Архангай аймгийн улсын бүртгэгч Ц 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр лавлагаа гаргаж өгсөн байдаг. Энэ нь архиваас шүүж өгдөг дэвтрийн бүртгэлийн лавлагаа байгаа юм. Үүн дээр Архангай аймгийн Б сумын төрөлтийн бүртгэлийн 1965 оны 84 дугаарт Д-н С, М Г нарын гэр бүлд 1965 оны 12 дугаар сарын 07-нд Баян-Уул сумын төрөхөд С-н Н гэх охиныг төрүүлснийг 1965 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн гэсэн лавлагааг хавтаст хэрэгт хуулбарлаж гаргаж өгсөн байгаа. Мөн цахим мэдээллийн санд регистрийн дугаар болох хатр 1 маягтад Боржигон овгийн Д-н Т нь эцгийн нэр Д С, эхийн нэр М Г гэж тэмдэглэсэн байгаа. Мөн үүнийг хуулбарлан хүргүүлсэн байгаа. Эдгээр баримтуудаас үзэхэд манай байгууллага дээр хоёр баримт зөрчихсөн байна. Өөрөөр хэлбэл иргэн Д-н Т нь С-н Н хэзээ хэдийд Д-н Т болсон талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Цахим мэдээллийн сан болон архивт байхгүй байгаа. Тиймээс эдгээр материалууд байхгүй байгаа учир шүүхэд хандах талаар зөвлөгөө өгч байсан. Өөр тайлбаргүй” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “С овогтой Т миний паспорт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “Эцгийн овог нэр хэсэгт” эцгийн овог андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч Т-гийн 2012 оны 09 сарын 24-ний өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбарыг судлан үзэхэд Боржигон овогт Д-н Т, хүйс эмэгтэй, 1965 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн, гэж тэмдэглэгджээ.
Харин түүний “БНМАУ-ын төрөгсдийн гэрчилгээний хуулбар дээр төрүүлсэн эцгийн овог Д, эцгийн нэр С, эхийн овог М, эхийн нэр Г, төрсөн хүүхдийн эцгийн нэрийг Д, өөрийнх нь нэрийг С гэж нэг өнгийн бэхээр тэмдэглэсэн бүртгэл байх бөгөөд өөр өнгийн бэхээр зэрэгцүүлэн эцгийн нэр С, өөрийн нэр Т гэж бичсэн байх бөгөөд 1965 оны 12 сарын 07-ны өдөр сумын төрөх газар төрснийг 1965 оны 12 сарын 28-ны өдрийн 84 дугаарт бүртгэгдсэн” гэсэн бүртгэл байна.
Түүний төрсний бүртгэлийн гэрчилгээн дээрх нэг өнгийн бэхээр бичсэн бичилтийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч Тгийн эцгийн нэр хэсэгт өвөөгийнх нь нэр болох Д гэж хүний нэрийг, өөрийнх нь нэр хэсэгт түүний эцэг болох Сын нэрийг бичиж ташаарч бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд өөр өнгийн бэхээр эцгийн нэрийг С, өөрийн нэрийг Т болгон засварлаж бүртгэжээ.
Мөн нэхэмжлэгч Тгийн 1996 оны 10 сарын 23-ны өдөр олгогдсон нийгмийн даатгалын дэвтэр дээр С овогтой Т, регистрийн дугаар гэсэн бүртгэл байна.
Мөн цахим мэдээллийн санд регистрийн дугаар болох хатр 1 маягтад Боржигон овгийн Д-н Т нь эцгийн нэр Дын С, эхийн нэр М-н Г гэсэн лавлагаа авагджээ.
Дээрх баримтуудаас харахад Т-гийн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар болон төрсөн эцэг, эхийн овог нэр нь зөрүүгүй таарч тохирч байх бөгөөд зөвхөн өөрийнх нь эцгийн нэр хэсэгт Д гэж өвөөгийнх нь нэрээр болон С гэж эцгийнх нь нэрээр бүртгэсэн хоёр өөр бүртгэлүүд байна.
Дээрх нотлох баримтуудад нэхэмжлэгч Тгийн төрсөн эцэг нь Д овогтой С гэх хүн болох нь хангалттай тогтоогдож байх тул Тгийн эцгийн нэрийг С гэж бүртгэхийг ташаарч төрөлтийн бүртгэлийг хийхдээ Дын Т гэж алдаатай бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Уг алдаатай бүртгэлээс шалтгаалан Монгол Улсын иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж, иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай байна гэж үзэв.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн иргэний баримт зөрчихсөн талаар тайлбарладаг ба энэхүү маргаантай бүртгэлийн талаар тодорхой шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага төрсний бүртгэлийг залруулах боломжтой гэсэн тайлбар хийж байх ба нэхэмжлэгч С.Т-гийн паспорт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд түүний эцгийн нэрийг С гэхийг Д гэж андууран бичсэнээс өөр бусад ямар нэгэн бүртгэлийн маргаан байхгүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс С.Т-гийн эцгийн нэрийг ташаарч алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол Улсын өндөр настай иргэний эрх ноцтойгоор зөрчигдөхөөр байна гэж үзлээ.
Иргэний улсын бүртгэлийн хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.
Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгч С.Т-гийн паспорт болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эцгийн нэрийг Д гэж бүртгэснийг С гэж залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн С.Т-гийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний улсын бүртгэлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээрт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-гийн иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн мэдээллийн санд “өөрийн овог нэр” хэсэгт эцгийн нэр Д гэж андуурагдан бүртгэгдсэнийг С болгон залруулан өөрчилж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ